Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 106

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Р.Алтанцэцэг даргалж

           Улсын яллагч: Н.Цогтбаяр 

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

            Архангай аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өнөрбаян овогт Энхтайваны Дөлгөөнтамирт холбогдох 201603000373 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Гандангийн 08 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй Өнөрбаян овогт Энхтайваны Дөлгөөнтамир /РД:АЭ88021915/

            Шүүгдэгч Э.Дөлгөөнтамир нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар баг, Мааньтын ам гэх газарт 73-09 УНӨ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл байдал, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 1.5 дахь хэсэгт заасан “ Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 2.1.а дахь хэсэгт заасан “ Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, 2.7.а дахь хэсэгт заасан “ Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, уг автомашинаар зорчиж явсан иргэн Б.Булган-Очирын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОГТООХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Э.Дөлгөөнтамирын: Тухайн осол гарсан өдөр бол 2016 оны 08 сарын 10-ны өдөр байсан. Би Булган-Очир найзтайгаа найзлаад маш их удаж байгаа. Тэр өдөр бид хоёр Тамирын гол руу загас барих гэж яваад загас барилгүй тэндээ байж байгаад гол дээр айраг уусан. Миний машины хааз өмнө нь гацдаг байсан учраас би шалавчин доороо ороод гацаад байдаг юм байна гэж бодоод тэр хэсэгт нь тасдаад авсан байсан, гэтэл миний машины хааз угаасаа гацаад байсан юм байна гэдгийг би сүүлд нь мэдсэн. Мөн миний машины рул нь нэхсэн хар өнгийн хуванцар материалтай зүйлээр хийсэн байсан бөгөөд тэр үед халуун байсан учраас гар хальтраад, мөн машины хааз гацаад машин жолоодлогогүй болоод л осолд орсон. Би гэм буруугаа ойлгож гэмшиж байна гэв.

Эрүүгийн 201603000373 дугаартай хэргээс:

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Булган-Очирын:

 

“...Би Дөлгөөнтамирыг танина. Дөлгөөнтамиртай дээд сургуульд нэг ангид хамт суралцаж төгссөн, оюутан болсон цагаасаа эхлэн одоог хүртэл найзалж нөхөрлөж ирсэн. Тийм учраас би түүнийг маш сайн танина. Дөлгөөнтамир бид хоёрыг сайн найзууд гэдгийг Дөлгөөнтамирын гэр бүлийнхэн бүгд мэднэ. Бид хоёр нэг нэгнийхээ гэрээр хааяа орж гардаг. Би 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн нутаг Хоршоолол руу салдаг замын тойрог дээр зүүнээсээ баруун чиглэлтэй Дөлгөөнтамирын эзэмшлийн эзэмшлийн 73-09 УНӨ улсын дугаартай Приус-20 маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцож яваад, онхолдож зам тээврийн осолд орсон. Уг автомашинд Дөлгөөнтамир бид хоёр хоёулахнаа явж байсан бөгөөд гэнэт л осол болсон. Тухайн үед яг юу болсон талаар би сайн санахгүй байгаа бөгөөд нэг мэдэхэд би эмнэлэгт ирчихсэн байсан. Тэр үед Дөлгөөнтамир автомашин жолоодож явсан. Харин би хажууд нь урд суудал дээр сууж явсан. Машин яг хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар нарийн сайн мэдэхгүй байна, би км/цагийг заадаг заалтыг хараагүй, багцаагаар 60-70 км цагийн хурдтай л явсан байх. Дөлгөөнтамир тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, ганц нэг аяга айраг л уусан байсан. Би ч гэсэн айраг уусан байсан. Гэхдээ бид хоёрын хэн нь ч согтоогүй байсан. Тийм ч их айраг уугаагүй бөгөөд ганц нэг аяга айраг л ууцгаасан байсан. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би шинжээчийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бие одоогоор гайгүй болж байгаа. Би сайн эмчилгээ хийлгэж байгаа учраас эдгэрэлт сайн байгаа. 73-09 УНӨ улсын дугаартай автомашин нь манай найз Дөлгөөнтамирын эзэмшлийн машин байгаа юм. Тэрээр машинаа Улаанбаатар хотоос аваад өөрийнхөө нэр дээр шилжүүлж амжаагүй байгаа, ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/ 

 

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Т.Золбаярын:

 

“... Би эрх, үүргээ уншиж танилцсан, асуух зүйл байхгүй. Би Э.Дөлгөөнтамир гэх залууг надаас машин авах үед танилцаж байсан бөгөөд түүнээс биш сайн танихгүй. Би ажлынхаа заваар машин зардаг юм. Уг машины тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр миний нэр байгаа бол миний хүнд зардаг машин мөн байх. Би Дөлгөөнтамир гэх залууд саарал өнгийн Приус-20 маркийн машин зарсан гэж санагдаж байна, харин машины дугаарыг одоо санахгүй байна. Би машин зарахдаа машин авч байгаа хүндээ 7 хоногийн хугацаатай итгэмжлэл эсвэл худалдан авах гэрээ хийж өгдөг. Тийм учраас миний зарсан машин тэр хүний эзэмшилд шилжсэн гэсэн үг. Одоо миний эзэмшилд 73-09 УНӨ улсын дугаартай Приус-20 маркийн машин байхгүй. Тийм учраас энэ машин нь надаас уг машиныг худалдаж явсан хүний эзэмшлийн машин гэсэн үг. Би машин авсан хүнээсээ мөнгө төгрөгөө бүрэн авсан учир надад нэхэмжлэх зүйл байхгүй. Дээрх дугаартай машин миний нэр дээр байгаа бол надаас итгэмжлэл хийлгэж, худалдаж авчихаад худалдан авсан хүн өнөөдрийг хүртэл өөрийнхөө нэр дээр шилжүүлээгүй байна гэсэн үг. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал

 

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч П.Эрдэнэцэцэгийн:

 

“...Би өөрийн уншиж танилцсан гэрчийн эрх, үүргийг ойлгосон. Надад асуух зүйл байхгүй. Би Дөлгөөнтамир болон Булган-Очир нарыг танина. Би Дөлгөөнтамирын төрсөн ээж нь байгаа юм. Харин Булган-Очир нь Дөлгөөнтамирын маш дотны найз нь байгаа юм. Би Булган-Очирыг оюутан байх цагаас нь эхэлж мэднэ. Булган-Очиртой ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Би мэдүүлэг өгнө. Би Дөлгөөнтамирыг зам тээврийн осолд орсон талаар мэднэ. Би түүнийг зам тээврийн осолд орсон талаар 2016 оны 08 дугаар сарын 10-ны орой мэдсэн. Миний хүү Дөлгөөнтамир өөрийн найз Булган-Очиртойгоо хамт явж байгаад зам тээврийн осолд орсон. Булган-Очирын бие одоогоор сайнгүй байгаа сурагтай байгаа. Харин Дөлгөөнтамирын толгой, элэг зэрэг нь өвдөж байгаа. Дээр автомашиныг 2016 оны 01 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар хотоос авсан. Миний хүү дээрх автомашиныг эзнээс нь итгэмжлэл хийлгэж авсан бөгөөд бүх мөнгө төгрөгийг нь өгч худалдаж авсан. Дөлгөөнтамир энэ машинаа өөрийн нэр дээр шилжүүлээгүй байгаа юм. Уг автомашин нь манай хүү Дөлгөөнтамирын автомашин юм. Дөлгөөнтамир нь манай ганц хүү байгаа юм. Миний хүү Дөлгөөнтамир нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цэцэрлэг хотод 1988 оны 02 дугаар сарын 19-ний өдөр манай 3 дахь хүүхэд болж мэндэлсэн юм. Хүү минь дээрээ 2 эгчтэй. Дөлгөөнтамир нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр арван жилийн сургуульд бүрэн бус дунд боловсрол эзэмшээд, тус сургуулиас шилжин Гурван тамир гэдэг сургуулийг төгсөж, бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Тэгээд нэг жил цэрэгт явсан. Мөн Солонгос улсад нэг жилийн хугацаатай хэлний бэлтгэлд хамрагдаж байгаад Архангай аймагт ирээд, “Гурван тамир” сургуульд сурч, нягтлан бодогч мэргэжил эзэмшсэн. Миний хүү одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр, хүүхэдгүй байна. Манай хүү Дөлгөөнтамир нь гэр орондоо эелдэг дотно харилцаатай, хүмүүстэй нийтэч, хэрүүл маргаан, зодоон хийдэггүй, олон найз нөхөдтэй хүн байгаа юм. Миний хүү гэртээ согтуу хөлчүү ирээд байдаггүй, харин гадуур бол найз нөхөдтэйгээ архи дарс уух тохиолдол байдаг байх. Миний мэдэхээр миний хүү урьд нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дүгээр тал/

 

            * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Мөнхгэрэлийн:

 

            “...Би уншиж танилцсан гэрчийн эрх, үүргийг ойлгосон. Надад асуух зүйл байхгүй. Би Булган-Очирын төрсөн ээж нь байгаа юм. Харин Дөлгөөнтамирыг хүүхдийнхээ найз гэдэг утгаар нь танина. Дөлгөөнтамиртай ямар нэгэн төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. Би мэдүүлэг өгнө. Би өөрийн хүү Булган-Очирыг найз Дөлгөөнтамирынхаа хамтаар явж байгаад зам тээврийн осолд орсон талаар 2016 оны 08 дугаар сарын 10-ны орой мэдсэн. Би хүүгээ хэргийн газарт очиж авсан. Намайг очиход тус хэргийн газар нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн нутаг Хоршоолол руу салдаг замын тойрог дээр замынхаа ертөнцийн зүгээр урд талд нь байсан ба манай хүү Булган-Очир газарт уначихсан автомашинаас нилээн зайтай байсан. Харин Дөлгөөнтамир хажууд нь сууж байсан. Уг осолд орсон автомашин нь мөнгөлөг өнгөтэй, Приус-20 маркийн автомашин байсан бөгөөд уг машин нь дөрвөн дугуйн дээрээ байсан. Би өөр нарийн зүйлийг сандраад анзаараагүй. Тэгээд би хүүгээ Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт авч ирээд, мэс заслын тасагт нэг хонуулаад 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хот руу авч яваад “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-ийн эрчимт эмчилгээний тасагт 14 хоног хэвтүүлсэн. Одоогийн байдлаар Булган-Очирын бие нь гайгүй, дээрдэж байгаа. Булган-Очир болон Дөлгөөнтамир нар нь миний мэдэхээр найзалж нөхөрлөөд 1 жил гаруй болж байна. Дөлгөөнтамир манай гэрээр хааяа орж ирээд Дөлгөөнтамиртай хамт гарч, ороод явсан байсан бөгөөд гэмгүй сайхан найзууд шиг л санагддаг байсан. Манай хүү Булган-Очир нь дуу цөөнтэй, даруухан, хүмүүстэй хэрүүл маргаан үүсгэж, зодоон хийдэггүй, миний мэдэхээр архи, тамхи хэрэглэдэггүй. Миний хүү гадуур явахдаа архи дарс хэрэглэдэг эсэхийг сайн мэдэхгүй байна. Миний хүү гарч тэнээд байдаггүй. Би Дөлгөөнтамирын зан аашийг ямар гэдгийг сайн мэдэхгүй. Миний хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/

 

            * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Чанагнянгарын:

            “...Би уншиж танилцсан гэрчийн эрх, үүргийг ойлгосон. Надад асуух зүйл байхгүй. Би Булган-Очир болон Дөлгөөнтамир гэх хүмүүсийг огт танихгүй. Би энэ ослын талаар мэднэ. Тухайн үед би осол болсон газрын ертөнцийн зүгээр урд талд нь мотоцикльтой адуунд явж байсан бөгөөд гэнэт пад пид гэсэн чимээ гарахаар нь би зогсоод эргээд хартал мөнгөлөг саарал өнгийн жижиг тэрэг уначихсан байсан. Тухайн автомашинд 2 эрэгтэй хүн байсан, өөр хүн харагдаагүй. Тэр машинд байсан нэг залуу нь гайгүй байх шиг байсан, харин нэг залуу нь эвхрээд хэвтчихсэн байсан. Тухайн газар нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн нутаг Мааньтын ам, Хоршоолол руу салдаг гэж нутгийн хүмүүс ярьдаг. Би тухайн газар нутаглаад 13 жил болж байгаа бөгөөд анх 2003 онд нүүж ирээд түүнээс хойш мал маллаж амьдарч байгаа учраас тухайн газар орны нэрийг нь сайн мэднэ. Намайг ослын газарт ирэхэд нэг хүн нь хөдлөөд гайгүй байх шиг байсан. Харин нэг залуу нь умраад хэвтчихсэн байсан. Уг машин нь маш их эвдэрсэн байсан бөгөөд дөрвөн дугуйн дээрээ ертөнцийн зүгээр зүүн тийшээ харчихсан, хар замынхаа ертөнцийн зүгээр урд талд байсан. Тухайн машины шил толь нь хагарсан, дээвэр нь чихэгдээд хачин болчихсон байсан. Тухайн замаар өнгөрч байгаа хүмүүс цагдаа болон эмнэлэг дуудчихлаа гэж байсан. Би уг замаар өнгөрч байсан хүмүүсийг танихгүй. Би тулж очоогүй болохоор тэр залууг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/

 

            * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн сэжигтэн, яллагдагч Э.Дөлгөөнтамирын:

 

            “...Би мэдүүлэг өгнө. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 19 цагийн орчимд өөрийн найз Булган-Очирын хамтаар өөрийн эзэмшлийн 73-09 УНӨ улсын дугаартай Приус-20 маркийн автомашинтай Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн нутаг Хоршоолол руу салдаг тойрог дээр зүүнээсээ баруун тийш чиглэлтэй замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осолд орсон. Үүний улмаас миний автомашинд зорчиж явсан Булган-Очир биедээ хүнд гэмтэл авсан. Тухайн тойрог дээр миний хааз гацсан, мөн жолооны хүрд сувдан бүрээстэй байсан ба уг бүрээсэн дээр гар хальтраад зам руу шидэгдсэн. Ийм л зүйл болсон. Би нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. Тухайн осол болох үед би автомашинаа жолоодож явсан. Урьд нь миний машины хааз гацдаг байсан бөгөөд миний машины шалавч резинд тээглээд гацаад байна гэж бодоод хаазны гишгүүр орчмын хэсгийг ухаад авсан байсан. Үүнээс хойш миний машины хааз гацахгүй байж байгаад сая осол болоход гацсан. Би тухайн осол болохоос өмнө шалавчиндаа гацаад байна гэж ойлгож байсан. Би ойролцоогоор 70 км цагийн хурдтай явсан. Би архи дарс уугаагүй. Харин нутгийн айлд орж нэг хул айраг уусан. Харин жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон нь миний буруу. Би уг автомашиныг Улаанбаатар хотоос хувь хүнээс 2016 оны 01 дүгээр сард худалдан авсан. Би итгэмжлэл хийлгэн нотариатаар батлуулсан байгаа. Ийм учраас автомашины хувьд бол ямар нэгэн өмчийн маргаан байхгүй.

