| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
| Хэргийн индекс | 128/2025/0587/З |
| Дугаар | 221/МА2026/0020 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2026/0020
“НЕБ
СС” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Х.О
Гомдол гаргагч: “НЕБ СС” ХХК
Гомдлын шаардлага: “Монополын эсрэг газрын Хэрэглэгчийн эрхийн хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын ахлах байцаагч Х.Оы 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 0002381 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 843 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: гомдол гаргагчийн өмгөөлөгч Д.Ж, хариуцагч Х.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номуунхүслэн
Хэргийн индекс: 128/2025/0587/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “НЕБ СС” ХХК нь “Монополын эсрэг газрын Хэрэглэгчийн эрхийн хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын ахлах байцаагч Х.Оы 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 0002381 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/0843 дугаар шийдвэрээр: “...Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1, 1.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1, 1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан НЕБ СС ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, “Монополын эсрэг газрын Хэрэглэгчийн эрхийн хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын ахлах байцаагч Х.Оы 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 0002381 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Х.О дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна.
3.1. “...Анхан шатны шүүхээс... СС ХХК-ийг "... улсын байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг өөрийн албан ёсны цахим хуудсаар сурталчилгаа байршуулах замаар олон нийтэд хүргэж, бусдыг хууран мэхлэх, төөрөгдүүлэх үйлдэл гаргасан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 12.9 дэх хэсэг Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэг, 6.5.1 дэх заалтыг тус тус зөрчсөн нь нотлогдсон гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар холбогдогчийг 20,000,000 төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулахдаа зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар 1-т "Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй." 1.3-т "энэ хуульд хүнд арван мянгаас дээш хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш хоёр жил өнгөрсөн." гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-т "Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ." 3.2 дугаар зүйлийн 1-т "Зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.", 3.5 дугаар зүйлийн 1-т "Эрх бүхий албан тушаалтан дараахь хүнийг хууль ёсны төлөвлөгчөөр тогтооно.", 1.2-т "хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг гаж тус тус заасныг зөрчиж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан болох нь Тогтоогдож байна." гэж дүгнэсэн нь хэргийн байдлыг тал бүрээс нь бодитой тогтоогоогүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
3.2. Нэгдүгээрт, Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн гэсэн тухайд,
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад НЕБ-ын СС- албан ёсны "S" цахим хуудсаар 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд бэлтгэл бүлэг, нэгдүгээр ангийн шинэ элсэлт болон II-ХI-р ангийн нэмэлт элсэлтийг, 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 4 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд бэлтгэл бүлгийн шинэ элсэлтийг тус тус зарлаж, бэлтгэл бүлэгт нийт 30 сурагчийг шинээр элсүүлсэн, мөн өөрийн сургалтын үйл ажиллагааны талаар "Англи-Хятад хэлний хос хөтөлбөр, Хятад хэл дээрх мэргэжлийн суурь хөтөлбөр /IFP/, Сингапурын олон улсын хөтөлбөр /IGSP/, Чусоны олон улсын харилцааны хөтөлбөр, Мэдээллийн технологийн мэргэжлийн суурь хөтөлбөр зэрэг олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг, стандартад нийцсэн өөрийн байртай зэргээр мэдээлэл сурталчилгаа явуулсан зэрэг зөрчил үйлдсэн хугацаа нь Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-т Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно. 2-т зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно." гэж тус тус заасан хуулийн шаардлагыг хангаж байх бөгөөд НЕБ-ын СС- дээрх хугацаанд салбарын хяналтын улсын байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг өөрийн албан ёсны цахим хуудсаар сурталчилгаа байршуулах замаар олон нийтэд хүргэж, бусдыг хууран мэхлэх, төөрөгдүүлэх зөрчил үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон учраас шийтгэл оногдуулсан шийдвэр нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т "Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна:", 1.1-т "тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх;" гэж заасан хуулийн шаардлагыг тус тус хангасан гэж үзэж байна.
3.3. Хоёрдугаарт, "СС- хууль ёсны төлөөлөгчөөр Б.Ж-ыг тогтоосон нь тухайн этгээд нь хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан биш бөгөөд тухайн Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон тухай итгэмжлэл байхгүй, зөрчлийн хэрэгт авагдсан итгэмжлэл нь иргэний хэрэгт итгэмжилсэн төлөөлөгчөөр томилсон тухай итгэмжлэл байна." гэсэн тухайд,
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1-т "Эрх бүхий албан тушаалтан дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно", 1.2-т "хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг." гэж тус тус заасны дагуу зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд СС- гүйцэтгэх захирал С.У-ын гарын үсэг, тамга бүхий 2025 оны 04 сарын 28-ны өдрийн 0373 дугаартай мөн өдрийн нийслэлийн тойргийн нотариатчаар гэрчлүүлсэн сургуулийн хүүхдүүдийн сурч боловсрох эрх ашгийг хамгаалах асуудлаар харьяалах төрийн бүх шатны байгууллагад бүрэн төлөөлөх... эрхийг төлөөлөгчид олгож байна." гэх бичвэр бүхий итгэмжлэлийг үндэслэн хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчөөр томилон эрх бүхий албан тушаалтны тогтоол үйлдэж зөрчлийн хэрэгт нотлох баримтаар хавсаргасан болно.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-т "Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:", 1.1-т "зөрчлийн хэрэг бүртгэлт хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хянах;” гэж тус тус заасны дагуу эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа бүхэлдээ Нийслэлийн Прокурорын газрын хяналтад явагддаг.
Анхан шатны шүүхээс зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хангалттай хэмжээнд үнэлээгүй, хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна, учир нь анхан шатны шүүхээс шийтгэлийн хуудас буюу захиргааны актыг дараагийн шүүх хурал хүртэл түр түдгэлзүүлэх боломжтой байтал зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны процессыг үнэлж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй байна.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/0843 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх маргаан бүхий актын үндэслэлд дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, дүгнэх үүргээ хэрэгжүүлэлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
2. Анхан шатны шүүхээс “...Зөрчил үйлдсэнээс хойш 2 жил өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй гэсэн хөөн хэлэлцэх хугацааг анхаараагүй, ...Т.Б-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдсөн талаар тогтоогоогүй, “эцэг эхчүүд хохирсон...” гэж тайлбарлаж байгаа ч тэдгээрийг зөрчлийн хэрэгт хохирогчоор тогтоож, шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, ...холбогдогч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, түүнд хууль ёсны төлөөлөгчөө оролцуулах, зөрчлийн материалтай танилцах, хүсэлт, гомдол гаргах хуульд заасан эрхийг эдлүүлээгүй...” гэж тус тус дүгнэн маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.
3. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол Зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй” гээд мөн зүйлийн 1.3-т “энэ хуульд хүнд арван мянгаас дээш хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш хоёр жил өнгөрсөн” 6 дахь хэсэгт “хөөн хэлэлцэх хугацааг Зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно” гэж зааснаар уг зөрчилд хамаатуулан шалгах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахгүй, улмаар хуульд заасан хариуцлага оногдуулахгүй зохицуулалттай.
4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Т.Б-гаас Монополын эсрэг газарт гаргасан “...НЕБ СС ХХК нь төрийн байгууллагын зүгээс элсэлтийн үйл ажиллагааг зогсоосон байтал энэхүү нөхцөл байдлыг эцэг эхчүүдээс нуун дарагдуулж, тэднийг хууран мэхлэх замаар элсэлт болон сургалтын төлбөр авч хохироож байна” гэх агуулга бүхий гомдол гаргасан бөгөөд Монополын эсрэг газрын улсын ахлах байцаагч Х.Оы 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2502000244 дугаартай тогтоолоор зөрчлийн хэрэг нээн шалгаж, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3-т “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, эсхүл хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан, эсхүл хууль, гэрээнд заасан чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхийг зөрчсөн...” гэх зөрчил үйлдсэн гэж үзэж “НЕБ СС ХХК-д хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн шийтгэл оногдуулсан байна.
