Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2022/0292

 

            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “Х-А*******” ХХК,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс,

Маргааны төрөл: “Х-А*******” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн дарга цуцалсан нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Х-А*******” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 232 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.

2.Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 301 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчид Увс аймгийн Завхан, Цагаанхайрхан сумын нутаг Хар уул нэртэй газарт 25839.03 га, мөн даргын 2015 оны 05 дугаар сарын 11-нийн өдрийн шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Сагсай, Улаанхус, Цэнгэл сумын нутаг Билүү нэртэй газарт 12635.76 га талбайд тус тус ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгожээ.

Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 232 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлүүдийг цуцалжээ.

3.Нэхэмжлэгч “Х-А*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

1/ ”Х-А*******” ХХК нь Ашигт малтмалын газрын Геологи, Уул уурхай кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 сарын 11-ний өдрийн шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Сагсай, Улаанхус, Цэнгэл сумдын Билүү нэртэй газарт 12635.76 гектар талбайд ХV-018051 дугаартай, Увс аймгийн Завхан,Цагаанхайрхан сумдын нутагт Хар-Уул нэртэй газарт орших 25839.03 гектар талбайд XV-017921 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж ирсэн билээ.

Энэ бүх хугацаанд тусгай зөвшөөрлүүдийн төлбөрийг цаг хугацаанд нь төлж,

Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хууль, журамд заасны дагуу

эзэмшиж ирсэн.

2/Манай компани 2019 оны 05 сарын 31-ний өдөр хайгуулын талбай тус бүрээс тодорхой хэмжээний талбайг улсад буцаан өгөхөөр хүсэлт гаргасан байдаг. Гэвч Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн дарга 2019 оны 06 сарын 27-ны өдрийн 317 дугаар шийдвэрээр манай XV-018051, XV-017921 дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, 2019 оны 06 сарын 28-ны өдрийн 329 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн талбайгаас хэсэгчлэн буцаахаас татгалзсан хууль бус шийдвэр гаргасан юм.

Ингээд манай компаниас гаргасан гомдлын дагуу 2019 оны 08 сарын 21-ний өдөр “Х-А*******” ХХК-ийн төлөөллийг байлцуулан сонсох ажиллагаа явуулж улмаар Кадастрын хэлтсийн дарга 2019 оны 11 сарын 01-ны өдрийн 542 дугаар шийдвэрээр “2019 оны 06 сарын 27-ны өдрийн 317 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, манай XV-018051, XV-017921 дугаар тусгай зөвшөөрлүүдийг сэргээж” шийдвэрлэсэн.

Үүний дагуу бид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж, 2020 оны 06 сарын 10-ны өдөр 2020-2021 оны XV-018051 тоот тусгай зөвшөөрлийн төлбөрт 20,027,040 төгрөг, XV-017921 тоот тусгай зөвшөөрлийн төлбөрт 40,952,430 төгрөг, нийт 60,979,470 төгрөгийг бүрэн төлсөн байдаг.

3/Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэжээ.

Гэтэл бидэнд мэдэгдэлгүйгээр Кадастрын газрын даргын 2020 оны 06 сарын 30-ны өдрийн 232 дугаар шийдвэрээр манай компанийн эзэмшлийн XV-018051, XV-017921 дугаар тусгай зөвшөөрлүүдийг дахин хүчингүй болгож, манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан байна.

4/Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй нь иргэн, хуулийн этгээдийн зөрчигдөж болзошгүй эрхээ хамгаалах хуульд заасан боломжийг олгоогүй, төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаандаа мөрдөх үндсэн зарчмаа зөрчсөн үйлдэл болжээ.

5/Төрийн захиргааны байгууллагаас 2019 оны байдлаар төлбөрийн зөрүү гарсан, төлбөр төлөх үүрэг үүссэн, тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах болсныг бидэнд мэдэгдсэн тохиолдолд манай компанийн зүгээс зөрчигдсөн эрхээ хамгаалах, цаашлаад үл маргах журмаар төлбөрийг нэхэмжилсэн үнийн дүнгээр төлөх арга хэмжээ авах зэрэг зөрчлийг арилгах бүрэн боломжтой байсан юм.

