Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/68

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн М-т холбогдох эрүүгийн 2209000002272 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, .. настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, .. ажилтай, ам бүл .., хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын дугаар баг, , ., урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Б-ийн М /РД: ЕЦ/,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.М нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирал Ш.Ж 2008 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 112 дугаартай тушаалаар бага ангийн багшийн ажилд томилогдон ажиллаж байгаад тус албан тушаалд боловсролын бакалавраас доошгүй зэрэгтэй байх шаардлага тавигдсаны дагуу Монгол Улсын Боловсролын Их сургуулийг бага ангийн багш мэргэжлээр төгсөөгүй байж 2009 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төгссөн гэх D2009011059 дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ашиглан ажиллаж 96 784 264 төгрөгийн орлого олсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мт холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2209000002272 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд 1993 оноос эхэлж ажиллаж эхэлсэн. Багшийн мэргэжил дутмаг байсан тул 10 дугаар анги төгсөөд багшаар конкурс өгсөн хүмүүсийг Монгол Улсын Боловсролын Их сургуульд бэлтгэсэн. Бага ангийн багшаар ажиллахад багшийн мэргэжлийн үнэмлэх, шинэ төгсөгч нараас боловсрлын салбараас шалгалт авдаг. 2004 онд багш нарыг дээд боловсролтой бол гээд би Багшийн их сургуульд очиж уулзаад 2 жилийн эчнээ ангиар суралцахаар болоод төлбөрөө төл гээд 800 000 төгрөг төлөөд би эчнээ анги гэж бодоод даалгавраа аваад хийгээд явж байсан. Н багшаас авсан. Тухайн үед танхимын сургалтанд 7 хоног хамрагдаж байсан. Н гэдэг хүн байхгүй, нас барсан. Дипломоо хавар Н багшаас авсан гэв. Диплом хуурамч гэдгийг сүүлд нь мэдсэн. Цагдаа дээр ирээд мэдсэн гэв. Шинжээчийн дүгнэлтээр цалин 113 096 066 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

2. Шинжээч Э.Цэлмэгбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Шинжээчийн дүгнэлт 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр гарсан. Яагаад гэхээд 11 дүгээр сард Б.М нь илүү цаг болон бусад нэмэгдэл маш их хэмжээгээр авсан. Үүнийг задлан үзэх боломжгүй байгаа болохоор 11 дүгээр сар бүтэн орсон. 2022 оны 11 дүгээр сар бүтнээрээ ороод нийт 113 096 066 төгрөгийн цалин гарт авсан. Мөрдөгчийн тооцоолсноос 16 311 802 төгрөгөөр илүү гарч байгаа. Үндэслэл нь Архивын газраас ирүүлсэн баримт дээр 2009 оны 11 дүгээр сарын цалин, хөлсийг түүгээгүй байсан. Мөн бусад суутгал дээр банкны зээл төлсөн тооцоонуудыг хасаж төлөөд 16 311 802 төгрөг болж байгаа гэв.

3. Хохирогч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

...2022 оны 04 дүгээр сараас хойш одоог хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Боловсролын ерөнхий газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байна. БШУЯ-наас багш нарын диплом бичиг баримтад шалгалт хийсэн талаарх асуудлыг сайдын мэдээллээс танилцаж байсан. Гэхдээ миний бие ажлын хэсэгт нь орж ажилласан асуудал байхгүй. Манай байгууллага нь БШУЯ-ны хэрэгжүүлэгч агентлаг буюу яамны бодлого шийдвэрийг хэрэгжүүлэгч чиг үүрэг бүхий байгууллага гэж ойлгож болно. Тус хэрэг дээр намайг хохирогчоор тогтоох тухай албан бичгийг цагдаагийн байгууллагад хүргүүлсний дагуу ирж мэдүүлэг өгч байна. Миний бие БШУЯ-ыг төлөөлж яг гомдолтой нэхэмжлэх зүйлийн талаар хэлэх боломжгүй байна. Энэ талаар холбогдох дарга удирдлага болон Боловсролын яамны удирдах албан тушаалтнуудад танилцуулж байж санал, хүсэлт, гомдлоо хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Мөн Боловсролын яамнаас хяналт шалгалт явуулсан ажлын хэсгийн хяналт шалгалтын зорилго үр дагаврын талаарх мэдээлэл байхгүй байгаа нь хариулт хэлэх боломжгүй нөхцөл байдалд хүргээд байна. Манай яамнаас одоогоор хуурамч диплом гаргуулан авч ажилд орсон багш нартай холбоотойгоор тооцож тогтоосон хохирол байхгүй. Тиймээс дээрх хуурамч диплом бүхий багш нараас нэхэмжлэх зүйл байхгүй. Харин манай байгууллагын зүгээс дээрх багш нарыг хууль хяналтын байгууллагаар шалгаад зохих хуулийн дагуу арга хэмжээ авагдаж хэрэг нь шийдэгдээсэй гэсэн хүсэлтэй байгаа... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 44-49 дугаар хуудас/,

4. Хохирогч С.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Ерөнхий боловсролын захиралын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Би 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс одоог хүртэл ажиллаж байна. Би М танина. Хамт нэг газар ажилладаг бөгөөд манай ангийн бага ангийн багшаар ажилладаг болохоор би түүнийг танина. Ажлын шугамаар харилцаатай хүмүүс байгаа юм. М манай сургуульд бага ангийн багшаар ажиллаж байна. Тэр албан тушаалд яг хэзээнээс эхлэн ажиллаж байгааг мэдэхгүй байна. М миний мэдэхээр сүүлийн жилүүдэд тасралтгүй бага ангийн багшаар ажиллаж байгаа. Бага ангийн багшийн дипломыг ямар нэгэн их дээд сургуульд өдрийн ангиар 4 жил, эчнээгээр бол түүнээс арай цөөхөн жил суралцаж байж төгсдөг. Ингээд бакалаврын дипломтой байж бага ангийн багшаар ажиллах эрхтэй болдог. Монгол хэл, матемиатик зэрэг бага ангийн багшийн мэргэжил эзэмшвэл зохих бүх хичээлүүдийг судалсан байх шаардлагатай байдаг. Б.Мийн одоогийн ажиллаж байгаа бага ангийн багшийн албан тушаал бакалаврын дипломтой, дээд боловсролтой хүнийг томилох албан тушаал мөн. Бага ангийн багш нь сурагчдыг сурган хүмүүжүүлэх, хичээл сургалтын үйл ажиллагаанд заасан судлах ёстой судлагдахууныг сурагчиддаа эзэмшүүлэх гол үндсэн чиг үүрэгтэй албан тушаал юм. Б.М нь төлөв даруу зантай, зарчимч, ажилдаа нягт нямбай ханддаг, гарын ур дүй сайтай, хүүхдүүдтэйгээ тулж ажилладаг, багшлах ур чадвар сайтай, хамт олныхоо дунд нэр хүндтэй хүн байгаа юм. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 59-60 дугаар хуудас/,

5. Хохирогч А.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3-р сургуулийн бага ангид нилээн олон жил ажиллаж байгаа. Яг хэзээ ажилд орсныг мэдэхгүй байна. М багш ямар нэгэн ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй. Жирийн нэг бага ангийн багш байгаа юм. Бага ангийн багшийн бакалаврын дипломыг боловсролын чиглэлийн кредит хөтөлбөртэй сургуулийн 120 орчим кредит цуглуулж, боловсролын менежмент, багшлах арга зүй, сургалтын хөтөлбөр, сэтгэл судлал гэх мэт хичээлийг судалсан байх шаардлагатай байдаг. Өдрийн анги болон эчнээ хэлбэрээр 4 жилээр суралцаж байж бакалаврын дипломыг авах эрх нь нээгддэг. Б.Мийн одоогийн ажиллаж байгаа бага ангийн багш албан тушаалын тодорхойлтод багш мэргэжилтэй бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх гэсэн тусгай шаардлагыг хангасан байх ёстой. Тийм болохоор Б.Мийн албан тушаал дээд боловсролтой, бакалаврын зэрэгтэй байх тусгай шаардлагатай албан тушаал юм. Энэ нь Бага дунд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 Ерөнхий боловсролын сургуулийн багшийг багш бэлтгэдэг их сургууль, дээд сургууль, коллежид бэлтгэнэ гэж заасан. Боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт дээд боловсролын сургалтын байгууллага нь их сургууль, дээд сургууль, коллеж байна гэж заасан байдаг. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 63 дугаар хуудас/,

6. Гэрч Ч.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

...2019 оны 04 сараас БШУЯ-ны хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын даргаар ажиллаж байгаад 2021 оны 10 сараас Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар тус тус ажиллаж байна... БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалангийн 2021 оны 12 дугаар сард гаргасан тушаалын дагуу ажлын хэсэг байгуулагдаж дээд боловсрол, ерөнхий боловсрол, СӨБ, мэргэжлийн хяналтын байгууллага, боловсролын ерөнхий газраас тус тус хүмүүс ажлын хэсэгт орж ажилласан...

 ...2022 оны 03 сараас эхэлж 08 дугаар сарыг дуустал хийж гүйцэтгэсэн. Харин бусад ажлын хэсэгт орсон хүмүүс нь дээрх хүмүүсийг ажиллах нөхцөлөөр хангаж, мэдээллийг цэгцлэх цуглуулах хэлбэрээр ажилласан юм. Дээрх шалгалтын үр дүнгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа. Боловсролын салбарын мэдээллийн системийг хэзээнээс эхлэн ашигласныг сайн мэдэхгүй байна...

...Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан. Гэхдээ шалгалтын явцад цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм. Тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй. Нэг. Хувь хүнээс санаатайгаар, хуурамчаар үйлдсэн байж болзошгүй дипломын тамга, тэмдэг, гарын үсэг, дипломын дугаар, мэргэжлийн индекс, буруу /мэргэжлийн нэршил/, өөр хүний овог, нэр, регистрийн дугаар ашигласан зэрэг маш олон зөрчлүүдийг ойлгож байгаа юм. Эдгээр 4-5 баримт бичгийг тулгаж тогтоогдсон дипломуудыг хуурамч байж болзошгүй гэж үзээд бидний зүгээс зөрчилтэй дипломын тоонд оруулж цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлсэн юм. Хоёр. Их дээд сургуулиудын хүчингүй болгосон дипломын дугаар ашигласан, бүртгэлгүй дипломын дугаар ашигласан, их, дээд сургуулийн нэр зөрүүтэй төгсөгчдийн диплом алдаатай бичиглэл хийсэн, дипломын дугаарыг зөрүүлэн олгосон. /Өөр сургуулийн дипломын дугаар/, архивын бүрдэлд өгөөгүй, дугаар давхардуулан олгосон зэрэг зөрчлүүд байсан юм. Цагдаагийн байгууллагад хүргүүлсэн зөрчилтэй дипломууд нь дээрх бүх зөрчил давхардсан гэж ойлгож болохгүй. Дээрх зөрчлүүдийн аль нэг нь гарсан бөгөөд түүнийг нь бид нарын шалгалтдаа ашигласан 4-5 баримт бичиг тулгаж зөрчилтэй гарч байгаа илтэд хуурамч байж болзошгүй зөрчилтэй дипломуудын нэрс гарган явуулсан юм... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 65-67 дугаар хуудас/,

7. Гэрч Я.Н-г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын боловсрол соёлын хэлтэст боловсролын хяналтын улсын байцаагчаар 2010 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Энэ оны 03 дугаар сарын 02-ны өдөр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу БШУЯ-ны СӨБ-ын байгууллага, ЕБС-ийн багш удирдах ажилтны хяналт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Тухайн шалгалтыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч бүртгэлжүүлж, дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэлд тулгалт хийж ажилласан...

 ...Нийт 725 зөрчил тус тус илрээд байна. Үүнээс эхний 2 ангилалд хамрагдаж байгаа дипломын дугаар давхардсан 458, бүртгэлгүй дипломын дугаар ашигласан 145 боловсролын баримт бичгийг хуурамчаар үйлдэж ашигласан гэж үзэж байна. Шалгалтын хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтны ирүүлсэн дипломыг харахад бүртгэлийн дугаарыг засварласан нь илтэд мэдэгдэхүйц засварласан тамга, тэмдэг, гарын үсэг дутуу, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, бүртгэлийн дугаар давхардсан, хавсралтын бүрдэл дутуу, дипломын загвар буруу зэрэг зөрчлүүд 458 байсан. БШУЯ-наас дээд боловсролын байгууллагуудад олгогдсон дипломын дугаараас ондоо өөр дугаар тавигдсан. Мөн тухайн төгсөгчдийн. ДБ мэдээ бүртгэлгүй дипломын дугаар ашигласан 145 байсан. Төгсөгчдийн бүртгэлийг давхардуулж олгосон, алдаатай бичсэн зөрчил 13 байсан. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системд алдаатай шивэлт хийсэн 1 зөрчил байна. Хуурамчаар авч ашигласан дипломын дийлэнх нь МУИС, МУБИС-ийн диплом байсан. Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажлын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй тайлбар өгөөгүй байгаа. Мөн боловсролын мэдээллийн сангийн бүртгэлд /Esis программ/, боловсролын баримт бичгийг оруулсан боловч цахимаар буюу pdf файлаар материалаа ирүүлээгүй зөрчлүүд байгаа... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 70-72 дугаар хуудас/,

8. Гэрч А.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

...2005 оноос Дорнод аймгийн МХГ-т боловсролын хяналтын улсын байцаагчаар 2017 оныг хүртэл ажиллаж байгаад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар луу шилжээд одоог хүртэл ажиллаж байна. Тухайн үед БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалангийн тушаалын дагуу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд боловсролын баримт бичгийн үзлэг шалгалтын ажлын хэсэгт Н, Д, Б, С нарын хамт ажилласан юм. Тухайн шалгалтыг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд явуулсан бөгөөд нарийн тоон мэдээлэл бол бид нарын гаргасан дүгнэлтээс дэлгэрэнгүй харагдах байх...

...Бодлого боловсруулж гаргадаг эрх бүхий байгууллага буюу БШУЯ-наас тодруулах нь зүйтэй байх. Шалгалттай холбогдон тухайн багшийн бичиг баримтыг эх хувиар нь шалгаагүй. Тухайн их сургуулийн мэдээлэлтэй тулгалт огт хийгээгүй. Эс эс бүртгэл хийгдсэн эсэх. Үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт хийх. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системээс дипломын дугаараар хайлт хийх. Төгсөгчдийн статистик мэдээний баримт бичиг буюу Д.Б маягтаас хайлт хийх зэргээр шүүж илрүүлсэн юм. Ерөнхийдөө зөрчлөө тав ангилсан бөгөөд нэгийн нэг, нэгийн 2, нэгийн 3, нэгийн 4, нэгийн тав гэх маягаар бичилт хийсэн байгаа. Ангилсан кодыг уншихдаа нэгийн нэг дипломын дугаар давхацсан бусдын дипломын дугаарыг ашигласан. Нэгийн 2 дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй илтэд хуурамчаар үйлдсэн нэгийн 3.Тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон. Нэгийн 4 дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон. Нэгийн тав дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрсэн тус тус ангилсан юм. Дээрх зөрчлүүдээс нэгийн нэг нэгийн 2 кодтой зөрчил илэрсэн мэдээллийг танай байгууллагад хүргүүлж байгаа юм... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 74-76 дугаар хуудас/,  

9. Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

...БШУЯ-нд хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт мэргэжилтнээр ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна. Тухайн үед БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалангийн тушаалаар баталсан удирдамжийн хүрээнд хяналт шалгалтыг явуулсан юм. Тухайн хяналт шалгалтыг хийхдээ Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйл, 28.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, БШУЯ-ны бүтэц чиг үүргийг заасан ЗГ-ын тогтоолын дагуу тус тус хяналт шалгалтыг явуулсан юм. Миний хувьд тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан...

...Ерөнхийдөө маш олон тооны хүнийг шалгасан учраас эргэлзээтэй заавал үзэх шаардлагатай гэсэн цөөн тооны хүмүүсийн дипломыг эх хувиар нь үзсэн ба диплом олгосон их сургуулиас лавлагаа авсан байгаа. Ерөнхийдөө манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдөө архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн юм. Ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 78-80 дугаар хуудас/,

10. Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

...2020 оны 10 дугаар сараас хойш одоог хүртэл Боловсролын мэдээллийн технологийн төвийн систем хөгжүүлэлтийн хэлтэст ахлах хөгжүүлэгчээр ажиллаж байна. Манай салбарын сайд Л.Энх-Амгалангийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/446 дугаартай тушаалын дагуу ажлын хэсэгт орж ажилласан.

...Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг систем нотлох боломжгүй, зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил үе шаттайгаар тасралтгүй хийгдэж байна. Тиймээс системд бүртгэлгүй, шүүлт хийхэд байхгүй байна гэдэг нь системийн алдаа биш юм. Ажлын хэсгийн нэгтгэсэн хурал дээр зөрчлийг 5 ангилж байгаа гэсэн мэдээлэл өгч байсан болохоор дэлгэрэнгүй мэдээллийг ажлын хэсгийн нарийн бичиг Б.Доржхуягаас авч болно... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 83-85 дугаар хуудас/,

11. Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

...2020 оноос одоог хүртэл БШУЯ-ны цахим бодлого статистикийн хэлтэст СӨБ, ЕБС-ийн статистикийн мэдээ хариуцсан шинжээчээр ажиллаж байна. Миний ажлын чиг үүрэг нь салбарын статистик мэдээг нэгтгэх, хянах, тайлагнах үүрэгтэй байдаг. Манай салбарын сайд Л.Энх-Аамгалангийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/446 дугаартай тушаалын дагуу ажлын хэсэгт орж ажилласан...

...Боловсрол шинжлэх ухааны сайдын 2006 оны 480 дугаар тушаалаар батлагдсан дээд боловсролын диплом олгох журмын 4.1, 4.3 дугаар заалтын дагуу диплом олгох үйл ажиллагааг тухайн сургуулийн захирал үнэн зөвийг хариуцна гэсэн заалттай байдаг. БСШУС-ын сайдын 2020 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх ашиглах журмын 2.2.9, 3.2, 3.3, 3.4, 3.10.1-3.10.3 хүртэлх заалтуудын дагуу тухайн сургууль мэдээллийн санг баяжуулж, мэдээлэлд хяналт тавьж, үнэн зөв, бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулалттай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй. Тухайн сургуулийн захирлын тушаал сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн HEMIS программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их дээд сургууль хариуцахаар сайдын тушаал Статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг. ESIS систем бол боловсролын салбарын сургууль цэцэрлэгт ажиллаж байгаа багш ажилчдын мэдээллийн бүртгэл, дээд боловсролын удирдлага, мэдээллийн систем HEMIS буюу их дээд сургуулиудын хөдөлгөөн, статистикийн мэдээг цахимжуулсан систем, их дээд сургууль төгсөгчдийн мэдээний pdf, ДБ гэсэн үг нь их дээд сургууль төгсөгчдийн статистикийн мэдээний тайлан юм. Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг систем нотлох боломжгүй зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил үе шаттайгаар тасралтгүй хийгдэж байна. Тиймээс системд бүртгэлгүй шүүлт хийхэд байхгүй байна гэдэг нь системийн алдаа биш юм. Ажлын хэсгийн нэгтгэсэн хурал дээр зөрчлийг 5 ангилж байгаа гэсэн мэдээлэл өгч байсан болохоор дэлгэрэнгүй мэдээллийг ажлын хэсгийн нарийн бичиг Б.Д-с авч болно. HEMIS буюу дээд боловсролын удирдлагын мэдээллийн системийг бүрдүүлэхэд ашигладаг БШУЯ-ны сайдын тушаалыг хүлээлгэн өгье. Нийт 13 хуудас цаасан материал байгаа... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 87-91 дүгээр хуудас/,

