Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2020/00605

 

 

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2020/00605

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  А УТҮГ /РД:9129065/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  М   ХХК /РД:2078414/-д холбогдох

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 29 274 448 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 03 дугаар сард М   ХХК-д чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгож улмаар 2007 оны 42 дугаартай Эрх олгох тухай, 2008 оны Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай 42 дугаартай захирамжаар 10 га газрыг Үйлчилгээний цогцолбор агуулахын зориулалтаар баталгаажуулсан захирамжийг гаргасан. Захирамжуудыг үндэслэн 2007 оны 27 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээ, 2008 оны 08/23 дугаар Газар эзэмшүүлэх гэрээг тус тус байгуулсан. 2010.5 сард 57/10 дугаартай М   ХХК-иас ирүүлсэн бичгийн дагуу 2010.7.01-ний өдөр 10/104 дугаартай газар эзэмшүүлэх гэрээгээр 5 га болгож багасгаж өөрчилсөн. Гэвч М   ХХК нь Газар эзэмшүүлэх гэрээний 4.2.1-д заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд нь төлөх мөн гэрээний 4.2.4-д газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, зэрэг үндэслэлээр гэрээний үүргийг биелүүлээгүй тул газар эзэмших гэрээг цуцалсан. 2014.6 сард М   ХХК дахин хүсэлт гаргаж, 2014 оны 6 сарын 17-ны өдөр А/41, А/42 тоот захирамжуудаар 2 га газрыг худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалтаар олгосон. Уг захирамжуудыг үндэслэн 2014 оны 6 сард 14/158 дугаар Газар эзэмшүүлэх гэрээ, 163 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулсан. 2020.1 сарын байдлаар М   ХХК нь газрын төлбөрийг төлөөгүй байна. Иймд М   ХХК-иас 2012 оны төлбөр 8 750 000 төгрөг, 2013 оны төлбөр 8 750 000 төгрөг, 2014 оны төлбөр 8 750 000 төгрөг, 2015 оны төлбөр 2016 оны төлбөр 370 260 төгрөг, нийт 29 274 448 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч М   ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  А /АБХЧБ/-ийн захирагчийн албанаас Чөлөөт бүсийн хуулин дахь бизнесийн хөнгөлөлттэй, таатай нөхцлүүдээр далимдуулж бизнесийн байгууллагуудын сонирхлыг ашиглан бизнесийн болон аж ахуйн үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдээгүй буюу дэд бүтэцгүй (Гааль, шалган нэвтрүүлэх нөхцөл бүртгээгүй, газрын төлөвлөлт хийгдээгүй цэвэр, бохир ус,цахилгаан, дулаан хангамжийн шугам сүлжээгүй,зам тавиагүй) нөхцөлд газар олгох ажиллагааг зохион байгуулж газрын төлбөр төлсөн Аж Ахуйн Нэгжид газар олгох шахалт үзүүлэн газрын төлбөрийг урьдчилан авсан нь хууль бус үйл ажиллагаа байсан. Газрын төлбөрийг урьдчилан авсан боловч 2010 он хүртэл "АБХЧБ" дээр ямарч дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй учир "АБХЧБ"-ийн захиргаа хөрөнгө оруулагч ААН-дийн хооронд газрын төлбөрийн маргаан үүссэн. Үүнээс үүдэн 2010 онд газар эзэмшлийн гэрээг шинэчлэн хийсэн боловч дэд бүтэц бүрэн шийдэгдээгүй тул газрын төлбөр маргаантай хэвээр өнөөг хүрсэн. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1 болон татварын ерөнхий хуүлийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Хэрвээ газрын төлбөр төлөх үндэслэлтэй гэж үзвэл газар эзэмшлийн гэрээг шинэчилсэн 2010 оноос эхэлж тооцох ёстой гэж үзэж байна. Бидний тооцоогоор 2019 он хүртлэх газрын төлбөр нь 16 980 000 төгрөг, манай компаний газрын талбөрийн төлөлт 24 645 840 төгрөг тул манай компани 7 665 840 төгрөгийн илүү төлөлттэй байна. Дээр дурьдсан бодит үндэслэлийг харгалзан үзэж хуулийн дагуу үнэн зөв шүүж "М  " ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А УТҮГ нь хариуцагч М   ХХК-д холбогдуулан газар эзэмших гэрээний үүрэгт 2012 онд 8 750 000 төгрөг, 2013 онд 8 750 000 төгрөг, 2014 онд 8 750 000 төгрөг, 2015 онд 2 654 192 төгрөг, 2016 онд 370 260 төгрөг, нийт 29 274 448 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 370 260 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2008 оны 3 сард хариуцагч М   ХХК-ийн хүсэлтийн дагуу А. нутаг дэвсгэр дээр худалдаа агуулахын чиглэлээр 10 га газрыг эзэмшүүлэх эрх олгосон. Энэхүү захирамжуудыг үндэслэн 2008 оны 3 сарын 06-ны өдөр 08/23 дугаар газар эзэмшүүлэх гэрээ, 2007 оны 11 сарын 07-ны өдрийн 27 дугаартай Алтанбулаг худалдаа эзэмшлийн хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулсан. 2014 оны 6 сарын 09-ний өдрийн А/29 тоот захирамжаар Газар эзэмших гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг газрын ашиглах шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшихтэй холбоотой тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх зэрэг үүргийг биелүүлээгүй тул гэрээг цуцалсан. 2014.6 сард М   ХХК дахин хүсэлт гаргаж, 2014 оны 6 сарын 17-ны өдөр А/41, А/42 тоот захирамжуудаар 2 га газрыг худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалтаар олгосон. Уг захирамжуудыг үндэслэн 2014 оны 6 сард 14/158 дугаар Газар эзэмшүүлэх гэрээ, 163 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулсан. 2020.1 сарын байдлаар М  и ХХК нь газрын төлбөрийн төлөөгүй байна.. гэж тайлбарлаж, хэрэгт нотлох баримтаар Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагчийн Эрх олгох тухай, Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай захирамжууд, газар эзэмшүүлэх гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээ зэрэг баримтуудыг ирүүлжээ.