6/Хариуцагч нь маргаан бүхий 232 дугаар шийдвэрээ бидэнд мөн адил мэдэгдээгүй бөгөөд манай компанийн зүгээс 2020 оны хайгуулын ажлын тайланг 2021 оны 02 сарын 01-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт цахимаар өгөхөөр хандтал хайгуулын тусгай зөвшөөрлүүд цуцлагдсан болохыг мэдсэн бөгөөд 2020 оны 02 сарын 08-ны өдөр Ашигт малтмал, Газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргад, 2020 оны 03 сарын 10-ны өдөр Ашигт малтмал, Газрын тосны газрын даргад гомдол гаргасан бөгөөд 2021 оны 04 сарын 05-ны өдрийн 1/1544 тоот албан бичгээр хүсэлтийг хүлээн авч гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн байна.

Иймд дээрх хууль зүйн үндэслэлүүдээр Ашигт малтмал, газрын тосны газрын

Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 сарын 30-ны өдрийн 232 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Х-А*******” ХХК нь Ашигт малтмал газрын тосны газрын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Сагсай, Улаанхус, Цэнгэл сумдын Билүү нэртэй газарт 12635,76 гектар талбайд хайгуулын XV-018051 дугаартай, Завхан аймгийн Цагаанхайрхан сумын нутагт Хар-Уул нэртэй газарт орших 25839.03 гектар талбайд XV-017921 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг 2015 оны Байгаль орчин аялал жуулчлалын газрын шийдвэрээр тус тус эзэмшдэг. Манай компани 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хайгуулын талбай тус бүрээс тодорхой хэмжээний талбайг улсад буцаан өгөхөөр хүсэлт гаргасан байдаг.  Гэтэл  Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 6 дугаар сарын 27-ний өдрийн 317 дугаартай шийдвэрээр манай XV-018051, XV-017921 дугаартай  тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгож, 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 329 дугаартай шийдвэрээр тусгай зөвшөөрлийн талбайгаас хэсэгчлэн буцаахаас татгалзсан хууль бус шийдвэр гаргасан. Манай компаниас гаргасан гомдлын дагуу 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр “Х-А*******” ХХК-ийн төлөөллийг байлцуулан сонсох ажиллагаа явуулж Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын 2019 оны 11 дүгээр сарын  01-ний өдрийн 542 дугаар шийдвэрээр “2019 оны 6 дугаар сарын 27-ний өдрийн 371 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, манай XV-018051, XV-017921 дугаартай  тусгай зөвшөөрлүүдийг сэргээж” шийдвэрлэсэн.

Үүний дагуу үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 2020-2021 оны XV-018051 тоот тусгай зөвшөөрлийн төлбөрт 20,027.400 төгрөг, XV-017921 тоот тусгай зөвшөөрлийн төлбөрт 40,952,430 төгрөг, нийт 60,979.470 төгрөгийг төлсөн. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш 10 хоногийн өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэжээ. Гэтэл бидэнд мэдэгдэлгүйгээр Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 232 дугаартай шийдвэрээр манай компанийн эзэмшлийн хоёр тусгай зөвшөөрлийг дахин хүчингүй болгож, манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

