Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/477

 

 

 

 

 

 

 

 

   2023         05          08                                    2023/ШЦТ/477     

 

                                

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүгдэгч: Б.Э /өөрөө өөрийгөө өмгөөлж/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Энх-Амар,

Улсын яллагч: Г.Цогтмагнай нар оролцсон эрүүгийн 2209000000550 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 04-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Өндөр хангай” ХХК-нд мужааны туслах ажилтай (Дэнжийн 1000 цагаан байрны автобусны ард талд байдаг гэх), ам бүл 3, урьд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 29- ний өдрийн 403 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21 дүгээр зүйлийн 21.3, 69 дүгээр зүйлийн 69.1.1-т зааснаар 8 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 252 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан, мөн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 111 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар тус тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 5 жил 2 сарын хугацаагаар тогтоож байсан.Мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 263 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3 дахь хэсгүүдэд зааснаар Б.Э-д Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 111 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр дээрх тус тогтоолоор оногдуулсан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт 6 жил 1 сарын хугацаагаар тогтоосныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 630 дугаар магадлалаар Б.Э-г гэм буруутайд тооцсон шийдвэрийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж оногдуулсан хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-д шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ял шийтгэж, энэ ял дээр Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 9 сарын хугацаагаар тогтоосон, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 40 дүгээр захирамжаар Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Э-гийн эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 18 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж мөн хугацаагаар хяналт тогтоож нэн даруй сулласан. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 913 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б.Э

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “street food” нэртэй хоолны газрын гадна иргэн Б.С-н халааснаас түүний өмчлөлийн эд хөрөнгө болох ай фон 13 про /iphone 13 prо/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 2,945,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2209000000550 дугаартай хэргээс:

Хохирогч Б.С-н цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 7-р хуудас/

Гэрч Ц.Энхжингийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас,

Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/ болон бусад нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “street food” нэртэй хоолны газрын гадна иргэн Б.С-н халааснаас түүний өмчлөлийн эд хөрөнгө болох ай фон 13 про /iphone 13 prо/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 2,945,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

Хохирогч Б.С-н “Би 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 03 цаг 50 минутын орчимд найз залуугийн хамтаар Сүхбаатар дүүргийн 3-р хороо Хангай зочид буудлын ард явж байхдаа халааснаасаа гар утсаа алдсан. Миний алдсан гэх гар утас нь ай фоне 13 про загварын цэнхэр өнгийн гар утас байсан. Би гар утсаа хулгайд алдсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Би тухайн байгууллагын хяналтын камерын бичлэгийг шалгахад 25-30 орчим насны эрэгтэй хүн халааснаас аваад явж байгаа бичлэг байсан... Миний гар утсыг хулгайлсан гэх хүнийг хуулийн дагуу шийтгэж өгнө шүү. Би гомдолтой байна...” гэв.

Гэрч Ц.Энхжингийн “... Би 33 секундийн, 01 минут 10 секундийн 2 бичлэг үзлээ. Бичлэгт хүүхдийн зуугийн “the bull” нэртэй рестораны өмнө зогсоолд миний 9519 УАВ гэсэн улсын дугаартай “toyota Аqua” маркийн машинд манай залуу Баярбат овогтой Э сууж байсан. Дүрс бичлэгт гарсан саарал өмдтэй, саарал юүдэнтэй цамцтай гадуураа хавар намрын нимгэн гадуур хувцастай залуу бол миний найз залуу мөн. Найз залуу маань эрхэлсэн ажил хөдөлмөр байхгүй... Би найз залуугаа хаанаас ч харсан танина. Найз залуу маань урьд өмнө Цагдаагийн байгууллагатай холбогдож байсан эсэх талаар мэдэхгүй. Манай найз залуу юу хийдэг талаараа надад юм ярьж байгаагүй. Манай найз залуу хааяа надаас миний машиныг ирж аваад унадаг байсан...” гэх мэдүүлэг,

Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр СБ1-22-559 дугаар “Үнэлгээний дүн: 2’945’000Т /Хоёр сая есөн зуун дөчин таван мянган төгрөг/” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдсон  болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э нь 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “street food” нэртэй хоолны газрын гадна иргэн Б.С-н халааснаас түүний өмчлөлийн эд хөрөнгө болох ай фон 13 про /iphone 13 prо/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 2,945,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан шинжийг бүрэн хангаж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна. 

Иймд шүүгдэгч Б.Э-д Сүхбаатар дүүргийн Прокуророос  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, хохирогчийн анхаарал болгоомжгүй үйлдэл зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна. 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Э нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас: Шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Э-гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол хор уршгийн хэр хэмжээ болон ажил хөдөлмөр эрхлэх, алдаагаа засах боломж олгохыг хүссэн шүүгдэгчийн хүсэлт зэргийг тал бүрээс нь харгалзан 2 /хоёр/ жилийн хугацаагаар түүний оршин сууж байгаа Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан, зорчих эрх хязгаарлах ялыг зөрчсөн тохиолдолд гарах хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж, ялын биелэлтэд хяналт тавихыг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Э-д нь хохирогч Б.С-н “ай фоне 13 про” маркийн гар утсыг биет байдлаар буцаан өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э-д 2023 оны 04 сарын 07-ны өдрөөс эхлэн шүүхээр хэрэг хэлэлцэх хүртэл 30 хоног цагдан хоригдсон тул цагдан хоригдсон 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт Б.Э-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тухайн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Б.Э-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-гийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 30 хоногийн 1 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногоор тооцон, зорчих эрх хязгаарлах ялаас хассугай.

8. Шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

11. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ДАРЬСҮРЭН