Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/764

 

 

 

 

 

 

 

  2023         08         01                                  2023/ШЦТ/764 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Түвшинтөгс, Э.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Халиунаа,

Иргэдийн төлөөлөгч Э.Уянга,

Улсын яллагч Ч.Батзориг,

Шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх, О.Анхбаяр

Шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Галхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт *******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Б.Д нарт холбогдох эрүүгийн 2202005830109 дугаартай хэргийг хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Нэг: Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Мөрдөн байцаах албанд мөрдөгчөөр ажиллаж байсан, одоо “Тайгын булаг кредит” ХХК-д хуулийн зөвлөх ажилтай, ам бүл 4, урьд өмнө Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-нийөдрийн 1069дугаар дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б овогт *******

Хоёр: Монгол Улсын иргэн, 1970 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Д” ХХК-ийн Аялал жуулчлалын “Бэлла тур” баазын захирал ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, О овогт Б.Д

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:  

Шүүгдэгч А.Т нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байх хугацаандаа өөрийн хуулиар хүлээсэн ажил үүргийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хэрэг бүртгэлтийн 190901792 дугаартай хэргийн хохирогч Б.Дгийн хэрэгт хурдан шуурхай ажиллагаа явуулах, хэргийг хурдан шийдвэрлүүлэх, хохирлыг хурдан шуурхай төлүүлэх ашиг сонирхлын үүднээс буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариу болон хэрэгжүүлэхийн тулд өөрийн Х банкны ... тоот дансаар 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 50,000 төгрөгийг “ок”, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 60,000 төгрөгийг “амжилт” гэсэн гүйлгээний утгаар нийт 110,000 төгрөг шилжүүлэн авч хахууль авах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Д нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч А.Т-д албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд буюу хэрэг бүртгэлтийн 190901792 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхад нь өөрийн ашиг сонирхол буюу хэрэгт хурдан шуурхай ажиллагаа явуулах, хэргийг хурдан шийдвэрлүүлэх, хохирол барагдуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс өөрийн Т банкны 5022582011 тоот дансаар 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 50,000 төгрөгийг “ок”, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 60,000 төгрөгийг “амжилт” гэсэн гүйлгээний утгаар нийт 110,000 төгрөгийг мөрдөгч А.Т-гийн Х банкны ... тоот данс руу шилжүүлж хахууль өгөх гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний хувьд Сэлэнгэ аймагт ахлах мөрдөгчөөр ажиллаж байсан. Тухайн үед мөрдөн байцаах албаны даргын  тушаалаар Сүхбаатар дүүргийн 1-р хэлтэст шалгагдаж байгаа хэрэг дээр ажилласан ба Д гэх хүний хэргийг танилцаад  даалгаварт заагдсан ажиллагааг хийсэн. Энэ хугацаанд Д гэдэг хүн хэд хэдэн удаа ирсэн . Хэд хоног Хажыгали гэх хүнтэй нүүрэлдүүлж мэдүүлэг ав гэсэн заалт заасан байсан тэгээд Хажыгалигаас мэдүүлэг авий гэж бодохоор ерөөсөө ирддэггүй байсан. Зарим үедээ ирнэ ирэхддээ  өмгөөлөгчтайгаа цуг байж байгаад явдаг. Энэ хугацаанд Д гэдэг хүн хэд хэдэн удаа ирсэн. Манай ээж төрийн байгууллагад ажиллаж байгаагүй хувиараа наймаа хийдэг ба Сэлэнгэ аймгийн чөлөөт бүс нээгдсэн үеэс архи оруулж ирж, Улаанбаатар хотод зардаг байсан. Би ээжийнхээ ажилд тусалж архи авах хүмүүст нь машиннаараа хүргэж өгдөг байсан.  Энэ байдлыг Д мэдээд архи худалдаж авахаар болж худалдаж авсан архины мөнгийг миний дансруу шилжүүлсэн. Учир нь манай ээж гар утасны интернэт банк ашигладаггүй болохоор би мөнгийг нь авч дамжуулж өгсөн. 2022 оны 10 сард хамрын хагалгаанд орсон эрүүл мэндийн шалтгаантай байсан тул болсон асуудлыг сайн санахгүй байсан.  Би тухайн үед ганц нэг покер тоглодог байсан тэр үед миний дансанд мөнгө байхгүй болохоор би хүнээс мөнгө авсан байх гээд хэлсэн, тухайн үед санахгүй байсан учраас зохиогоод хэлчихсэн...” гэв.

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би өнөөдрийн байдлаар яллагдагчаар татагдаад явж байгаадаа гайхаж байна. Намайг Т мөрдөгчид хахууль өгсөн байна. “ОК, АМЖИЛТ” гэсэн утгаар гэж хэлэхэд би санасан. Анхны мэдүүлгээрээ одоо хүртэл бүгдийг санаж байгаа гэв. Би энэ хүнийг архи виски зардаг хүн гэдгийн мэднэ. Миний хувьд аялал жуулчлалын компани ажлуулаад 10 гаруй жил болж байна. Тухайн үед миний ээжийн төрсөн өдөр тохиож байсан учраас ширээгээ чимэглэх гэж архи авсан. Бичихэд амархан учраас мөнгийг шилжүүлэхдээ гүйлгээний утгыг ОК гээд биччихсэн юм. Би сүү авахдаа хүртэл ингээд ок гээд биччихдэг байсан.  Өөрийн хэнэггүй байдлаасаа болоод ийм байдалд хүрчихээд явж байна...” гэв.

Эрүүгийн 2202005830109 дугаартай хэргээс:

Гэрч Х.Хажыгалигийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1-хх-ийн 14 дүгээр хуудас/,

Т банкны 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 29/7012 дугаартай “А.Т-ий ..., Б.Д-гийн 5022582011 тоот дансны мэдээллийн албан бичиг /2-р хх-ийн 83-р хуудас/,

Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр А.Т-ий ... тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 84-89-р хуудас/,

Гэрч Б.Ариунгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мдэүүлэг /2хх-ийн 172 дугаар хуудас/,

Нийслэлийн шүүхийн щийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 3/22256 дугаартай гэх албан бичиг /2хх-ийн 175-р хуудас/,

Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хянагдаж байсан Х.Хажыгалид холбогдох эрүүгийн 1909017921237 дугаартай хэрэгт үзлэг хийж “бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл” /1хх-ийн 17-20-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, үйл баримтыг хангалттай нотолсон, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн ба шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дараах эрх зүйн дүгнэлтийг хийсэн болно.  

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Нэг: Шүүгдэгч А.Т нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байх хугацаандаа өөрийн хуулиар хүлээсэн ажил үүргийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хэрэг бүртгэлтийн 190901792 дугаартай хэргийн хохирогч Б.Дгийн хэрэгт хурдан шуурхай ажиллагаа явуулах, хэргийг хурдан шийдвэрлүүлэх, хохирлыг хурдан шуурхай төлүүлэх ашиг сонирхлын үүднээс буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариу болон хэрэгжүүлэхийн тулд өөрийн Х банкны ... тоот дансаар 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 50,000 төгрөгийг “ок”, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 60,000 төгрөгийг “амжилт” гэсэн гүйлгээний утгаар нийт 110.000 төгрөг шилжүүлэн хахууль авах,

Хоёр: Шүүгдэгч Б.Д нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч А.Т-д албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд буюу хэрэг бүртгэлтийн 190901792 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхад нь өөрийн ашиг сонирхол буюу хэрэгт хурдан шуурхай ажиллагаа явуулах, хэргийг хурдан шийдвэрлүүлэх, хохирол барагдуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс өөрийн Х банкны 5022582011 тоот дансаар 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 50.000 төгрөгийг “ок”, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 60.000 төгрөгийг “амжилт” гэсэн гүйлгээний утгаар нийт 110,000 төгрөгийг мөрдөгч А.Т-гийн Х банкны ... тоот данс руу шилжүүлж хахууль өгсөн хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэлээ. Үүнд:

Гэрч Х.Хажыгалигийн “...Би 2019-2022 он хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст залилангийн хэрэгт холбогдон шалгагдсан. Миний бие шалгагдаж байх хугацаанд тус хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс рүү шилжүүлсэн. Ингээд би Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч А.Т гэх мөрдөгч дээр шалгагдсан юм. Шалгагдаж байх хугацаанд хохирогч талаас буюу Б.Д гэх хүнээс А.Тд түүний Т банкны ... дугаарын данс руу 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 50,000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 60,000 төгрөг амжилт гэсэн утгаар тус тус шилжүүлсэн байсан. Б.Д-гийн Т банкны 5022582011 дугаарын данснаас шилжүүлсэн байсан хамгийн гол нь А.Т-ий данс руу орсон мөнгө нь амжилт” гэсэн утгаар орсон байгаа. Мөрдөгч Т-ий дансны дэлгэрэнгүй мэдээллийг авах юм бол өөр мөнгөний асуудал ч байгаа Б.Д-гийн дансны мэдээллийг найз нь авсан. Миний шалгагдаж байгаа хэрэг дээр дансны мэдээлэл нь байсан. Би хэргийн материалыг танилцаж байхдаа түүний дансны хуулга дээр сэжиг бүхий гүйлгээ байсан болохоор нь сүүлд Б.Д-гийн Т банкны 5022582011 тоот дансны код мэддэг байсан учраас орж шалгахад баталгаажсан...” гэх мэдүүлэг,

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 193 дугаартай зөвшөөрлөөр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 101 дугаартай тогтоолоор “хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан”, бүртгэлийн 16737 дугаартай гэмт хэргийн шинжтэй гомдлын материалд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үзлэгээр гаргуулан авсан баримтууд,

Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр А.Т-ий ... тоот дансны хуулганд үзлэг хийсэн “Б.Д-гийн Х банкны 5022582011 тоот данснаас А.Т-ий ... тоот дансанд 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 50,000 төгрөг “ок” гэсэн, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 60,000 төгрөг “амжилт” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн” гэх тэмдэглэл,

Гэрч Б.Ариунгэрэлийн “...Би хэрэг бүртгэлтийн 190901792 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын сүүлээр хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаад 2020 оны 3 дугаар сард Мөрдөн байцаах албанаас ачаалал ихтэй дүүрэг болох Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт дэмжпэг үзүүлэх зорилгоор мөрдөгч нар ажилласан. Тухайн үед Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад А.Т-д 2020 оны 3 дугаар сард хэрэг бүртгэлтийн 190901792 дугаартай хэргийг хүлээлгэн өгсөн. Тухайн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад А.Т-гийн дэмжлэг үзүүлэх хугацаа дуусаж хэргийг буцаан хүлээн авсан ахлах мөрдөгч А.Т нь хэрэг бүртгэлтийн 190901792 дугаартай хэрэгт 2020 оны 3 дугаар сараас 8 дугаар сар хүртэл мөрдөн шалгах ажиллагаа явуулсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.  

Шүүгдэгч А.Т нь гэмт хэрэгт холбогдох үедээ Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчийн ажлаас 2020 оны 02 сарын 06-ны өдөр чөлөөлөгдөж, мөн оны 02 сарын 07-ны өдрөөс 2021 оны 09 сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөгчөөр томилогдон ажиллаж байсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 02 сарын 06-ны өдрийн Б/114, 2021 оны 09 сарын 14-ны өдрийн Б/962 тоот тушаалуудаар тогтоогдсон байна. 

Авлигын эсрэг хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 “төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтан”, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж зааснаас үзвэл Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөгчөөр ажиллаж байсан шүүгдэгч А.Т нь  “нийтийн албан тушаалтан” буюу энэ хэргийн субьектэд хамаарч байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн тухайд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд шууд эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг ба хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн аль алиных нь ашиг сонирхол явагддаг онцлогтой.

Шүүгдэгч А.Т-гийн дээр дурдсан үйлдэл нь зайлшгүй хахууль өгөгчийн оролцоотой хийгдсэнээр төгссөн байхыг шаардах бөгөөд прокуророос шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч А.Т-гийн өмгөөлөгч О.Анхбаяраас:  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.4 дүгээр зүйлд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орохоос өмнөх гэмт хэргийн үндсэн шинж нь  “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд хахууль өгөхийг шаардсан, авсан бол ” гэж  заасан байдаг. Дээрх хуулийн заалтаас харвал хахууль авч буй этгээд хахуул өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэх нь энэхүү гэмт хэрэгт тооцогдохоор байна. Гэтэл А.Т-д холбогдох хавтаст хэрэгтэй танилцахад хахууль өгөгч Д-гийн ашиг сонирхолын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн эсэхийг нотлон тогтоогоогүй байна. МУДШ-ийн 2022 оны 04 сарын 29-ны өдрийн 86 дугаар тогтоолоор хахууль авах гэмт хэрэг нь дээр дурдсан нийтлэг шинжээс гадна бусдын хууль бус зорилгыг гүйцэлдүүлсэн болон гүйцэлдүүлэхээр амласны төлөө албан тушаалтан нь хувьдаа ашиг хичээж, шунахай сэдэлтээр эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрх, төлбөргүй болон хөнгөлттэй ажил, үйлчилгээ авсан үндсэн шинжийг хангасан байх шаардлагатай болно. Энэ тайлбараас харвал хахууль авагч нь хууль бус зорилгыг гүйцэлдүүлэхээр амлалт өгч хахууль авдаг болох нь тодорхой байна.  Д нь А.Тгээр ямар хууль бус зорилгыг биелүүлж өг хэмээн хүссэн болох, уг хууль бус хүсэлтэд нь А.Т хэзээ, Та, хэрхэн хүлээн зөвшөөрөн тохирч амлалт өгсөн болохыг хөдөлбөргүй нотолсон талаар ямар ч нотлох баримт алга байна. Харин улсын яллагчийн зүгээс данс руу мөнгө шилжсэн үйлдлийг таамаглан шүүгдэгч А.Т-г яллаж байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү...гэх,

Шүүгдэгч А.Т-гийн өмгөөлөгч У.Хүрэлсүхээс: Прокуророос 110.000 төгрөгийг авсан байна гэж үздэг ба үүнийг тогтоохын тулд хоёр үндсэн асуудал яригдах ёстой. Хахууль өгөгч, хахууль авагч хоёрын ашиг сонирхол болон хавтаст хэрэг авагдсан баримтуудаар  Т, Золзаяа хоёрын хэн нь архи зараад байна вэ гэдэг дээр дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай. Шүүгдэгчийн ээждээ туслаад архийг зөөж өгч байгаа асуудал нь үндсэн хуулиар хориглосон үйлдэл биш. Улсын яллагчийн зүгээс мөрдөгч бол архи зарах ёсгүй, ёс зүйн алдаа гэж дүгнэж байгаа нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт нөлөөлөөд байгаа үйдлэл эс үйлдэхүй мөн үү. Зөвхөн дансны хуулга харчихаад хахууль авсан байна гэж яллаад байгаа нь үндэслэлгүй байна...гэх саналыг,

Шүүгдэгчийн Б.Д-гийн өмгөөлөгч Б.Галхүүгээс:  Улсын яллагчийн  зүгээс мөнгө шилжүүлсэн гүйлгээний утгаар яллаж байгаа нь үндэслэлгүй байна.  Шүүгдэгч нарын хувьд мөнгө өгсөн, авсан гэдэг дээр бол маргаагүй ба харин цаад зорилго нь  Иргэний хуульд заасан худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр хийгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Хэрэгт цагаатгах нотлох баримт хангалттай бүрдсэн ба хууль сануулж авсан гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхийг хүсэж байна...гэх саналыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч А.Т нь иргэн Б.Д-гийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэсвгэрт байрлах 220 мянгатын 23 дугаар байрны 25 тоот 2 өрөө байрыг хамтран амьдрагч Х.Хажыгалыд шилжүүлэн өгөөд залилуулсан гэх хэрэг бүртгэлтийн 190901792 дугаартай хэргийг 2020 оны 3 сард Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгаас хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулан 2020 оны 07 сарыг 30-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтай прокурорт шилжүүлсэн буюу шүүгдэгч Б.Д-гийн хохирсон гэх хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байсан үйл баримт тогтоогдсон ба шүүгдэгч Б.Д нь хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлэх хэрэгцээ шаардлага, туйлын ашиг сонирхол байсан гэж үзэхээр байна.  

Шүүгдэгч Б.Д нь А.Т-гийн ээж Золзаяагаас хувьдаа хэрэглэхээр архи виски худалдан авсан төлбөрийг Тгийн дансанд “ок, амжилт” гэх утгатайгаар шилжүүлсэн гэх, шүүгдэгч А.Т нь дээрх мөнгийг дансаараа дамжуулан авч ээждээ бэлнээр өгсөн талаар тус тус шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх боловч мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дгаас А.Т-д хэзээ хэдэн төгрөг шилжүүлж, хэрхэн зарцуулсныг тодруулах зорилгоор түүний эзэмшлийн Т банкны ... дугаарын дансанд үзлэг хийхэд Б.Д-гаас хэргийн хохирогчоор тогтоогдон шалгагдаж байх цаг хугацаанд 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 110.000 төгрөгийг шүүгдэгч А.Т өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон тул өмгөөлөгч нараас шүүгдэгч нарыг гэм буруугүй болохыг нотолж цагаатгах байр сууриа илэрхийлсэн дүгнэлт тайлбарыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд харин иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгч нарыг гэм буруутай гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэртэй нийцэж байгааг дурдах нь зүйтэй.  