 

Би өөрийн уншиж танилцсан яллагдагчийн эрх, үүргийг ойлгосон. Асуух зүйл байхгүй. Надад ял сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Надад асууж тодруулах зүйл байхгүй. Би өмгөөлөгч сонгон аваагүй бөгөөд өмгөөлөгчгүй байцаалт өгнө. Би мэдүүлэг өгнө. Татгалзах зүйл байхгүй. Би 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн нутаг Хоршоолол руу салдаг замын тойрог дээр өөрийн эзэмшлийн 73-99 УНӨ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашинтай зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байгаад зам тээврийн осол гаргасан. Үүний улмаас Булган-Очир биедээ хүнд зэргийн гэмтэл авсан. Тухайн үед би ойролцоогоор 60-70 км цагийн хурдтай л явж байсан. Би тухайн үед айраг л уусан байсан бөгөөд ямар нэгэн архи дарс уугаагүй. Тухайн үед би эрхээ хасуулсан байсан учраас жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Тухайн осол болох үед хажууд Булган-Очир л байсан. Харин өөр хүн байгаагүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би буруугаа ухаарч, хэргээ хүлээж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62, 64-65 дугаар тал/

 

Авто тээврийн үндэсний төвийн Архангай аймаг дахь салбарын оношлогч-инженер М.Энхбатын дүгнэлт:

Дүгнэлтэд: “...73-09 УНӨ улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн автомашин нь зам тээврийн хөдөлгөөнд оролцох боломгүй ба суурин тоног төхөөрөмжөөр шалгах боломжгүй тул уг тээврийн хэрэгсэлд техникийн дүгнэлт гаргах боломгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр тал/

 

            * Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 41 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

            Дүгнэлтэд: “...Э.Дөлгөөнтамирын цусанд 1.2 промиль спиртийн алкоголь илрэв. 2. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар тал/

           

            Архангай аймгийн засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 69 дугаар шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтэд: “...Шинжээч эмч а/д Б.Отгонжаргалын №41 тоот дүгнэлтээр 73-09 УНӨ улсын дугаартай Приус маркийн автомашиныг жолоодож явсан Э.Дөлгөөнтамирын гэх цусанд 1.2 промиль спиртийн алкоголь илрэв. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Жолооч Дөлгөөнтамир нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.А-д заасан ”Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.А-д “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй тээврийн хэрэгсэл жолоодно гэсэн заалтыг тус тус зөрчсөн. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл байдал, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байна. 2. Жолооч Э.Дөлгөөнтамир нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.А-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалт, Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.А-д “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй тээврийн хэрэгсэл жолоодно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл байдал, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Уг зам тээврийн осол гарсан гэх газар нь асфалтан, тахир, үзэгдэх орчин чөлөөтэй, хуурай зам байна. Цаг агаарын нөхцөл байдал цэлмэг нартай өдөр байна. 3. Уг зам тээврийн осол гарахад техникийн нөхцөл байдал нөлөөлөөгүй байна. 4. Фото зураг болон схем зурган дээр тормосны гэх ямар нэгэн ул мөр байхгүй тул тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 35 дугаар тал/

 

            Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 382 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

            Дүгнэлтэд: “...1. Э.Дөлгөөнтамирын биед зүүн шагайн үенд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх тухайн цагт үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 37 дугаар тал/

 

            * Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 40 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

            Дүгнэлтэд: “...1. Б.Булган-Очирын гэх цусанд 0.7 промиль спиртийн алкоголь илрэв. 2. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 40 дүгээр тал/

           

            * Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №11698 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

            Дүгнэлтэд: “...1. Б.Булган-Очирын биед тархины хүнд зэргийн няцрал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, гавлын суурь ясны хугарал, тархины эдийн доторх суурийн бөөмүүдийн түвшин дэх цус хуралт, няцрал, зүүн дунд чөмөгний ясны ил зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 42 дугаар тал/

 

            * Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 93 дугаартай дүгнэлт:

 

            Дүгнэлтэд: “...1.Замын цагдаагийн зохицуулагч цагдаагийн ахмад У.Лхагвадоржийн гаргасан 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 69 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2. 73-09 УНӨ улсын дугаартай Приус маркийн автомашины жолооч Э.Дөлгөөнтамир нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а-д заасан “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолооч дор дурдсан зүйлийг хориглоно. а.Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 3. Замын хөдөлгөөний дээрх заалтуудыг зөрчсөн нь уг осол гарахад нөлөөлсөн байна. 4. Зам тээврийн осол болсон газар нь суурин газрын гаднах, үзэгдэх орчин чөлөөтэй, хальтиргаа гулгаагүй, хуурай, асфалтан хучилттай, шулуун, уруу зам байлаа. Зам тээврийн осолд замын болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөхгүй. 5. Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 41 тоот шинжээчийн дүгнэлтэд Э.Дөлгөөнтамирын биенээс авсан гэх цусанд 1.2 промиль этилийн спирт илрэв. Энэ нь хөнгөн зэргийн согтолттой байсан байна гэснээс үзэхэд согтууруулах ундаа хэрэглэсэн байна. Приус маркийн 73-09 УНӨ улсын дугаартай автомашины жолооч Э.Дөлгөөнтамир нь тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөл байдал, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тохируулж яваагүйгээс уг осол гарсан байна...” гэх дүгнэлт /хх-ийн 55 дугаар тал/

 

            * Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 95-96 дугаар тал/

            * Ослын газрын схем зураг /хх-ийн 07, 14 дугаар тал/

            * Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-09, 11-12 дугаар тал/

            * Хэрэг, учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10 дугаар тал/

            * Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 13 дугаар тал/  

            * Б.Булгантамирын эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 43-50 дугаар тал/

            * Э.Дөлгөөнтамирын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66-67 дугаар тал/

            * Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн засаг даргын 2016 оны 10 дүгээр сарын 06-ны өдрийн 1222 дугаартай тодорхойлолт /хх-ийн 70 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч Э.Дөлгөөнтамир нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар баг, Мааньтын ам гэх газарт 73-09 УНӨ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл байдал, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 1.5 дахь хэсэгт заасан “ Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 2.1.а дахь хэсэгт заасан “ Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, 2.7.а дахь хэсэгт заасан “ Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, уг автомашинаар зорчиж явсан иргэн Б.Булган-Очирын бие махбодид хүнд гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: Хохирогч Б.Булган-Очирын мэдүүлэг, гэрч Т.Золбаярын мэдүүлэг, гэрч П.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг, гэрч Б.Мөнхгэрэлийн мэдүүлэг, гэрч Б.Чанагнянгарын мэдүүлэг, Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 41 дугаартай шинжээчийн дүгнэлт, Архангай аймгийн засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 69 дугаар шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №11698 дугаартай шинжээчийн дүгнэлт, Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 93 дугаартай дүгнэлт, ослын газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг, учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Дөлгөөнтамирын Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн үйлдэл, Б.Булган-Очирын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учирсан, үйлдэл хор уршиг хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон тул шүүгдэгч Э.Дөлгөөнтамирыг Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Дөлгөөнтамир нь бусдад төлөх хохирол төлбөргүй, ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 66-67 дугаар тал/ тус тус тогтоогдож байх ба түүнийг анх удаа болгоомжгүйгээр хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.Дөлгөөнтамир нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Э.Дөлгөөнтамирын бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Өнөрбаян овогт Энхтайваны Дөлгөөнтамирыг Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн  215.2-т зааснаар шүүгдэгч Э.Дөлгөөнтамирыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Э.Дөлгөөнтамирт оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Дөлгөөнтамир нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Э.Дөлгөөнтамирын бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Э.Дөлгөөнтамирт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Э.Дөлгөөнтамирын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

7. Шүүгдэгч Э.Дөлгөөнтамирт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтийг хангуулахаар шийтгэх тогтоолын хувийг Архангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг танилцуулснаар хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Э.Дөлгөөнтамирт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