 Энэ хугацаанд Захиргааны ерөнхий 26, 27 дугаар заасан сонсох ажиллагааг хийгээгүй буюу бид зөрчигдсөн эрхээ хамгаалах түүнтэй холбоотой баримт гаргаж өгөх боломжийг төрийн захиргааны байгууллага олгоогүй буюу бидний эрхийг зөрчсөн. Төрийн захиргааны байгууллага нь 2019 оны байдлаар манай компанийн тусгай зөвшөөрлийн төлбөрийн зөрүү гарсан, төлбөрийн үүрэг үүссэн, тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн хэдий ч манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гарах болсныг бидэнд мэдэгдсэн тохиолдолд манай компани эрхээ хамгаалах, газрын төлбөрийг төлөх зөрчлийг арилгах бүрэн боломжтой байсан. Харин дээр дурдсан сонсох ажиллагааг хийгээгүйн улмаас нөхцөл байдлыг залруулах боломж олгоогүй. Хариуцагч маргаан бүхий 232 дугаартай шийдвэрийг бидэнд мөн мэдэгдээгүй. Манай компанийн хувьд 2020 оны хайгуулын ажлын тайланг 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмал газрын тосны газарт цахимаар өгөхөөр хандтал хайгуулын тусгай зөвшөөрлүүд цуцлагдсан болохыг мэдсэн. Бид 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад гомдол гаргасан бөгөөд 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 1/1544 дугаартай албан бичгээр гомдлыг хүлээн авч шийдвэрлэснээс  үүдэн шүүхэд хандсан. Эдгээр үндэслэлээр бидний зөрчигдсөн эрхийг хамгаалж Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 232 дугаар шийдвэрийн манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг талаар маргах ёстой. Хоёрдугаарт хариуцагчийн дурдаж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 56.2 дахь хэсэгт заасны дагуу төрийн захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон бол ажлын 10 хоногийн дотор оролцогчдод мэдэгдэх ёстой байсан. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд цуцлах үндэслэл тогтоогдсоноор мөн хуулийн 56.2 дахь хэсэгт зааснаар мэдэгдэл хүргүүлээгүй байна. Энэ талаарх баримт авагдаагүй. Тусгай зөвшөөрлийн эрхийг цуцалсны дараа мэдэгдсэн гэж байгаа боловч нэхэмжлэгч мэдээгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 56.2 дахь хэсгийг зөрчсөн байна. Мөн хуулийн 56.3 дахь хэсэгт зааснаар 56.2 дахь хэсэгт заасан мэдэгдлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийг нотлох баримтыг захиргааны байгууллага ирүүлнэ гэсэн заалт байгаа.  Нэхэмжлэгч буюу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх ашгийг хамгаалсан заалт юм. Хэрэв тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахыг мэдсэнээр үндэслэл бүхий нөхцөл байвал төрийн захиргааны байгууллагад тайлбар гаргаж болно. Үүнийг төрийн захиргааны байгууллага шалгаж нөхцөл байдлыг тодруулах ёстой.

Ашигт малтмалын тухай хуулийн 56.2 дахь хэсэгт зааснаар мэдэгдэх ба бид өөрсдийн тусгай зөвшөөрлийг цуцлах талаар мэдэж өөрсдийн эрх ашгийг хамгаалах байсан. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 27.2 дахь хэсэгт заасны дагуу захиргааны байгууллагад захиргааны акт гаргах гэж байгаа бол эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд зайлшгүй мэдэгдэнэ. Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг 6 дугаар сарын 10-ны өдөр байдаг. Тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлснөөс 20 хоногийн дараа цуцлах шийдвэр гарсан. Хариуцагчийн тайлбарлаж байгаа бид тусгай зөвшөөрлийн цуцлахаас өмнө мэдэгдсэн энэ нь бүртгэл мэдээллийн дэвтэр буюу 5 дугаар сарын 16-ны өдрийн тэмдэглэл байна гэсэн. Энэ нь 2019 оны 06 дугаар сарын  27-ны өдөр цуцалсан шийдвэрийг мэдэгдэх буюу 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн цуцалсан шийдвэрийг мэдэгдсэн юм. Маргаан бүхий захиргааны акттай холбоотой бүртгэл мэдээллийн дэвтэр биш юм. Хоёрдугаарт 6, 7-ны гэсэн хүснэгттэй хуудас нь тусгай зөвшөөрлийг цуцалсны дараа мэдээлэл гаргах процесс явагдаж байна гэж ойлгосон. Ашигт малтмалын тухай хуулийн 56.2 дахь хэсэгт заасны дагуу цуцлах үндэслэл бүрдсэнээс 10 хоногийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх хуулийн зохицуулалт зөрчигдсөн байна. Мөн бид газрын төлбөрийн төлбөрөө төлөөд тусгай зөвшөөрлийг эзэмшиж байна гэж ойлгож байсан гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. 2021 оны 2 дугаар сард бүртгэл хийлгэхээр очихдоо цуцлагдсан гэдгийг мэдсэн. Энэ хоорондох хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигч Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны итгэл хамгаалах зарчмын дагуу зайлшгүй яригдах зүйл юм. Хариуцагч захиргааны байгууллага нь бидний төлбөрийг хүлээн авчхаад хариу мэдэгдэхгүй явж байсан. Захиргааны ерөнхий хуулийн итгэл хамгаалах зарчим зайлшгүй яригдах ёстой. Бид хайгуулын тусгай зөвшөөрөл ашиглаж байгаагийн хувьд төлбөр төлж байгаа ба өөрсдийн эзэмшилд авсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлаж байсан. Гэтэл манай нэхэмжлэл дээр тодорхой заасан 5 дугаар сарын 04-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Бид Ашигт малтмал газрын тосны газрын даргад 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гомдол гаргаж бидэнд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хариу өгсөн. Энэ албан бичгийн хариу харвал танай шийдвэрийг цуцалсан учир бид үүнийг шийдвэрлэх боломжгүй гэсэн. Харин танай хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир шийдвэрлэх боломжгүй гэдэг агуулга бүхий хариу биш байсан. Төрийн захиргааны байгууллага эрх хэмжээний хүрээнд өргөдөл гомдлыг хүлээн авсан. Төрийн байгууллагын хариу өгсний дараа 30 хоногийн дотор бид шүүхэд хандсан.  Шүүх төрийн захиргааны байгууллагын эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн урьдчилсан шийдвэрлэх ажиллагааг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй гэж үзэж байна. Энэ нь төрийн захиргааны байгууллагын өөрт нь олгосон эрх хэмжээ юм. Эдгээр үндэслэлээс үзвэл маргаан бүхий 232 тоот шийдвэр нь хууль ёсны дагуу биш, нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн учир хүчингүй болгож өгнө үү” гэв.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрөл буюу Ашигт малтмалын хайгуулын хоёр тусгай зөвшөөрлийг эзэмшигч төлбөрийн хугацаан дээр маргаж байна. Нэхэмжлэгч компани талбайн тодорхой хэсгийг буцаан олгохыг шаардсанаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 329 дүгээр шийдвэрээр хэсэгчлэн буцаан олгосон. Гэтэл хайгуулын тусгай зөвшөөрөл 2019 оноос хойш ашигт малтмалын ээлжит төлөвлөгөөг буцааж талбайн хүсэлт гаргасан хэмжээгээр төлбөрийг төлсөн гэж байна. Тусгай зөвшөөрлийн талбайн тодорхой хэсгийг буцаасан шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийн одоо эзэмшиж байгаа  3,849.3 га газрын хэмжээгээр газрын төлбөрийг хийх ёстой байсан.

2/Ашигт малтмалын тухайн хуулийн 34 дугаар зүйлийн 34.6, 34.2 дахь хэсэгт тус тус зааснаар хугацаандаа төлбөрөө төлөөгүй бол тухайн жилд төлөх үндсэн төлбөрийн 0,3 хувийн алданги тооцож ногдуулан, хугацаа хэтэрсэн хоног нь нийт 30 хүртэлх  хоног байх ба уг хугацааг хэтрүүлбэл тусгай зөвшөөрлийн талбай эзэмших эрхийг цуцална гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Өөрөөр хэлбэл сэргээсэн шийдвэрийн дагуу олгосон газрын төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй учир тусгай зөвшөөрлийн эрх цуцлагдсан. Энэ шийдвэр нь 232 дугаар шийдвэр юм.

3/Тусгай зөвшөөрлийг цуцалсан талаарх мэдэгдлийг хүргүүлсэн ба Ашигт малтмалын тухай хууль болон Тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу ажиллагаа хийгдэж Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст албан ёсны бүртгэлтэй хаягаар мэдэгдлийг хүргүүлсэн буюу сонсох ажиллагаа хийсэн. Тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн 2020 оны 6 дугаар сарын 30 оны 232 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 8/2421 дугаартай албан бичгээр явуулахад буцаалт ирсэн. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хаягийг өөрчлөхдөө Ашигт малтмалын тухай хуульд зааснаар 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйн улмаас тусгай зөвшөөрөл хүчингүй болсон тухай мэдэгдэл яваагүй байж болзошгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

1.Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 301 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчид Увс аймгийн Завхан, Цагаанхайрхан сумын нутаг Хар уул нэртэй газарт 25839.03 га, мөн даргын 2015 оны 05 дугаар сарын 11-нийн өдрийн шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Сагсай, Улаанхус, Цэнгэл сумын нутаг Билүү нэртэй газарт 12635.76 га талбайд тус тус ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 382 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгажээ.