Иймд шүүгдэгч  А.Т нь өөрийн хуулиар хүлээсэн ажил үүргийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хэрэг бүртгэлтийн 190901792 дугаартай хэргийн хохирогч Б.Дгийн хэрэгт хурдан шуурхай ажиллагаа явуулах, хурдан шийдвэрлүүлэх, хохирлыг төлүүлэх ашиг сонирхлын үүднээс буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд өөрийн Х банкны ... тоот дансаар 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 50,000 төгрөгийг “ок”, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 60,000 төгрөгийг “амжилт” гэсэн гүйлгээний утгаар нийт 110.000 төгрөг шилжүүлэн авч хахууль авсан,

Шүүгдэгч Б.Д нь бусдад албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд өөрийн ашиг сонирхол буюу хэрэгт хурдан шуурхай ажиллагаа явуулах, хэргийг хурдан шийдвэрлүүлэх, хохирол барагдуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс өөрийн дансаар дамжуулан бусдад хахууль өгсөн болох нь хэрэгт авагдсан ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд тэдгээрийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч нарыг прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас: Шүүгдэгч А.Т-гийн урьд энэ төрлийн гэмт хэрэгт шүүхээр ял шийтгүүлсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

 Шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн томилогдох  эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюуу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Өмгөөлөгч нараас: Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон  хэрэгт оногдуулж болох ялын төрлөөс торгох ялыг оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан байна.

Шүүгдэгч Б.Д-гийн анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, шүүгдэгч А.Т-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болон шүүх “Эрүүгийн нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг тал бүрээс нь харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулахаар тогтоов.

Монгол улсын нэгдэн орсон Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “ ...гэмт хэрэг гарсан тэр үед ногдуулж болох байснаас илүү хүнд ял тохоож болохгүй...” гэж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн “...эрүүгийн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байсан илүү хүнд ял шийтгэл оногдуулж болохгүй...гэж заасан байна.

Олон улсын гэрээний зохицуулалтыг үндэсний хууль тогтоомжид нутагшуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дахь  хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж хууль үйлчлэх цаг хугацааг хуульчилсан билээ.

Шүүгдэгч А.Т-гийн гэмт хэрэг үйлдэх үед үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх цаг хугацаанд буюу 2022 оны 12 сарын 16-ны өдрийн хуулийн өөрчлөн найруулалтаар уг хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр оногдуулах эрүүгийн хариуцлага илтэд          хүндэрсэн байх тул шүүгдэгчид гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг баримтан шүүгдэгч А.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд,  

Шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тус тус шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгч А.Т нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 19-ны өдрийн 1069 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000.000 төгрөгөөр торгох ялаас үндсэн ял болох торгуулийн 6000.000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар тогтоогдсон тул эдлээгүй үлдсэн нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын 3 жил 2 сар 17 хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилээр хасаж, 5400.000 төгрөг торгох ялаар тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгч А.Т нь урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шүүхээр ял шийтгүүлсэн үйлдэл нь энэ хэргээс цаг хугацааны хувьд сүүлд үйлдэгдсэн байх тул шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөлд хамаарахгүй гэж дүгнэсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг...гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулна”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч А.Т-гээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 110.000 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6. 8, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овогт *******-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүрээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Олхонууд овогт Б.Д-г өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилээр хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Д-д нийтийн албанд томилогдох эрхийг /хоёр/ жилээр хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгч А.Т-гийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 19-ны өдрийн 1069 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000.000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын 3 жил 2 сар 17 хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг нийтийн албанд томилогдох эрхийг 8 /найм/ жилээр хасаж, 5400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд,

Шүүгдэгч Б.Д-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 110.000 /нэг зуун арван мянга/ төгрөгийг шүүгдэгч А.Т-гийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

8. Шүүгдэгч А.Т, Б.Д нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

10. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Т, Б.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                Э.ЧАНЦАЛНЯМ

 

       Г. ТҮВШИНТӨГС