Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 221/ШШ2025/0032

 

                                                    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “М” ХХК

Хариуцагч: Монгол Улсын Засгийн газарт холбогдох маргааныг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: “Нэхэмжлэгчээс 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын Засгийн газарт хандан гаргасан 25/15 дугаар “Хүсэлт гаргах тухай” албан тоотын хариуг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчиж, шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 249 дүгээр тогтоолын дагуу сэргээгдсэн хайгуулын талбай (77,808.35 га)-д дүйцүүлэх нөхөн олговрыг хуульд заасан зохих журмын дагуу олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номуунхүслэн нар оролцов.

Хэргийн индекс: 221/2025/0029/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ХХК нь Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Нэхэмжлэгчээс 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын Засгийн газарт хандан гаргасан 25/15 дугаар “Хүсэлт гаргах тухай” албан тоотын хариуг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчиж, шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 249 дүгээр тогтоолын дагуу сэргээгдсэн хайгуулын талбай (77,808.35 га)-д дүйцүүлэх нөхөн олговрыг хуульд заасан зохих журмын дагуу олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч “М” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

2.1. Манай компани нь Ашигт малтмалын тухай хууль, Цөмийн энергийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу Цөмийн энергийн газрын 2010 оны 12 дугаар сарын 30-ны 34 тоот шийдвэрийн дагуу Сүхбаатар аймагт Ц-00*Х, Ц-00*Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг тус тус авсан.

2.2. Тусгай зөвшөөрөл авах үед манай хүсэлт гаргасан талбай нь Ашигт малтмалын хуульд зааснаар улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд аваагүй, нөөцөд ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоогүй, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай давхцалгүй байсан буюу тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон хязгаарласан талбайтай давхцаагүй байсан тул зураг зүйн бүртгэл, холбогдох байгууллагуудын лавлагааг үндэслэн хуульд заасан үндэслэл, журмын дагуу тусгай зөвшөөрөл авсан.

2.3. Энэхүү хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу манай байгууллага хайгуулын үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийж, хуульд заасан хайгуулын ажлын зардлыг жил бүр тогтмол гаргаж, тусгай зөвшөөрлийн хураамжийг улсад төлж, зохих татвар хураамжийг улсын төсөвт төвлөрүүлж байсан. Түүнчлэн байгаль орчныг хамгаалах үүргээ хэрэгжүүлж ирсэн бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагт бодитой хөрөнгө оруулалт хийж, ажлын байр шинээр бий болгон идэвх зүтгэлтэй өөдрөг зорилт тавин ажиллаж байсан болно.

2.4. Гэтэл төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоогүй, хуулийг хэрэгжүүлдэггүй байдлаас болж шүүхийн маргаан үүсэж манай байгууллага нь үйл ажиллагаа болон хөрөнгө оруулалтын асар их хэмжээний хохирол хүлээсэн болно.

2.5. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий маргаан үүсэж захиргааны хэргийн гурван шатны шүүхээр шийдвэрлэгдсэн.

2.6. Шүүхийн маргааны явцад манай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг буюу 105937 гектар талбайгаас өөрсдийн хүсэлтээр 36700,64 гектар газрыг сайн дурын үндсэн дээр буцаан өгөх хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан байсан болно.

2.7. Улмаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 249 дугаар тогтоолын дагуу 105937 гектар талбайгаас Улсын Их Хурлын 2004 оны 22 дугаар тогтоолоор байгалийн цогцолбор газрын ангилалд хамруулсан давхцалтай хэсгийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн бусад давхцалгүй талбайг хүчинтэй болохыг тогтоосон шүүхийн эцсийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан нь өнөөдрийг хүртэл хүчинтэй байна.

2.8. Уг шийдвэрийг хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс сайн дураар хэрэгжүүлж тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгоогүй тул манай байгууллага нь шүүхээс гүйцэтгэх хуудас гаргуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хандсан болно.

2.9. Гэвч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж манай байгууллагын хууль ёсны хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр бүхий хууль ёсны эрх, ашиг сонирхлыг биелүүлж, зөрчигдсөн эрхийг сэргээгээгүй байна.

2.10. Ингэснээр өмнөх хугацаанд хийгдсэн хайгуулын ажлын зардал, олон жилийн оюуны болон материаллаг хөрөнгө оруулалт, хөдөлмөр, цаг хугацаа, хүн хүч зарцуулсан зэрэг нь ямар ч үр дүнгүй болж байна.

2.11. Гэтэл энэ хугацаанд Улсын Их Хурлын 2019 оны 41 тоот тогтоол, орон нутгийн 2021 оны 12 сарын 19-ний өдрийн, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн холбогдох шийдвэрүүд тус тус гарснаар манай шүүхийн шийдвэрээр олж авах тусгай зөвшөөрлийн талбай дахин тусгай хэрэгцээнд авагдсан хууль зүйн үр дагавар үүссэн байна. Шүүхийн хучин төгөлдөр шийдвэрийг сайн дураар хэрэгжүүлээгүй, түүнчлэн албадан гүйцэтгээгүй байхад дахин шинэ нөхцөл байдал үүссэн нь Үндсэн хуулийн цэц, Захиргааны хэргийн шүүхэд шинэ маргаан үүсгэхээс өөр аргагүй байдал хүргэж байна. Гэсэн хэдий ч манай байгууллагын зүгээс арга буюу төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг нэг талаар хүндэтгэх, нөгөө талаар цаашид дахин дуусашгүй маргаан үүсгээд явах нөөц бололцоо, тэвчээр, цаг хугацаа аргагүй шавхагдсан тул арга буюу үүсээд байгаа асуудлыг эвийн журмаар шийдвэрлэх саналыг Засгийн газарт хүргүүлсэн.

2.12. Тухайлбал, 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын Засгийн газарт хандан “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэснийг үндэслэн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 249 дүгээр тогтоолын дагуу олгогдох хайгуулын талбайд дүйцүүлэх нөхөх олговрыг хуульд заасан зохих журмын дагуу олгож өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан боловч хуулийн хугацаанд хариу өгөөгүй болно.

2.13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан “... нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн” тухайд нэхэмжлэгч байгууллагын шүүхийн хүчин төгөлдөр эцсийн шийдвэрийн дагуу ажиллагаа хийгдээгүй төдийгүй эсрэгээрээ сэргээгдсэн талбайг хэсэгчлэн бусдад олгогдсон байсан, хайгуулын ажлын үр дүнг үзэх боломжгүй болсны улмаас хайгуулын ажилд зарцуулагдсан зардал, тусгай зөвшөөрлийн төлбөр зэрэг эдийн засгийн хохирол хүлээсэн мөн цаг хугацаа, хүн хүчний хөдөлмөр үр дүнгүй болсон нь эрх зөрчигдөж байгааг нотолж байна. Хэрэв шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч хэрэгжүүлэх шаардлагатай бол дахин шинээр усны газар, ойн сан, орон нутгийн захиргаа, Ашигт малтмал, газрын тосны газрыг хариуцагчаар татаж уг байгууллагуудын талбайг хүчингүй болгуулах нэхэмжлэл шүүхэд гаргахаас өөр гарцгүй байна. Танай шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн үзлэгээр Ашигт малтмал, газрын тосны газрын https://mrpam.gov.mn цахим хаяг дахь Уул уурхайн кадастрын цахим системээс үзэхэд нэхэмжлэгч “М” ХХК-ийн шүүхийн шийдвэрээр сэргээгдсэн талбайгаас нэг ч га талбай үлдэхгүйгээр бусдын эзэмшилд шилжсэн нь тодорхой болсон бөгөөд энэ үйл баримтын талаар талууд маргаангүй байгаа болно.

2.14. Засгийн газрыг хариуцагчаар татах болсон үндэслэлийн тухайд, Ашигт малтмалын тухай хуулийн Засгийн газрын бүрэн эрх гэсэн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэсний дагуу нөхөн олговор олгох эрх зөвхөн Засгийн газарт хамаарч байгаатай холбогдож байгаа болно. Түүнчлэн, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан нөхөн олговор олгуулах талбай нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрөлд хамаарч байгаа тул зөвхөн Засгийн газрын бүрэн эрхэд хамаарч байгааг энд дурдах нь зүйтэй” гэв.

3. Хариуцагч Монгол Улсын Засгийн газар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа:

3.1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 126 дугаар шийдвэрээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7, Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Цөмийн энергийн газрын цөмийн материалын хэлтсийн газрын даргын 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 34 тоот шийдвэрийн “М” ХХК-д олгосон цацраг идэвхт ашигт малтмал хайх Ц-00*Х, Ц-00*Х тоот тусгай зөвшөөрлүүдэд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 271 дүгээр магадлалаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 126 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 249 дүгээр тогтоолоор Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 126 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 271 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7-д заасныг баримтлан Цөмийн энергийн газрын цөмийн материалын хэлтсийн даргын 2010 оны 12 дугар сарын 30-ны өдрийн 34 дүгээр шийдвэрээр “М” ХХК-д олгосон Ц-00*Х тусгай зөвшөөрлөөр олгосон 105937 гектар талбайгаас Улсын Их Хурлын 2004 оны 22 дугаар тогтоолоор байгалийн цогцолбор газрын ангилалд хамруулсан газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын 2010 оны 34 дүгээр шийдвэрийн Ц-00*Х тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн 3 шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна.

3.2. Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга, Наран сумдын нутагт орших Хүйтэн Уул нэртэй талбайд Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын Ц-00*Х тоот тусгай зөвшөөрлийг “М” ХХК-д 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 34 дүгээр шийдвэрээр олгосон. Өөрөөр хэлбэл дээрх тусгай зөвшөөрлийн талбай нь Улсын Их Хурлын тогтоол, Сүхбаатар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор тус тус байгалийн цогцолборт газарт хамааруулж, хилийн заагийг баталсан газартай ихэнх хэсгээрээ давхцаж байхад Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7-д “...Энэ хуулийн 15.2.1, 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн хувьд ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.6-д заасан ажиллагаанаас гадна Ашигт малтмалын тухай хуулийн 26.2-т заасан ажиллагааг явуулна”, Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д “хүсэлт гаргасан талбай нь тусгай хэрэгцээ болон нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэгэн байдлаар давхцаж байгаа эсэх”-ийг тодруулах гэж заасантай тус тус нийцээгүй, тусгай зөвшөөрлийг анх олгохдоо тус талбайд давхцуулан олгосон гэж үзэж хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн байна.

3.3. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заасан.

3.4. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг Улсын Их Хурлаас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмж баталсан. 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд Ашигт малтмалын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй, 8/9 дүгээр зүйлийн 9.1.9-9.1.13 дахь заалт, 9.1.13-д ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр энэ хуулийн 19.12, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж нэмсэн. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “... Энэ хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж заасан. Одоо 77 мянган га талбай нь усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар, Ухаа нуурын булан тээг, Хулстайн баруун хонгор зэрэглээ, Эмээлт цагаан толгой, Ар шанд гэх зэрэг орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай байгаа.

3.5. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” бол нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана гэж, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            2. Шүүхийн иргэдийн төлөөлөгч Н.Г-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагчийн зүгээс “иргэдийн төлөөлөгчийн хувьд саналгүй, түүнийг оролцуулахгүйгээр шүүх хурлыг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй” гэж тайлбарласан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д “Иргэдийн төлөөлөгч ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулж болно ...” гэж заасныг үндэслэн хэргийн оролцогчдын зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            3. Нэхэмжлэгч “М” ХХК-иас анх Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу “... 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын Засгийн газарт хандан гаргасан хүсэлтийн хариуг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу сэргээгдсэн хайгуулын талбайд дүйцүүлэх нөхөн олговрыг хуульд заасан зохих журмын дагуу олгохыг хариуцагч Засгийн газар даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