5. Уг зөрчлийн талаар 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Зөрчлийн хэргийг прокурорт хүргүүлэх тухай” Эрх бүхий албан тушаалтны тогтоолд “...“НЕБ СС ХХК нь өөрийн албан ёсны “S” цахим хуудсаар 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 2023-2024 оны хичээлийн жилийн элсэлтийг зарлахдаа сургуулийн талаар “Мэргэжлийн суурь хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Монголын анхны дунд сургууль, С олон улсын дунд сургууль, ...зөвхөн манай сургуулийн сурагчид гадаадын сургуулиудад тэтгэлэг горилохдоо нэмэлтээр давтлага, сургалтад сууж цаг, санхүүгээ үрэхгүй сонгосон мэргэжлийнхээ суурь хөтөлбөрт хамрагдаад төгсөнө”, ...дотоодын боловсролын системд уягдаж алтан цагаа үрэх шаардлагагүй боллоо”, яармагтаа хамгийн олон гадаад хөтөлбөр хэрэгжүүлэгч сургууль гэх зэргээр олон нийтэд хандсан мэдээ, мэдээлэл сурталчилгааг байршуулсан,
...нийслэлийн Боловсролын газрын улсын байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 03-13-00-023/105 дугаар “2024-2025 оны хичээлийн шинэ жилийн элсэлт авахгүй байх” албан шаардлага, 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 06/318 дугаартай чиглэл зэргээр элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхыг, 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 87 дугаар албан шаардлагаар 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн элсэлтийг авахгүй байхыг тус тус мэдэгдсэн, нийслэлийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/432 дугаар захирамжаар СС- тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн байхад 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр I-V VI VIII IX XI дүгээр ангид нэмэлт элсэлт, 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 7 удаагийн үйлдлээр бэлтгэл бүлэг, нэгдүгээр ангийн шинэ элсэлт болон II-XI-р ангийн нэмэлт элсэлтийг тус тус зарласан,
...бэлтгэл бүлгийн шинэ элсэлтэд нэг хүүхдийг 1,200.000 төгрөгийн төлбөртэйгөөр 30 хүүхдийг шинээр элсүүлж, сургалтын төлбөрт нийт 36,000,000 төгрөгийг ....дансанд авсан, ...”Олон улсын дунд сургууль” гэсэн нэршлээр “олон улсын хөтөлбөр болон мэргэжлийн суурь хөтөлбөр хэрэгжүүлэх зөвшөөрөлтэй” сургууль мэтээр үнэн бодит байдлыг нуун дарагдуулах замаар эцэг эх асран хамгаалагчдыг хууран мэхэлж, төөрөгдүүлэн гэрээ байгуулж, элсэлт болон элсэлтийн төлбөр авсан ” болох нь холбогдох баримтаар тогтоогдсон гэжээ.
6. Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-д “Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн Зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно”; 2-т “Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэж зааснаар зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд, харин зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцохоор байх бөгөөд дээрхээс үзэхэд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээргүй байна.
7. Түүнчлэн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны дуудах хуудсыг холбогдогч НЕБ СС ХХК-ийн хаягаар хүргүүлсний дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогч компанийг төлөөлж оролцохоор итгэмжлэл авч ирсэн Б.Ж-ыг хууль ёсны төлөөлөгчөөр томилж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Эрх бүхий албан тушаалтны дуудах хуудас, хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай тогтоол, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “...сургуулийн нэрийн өмнөөс сургуулийн хүүхдүүдийн сурч боловсрох эрх ашгийг хамгаалах асуудлаар харьяалах төрийн бүх байгууллагад бүрэн төлөөлөх...” гэх агуулга бүхий итгэмжлэл, холбогдогчоос мэдүүлэх авах тухай тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул хариуцагчийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-т “... /зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд/ хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг /оролцуулах/”-аар, 6.9 дүгээр зүйлийн 1-д “... эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангах”-аар заасныг тус тус зөрчсөн гэж буруутгах боломжгүй, анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт үндэслэлгүй.
8. Ийнхүү анхан шатны шүүх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсний улмаас шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөөгүй, гомдол гаргагч хуулийн этгээд Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн эсэхийг огт дүгнээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т зааснаар “хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа шийдвэртээ тусгаагүй” байх тул давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэлд нөхөн дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.
Иймд анхан шатны шүүхээс маргаан бүхий акт, гомдлын үндэслэл болон хариуцагчийн тайлбарт дүгнэлт өгч хэргийг дахин шийдвэрлэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 843 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН