Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/996

 

  

 

 

 

 

 

 

 

2023          10           03                                     2023/ШЦТ/996

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхтуул,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Э.Ц нарыг оролцуулан эрүүгийн 2309005501112 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Э.Ц-г /регистрийн дугаар ...../, ..... оны ... сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, хувиараа, ам бүл 3,  эхнэр хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шаны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Э.Ц нь 2022 оны 12 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” караокены 1 номерын өрөөнд байхдаа хамгаалагч нартаа үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түрдэг тэргэн дээр байсан шилэн аяга, цайны гүц, шилэн хундага зэргийг өшиглөж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар утсгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 535.500 төгрөгийн хохирол учруулж, эд  хөрөнгө утсгах гэмтээх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Э.Ц-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч С.Г мэдүүлэг, шүүгдэгч Э.Ц-нсэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Э.Ц нь 2022 оны 12 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” караокены 1 номерын өрөөнд байхдаа хамгаалагч нартаа үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түрдэг тэргэн дээр байсан шилэн аяга, цайны гүц, шилэн хундага зэргийг өшиглөж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар утсгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 535.500 төгрөгийн хохирол учруулж, эд  хөрөнгө утсгах гэмтээсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Ц-нбусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт нь:

шүүгдэгч Э.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “…Би тухайн газрын хамгаалагч нарт зодуулсан бөгөөд шүүх эмнэлэгт үзүүлэх хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байдаг...” гэв.

шүүгдэгч Э.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 80/,

 

хохирогч С.Гмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2022 оны 12 сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сөүл” плазагын 10 давхарт үйл ажиллагаа явуулдаг вип караокед би барменээр ажиллаж байсан. Тухайн орой тус барилгын 11 давхарт буюу бааранд үйлчлүүлж байсан эрэгтэй эмэгтэй хоёр хүн 11 давхраас миний ойлгосноор хэрүүл маргаан хийгээд хөөгдөж гараад, хамгаалагч нартай зодолдож хэл ам хийгээд 10 давхарт өлгүүрний ойролцоо олон хүнтэй маргалдаад, хэл ам хийгээд байсан учир хамгаалагч манай караокений 1 номерын өрөөнд оруулахаар болсон. Тэгээд оруулсны дараа тухайн нэг өрөөнд байсан ширээн гэх үү түрдэг тэргийг өшиглөж дээр нь байсан шилэн эд зүйлийг унагааж хагалсан. Тэр эмэгтэй, эрэгтэй хоёр маш их архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, манай караокегоор үйлчлүүлээгүй байсан. Биеэ хянах чадваргүй байсан. rock glass 13ш, highball glass 13ш, wine glass 6 ш, champagne glass-6ш, цайны гүц 1ширхэг, цайны аяга 5 ширхэг байсан. Би тухайн орой энэ хагалсан эд зүйлсийн жагсаалтыг үнэ ханштай нь гаргаж өгсөн. Дамно ХХК-ийн үнэлгээгээр тогтоосон үнийн дүнгээр хохиролоо барагдуулчихвал надад санал гомдол байхгүй. Голомт банк ... дугаарын С.Г гэх данс руу хийлгэмээр байна..." гэсэн мэдүүлэг /хх-н 57-58/,

камерын бичлэгт үзлэг хийсэн /хх-н 35-40/,

хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 60-61/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Э.Ц нь 2022 оны 12 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” караокены 1 номерын өрөөнд байхдаа хамгаалагч нартаа үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түрдэг тэргэн дээр байсан шилэн аяга, цайны гүц, шилэн хундага зэргийг өшиглөж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар утсгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 535.500 төгрөгийн хохирол учруулж, эд  хөрөнгө утсгах гэмтээсэн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Э.Ц-н дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин шүүх шүүгдэгч Э.Ц эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Э.Ц-н дээрх үйлдлийн улмаас хохирогч С.Ган-Эрдэнэд 535.500 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгчээс 535.500 төгрөгийг гаргуулж хохирогч С.Г олгохоор шийдвэрлэмэн боловч шүүгдэгч С.Г нь шүүхээс хохирогчид гаргуулан олгохоор заасан 535.500 төгрөгийг төлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар хохирол төлбөр төлөх завсарлага авч хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Шүүгдэгч Э.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Ц 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц нь энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 2 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5.Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ц авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР