Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2022/0315

 

 

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Д*******

Хариуцагч: Төрийн албаны зөвлөл, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар,

Маргааны төрөл:  Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 32 дугаар тогтоол, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/28 дугаар тушаал хуульд нийцсэн эсэх талаарх төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М****** хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М*******, Р.Ж*******, Б.О******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч А.Д*******-аас Төрийн албаны зөвлөл, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт тус тус холбогдуулан “Төрийн албан зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 04/274 дүгээр албан бичгээр ирүүлсэн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 32 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/28 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, нөхөн бичүүлэх” тухай гаргасан.

2.Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/44 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс Худалдан авах ажиллагааны хэлтсийн Дэд бүтцийн худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.

3/ Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай” 32 дугаар тогтоолоор А.Д*******ыг түр орлон гүйцэтгэгчээр хууль зөрчиж томилсон 2021 оны Б/44 дүгээр тушаалыг Төрийн албаны тухай хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгож ирүүлэхийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид даалгажээ.

Улмаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/28 дугаар тушаалаар Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 32 дугаар тогтоолыг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

4.Нэхэмжлэгч А.Д******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

1/Миний бие А.Д *****” 2015 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг бизнесийн сургуулийг Бизнесийн менежмент мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн. 2018 онд Бүгд найрамдах Тайван улсын Үндэсний технологийн их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгсөж, 2019 оны 01 дүгээр сард Монгол улсад ирж төрийн албан хаагч болох хүсэл эрмэлзлийн үндсэн дээр 2019 оны 04 дүгээр 15-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын захиргаа, санхүүгийн хэлтэст нярвын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл зөрчил дутагдалгүй ажиллан жирэмсний амралт авч ажлаас чөлөөлөгдсөн. Буцаад ажилдаа орох болоход тус хугацаанд нярвын албан тушаалд жирэмсний амралттай  байсан албан хаагч ажилдаа буцан орсон тул өөр ажил буюу 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт Аж ахуйн нярваар ажиллаж байгаад 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн ерөнхий шалгалт өгч тэнцэн төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн.

2/2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтэст албан тушаалын тодорхойлолтод заасан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж дэд бүтцийн худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажилласан. 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Төрийн албаны зөвлөлөөс хууль бус томилгоотой гэдгээр ажлаас чөлөөлөх тогтоол ирүүлсэн тул Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/28 дугаар тушаалаар албан тушаалаас чөлөөлөгдсөн.

3/Тухай үед Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь Төрийн албаны зөвлөлд 2020 онд тусгай шалгалт зарлах хүсэлт хүргүүлсний дагуу шалгалт зарлаж, сул орон тоо нөхөгдөөгүй байсан ба 2021 онд удаа дараа тусгай шалгалт зарлуулах хүсэлт хүргүүлсэн боловч коронавируст халдвар (Ковид-19)-ын өндөржүүлсэн бэлэн байдал, онц байдал үүссэнээс шалтгаалж тус шалгалт хойшилсоор шалгалт өгөх боломж гараагүй. Тусгай шалгалт зарлах асуудлыг Төрийн албаны зөвлөл шийдвэрлэдэг бөгөөд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар зарладаггүй зөвхөн захиалга хүргүүлдэг.

4/Мөн Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01 дүгээр зөвлөмжийн 2.2-т заасны дагуу "хорио цээрийн дэглэмийн хүрээнд төрийн албан ерөнхий болон тусгай шалгалтын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан тул албан ажлын зайлшгүй шаардлага хүний нөөцийн хүрэлцээ, нөхцөл байдлын үнэлэлт дүгнэлтэд үндэслэн тухай төрийн байгууллагын сул орон тоонд төрийн албаны нөөцөд бүртгэлтэй иргэн мэргэшил, ур чадвар, туршлагаараа тохирох нарийн мэргэжлийн хүнийг хөдөлмөрийн хугацаатай гэрээгээр томилон ажиллуулах асуудлыг тухайн үргэлжлэх хугацаанд шуурхай шийдвэрлэх” нөхцөл байдал үүссэн байсан.

5/Миний бие Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/44 дүгээр тушаалаар албан тушаалд томилогдохдоо Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс;" сул орон тоог нөхөн журмын дагуу томилогдсон байтал Төрийн албаны зөвлөл тогтоол гарган чөлөөлсөнд гомдолтой байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалтад заасны дагуу жинхлэн томилох боломжтой байсан. Учир нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөөс нөхөх боломжгүй бол нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар заасан байна.

