Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2019/00224

 

2019 оны 01 сарын 24 өдөр

     Дугаар 183/ШШ2019/00224      

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 дүгээр хороолол, Нарны зам гудамж, 0 дүгээр байр, 0 тоотод оршин суух, М овогт Д.У /РД:0000000000/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, үйлдвэрийн 0в байр, 0 тоотод оршин байрлах, М ХХК /РД:000000/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хэсэг, Маршал таун хотхон, 00 дугаар байр, 0 тоотод оршин суух, М овогт Д.У /РД:0000000000/ нарт холбогдох,

 

М ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 12/0 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Ц.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...МХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хурлын 12/01 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. М ХХК нь Х ХХК-иас зээл аваад, зээлийн төлбөр удааширсантай холбоотойгоор Х наас зээлийн төлбөр шаардсаны дагуу МХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.У бие даан шийдвэр гаргаж, зээлийн барьцаанд байсан 9 орон сууцнаас 4 орон сууцыг зээлийн төлбөрт шилжүүлсэн байдаг. Х  тухайн үед гэрээ хийх учир хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулж, шийдвэр аваад ир гэсний дагуу 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал хийсэн мэтээр баримт үйлдсэн. Гэтэл тэр үед хувьцаа эзэмшигчдийн хурал болоогүй ба МХХК-ийн хувьцаа эзэмшигчид Улаанбаатар хотод байгаагүй. Тэднийг ирсний хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийж болох байсан боловч Д.У хүлээлгүй, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гэх баримт зохиож үйлдээд, хурлын шийдвэрт эзгүй байсан хувьцаа эзэмшигч нарын гарын үсгийг дуурайлган зурсан байсан. Үүний үр дагаварт Х ны өр болон хүү, алданги багассан мэт харагдаж байх хэдий ч энэхүү шийдвэрээс болж М ХХК-д хохирол учирсан. М ХХК-ийн 4 орон сууц хувьцаа эзэмшигчдийн оролцоотой бий болсон хөрөнгө тул хувьцаа эзэмшигчдээс асууж, зөвлөх шаардлагатай байсан. Иймд нэгдүгээрт, энэ бичиг баримт хуурамч, хоёрдугаарт, төлөөлөн удирдах зөвлөлөөс хувьцаа эзэмшигчдийн хурал зарлах ёстой байтал ямар нэг хурал зарласан зүйл байхгүй, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан зүйл байхгүй, энэхүү хувьцаа эзэмшигчдийн хурал анхнаасаа болоогүй. Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гэж яриад байгаа 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хурлын 12/01 тоот шийдвэр нь хувьцаа эзэмшигчдийн гарын үсгийг дуурайлгаж зурсан хуурамч баримт байгаа юм. Иймд хувьцаа эзэмшигчдийн оролцоогүй ийм бичиг баримт үйлдсэн нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн тул, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хурлын 12/01 тоот М ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.  Д.У 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шүүхэд гаргасан тайлбартаа Мөн хувьцаа эзэмшигчдийн хурал болоогүй, хувьцаа эзэмшигчдийн гарын үсгийг дуурайлган зурсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн” гэв.

 

    Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Манай компани нь Х наас шугамын зээл авч, үйл ажиллагаа явуулж байгаад дахин зээл хүсч, зээлийн материал бүрдүүлж өгсөн ч Х наас “зээлийн хуралд орох гэж байна, зээл бүтэх гэж байна” гэх мэт байдлаар манай компанид харилцааны менежер н.О удаа дараа худал мэдээлэл өгч байгаад, намар нь тусгай хэлтэс рүүгээ шилжүүлж, Х наас зээлээ яаралтай төлөхийг шаардах болсон байна. Ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.У нь Х ны удирдлагуудтай зээлийн төлөлтийн тухай уулзаж, манай компаниас зээлийн барьцаанд тавьсан 4 орон сууцыг тус банканд худалдаж, борлуулалтын мөнгийг зээлийн үндсэн төлбөрт суутгуулж, сард төлөх зээлийн хүүг багасгах талаар тохиролцсон байна. Дээрх үйлдлийг хийхийн тулд компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах шаардлагатай байсан боловч хувьцаа эзэмшигч нар тухайн цаг үед гадаад, дотоодод албан ажлаар зорчиж байсан учир Д.У нь бие даан шийдвэр гаргаж, хувьцаа эзэмшигчдийн өмнөөс 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12/01 тоот хурлын шийдвэрт итгэмжлэлгүйгээр гарын үсэг зурж, банкинд хүргүүлсэн байна. Дээр дурдсан 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12/01 тоот хурлын шийдвэрийг гаргахад манай компанийн хувьцаа эзэмшигч нар ямар нэгэн байдлаар оролцоогүй болно. Манай компани нь Д.Угийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Ээжийн минь бие чилээрхэж, би өөрөө ээжийгээ эмнэлгээр авч явж байгаа учир Д.У-гийн нэхэмжлэлийн асуудлаар шүүхэд дахин ирэх боломжгүй байна. Иймд тус шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар миний гаргасан тайлбарыг үндэслэн намайг биечлэн оролцуулалгүй шүүх хурлыг хийхийг зөвшөөрч байна” гэжээ.

   

    Хариуцагч Д.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Д.У нь МХХК-ийг анх үүсгэн байгуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл бүх л ажил амьдралаа энэ компанийн хөгжил дэвшил, сайн сайхны төлөө зориулж ирсэн билээ. МХХК нь Х наас бизнесийн зээл авч, үйл ажиллагаагаа өргөжүүлэх явцад зах зээлийн хямралаас шалтгаалан зээлийн төлөлтөд хүндрэл гарсан. Х ны удирдлагатай уулзаж ярилцсаны үндсэн дээр тус банканд барьцаалсан орон сууцнаас 4 ширхэг орон сууцыг худалдаж, борлуулалтын мөнгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасуулж, улмаар үндсэн зээл төлөх хугацааг сунгах боломжтой болсон. Дурдсан 4 орон сууцыг худалдах болсон тухай компаний хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг Х анд өгөх шаардлагатай болсон боловч тэр үеэр манай компанийн хувьцаа эзэмшигч Мөнхчимэгээс бусад хувьцаа эзэмшигч нар Улаанбаатар хотод байгаагүй, оны төгсгөл үе таарсан учир ондоо багтаж зээлийн гэрээний хугацааг сунгах шаардлагатай болсон, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээ түргэн хугацаанд авчрахыг банкнаас шаардаж байсан зэргээс шалтгаалаад миний бие компанийхаа эрх ашгийн үүднээс хувьцаа эзэмшигчдийн хурал болсон талаарх материал бүрдүүлж, эзгүй байсан хувьцаа эзэмшигчдийн гарын үсгийг дуурайлган зурж, хурлын шийдвэрийг Х анд хүргүүлсэн болно. 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр манай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болоогүй бөгөөд 12/01 тоот шийдвэрт миний бие бүх хүний өмнөөс гарын үсэг зурсан нь үнэн. Би ямар нэгэн хувийн ашиг хонжоо хараагүй, компанийхаа эрх ашгийн төлөө энэ үйлдлийг хийсэн. Миний энэ үйлдлийн үр дүнд үндсэн зээлийн хэмжээ эрс багасч, улмаар хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ мэдэгдэхүйц хэмжээгээр буурснаас харвал компанидаа ямар нэгэн эдийн засгийн хохирол учруулаагүй, буруу зүйл хийгээгүй гэж үзэж байна. Миний бие Д.У нь нэхэмжлэгч Д.Угийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Аавын минь бие тааруухан байгаа тул биечлэн шүүх хуралдаанд оролцох боломжгүйг харгалзан үзэж, намайг оролцуулалгүй шүүх хуралдааныг хийхийг зөвшөөрч байна” гэжээ.

 

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.У нь хариуцагч Д.У болон МХХК-д тус тус холбогдуулан МХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 12/01 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрчээ.  

 

           Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...МХХК нь Х  ХХК-иас зээл аваад, зээлийн төлбөр удааширсантай холбоотойгоор банкнаас зээлийн төлбөр шаардсаны дагуу МХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.У бие даан шийдвэр гаргаж, зээлийн барьцаанд байсан 9 орон сууцнаас 4 орон сууцыг зээлийн төлбөрт шилжүүлсэн. Х  тухайн үед гэрээ хийх учир хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулж, шийдвэр аваад ир гэсний дагуу 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал хийсэн мэтээр баримт үйлдсэн. Иймд хувьцаа эзэмшигчдийн оролцоогүй ийм бичиг баримт үйлдсэн нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн тул дээрх шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэж тайлбарласан.   