Хариуцагч тал ...хэдийгээр хуульд зааснаар төлбөр төлөх үүрэгтэй ч гэсэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1 болон Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Хэрвээ газрын төлбөр төлөх үндэслэлтэй гэж үзвэл газар эзэмшлийн гэрээг шинэчилсэн 2010 оноос эхэлж тооцох ёстой гэж үзэж байна. Бидний тооцоогоор 2019 он хүртэлх газрын төлбөр нь 16 980 000 төгрөг, манай компаний газрын талбөрийн төлөлт 24 645 840 төгрөг тул манай компани 7 665 840 төгрөгийн илүү төлөлттэй байна.. гэх тайлбарыг гаргаж маргасан байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч М   ХХК 2008 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанд 10 га газар эзэмшихийг хүссэн өргөдөл гаргасан ба 2008 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Газар эзэмшүүлэх гэрээ, 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын гэрээ, 2008 оны 3 сарын 06-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай захирамж гарсан байна. /хх-ийн 7-16/

Хариуцагч М   ХХК-ийн 2010 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 57/10 дугаар эзэмших газрын хэмжээнд өөрчлөлт оруулах тухай хүсэлт, 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн газар эзэмшихийг хүссэн өргөдлийн дагуу Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагчийн 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 37 дугаар Газар эзэмших гэрээнд өөрчлөлт оруулах, газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай захирамж, мөн өдрийн Газар эзэмших гэрээгээр М   ХХК-д 5 га газар эзэмших эрхийг баталгаажуулсан байна.

Үүний дараа А 2014 оны 6 сарын 09-ний өдрийн А/29 тоот захирамжаар Газар эзэмших гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг газрын ашиглах шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшихтэй холбоотой тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх зэрэг үүргийг биелүүлээгүй үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан байна. /хх-ийн 25/

Дээрхээс дүгнэхэд А/29 тоот захирамжаар дээрх газар эзэмших эрхийг цуцалсан нь өмнөх гэрээтэй холбоотой газрын төлбөр тооцоо болон бусад асуудлыг 2 тал харилцан тооцоо нийлж дуусгавар болгосон гэж үзэх үндэслэлтэйн дээр нэхэмжлэгч Алтанбулаг чөлөөт бүсийн 2012 онд 8 750 000 төгрөг, 2013 онд 8 750 000 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн М   ХХК-ийн 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн газар эзэмшихийг хүссэн өргөдлийн дагуу 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/41, А/42 дугаар Газар эзэмшүүлэх гэрээ, мөн өдрийн Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын гэрээгээр М   ХХК-д 2 га газрыг олгожээ. /хх-ийн 26-36/

Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу хариуцагчаас газрын төлбөр шаардах эрхтэй хэдий ч гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл газар эзэмших гэрээ хэрэгжиж эхэлсэн 2014 оны 6 сарын 17-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тооцон үзэхэд даруй 6 жил өнгөрсөн байх тул 2014, 2015 онуудын төлбөр шаардсан нь үндэслэлгүй.

Дээрх хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх ба хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхээ нэхэмжлэгч тал нотлоогүй тул шүүх уг хугацааг сэргээх боломжгүй юм.

 

Нөгөөтэйгүүр, 2016 оны газрын төлбөрийг шаардаж байсан 2019 оны 2 сарын 22-нд мэдэгдэл хүргүүлсэн баримт хэрэгт авагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагын 2016 оны төлбөрт 370 260 төгрөг гаргуулахаар шаардсныг хангаж шийдвэрлэв.

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 370 260 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М   ХХК-иас 370 260 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А УТҮГ-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 28 904 188 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч М   ХХК-иас 11 758 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