6/Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.8 дахь заалтад заасан “албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсан” төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орон гүйцэтгэх үндэслэлээр томилогдсон.

7/Улс орны нөхцөл байдалтай холбогдуулан Коронавируст халдвар /ковид-19/ ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ." гэж заасан байна. Энэ хуулийн хугацааг сунгасан.

Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй албан тушаалд томилсон тушаалыг хүчингүй болгох тогтоол ирүүлсэн нь үндэслэлгүй байна.

8/Төрийн албаны зөвлөлөөс 2019 онд гаргасан "Төрийн албаны хууль тогтоомжийн лавлагаа”-нд “Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам"-ын 2.3.3"-т заасан нээлттэй сонгон шалгаруулалт зарлах гэдэг нь Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх, туслах албан тушаалын сул орон тоог шатлан дэвшүүлэх журмын дагуу тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас, хэрэв нөхөгдөхгүй бол төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэдээс нөхнө, тэгээд нөхөгдөхгүй бол тухайн албан тушаалын сул орон тоог нөхөх нээлттэй сонгон шалгаруулалт зарлана гэж заасан. Эхний гурван тохиолдолд зааснаар уг орон тоог нөхөх боломжгүй бол тухайн албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж тусгай шалгалтыг зохион байгуулна." гэж хууль тогтоомжийг хэрэгжүүлэх заавар, зөвлөмж өгсөөр байтал хуулийг буруу хэрэглэж намайг албан тушаалаас чөлөөлөх тогтоолыг Төрийн албаны зөвлөл өөрөө үндэслэлгүй тогтоол гаргасан байна. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийг шат дараатай хэрэгжүүлнэ гэж зааж өгсөөр байтал шууд сонгон шалгаруулах сүүлийн шатыг авч хэрэглэж байгаа нь хуулийг буруу хэрэглэж миний эрх ашиг, тэр ч байтугай төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй, томилогдсон байгаа олон албан хаагчийн эрх ашгийг зөрчиж, хохироож байна. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч А.Д*******-ыг төрийн албан хаагчийн ажилд томилсон тушаал буюу 2021 оны 06 дугаар сарын 22-ны Б/44 тушаалд тухайн албан хаагчийг Төрийн албаны тухай хуульд заасан сонгон шалгаруулалтаар шалгаруулж томилох хүртэл хугацаанд тухайн албан үүргийг гүйцэтгүүлэхээр томилсон байдаг. Гэтэл тухайн албан тушаалд өнөөдрийг хүртэл ямар нэгэн Төрийн албаны тусгай шалгалт зарлаагүй байгаа нь А.Д*******-ыг тухайн албан үүргээ хэвийн үргэлжлүүлэх боломжтой нөхцөл байдлыг харуулж байна гэж үзэж байна.  Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 32 дугаар тогтоол мөн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/28 дугаар тушаалуудыг дараах үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Төрийн албаны орон тоог нөхөх, түүнтэй холбоотой сонгон шалгаруулалт явуулах журам нь төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах тушаалын орон тоог Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 27.1.3-т заасны дагуу нөхөх ёстой. А.Д******* нь Төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн байсан, үүнтэй холбоотойгоор тухайн албан тушаалыг гүйцэтгэж байхдаа тодорхой үйл баримт болох хүртэл ажиллаж болно гэдэг нөхцөлийн дагуу одоо маргаж шууд хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөл байдал байхгүй байсан гэж үзэж байна” гэв. 

5.Хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******* шүүх болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Нэхэмжлэгч А.Д******* нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Захиргаа, санхүүгийн хэлтэст нярав буюу төрийн үйлчилгээний албан тушаалд хүүхэд асрах чөлөөтэй байсан хүний оронд томилогдсон. Тус албан тушаалд ажиллаж байсан хүний хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаж, буцаж ажилдаа орох тухай хүсэлт гаргасны дагуу А.Д*******-ыг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн. Үүний дараа А.Д******* нь өөр газар ажиллаж байгаад, Төрийн албаны ерөнхий шалгалт өгч нөөцөд бүртгэгдэн, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт ажиллах хүсэлтээ өгсний дагуу судалж үзэхэд Худалдан авах ажиллагааны хэлтсийн худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалын шаардлагыг хангаж байсан учраас 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тус албан тушаалд томилсон.

2/Төрийн албаны тухай хуульд сонгон шалгаруулж томилох гэдэг эхний ээлжид нөөцөд бүртгэлтэй байгаа хүмүүсээс томилно, хэрвээ нөөцөд бүртгэлтэй хүмүүсээс томилох боломжгүй байвал өөр Төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас сонгоно, бүр боломжгүй бол сонгон шалгаруулж томилно гэсэн дараалалтай байдаг. Энэ дарааллын дагуу А.Д*******-ыг нөөцөд байгаа иргэдээс шаардлага хангасан гэж үзэн томилсон байдаг.

3/Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 04/2145 тоот албан бичгээр нэр бүхий иргэдээс гомдол ирүүлсний дагуу хяналт шалгалт хийхээр холбогдох бичиг баримт, нотлох баримтуудыг ирүүлэхийг хүссэний дагуу 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2/2111 тоот албан бичгээр 115 хуудаст баримтыг тайлбарын хамт хүргүүлсэн. Үүний дараа Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 4/274 тоот албан бичгээр 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай”  32 тогтоолыг ирүүлсний дагуу Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасны дагуу сонсох ажиллагаа хийн баримтжуулаад, өөрөөс нь тайлбар, саналыг сонсоод, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/28 дугаар тушаалаар албан тушаалаас нь чөлөөлсөн. А.Д*******-ыг ажлаас нь чөлөөлсөн гол үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ” гэж заасны дагуу дээд байгууллагын шийдвэрийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас биелүүлж ажилласан” гэжээ.

6.Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн албаны зөвлөлд нэр бүхий иргэдээс 2021 оны 12 дугаар сард Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хууль бусаар ажилд томилогдсон байна гэсэн гомдол, мэдээлэл ирсэн. Үүнтэй холбоотойгоор Төрийн албаны зөвлөлөөс чиг үүргийнхээ хүрээнд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас гомдолд дурдагдсан хүмүүсийн томилогдсон тушаал, хүний нөөцийн шийдвэртэй холбоотой баримтуудыг татан авч судалж үзээд, Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлээд тогтоол гаргасан.  Тухайн гомдолтой холбоотой нэр бүхий 4 иргэн байснаас Төрийн албаны зөвлөлөөс 3 иргэнийг нь Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Зөвхөн нэхэмжлэгч А.Д*******ы хувьд Төрийн албан хаагчийн тусгай шалгалт өгөөгүй гэдэг үндэслэлээр дүгнэлт гаргаж, тус албан тушаалаас нь чөлөөлүүлсэн. Төрийн албаны тухай хууль 2017 онд батлагдаж, 2019 оноос тус хуулийг мөрдөж эхэлсэн. Тус хууль нь хуучин Төрийн албаны тухай хуулиас Төрийн албан хаагчийн тусгай шалгалтаараа ялгаатай юм. Төрийн албан хаагчийн тусгай шалгалт нь тухайн албан тушаалд өрсөлдөөд, хамгийн өндөр оноо авсан хүн тус албан тушаалд томилогддог энэ хууль мөрдөгдөж эхлээд 3 жилийн нүүр үзэж байна.  А.Д*******-ийн хувьд Төрийн албан хаагчийн ерөнхий шалгалт өгөөд зөвхөн төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй байсан, тусгай шалгалт өгөөгүй байхад нь хууль зөрчин томилсон байсан. Энэ зөрчлийг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд танилцуулж, А.Д*******-ыг албан тушаалаас нь чөлөөлөх ёстой гэж үзэн тогтоол гаргасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас тусгай шалгалт зарлуулах хүсэлт өгөөд, Төрийн албаны зөвлөлөөс тусгай шалгалт зарлаагүй байж албан тушаалаас нь чөлөөлсөн гэж тайлбарлаж байна. Тусгай шалгалт зарлахад нийтэд илэрхий үйл баримт буюу дэлхий нийтээр корона вируст халдварт өвчин тархсантай холбоотойгоор Улсын онцгой комиссоос тусгай шалгалт зарлахыг зөвшөөрөхгүй, хойшлуулж байсан. Гэхдээ тусгай шалгалт зарласан байсан ч нэхэмжлэгч А.Д******* тусгай шалгалт орон өрсөлдөж, нэгдүгээрт орно гэсэн баталгаа байхгүй. Тухайн албан тушаалд олон хүн өрсөлдөх боломжтой, өөрөөр хэлбэл төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн хүмүүс оролцох боломжтой. Төрийн албаны зөвлөлөөс хууль тогтоомжийн дагуу шийдвэр гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн албаны тухай хуулийн 30  дугаар зүйлийн 30.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ” гэж заасан. Нэр бүхий иргэдээс гомдол ирсний дагуу холбогдох баримтуудыг татан авч шалгалт хийсэн. Нэхэмжлэгч А.Д*******ы хувьд Төрийн албаны тухай хуулийг зөрчиж томилсон байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасны дагуу томилсон гэж тайлбарлаж байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл нь төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох гэсэн зохицуулалт байдаг. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтын талаар хуульчилсан байдаг. Төрийн албаны тусгай шалгалтыг авч байгаа тохиолдолд тухайн Төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчид давуу эрх олгоно, хэрвээ тэр нь байхгүй бол өөр төрийн байгууллагад байгаа албан хаагчдаас сонгон шалгаруулна, хэрэв тэр нь байхгүй бол нөөцөд байгаа иргэдээс сонгон шалгаруулалтад оролцох эрх нь нээгдэнэ гэсэн зохицуулалтыг хэрэглэж буюу хуулийг буруу хэрэглэж томилсон байна.

А.Д******* төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн, тухайн нөөцөд бүртгэгдсэнийг төрийн жинхэнэ албан хаагч болсон гэж үзэх үндэслэлгүй. Төрийн албаны тухай хууль нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинэчилсэн найруулга нь мөрдөгдөж эхэлсэн. Үүгээр төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцсэн бол  тусгай шалгалт өгч хамгийн өндөр оноо авсан тохиолдолд тухайн албан тушаалд томилогдох эрх нь нээгдэнэ. Тийм учраас А.Д*******-ыг томилсон Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын Б/44 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн байна. Тэгэхээр тус тушаалыг хууль бус гэдгийг Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон. Нөгөө талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Ковид-19” өвчний нөхцөл байдлаас шалтгаалан сонгон шалгаруулалт явагдахгүй байсан, гэтэл Төрийн албаны зөвлөлөөс нэхэмжлэгчийг тусгай шалгалт өгөөгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийг албан тушаалд томилсон тушаалыг хүчингүй болгосон тогтоол гаргасан байна гэж тайлбарлаж байна. Нэгдүгээрт: Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу албан тушаалын сонгон шалгаруулалтыг түр хугацаагаар зогсоосон байсан боловч А.Д*******-ыг томилсон тушаал нь тус хуулийг үндэслээгүй байсан. Хоёрдугаарт: Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 01 тоот зөвлөмжийг дурдаж байна. Тус зөвлөмж нь “Ковид-19” өвчний нөхцөл байдалтай холбоотой төрийн албан хаагчийн хөдөлмөрийг харилцааг зохицуулахад зориулсан арга зүйн зөвлөгөө өгсөн баримт бичиг юм. Тус зөвлөмжид хорио цээрийн дэглэмийн үед тэргүүн шугамд ажиллаж байгаа байгууллагын нөөцөд байгаа иргэдээс зайлшгүй тохиолдолд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж болно гэсэн зөвлөгөө өгсөн баримт бичиг юм. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь тухайн нөхцөл байдалд тэргүүн эгнээнд зайлшгүй ажиллах шаардлагатай байгууллага биш юм. Одоо байдлаар хөл хориог сулруулж энгийн дэглэмд шилжсэн, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болох байсан ч гэсэн Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны тусгай шалгалтыг хэвийн горимоор зарлаж явуулж байгаа. Мөн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд маргаантай байгаа учраас тус албан тушаалын сонгон шалгаруулалтыг зарлаагүй үлдээсэн гэж тайлбарлаж байна.  Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15-д “төрийн албан хаагчийг албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсантай холбоотой маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тухайн ажлын байранд томилгоо хийх” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч А.Д*******-ийн хувьд төрийн жинхэнэ албан хаагч биш, төрийн жинхэнэ албан хаагч байгаад албан тушаалаас чөлөөлөгдсөн харилцаа биш юм. Ингээд Төрийн албаны зөвлөлөөс тусгай шалгалт өгөөгүй гэдэг үндэслэлээр А.Д*******-ыг томилсон тушаал хууль бус байна гэж үзэн зөрчил арилгах хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, мөн тус хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.2-т заасны дагуу, мөн Төрийн албаны зөвлөлөөс өгсөн тогтоолыг заавал хэрэгжүүлж, биелүүлэх ёстой гэдэг утгаар хэрэгжүүлэн А.Д*******-ыг чөлөөлсөн нь хуульд нийцсэн байна. Төрийн албаны зөвлөлийн 32 дугаар тогтоол нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