 

Хариуцагч МХХК “...захирлаар ажиллаж байсан Д.У нь Х ны удирдлагуудтай зээлийн төлөлтийн тухай уулзаж, манай компаниас зээлийн барьцаанд тавьсан 4 орон сууцыг тус банканд худалдаж, борлуулалтын мөнгийг зээлийн үндсэн төлбөрт суутгуулж, сард төлөх зээлийн хүүг багасгах талаар тохиролцохдоо компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах шаардлагатай байсан боловч хувьцаа эзэмшигч нар тухайн цаг үед гадаад, дотоодод албан ажлаар зорчиж байсан учир Д.У нь бие даан шийдвэр гаргаж, хувьцаа эзэмшигчдийн өмнөөс 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12/01 тоот хурлын шийдвэрт итгэмжлэлгүйгээр гарын үсэг зурж, банкинд хүргүүлсэн байна. Дээрх шийдвэрийг гаргахад манай компанийн хувьцаа эзэмшигч нар ямар нэгэн байдлаар оролцоогүй. Д.Угийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэж,

 

    Хариуцагч Д.У “...Х ны удирдлагатай уулзаж ярилцсаны үндсэн дээр тус банканд барьцаалсан орон сууцнаас 4 ширхэг орон сууцыг худалдаж, борлуулалтын мөнгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасуулж, улмаар үндсэн зээл төлөх хугацааг сунгах боломжтой болсон. Дурдсан 4 орон сууцыг худалдах болсон тухай компаний хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг Х анд өгөх шаардлагатай болсон боловч тэр үеэр манай компанийн хувьцаа эзэмшигч Мөнхчимэгээс бусад хувьцаа эзэмшигч нар Улаанбаатар хотод байгаагүй, оны төгсгөл үе таарсан учир ондоо багтаж зээлийн гэрээний хугацааг сунгах шаардлагатай болсон, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээ түргэн хугацаанд авчрахыг банкнаас шаардаж байсан зэргээс шалтгаалаад миний бие компанийхаа эрх ашгийн үүднээс хувьцаа эзэмшигчдийн хурал болсон талаарх материал бүрдүүлж, эзгүй байсан хувьцаа эзэмшигчдийн гарын үсгийг дуурайлган зурж, хурлын шийдвэрийг Х анд хүргүүлсэн. Миний энэ үйлдлийн үр дүнд үндсэн зээлийн хэмжээ эрс багасч, улмаар хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ мэдэгдэхүйц хэмжээгээр буурснаас харвал компанидаа ямар нэгэн эдийн засгийн хохирол учруулаагүй, буруу зүйл хийгээгүй гэж үзэж байна. Миний бие Д.У нь нэхэмжлэгч Д.Угийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбарыг тус тус шүүхэд ирүүлсэн.

  

            Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан боловч энэ тохиолдолд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй байх учиртай.  

     

Талууд Х  болон М ХХК-ийн хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан талаар маргаагүй бөгөөд хариуцагч хэрэгт авагдсан М ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12/01 дугаар хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр Х ны зээлийн барьцаанд байгаа Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо 14181, их тойруу 0 дугаар байрын 0 тоот 38.4 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Ү-00000000 дугаартай 1 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо 14181, их тойруу 00 дугаар байрын 0 тоот 38.4 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Ү-000000000 дугаартай 1 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 14181, их тойруу 00 дугаар байрын 0 тоот 38.4 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Ү-0000000 дугаартай 1 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо 14181, их тойруу 0 дугаар байрын 0 тоот 38.4 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Ү-00000000 дугаартай 1 өрөө орон сууцуудыг Х инд худалдаж, зээлийн төлбөрт суутгаж, зээлийн гэрээний хугацааг 12 сараар сунгаж, гэрээг шинэчлэн байгуулахаар шийдвэрлэжээ.       

 

           Дээрхээс дүгнэхэд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгчийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх эрх олгосон шийдвэрийг шилжүүлсэн хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь зээлдэгч Хас банны эрх ашигийг хөндөж байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй байна.

 

Хэрэгт авагдсан МХХК-ийн дүрмээр Ц.Энхтайван тус компанийн 51 хувийн, Д.У 34 хувийн, Д.У 6 хувийн, Э.Ч 4 хувийн, Ц.М 4 хувийн, Б.Ц 1 хувийн хувьцааг тус тус эзэмшдэг байх бөгөөд Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д компанийн өр болон алдагдалтай холбогдуулан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах тухай хуульчилсан.

 

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гарсан байх бөгөөд дээрх шийдвэрийг хуульд заасан журмын дагуу гаргаагүй, хувьцаа эзэмшигчид гарын үсэг зураагүй гэх талуудын тайлбар хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.  

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар МХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12/00 дугаар хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүйд тооцох үндэслэл тогтоогдохгүй байх тул М ХХК болон Д.У нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Д.Угийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

                                   

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