            4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 221/ШТ2025/0876 дугаар тогтоолоор уг нэхэмжлэлд бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, улмаар нэхэмжлэгчээс Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “ нэхэмжлэгчээс 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын Засгийн газарт хандан гаргасан 25/15 дугаар “Хүсэлт гаргах тухай” албан тоотын хариуг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчиж, шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 249 дүгээр тогтоолын дагуу сэргээгдсэн хайгуулын талбай (77,808.35 га)-д дүйцүүлэх нөхөн олговрыг хуульд заасан зохих журмын дагуу олгохыг хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, шүүхээс уг шаардлагын хүрээнд дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэсэн болно.

            5. Нэхэмжлэгчээс шаардлагын үндэслэлээ “Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 249 дүгээр тогтоолын дагуу 105.937.6 гектар талбайгаас Улсын Их Хурлын 2004 оны 22 дугаар тогтоолоор байгалийн цогцолбор газрын ангилалд хамруулсан давхцалтай хэсгийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн бусад давхцалгүй талбайг хүчинтэй болохыг тогтоосон шүүхийн эцсийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан нь өнөөдрийг хүртэл хүчинтэй байна. Шүүхийн шийдвэрээр үлдэх талбай буюу 77,808.35 га талбай бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрөл манай компанид үлдсэн. Уг шийдвэрийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс сайн дураар хэрэгжүүлж, тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгоогүй тул манай байгууллага нь шүүхээс гүйцэтгэх хуудас гаргуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хандсан болно. Гэвч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэх манай байгууллагын хууль ёсны хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр бүхий хууль ёсны эрх ашиг сонирхлыг биелүүлж, зөрчигдсөн эрхийг сэргээгээгүй байна” хэмээн тайлбарлан маргасан.

6. Маргааны үйл баримтын тухайд,

            6.1. Анх Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлтсийн даргын 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийг үндэслэн “М” ХХК-д Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга, Наран сумдын нутаг Хүйтэн уул гэх байршилд 105937 гектар талбайг хамрах Ц-00*Х дугаар цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон байна.

            6.2. Улмаар Сүхбаатар аймгийн Засаг даргаас “Улсын тусгай хамгаалалттай газар болон тусгай хэрэгцээний газартай давхцуулан цацраг идэвхт ашигт малтмал хайх Ц-00*Х, Ц-00*Х тоот тусгай зөвшөөрлүүдийг “М” ХХК-д олгосон Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлтсийн даргын 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 126 дугаар шийдвэрээр бүхэлд нь хангаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 271 дүгээр магадлалаар тус шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            6.3. Харин Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 249 дүгээр тогтоолоор дээрх шийдвэр, магадлалд “... Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлтсийн даргын 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 34 дүгээр шийдвэрээр “М” ХХК-д олгосон Ц-00*Х тусгай зөвшөөрлөөр олгосон 105937 гектар талбайгаас Улсын Их Хурлын 2004 оны 22 дугаар тогтоолоор байгалийн цогцолбор газрын ангилалд хамруулсан газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын 2010 оны 34 дүгээр шийдвэрийн Ц-00*Х тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэх өөрчлөлтийг оруулсан байх ба энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

            6.4. Уг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 558 дугаар шийдвэрээр Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлтсийн даргын 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч хуулийн этгээдийн хайгуулын талбайн хэмжээ 77,808.35 га болж өөрчлөгдсөн байна.

            7. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Ашигт малтмал, газрын тосны газраас 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 10/2040 тоот албан бичгээр “М” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн булангийн цэгүүдийг Уул уурхайн кадастрын бүртгэлийн системд хэрхэн давхацсан талаарх лавлагааг хүргүүлсэн байх бөгөөд уг албан бичигт “... Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн зааг 2,399.62 га, Ойн сан бүхий газрын хилийн зааг 1,343.66 га, Улсын тусгай хамгаалалттай газар 28,129.25 га, Орон нутгийн тусгай хэрэгцээний газар 64,941.05 га, СШ-аар тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбай 10,026.16 га” талбайгаар давхцалтай болох үйл баримт тогтоогдож байна.

7.1. Түүнчлэн, Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Усны хамгаалалтын бүс тогтоох тухай” 04 дүгээр тогтоолоор усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн талбайн солбицлыг тогтоожээ.

8. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 9.1.13-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заасныг Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар тогтоолоор тайлбарласан.

 Уг тогтоолын “Тайлбарлах” хэсгийн 1-д “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авах талаар Улсын Их Хурал болон Засгийн газраас хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр нь уг шийдвэрийн улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүссэн үр дагаврыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын дагуу нөхөх олговрын журмаар шийдвэрлэх, ингэхдээ харилцан тохиролцсон бол “өөр талбай”-г дүйцүүлэн олгох үндэслэл болно. Энэ заалтын “тусгай хэрэгцээнд авах” гэдгийг Газрын тухай хуульд заасан газрын нэгдмэл сангийн ангиллын газрыг Улсын Их Хурал болон Засгийн газраас уг хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд улсын тусгай хэрэгцээнд авч, тухайн газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглох үйл ажиллагааг ойлгоно. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг Газрын тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд, хуульд заасан зориулалтаар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тохиолдлыг энэ заалтын “тусгай хэрэгцээнд авах” гэдэгт хамааруулан ойлгохгүй” гэж тайлбарласан байна.

8.1. Дээрхээс үзвэл, үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авах шийдвэрийг Улсын Их Хурал эсхүл Засгийн газар гаргасан тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалт бөгөөд Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал усны хамгаалалтын бүсийг тогтоох зорилгоор тусгай хэрэгцээнд авсан энэ тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасан зохицуулалт хэрэглэгдэх үндэслэл тогтоогдсонгүй.

            8.2. Тодруулбал, нэхэмжлэгч хуулийн этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас 64,941.05 га талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан зохицуулалтыг хэрэглэхгүй буюу Монгол Улсын Засгийн газарт нөхөх олговрыг хуульд заасан зохих журмын дагуу олгохыг даалгаж шийдвэрлэх боломжгүй байна.

            8.3. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” 14.5-д “Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно” гэж заасан.

8.4. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтоохоор байна. Харин нөхөх олговрыг тогтоосон хугацаанд нь төлөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй байх тул нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5-д зааснаар Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүсэлт гаргах замаар эрхээ хамгаалуулахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй юм.

9. Түүнчлэн, сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрөл олгох боломжтой 10,026.19 га талбайн тухайд, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 249 дүгээр тогтоолоор “... Ц-00*Х дугаар тусгай зөвшөөрлөөр олгогдсон 105937 гектар талбайгаас давхцаагүй хэсгээр нь “М” ХХК цацраг идэвхт ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хөндөгдөхгүй тул зөвхөн давхцалтай хэсгийг нь хүчингүй болгох нь зөв байжээ” гэж дүгнэсэн байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан гүйцэтгүүлэх боломжтой болохыг тэмдэглэв. 

10. Иймд дээрх үндэслэлүүдээр “М” ХХК-иас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “ нэхэмжлэгчээс 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын Засгийн газарт хандан гаргасан 25/15 дугаар “Хүсэлт гаргах тухай” албан тоотын хариуг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчиж, шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 249 дүгээр тогтоолын дагуу сэргээгдсэн хайгуулын талбай (77,808.35 га)-д дүйцүүлэх нөхөн олговрыг хуульд заасан зохих журмын дагуу олгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-иас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “нэхэмжлэгчээс 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсны Засгийн газарт хандан гаргасан 25/15 дугаар “Хүсэлт гаргах тухай” албан тоотын хариуг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчиж, шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 249 дүгээр тогтоолын дагуу сэргээгдсэн хайгуулын талбай (77,808.35 га)-д дүйцүүлэх нөхөн олговрыг хуульд заасан зохих журмын дагуу олгохыг хариуцагч Монгол Улсын Засгийн газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                         Ц.ОДМАА

 

ШҮҮГЧ                                        С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                        Н.ХОНИНХҮҮ