| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2019/03211/и |
| Дугаар | 183/ШШ2020/00414 |
| Огноо | 2020-02-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 183/ШШ2020/00414
| 2020 оны 02 сарын 12 өдөр | Дугаар 183/ШШ2020/00414 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 39 378 750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б нь П ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 07-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 25 000 000 төгрөгийг нэг сарын 0.3 хувь буюу сарын 75 000 төгрөгийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Н.Б нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна.Зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн 25 000 000 төгрөг, зээлийн гэрээний 2.2-т заасан зээлийн хүү болох 1 252 500 төгрөг, мөн гэрээний 6.2-т заасан хугацаа хэтрүүлсэн 532 хоногийн 0.5 хувийн алданги болох 13 126 250 төгрөг, нийт 39 378 750 төгрөгийг хариуцагч Н.Б аас гаргуулж өгнө үү. Бид алдангийг чөлөөлөх багасгах боломжгүй бөгөөд энэ талаар эвлэрэх боломжгүй гэв.
Хариуцагч Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие тус нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсэг болох үндсэн зээл 25 000 000 төгрөг, хүү 1 252 500 төгрөг, нийт 26 252 500 төгрөгийг хүлээн зөвшөөрч, тодорхой хугацаа тогтоон харилцан тохирч төлөх боломжтой. Гэвч нэхэмжлэгч тал алдангийг багасгах асуудлыг зөвшөөрөхгүй гэж байна. Миний хувьд алдангийг төлөх боломжгүй байна гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч Н.Б ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25 000 000 төгрөг, хүү 1 252 500 төгрөг, алданги 13 126 250 төгрөг, нийт 39 378 750 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 37 575 000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас болон зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд 2018 оны 5 сарын 07-ны өдөр Зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч Н.Б ад 25 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 0.3 хувь буюу 75 000 төгрөгийн хүүтэйгээр зээлдүүлсэн. /хх-ийн 7-9/
Дээрх гэрээний дагуу хариуцагч Н.Б гэрээний хугацаа дууссан 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гэрээний үүрэгт 25 000 000 төгрөгийг, хүүгийн 75 000 төгрөг, нийт 25 075 000 төгрөг, хугацаа хэтрүүлвэл хоног тутамд 0,3 хувиар тооцож алданги төлөх үүрэг хүлээжээ. /хх-ийн 9/
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх ба зээлдэгч Н.Б нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул хуульд зааснаар гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.
Түүнчлэн талуудын байгуулсан гэрээнд алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байх тул нэхэмжлэгчийн алданги нэхэмжилсэн дүнг үндсэн зээлийн үлдэгдэл 25 000 000 төгрөгийн 50 хувиар тооцох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч П ХХК нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул хэтэрсэн хугацааны хүү гаргуулна гэсэн нь үндэслэлгүй бөгөөд талууд дээрх гэрээг хугацаатай байгуулсан байх бөгөөд гэрээний үүргийн дагуу алданги тооцох үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл хүү, алдангийг давхардуулан тооцох үндэслэлгүй гэдгийг дурдах нь зүйтэй.
Дээрхээс нэгтгээд хариуцагч Н.Б аас зээлийн гэрээний үүрэгт 25 000 000 төгрөг, хүүний 75 000 төгрөг, алданги 12 500 000 төгрөг, нийт 37 575 000 төгрөг буюу П ХХК нь 2018 оны 5 сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагч Н.Б аас зээлийн төлбөрт 25 000 000 төгрөг, зээлийн хүү 75 000 төгрөгийг шаардах эрхтэй байх ба талуудын бичгээр байгуулсан гэрээний 2.6-д зээлдэгч зээлийг ...хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсоны дагуу алдангийг 12 500 000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэх нь зүйтэй байх ба энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчөөгүй болно.
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүрэгт 25 000 000 төгрөг, хүү 75 000 төгрөг, алданги 12 500 000 төгрөг, нийт 37 575 000 төгрөгийг хангаж, үлдэх 1 803 750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Б аас 37 575 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1 803 750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 354 844 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.Б аас улсын тэмдэгтийн хураамжинд 345 825 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