1.Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай” 32 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

1.1.Иргэн Г.М******-аас Төрийн албаны зөвлөлд хандаж Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтайванд холбогдуулан өргөдөл, гомдол гаргасан байх ба уг гомдлын дагуу Төрийн албаны зөвлөлийн даргын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 228 дугаар тушаалаар хяналт шалгалт хийжээ.

1.2.Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хяналт шалгалтын тайланд нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.2, 27.1.3, 27.1.4, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д заасныг тус тус зөрчсөн гэжээ.

Улмаар Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай” 32 дугаар тогтоолоор А.Д*******ыг түр орлон гүйцэтгэгчээр хууль зөрчиж томилсон 2021 оны Б/44 дүгээр тушаалыг Төрийн албаны тухай хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгож ирүүлэхийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид даалгажээ.

Төрийн албаны тухай хуулийн 25 дүгээр зүйлийн 25.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө:”, 27.1.2-д “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс;”, 27.1.3-т “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас”, 27.1.4-д “ төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс;” мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэнээс, тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг мөн хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан төрийн албан хаагчаас болон мөн хуулийн 27.1.3-т заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна”  гэж тус тус заажээ.

1.3.Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчийг тус албанд томилогдохдоо Төрийн албаны тухай хууль, төрийн албан хаагчид тавигдах нийтлэг шаардлага, журмыг зөрчсөн, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагад нийцээгүй гэж дүгнэсэн Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 32 дугаар дугаар тогтоол хуульд нийцжээ.

Учир нь төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтад тэнцээгүй иргэнийг төрийн жинхэнэ албанд томилохыг хориглосон бөгөөд нэхэмжлэгч нь тухайн албан тушаалд тавигдах тусгай шалгалтыг өгөөгүй болох нь Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 4/359 тоот албан бичгээр ирүүлсэн нэхэмжлэгчийн хувийн хэрэг, хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн тайлбар зэргээр нотлогдож байх тул дээрх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь хуульд нийцжээ.

Өөрөөр хэлбэл төрийн албаны сул орон тоог нөхөхдөө иргэдээс эхлээд ерөнхий шалгалт өгч тэнцсэн тохиолдолд тухайн албан тушаалд тавигдах тусгай шалгалтыг өгөх бөгөөд тусгай шалгалтад хамгийн өндөр оноо авсан иргэн уг албан тушаалд томилогдох учиртай.

1.4.Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, болон хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд тухайн ажилд томилогдсон гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь Төрийн албаны тухай хуульд заасан тусгай шалгалтаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

1.5.Мөн нэхэмжлэгчийг тус газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн Дэд бүтцийн худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтнийг Төрийн албаны тухай хуулийн дагуу сонгон шалгаруулж, томилох хүртэлх хугацаанд ажиллахыг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/44 дүгээр тушаалын нэг дэх заалтаар сануулж, тухайн албан тушаалд түр томилсон болохыг дурдах нь зүйтэй байна.

2.Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/28 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгэх шаардлагын тухайд:

Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Төрийн албаны төв байгууллага нь Төрийн албаны зөвлөл /цаашид Зөвлөл гэх/ мөн, мөн зүйлийн 65.6 дахь хэсэгт Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ” гэжээ.

 2.1.Дээр дурдсанчлан нэхэмжлэгчийг 2021 оны Б/44 дүгээр тушаалаар хууль зөрчиж томилогдсон талаар дүгнэсэн Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 32 дугаар тогтоол нь хуульд нийцсэн байх тул уг тогтоолыг үндэслэж, мөн тухайн зөрчил арилгахаар гарсан Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/28 дугаар тушаал мөн хуульд нийцжээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг үндэслэн

 

ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.2, 27.1.3, 27.1.4, 33 дугаар зүйлийн 33.3, 65 дугаар зүйлийн 65.1, 65.6-д тус тус заасныг баримтлан А.Д*******-ы нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөл, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт тус тус холбогдуулан гаргасан “Төрийн албан зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 04/274 дүгээр албан бичгээр ирүүлсэн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 32 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/28 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийх”-ийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.МӨНХ-ЭРД