Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/67

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч О.Д, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э овогт О Д холбогдох эрүүгийн 2209000002270 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1983 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ ..............багшаар ажиллаж байсан, ганц бие, Говьсүмбэр аймгийн ......сумын .........дугаар баг,............... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэлгүй гэх Э овогт О-ын Д /РД.ЕЙ/,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч О.Д нь Монгол Улсын Боловсролын их сургууль, Сургуулийн өмнөх боловсролын сургуулийг төгсөөгүй атлаа 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төгссөн гэх D201101733 дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ч.О 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар тус цэцэрлэгт бага бүлгийн багшаар томилогдон 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажиллаж 28,160,754,44 төгрөгийн орлого,

Мөн О.Д нь дээрх хуурамч дипломыг ашиглан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ж.О 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/17 дугаартай тушаалаар тус цэцэрлэгт багшаар томилогдон 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл ажиллаж 12,976,980 төгрөгийн орлого, нийт 41,137,734,44 төгрөгийн орлого олсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Дд холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2209000002270 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч О.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би сургуулийн өмнөх боловсрол эзэмшихээр Боловсролын их сургуульд суралцаж байсан. 2008 онд элсэн ороод, дундаас нь гарчихсан. Би Баянтал сумын 4 дүгээр цэцэрлэгт анх ажиллаж байсан. 1 жил 6 сар ажилласан. Дараа нь Сүмбэр сумын 2 дугаар цэцэрлэгт ажилласан. Дипломоо хуурамч гэдгийг мэдэж байсан. Цэцэрлэгийн багшаар 5 жил орчим ажилласан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

2. Шинжээч Э.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Баянтал сумын 4-р цэцэрлэгт ажиллаж байх хугацаандаа суутгалыг хасаад гар дээр 12 941 982 төгрөгийн цалин авсан байна. 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл буюу яллагдагчаар татах өдөр хүртэл 25 459 312 төгрөгийн цалин авсан байна. Нийт 38 846 100 төгрөгийн цалин гарт авсан гэв.

3. Хохирогч Г.Омөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

...2022 оны 04 дүгээр сараас хойш одоог хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Боловсролын ерөнхий газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байна. БШУЯ-наас багш нарын диплом бичиг баримтад шалгалт хийсэн талаарх асуудлыг сайдын мэдээллээс танилцаж байсан. Гэхдээ миний бие ажлын хэсэгт нь орж ажилласан асуудал байхгүй. Манай байгууллага нь БШУЯ-ны хэрэгжүүлэгч агентлаг буюу яамны бодлого шийдвэрийг хэрэгжүүлэгч чиг үүрэг бүхий байгууллага гэж ойлгож болно. Тус хэрэг дээр намайг хохирогчоор тогтоох тухай албан бичгийг цагдаагийн байгууллагад хүргүүлсний дагуу ирж мэдүүлэг өгч байна. Миний бие БШУЯ-ыг төлөөлж яг гомдолтой нэхэмжлэх зүйлийн талаар хэлэх боломжгүй байна. Энэ талаар холбогдох дарга удирдлага болон Боловсролын яамны удирдах албан тушаалтнуудад танилцуулж байж санал, хүсэлт, гомдлоо хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Мөн Боловсролын яамнаас хяналт шалгалт явуулсан ажлын хэсгийн хяналт шалгалтын зорилго үр дагаврын талаарх мэдээлэл байхгүй байгаа нь хариулт хэлэх боломжгүй нөхцөл байдалд хүргээд байна. Манай яамнаас одоогоор хуурамч диплом гаргуулан авч ажилд орсон багш нартай холбоотойгоор тооцож тогтоосон хохирол байхгүй. Тиймээс дээрх хуурамч диплом бүхий багш нараас нэхэмжлэх зүйл байхгүй. Харин манай байгууллагын зүгээс дээрх багш нарыг хууль хяналтын байгууллагаар шалгаад зохих хуулийн дагуу арга хэмжээ авагдаж хэрэг нь шийдэгдээсэй гэсэн хүсэлтэй байгаа... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 83-88 дугаар хуудас/,

4. Хохирогч Х.Амөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Дэлгэртуяа нь манай цэцэрлэгт 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хооронд ажиллаж байсан. Тухайн үед би 4 дүгээр цэцэрлэгт гэрээгээр 2022 оны 01 сараас эхлэн ажиллаж байсан. 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар О.Д нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр цэцэрлэгийн бүлгийн багшаар ажилд ороод 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас нь чөлөөлсөн байна. О.Д манай байгууллагад ажиллах хугацаандаа нийт урьдчилгаа цалинтай нийлээд 12 976 980 төгрөгийн цалин авсан. О.Дгийн нийт олговол зохих цалинг бодвол 16 538 758 төгрөг байсан бөгөөд энэ цалингаас нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар зэргийг хасаад 12 976 980 төгрөг гарт нь олгогдож байна. О.Дгийн бакалаврын диплом хуурамч эсэхийг манай байгууллагаас мэдээгүй. Жинхэнэ дипломтой гэж бодоод ажилд авсан байх. Манай байгууллагын зүгээс О.Дтай холбоотой гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 147 дугаар хуудас/,

5. Хохирогч Д.Тмөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

О.Д 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2 дугаар цэцэрлэгт багшаар ажиллаж байсан. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн хүсэлтээр албан ажлаасаа гарсан. Би 2 дугаар цэцэрлэгт 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нягтлан бодогчоор ажилд орсон. Эрхлэгчийн тушаал дээр О.Дг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр багшаар ажилд авсан нь тодорхой харагдаж байна. Д нь манай байгууллагад 2 жил 5 сар ажиллах хугацаандаа нийт урьдчилгаа цалинтай нийлээд 28 160 754.44 төгрөгийн цалин авсан. Дэлгэртуяагийн нийт олговол цалинг бодоход 34 992 595.76 төгрөг байсан бөгөөд энэ цалингаас нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, хамтын сан гэх мэт зардлуудыг хасаад 28 160 754.44 төгрөг гарч олгогдож байсан. О.Дгийн бакалаврын диплом хуурамч эсэхийг манай байгууллагаас мэдээгүй. Жинхэнэ дипломтой гэж бодоод ажилд авсан байх. Манай байгууллагын зүгээс О.Дтай холбоотой гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. О.Д нь нийтэч, зан байдлын хувьд зажгүй л хүн байсан. Ажлыг цаг тухайд нь хийдэг, хүүхэдтэй зөв боловсон харьцдаг хүн байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 151 дүгээр хуудас/,

6. Хохирогч А.Змөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Цэцэрлэгийн багшийн бакалаврын дипломыг боловсролын чиглэлийн кредит хөтөлбөртэй сургуулийн 120 орчим кредит цуглуулж, боловсролын менежмент, багшлах арга зүй, сургалтын хөтөлбөр, сэтгэл судлал гэх мэт хичээлийг судалсан байх шаардлагатай байдаг. Өдрийн анги болон эчнээ хэлбэрээр 4 жилээр суралцаж байж бакалаврын дипломыг авах эрх нь нээгддэг. О.Дгийн ажиллаж байсан цэцэрлэгийн багшийн албан тушаал нь бакалаврын зэрэгтэй байх гэсэн тусгай шаардлагыг хангасан байх ёстой байдаг. Тийм болохоор О.Дгийн албан тушаал дээд боловсролтой, бакалаврын зэрэгтэй байх тусгай шаардлагатай албан тушаал юм. Энэ нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр бакалавр  болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй багш ажиллана” заасан байдаг. Манай боловсролын газрын зүгээс О.Дтай холбоотой гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 47 дугаар хуудас/,

 

7. Гэрч Ч.Эмөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

...2019 оны 04 сараас БШУЯ-ны хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын даргаар ажиллаж байгаад 2021 оны 10 сараас Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар тус тус ажиллаж байна... БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалангийн 2021 оны 12 дугаар сард гаргасан тушаалын дагуу ажлын хэсэг байгуулагдаж дээд боловсрол, ерөнхий боловсрол, СӨБ, мэргэжлийн хяналтын байгууллага, боловсролын ерөнхий газраас тус тус хүмүүс ажлын хэсэгт орж ажилласан...

 ...2022 оны 03 сараас эхэлж 08 дугаар сарыг дуустал хийж гүйцэтгэсэн. Харин бусад ажлын хэсэгт орсон хүмүүс нь дээрх хүмүүсийг ажиллах нөхцөлөөр хангаж, мэдээллийг цэгцлэх цуглуулах хэлбэрээр ажилласан юм. Дээрх шалгалтын үр дүнгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа. Боловсролын салбарын мэдээллийн системийг хэзээнээс эхлэн ашигласныг сайн мэдэхгүй байна...

...Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан. Гэхдээ шалгалтын явцад цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм. Тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй. Нэг. Хувь хүнээс санаатайгаар, хуурамчаар үйлдсэн байж болзошгүй дипломын тамга, тэмдэг, гарын үсэг, дипломын дугаар, мэргэжлийн индекс, буруу /мэргэжлийн нэршил/, өөр хүний овог, нэр, регистрийн дугаар ашигласан зэрэг маш олон зөрчлүүдийг ойлгож байгаа юм. Эдгээр 4-5 баримт бичгийг тулгаж тогтоогдсон дипломуудыг хуурамч байж болзошгүй гэж үзээд бидний зүгээс зөрчилтэй дипломын тоонд оруулж цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлсэн юм. Хоёр. Их дээд сургуулиудын хүчингүй болгосон дипломын дугаар ашигласан, бүртгэлгүй дипломын дугаар ашигласан, их, дээд сургуулийн нэр зөрүүтэй төгсөгчдийн диплом алдаатай бичиглэл хийсэн, дипломын дугаарыг зөрүүлэн олгосон. /Өөр сургуулийн дипломын дугаар/, архивын бүрдэлд өгөөгүй, дугаар давхардуулан олгосон зэрэг зөрчлүүд байсан юм. Цагдаагийн байгууллагад хүргүүлсэн зөрчилтэй дипломууд нь дээрх бүх зөрчил давхардсан гэж ойлгож болохгүй. Дээрх зөрчлүүдийн аль нэг нь гарсан бөгөөд түүнийг нь бид нарын шалгалтдаа ашигласан 4-5 баримт бичиг тулгаж зөрчилтэй гарч байгаа илтэд хуурамч байж болзошгүй зөрчилтэй дипломуудын нэрс гарган явуулсан юм... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

 

8. Гэрч Я.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын боловсрол соёлын хэлтэст боловсролын хяналтын улсын байцаагчаар 2010 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Энэ оны 03 дугаар сарын 02-ны өдөр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу БШУЯ-ны СӨБ-ын байгууллага, ЕБС-ийн багш удирдах ажилтны хяналт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Тухайн шалгалтыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч бүртгэлжүүлж, дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэлд тулгалт хийж ажилласан...

 ...Нийт 725 зөрчил тус тус илрээд байна. Үүнээс эхний 2 ангилалд хамрагдаж байгаа дипломын дугаар давхардсан 458, бүртгэлгүй дипломын дугаар ашигласан 145 боловсролын баримт бичгийг хуурамчаар үйлдэж ашигласан гэж үзэж байна. Шалгалтын хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтны ирүүлсэн дипломыг харахад бүртгэлийн дугаарыг засварласан нь илтэд мэдэгдэхүйц засварласан тамга, тэмдэг, гарын үсэг дутуу, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, бүртгэлийн дугаар давхардсан, хавсралтын бүрдэл дутуу, дипломын загвар буруу зэрэг зөрчлүүд 458 байсан. БШУЯ-наас дээд боловсролын байгууллагуудад олгогдсон дипломын дугаараас ондоо өөр дугаар тавигдсан. Мөн тухайн төгсөгчдийн. ДБ мэдээ бүртгэлгүй дипломын дугаар ашигласан 145 байсан. Төгсөгчдийн бүртгэлийг давхардуулж олгосон, алдаатай бичсэн зөрчил 13 байсан. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системд алдаатай шивэлт хийсэн 1 зөрчил байна. Хуурамчаар авч ашигласан дипломын дийлэнх нь МУИС, МУБИС-ийн диплом байсан. Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажлын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй тайлбар өгөөгүй байгаа. Мөн боловсролын мэдээллийн сангийн бүртгэлд /Esis программ/, боловсролын баримт бичгийг оруулсан боловч цахимаар буюу pdf файлаар материалаа ирүүлээгүй зөрчлүүд байгаа... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 44 дүгээр хуудас/,

 

9. Гэрч А.Тмөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

...2005 оноос Дорнод аймгийн МХГ-т боловсролын хяналтын улсын байцаагчаар 2017 оныг хүртэл ажиллаж байгаад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар луу шилжээд одоог хүртэл ажиллаж байна. Тухайн үед БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалангийн тушаалын дагуу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд боловсролын баримт бичгийн үзлэг шалгалтын ажлын хэсэгт Н, Д, Б, С нарын хамт ажилласан юм. Тухайн шалгалтыг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд явуулсан бөгөөд нарийн тоон мэдээлэл бол бид нарын гаргасан дүгнэлтээс дэлгэрэнгүй харагдах байх...

...Бодлого боловсруулж гаргадаг эрх бүхий байгууллага буюу БШУЯ-наас тодруулах нь зүйтэй байх. Шалгалттай холбогдон тухайн багшийн бичиг баримтыг эх хувиар нь шалгаагүй. Тухайн их сургуулийн мэдээлэлтэй тулгалт огт хийгээгүй. Эс эс бүртгэл хийгдсэн эсэх. Үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт хийх. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системээс дипломын дугаараар хайлт хийх. Төгсөгчдийн статистик мэдээний баримт бичиг буюу Д.Б маягтаас хайлт хийх зэргээр шүүж илрүүлсэн юм. Ерөнхийдөө зөрчлөө тав ангилсан бөгөөд нэгийн нэг, нэгийн 2, нэгийн 3, нэгийн 4, нэгийн тав гэх маягаар бичилт хийсэн байгаа. Ангилсан кодыг уншихдаа нэгийн нэг дипломын дугаар давхацсан бусдын дипломын дугаарыг ашигласан. Нэгийн 2 дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй илтэд хуурамчаар үйлдсэн нэгийн 3.Тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон. Нэгийн 4 дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон. Нэгийн тав дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрсэн тус тус ангилсан юм. Дээрх зөрчлүүдээс нэгийн нэг нэгийн 2 кодтой зөрчил илэрсэн мэдээллийг танай байгууллагад хүргүүлж байгаа юм... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

 

10. Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

...БШУЯ-нд хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт мэргэжилтнээр ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна. Тухайн үед БШУЯ-ны сайд Л.Э-н тушаалаар баталсан удирдамжийн хүрээнд хяналт шалгалтыг явуулсан юм. Тухайн хяналт шалгалтыг хийхдээ Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйл, 28.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, БШУЯ-ны бүтэц чиг үүргийг заасан ЗГ-ын тогтоолын дагуу тус тус хяналт шалгалтыг явуулсан юм. Миний хувьд тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан...

...Ерөнхийдөө маш олон тооны хүнийг шалгасан учраас эргэлзээтэй заавал үзэх шаардлагатай гэсэн цөөн тооны хүмүүсийн дипломыг эх хувиар нь үзсэн ба диплом олгосон их сургуулиас лавлагаа авсан байгаа. Ерөнхийдөө манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдөө архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн юм. Ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 52-53 дугаар хуудас/,

 

11. Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

...2020 оны 10 дугаар сараас хойш одоог хүртэл Боловсролын мэдээллийн технологийн төвийн систем хөгжүүлэлтийн хэлтэст ахлах хөгжүүлэгчээр ажиллаж байна. Манай салбарын сайд Л.Э-гийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/446 дугаартай тушаалын дагуу ажлын хэсэгт орж ажилласан.

...Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг систем нотлох боломжгүй, зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил үе шаттайгаар тасралтгүй хийгдэж байна. Тиймээс системд бүртгэлгүй, шүүлт хийхэд байхгүй байна гэдэг нь системийн алдаа биш юм. Ажлын хэсгийн нэгтгэсэн хурал дээр зөрчлийг 5 ангилж байгаа гэсэн мэдээлэл өгч байсан болохоор дэлгэрэнгүй мэдээллийг ажлын хэсгийн нарийн бичиг Б.Д-с авч болно... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 56-58 дугаар хуудас/,

 

12. Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

...2020 оноос одоог хүртэл БШУЯ-ны цахим бодлого статистикийн хэлтэст СӨБ, ЕБС-ийн статистикийн мэдээ хариуцсан шинжээчээр ажиллаж байна. Миний ажлын чиг үүрэг нь салбарын статистик мэдээг нэгтгэх, хянах, тайлагнах үүрэгтэй байдаг. Манай салбарын сайд Л.Энх-Аамгалангийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/446 дугаартай тушаалын дагуу ажлын хэсэгт орж ажилласан...

...Боловсрол шинжлэх ухааны сайдын 2006 оны 480 дугаар тушаалаар батлагдсан дээд боловсролын диплом олгох журмын 4.1, 4.3 дугаар заалтын дагуу диплом олгох үйл ажиллагааг тухайн сургуулийн захирал үнэн зөвийг хариуцна гэсэн заалттай байдаг. БСШУС-ын сайдын 2020 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх ашиглах журмын 2.2.9, 3.2, 3.3, 3.4, 3.10.1-3.10.3 хүртэлх заалтуудын дагуу тухайн сургууль мэдээллийн санг баяжуулж, мэдээлэлд хяналт тавьж, үнэн зөв, бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулалттай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй. Тухайн сургуулийн захирлын тушаал сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн HEMIS программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их дээд сургууль хариуцахаар сайдын тушаал Статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг. ESIS систем бол боловсролын салбарын сургууль цэцэрлэгт ажиллаж байгаа багш ажилчдын мэдээллийн бүртгэл, дээд боловсролын удирдлага, мэдээллийн систем HEMIS буюу их дээд сургуулиудын хөдөлгөөн, статистикийн мэдээг цахимжуулсан систем, их дээд сургууль төгсөгчдийн мэдээний pdf, ДБ гэсэн үг нь их дээд сургууль төгсөгчдийн статистикийн мэдээний тайлан юм. Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг систем нотлох боломжгүй зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил үе шаттайгаар тасралтгүй хийгдэж байна. Тиймээс системд бүртгэлгүй шүүлт хийхэд байхгүй байна гэдэг нь системийн алдаа биш юм. Ажлын хэсгийн нэгтгэсэн хурал дээр зөрчлийг 5 ангилж байгаа гэсэн мэдээлэл өгч байсан болохоор дэлгэрэнгүй мэдээллийг ажлын хэсгийн нарийн бичиг Б.Д-с авч болно. HEMIS буюу дээд боловсролын удирдлагын мэдээллийн системийг бүрдүүлэхэд ашигладаг БШУЯ-ны сайдын тушаалыг хүлээлгэн өгье. Нийт 13 хуудас цаасан материал байгаа... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 61-63 дугаар хуудас/,

 

13. Гэрч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Багш бэлтгэх бүх хөтөлбөр 4 жил агуулгаар хамгийн багадаа 120 кредит байдаг. Энэ шаардлагыг хангавал диплом олгоно. Багш болон сургуулийн өмнөх боловсрол олгох багшийн орон тоо маш их байдаг. Манайх хөрвөх, эчнээ ангид оюутанууд авдаг. Хөрвөх анги өдрөөр 1 жил байдаг. Энэ нь өмнө нь багш мэргэжилтэй хүмүүс байдаг. Эчнээ бол 5 жил байдаг. Хөрвөх нь дотроо өдөр, эчнээ гэж 2 хуваадаг. Хөрвөх ангийн эчнээ анги нь 1.5 жил суралцаж төгсдөг. Цэцэрлэгийн багш болох сургалт хичээлүүдийг судалдаг. Нийт 120 кредит сургалт эрхлэх тусгай зөвшөөрлөөр зохицуулагдсан байдаг. Бакалаврын диплом хэвлэгдэж гараад дотоод чанарын баталгаажуулалтын алба шалгаад дараа нь гарын үсэг зурдаг. Бичиглэл хийгдээгүй үед ямар ч гарын үсэг зурах боломжгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 138-140 дугаар хуудас/,

 

14. Гэрч А.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс одоог хүртэл Монгол Улсын Боловсролын их сургуулийн зөвлөх профессорын алба хашиж байна. Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Монгол хэлний танхимын багшаар ажиллаж байгаад тус танхимд зөвлөх профессороор ажиллаж байна. Д-ийн D201101733 дугаартай диплом дээр байгаа гарын үсэг миний гарын үсэг биш байна. Гарын үсгийн тогтсон хэв шинжээс өөр байна. 2 дугаарт овгийн А үсэг нэрний эхний Ц үсэг нарын бичилт биш О үсгийн бичилт биш байна. Миний өөрийн О үсгийн бичилт бол том цатгалан бичдэг, мөн сүүлийн таталбар хэсэг биш байна.Би хараад өөрийн гарын үсэг биш байна гэж мэднэ... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 143 дугаар хуудас/,

 

15. Гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Манай Нийгмийн даатгалын мэдээллийн сангаас гарч байгаа цалингийн лавлагаа нь ажил олгогч байгууллагын иргэнд олговол зохих цалин хөлс байдаг бөгөөд түүнээс нийгмийн даатгалын шимтгэл, суутгал тооцогддог. Иймд цалингийн лавлагаа нь нийгмийн даатгалын шимтгэл, татвар болон бусад суутгалаас өмнөх цалин буюу бохир дүнгээр бодогдсон цалин юм. Энэ цалингаас ажил олгогч ажлын байрны нөхцөлөөс хамаарч ажил олгогч, даатгуулагч нийлээд 24-26 хувийн шимтгэл төлдөг. Тэгэхээр нийгмийн даатгалын мэдээллийн сангаас гарч байгаа лавлагаа нь зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх талаарх цалин хөлсний лавлагаа бөгөөд тухайн иргэний гарт олгох цалин хөлсийг нарийвчлан гаргах боломжгүй байдаг. Харин аймгийн Архивын тасаг болон тухайн ажил олгогч байгууллагаас гарч байгаа цалингийн мэдээлэл нь илүү дэлгэрэнгүй буюу тухайн иргэний олговол зохих цалингаас суутгал, нэмэгдэл зэргийг хасаад цэвэр хэдэн төгрөгийн цалинг гарт олгох зэргийг нарийвчлан гаргаж болдог... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн  51-52 дугаар хуудас/,

 

16. Монгол Улсын Боловсролын Их сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 3/1230 дугаартай албан бичиг, түүний хавсралт /1 дүгээр хх-ийн 67-68 дугаар хуудас/,

 

17. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 009/006 дугаартай дүгнэлтэд:

- Шинжилгээнд ирүүлсэн диплом нь хуурамч байна.

- Диплом болон хавсралт дээр байх бичиглэл болон тамга нь цаасан дээр будаг нь тархсан, замбараагүй олон цэгүүд цацагдаж тархсан, хэвлэлийн мэдээлэл, дүрс сарнисан, цаасанд гүн шингэж орсон зэрэг шинж тэмдгүүд илэрч байх тул Inkjet хэвлэлийн арга ашиглан хэвлэж хуулбарласан байна.

Дүгнэлт гаргасан: Шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Билгүүн гэжээ. /1 дүгээр хх-ийн 158-162 дугаар хуудас/,

 

18. О.Дгийн цалингийн жагсаалт, картын хуулбарууд /1 дүгээр хх-ийн 186-190, 197-212 дугаар хуудас/,

 

19. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ж.О2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/17 дугаартай “О.Дг ажилд авах тухай”, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/07 дугаартай “О.Дг ажлаас чөлөөлөх тухай” тушаалууд /1 дүгээр хх-ийн 191-192 дугаар хуудас/,

 

20. Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ч.О2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/09 дугаартай “О.Дг ажилд томилох тухай”, 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/10 дугаартай “Бага бүлгийн багш О.Дг ажлаас чөлөөлөх тухай” тушаалууд /1 дүгээр хх-ийн 195-196 дугаар хуудас/,

 

21. Мөрдөгчийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хохирлын тооцоо /2 дугаар хх-ийн  53-54 дүгээр хуудас/,

 

22. Шүүгдэгч О.Дгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 215 хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгч О.Дд холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

 

НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч О.Д нь Монгол Улсын Боловсролын их сургууль, Сургуулийн өмнөх боловсролын сургуулийг төгсөөгүй атлаа 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төгссөн гэх D201101733 дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ч.О2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар тус цэцэрлэгт бага бүлгийн багшаар томилогдон 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл, мөн шүүгдэгч О.Д нь дээрх хуурамч дипломыг ашиглан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ж.О2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/17 дугаартай тушаалаар тус цэцэрлэгт багшаар томилогдон 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл ажиллаж нийт 38 846 100 төгрөгийн орлого олсон гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч О.Дгийн өмгөөлөгч Г.Энхжаргал гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч О.Д нь хуурамч диплом ашиглан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч. Гэм буруугийн хувьд өмгөөлөгчийн зүгээс маргах зүйл байхгүй. Харин орлого олсон гэх 38 846 100 төгрөгийн хувьд зөвшөөрөхгүй байгаа” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүгдэгч О.Д нь Монгол Улсын Боловсролын их сургууль, Сургуулийн өмнөх боловсролын сургуулийг төгсөөгүй атлаа 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төгссөн гэх D201101733 дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ч.О2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар тус цэцэрлэгт бага бүлгийн багшаар томилогдон 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажиллаж 6 272 380 төгрөгийн орлого,

Мөн шүүгдэгч О.Д нь дээрх хуурамч дипломыг ашиглан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ж.О2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/17 дугаартай тушаалаар тус цэцэрлэгт багшаар томилогдон 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл ажиллаж 11 211 819 төгрөгийн орлого, нийт 17 484 199 төгрөгийн орлого олсон үйл баримт болсон байна.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч О.Д нь боловсролын үнэмлэх, диплом хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Хуурамч баримт бичиг гэж албан ёсны баримт бичгийг бүхий л арга, хэрэгсэл ашиглан, бүрэн дуурайлгаж буюу хэсэгчлэн (тамга тэмдэг, гарын үсгийг хуурамчаар үйлдэх, бичвэрийн агуулгыг өөрчлөх буюу засварлах) өөрчлөхийг хэлнэ.

Түүнчлэн шүүгдэгч О.Д нь Монгол Улсын Боловсролын их сургууль, Сургуулийн өмнөх боловсролын сургуулийг төгсөөгүй атлаа 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төгссөн гэх D201101733 дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан буюу хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.О Х.А, Д.Т, А.З, гэрч Я.Н, А.Т, Б.Д, Б.Ц нарын мэдүүлэг Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 009/006 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ. 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч О.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Д нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч О.Д, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч О.Дг хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт ““Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч О.Дгийн өмгөөлөгч Г.Энхжаргал нь “...орлого олсон гэх 38 846 100 төгрөгийн хувьд зөвшөөрөхгүй байгаа” гэх дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна гэж шүүхээс үзлээ. Учир нь:

Шүүгдэгч О.Дгийн гэмт үйлдэл нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс хойш удааширсан үйлдэл бөгөөд 2022 оны 09 дүгээр сард цагдаагийн байгууллагад мэдээлэл ирж, энэхүү мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шаардлагатай ажиллагаа хийгдэж, шүүгдэгч О.Д нь хуурамч диплом ашиглаж Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ч.О2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар тус цэцэрлэгт бага бүлгийн багшаар томилогдон 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажилласан, мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ж.О2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/17 дугаартай тушаалаар тус цэцэрлэгт багшаар томилогдон 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл тус тус ажилласан талаарх нотлох баримтуудыг цуглуулж, 2022 оны 11 дүгээр сарын 14ий өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол гарснаар ажил олгогч хуурамч диплом гэдгийг мэдэх боломж бүрдсэн, таслан зогсоох боломжтой болсон цаг хугацааг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэх нь зүйтэй байна.

Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч О.Д нь 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 4 дүгээр цэцэрлэгт бага бүлгийн багшаар, 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар цэцэрлэгт багшаар ажиллахдаа хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашиглан гэмт санаагаа хэрэгжүүлсээр байсан тул түүний энэхүү хууль бус үйлдлийн улмаас олсон ашгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх нь зүйтэй байна.

Гэхдээ шүүгдэгч О.Д нь тухайн цэцэрлэгүүдэд багшаар томилогдсоноор хөдөлмөр эрхлэлтийн харилцааны буюу төрийн албаны шинжтэй харилцаа үүсч тодорхой ажил, үүргийг гүйцэтгэсэн байх тул түүний гарт авсан цалин болох 38 846 100 /гучин найман сая найман зуун дөчин зургаан мянга нэг зуу/ төгрөгийг бүхэлд нь гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь хуульд нийцэхгүй байна гэж үзлээ.

Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах... эрхтэй.” гэж заасан. Шүүгдэгч О.Д нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тасралтгүй ажил эрхэлж байсан, түүний өөрийн болон гэр бүлээ тэжээх амьжиргааны зайлшгүй хэрэгцээ, шаардлагатай нөхцөлийг харгалзан тухайн цаг үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг тооцож улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч О.Дгийн гэмт үйлдлийн улмаас учирсан хохирлыг 2019 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох сарын 320000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 2023 оны 01 дүгээр сарын 01 хүртэл мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох сарын 420000 төгрөгөөр тооцоход шүүгдэгч О.Д нь 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 4 дүгээр цэцэрлэгт бага бүлгийн багшаар ажиллахдаа 6 272 380 /зургаан сая хоёр зуун далан хоёр мянга гурван зуун ная/ төгрөгийн орлого, 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар цэцэрлэгт багшаар ажиллахдаа 11 211 819 /арван нэгэн сая хоёр зуун арван нэгэн мянга найман зуун арван ес/ төгрөгийн хохирол, нийт 17 484 199 /арван долоон сая дөрвөн зуун наян дөрвөн мянга нэг зуун ерэн ес/ төгрөгийн хохирлыг улсын төсөвт учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дгаас гэмт хэрэг үйлдэж олсон орлогод тооцон 17 484 199 /арван долоон сая дөрвөн зуун наян дөрвөн мянга нэг зуун ерэн ес/ төгрөгийг хурааж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

            ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч О.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнийг уг зүйлд зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч О.Дгийн өмгөөлөгч Г.Энхжаргал нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “миний үйлчлүүлэг О.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүхээс шүүгдэгч О.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч О.Дгийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч О.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч О.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдлээ.

 

            Шүүгдэгч О.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн D201101733 дугаартай бакалаврын диплом 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

                                                             

                                                   ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч Э овогт О-ын Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч О.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч О.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч О.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

           

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч О.Дгаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 17 484 199 /арван долоон сая дөрвөн зуун наян дөрвөн мянга нэг зуун ерэн ес/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн D201101733 дугаартай бакалаврын диплом 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

            8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

   9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.ЭНХМАНДАХ