2.Нэхэмжлэгчээс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дээрх хайгуулын талбайгаас тодорхой хэсгийг буцаан өгөх хүсэлт гаргасныг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 329 дүгээр шийдвэрээр хэсэгчлэн буцаахаас татгалзаж, мөн даргын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 317 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлүүдийг цуцалсныг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 542 дугаар шийдвэрээр дээрх шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн эрхүүдийг сэргээжээ.

3.Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 232 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлүүдийг цуцалжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн  34.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 20.3, 26.3.2, 26.3.3-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төлнө”, 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.3-д “Тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг тогтоохдоо уг төлбөрийг хийх үед тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэгдсэн талбайн хэмжээг үндэслэх бөгөөд тухайн жилд төлбөрийн хэмжээг өөрчлөхгүй” 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж тус тус заажээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “төлбөрийн үлдэгдэлтэй талаар бидэнд мэдэгдээгүй” гэж, хариуцагчаас “2019 оны төлбөрийг бүрэн төлөөгүй” гэж тус тус маргажээ.

5.Нэхэмжлэгчээс XV-017921 дугаар тусгай зөвшөөрлийн 2019 оны төлбөрт 9726700 төгрөг, 56400 төгрөгийн алданги, 2020 оны төлбөрт 37468000 төгрөг, 3484430 төгрөгийн алданги, XV-018051 дугаар тусгай зөвшөөрлийн 2019 оны төлбөрт 3724200 төгрөг, 21600 төгрөгийн алданги, 2020 оны төлбөрт 18323000 төгрөг, 1704040 төгрөгийн алданги тус тус төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Ашигт малтмал, газрын тосны газрын мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тус тус нотлогдож байна.

6.Хэдийгээр нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн  34.3-д заасан талбайн хэмжээгээр төлбөр төлөх үүрэгтэй хэдий ч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 542 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн эрхүүдийг сэргээхдээ үлдэгдэл төлбөрийг төлөх хугацааг тогтоож өгөөгүй, мөн маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 232 дугаар шийдвэрийг гаргахаас өмнө нэхэмжлэгч нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр XV-017921 дугаар тусгай зөвшөөрлийн төлбөрт 37468000 төгрөг, 3484430 төгрөгийн алданги, XV-018051 дугаар тусгай зөвшөөрлийн төлбөрт 18323000 төгрөг, 1704040 төгрөгийн алданги тус тус төлсөн байна.

7.Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан үндэслэлээр цуцалж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

6.Учир нь нэхэмжлэгчээс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хайгуулын талбайгаас тодорхой хэсгийг буцаан өгөх хүсэлт гаргасан, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 329 дүгээр шийдвэрээр хэсэгчлэн буцаахаас татгалзсан, мөн даргын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 317 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 542 дугаар шийдвэрээр дээрх шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн эрхүүдийг сэргээсэн атлаа төлбөр төлөх хэмжээ, хугацааг нарийн тогтоож өгөөгүй байх тул 2019 оны төлбөр дутуу төлөгдсөнд нэхэмжлэгчийг дангаар буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

7.Өөрөөр хэлбэл тухайн жилд тодорхой хэмжээний төлбөр төлсөн бөгөөд  хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн ашиглалтын талаар маргаан гарч оны сүүлээр буюу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зөвшөөрлийн эрхүүдийг сэргээсэн, маргаан бүхий захиргааны акт гаргахаас өмнө 2020 оны төлбөр бүрэн төлөгдсөн байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан үндэслэлээр цуцалж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

8.Харин энэхүү шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчийг 2019 оны дутуу төлөгдсөн төлбөрөөс чөлөөлөх, төлбөр төлөхгүй байх үндэслэл болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

9.Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 232 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон ба шүүхээс Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 232 дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн  34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан “Х-А*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 232 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МӨНХ-ЭРДЭНЭ