12. Гэрч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

...Манай байгууллагын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 8и-2/8668 дугаартай албан бичгээр ирүүлсэн иргэд нь манай сургуулийг суралцаж төгссөн гэх нийт 400 орчим хүний мэдээлэл ирсэн бөгөөд түүний дагуу манай сургууль дээр ажлын хэсэг байгуулагдаж миний бие ахлагчаар нь ажиллаж байна. Одоогийн байдлаар нийт 196 хүний мэдээллийг нарийвчлан тулгалт хийж үзсэн ба үүнээс 12 иргэн суралцаж төгссөн нь үнэн байна. Харин үлдэгдэл иргэдийн хувьд бол манай сургуульд огт элсэн орж төгсөлт хийгээгүй, энэ талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байна. Үүнийг бол бидний зүгээс хуурамч диплом хийлгэсэн гэж үзэж байна. Ерөнхийдөө манай зүгээс мэдээллийг шүүхдээ элсэлт болон төгсөлт хийсэн захирлын тушаалыг үндэслэж хийж байгаа бөгөөд элсэлт төгсөлтийн тушаал давхацсан хүмүүсийг манай сургуулийг төгссөн гэж үзэж байгаа бөгөөд бусад иргэд нь төгсөлт болон элсэлтийн тушаал бусад мэдээлэл огт байхгүй байна. Манай сургуульд шилжин ирсэн хүмүүс дээрх нэр бүхий 400 иргэн дундаас одоогийн байдлаар хайлт хийсэн байгаа 196 хүн бол ямар нэгэн байдлаар шилжилт хийж ирээгүй хүмүүс байна. Бидний зүгээс элсэлт, төгсөлтийн тушаалыг үндэслэж манай сургуульд суралцаж төгссөн гэж яриад байгаа, тэрнээс биш бусад баримтад шүүлт хийж үзээгүй байна. Харин шаардлагатай тохиолдолд манай сургуулийг төгсөлт хийсэн иргэдийн төлбөрийн мэдээлэл, төгсөлтийн шалгалтын материал, дүнгийн нэгтгэл зэргийг шүүж нэмэлтээр мэдээлэл хийж өгч болно. Ерөнхийдөө үлдэгдэл иргэдийн шаардлагатай нэмэлт материалуудыг цуглуулж байгаа. Бүгд удахгүй шүүлт хийж дуусах байх гэж бодож байна... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 96-97 дугаар хуудас/

...Би МУБИС-ийн сургалтын хөтөлбөр, багшийн хөгжлийн албаны даргын албан тушаал хашиж байна. Энэ албан тушаалыг 2022 оны 02 дугаар сараас эхлэн авсан. Ер нь МУБИС-д 1996 оноос эхэлж ажиллаж байгаа бөгөөд багш, тэнхимийн эрхлэгч, албаны дарга гэсэн албан тушаалуудыг хашиж байна. Б.М гэх хүн манай сургуульд суралцаж байсан талаар мэдэхгүй байна. Сургалтын албаны дарга бол сургалтын ерөнхий бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд суралцаж байгаа оюутнуудыг нэг бүрчлэн таних боломжгүй. Ер нь багш бэлтгэх бүх хөтөлбөр 4 жил байдаг. Агуулгын багтаамж хамгийн багадаа 120 кредит хангасан байх ёстой. Мөн өдрийн 4 жилийн ангиуд дээр нэмж хөрвөх, эчнээ ангиуд нэмж авдаг юм. Хөрвөх анги бол өдрөөр 1 жил /өмнө нь багш мэргэжил эзэмшсэн хүн/ байдаг. Харин эчнээ анги бол 5 жил суралцдаг. Мөн хөрвөх ангийн эчнээ анги гэж байдаг бөгөөд энэ нь 1.5 жил суралцдаг. Сургуулийн өмнөх цэцэрлэгийн багш болох шаардлагын дагуу хичээлүүд заагддаг. Мөн бага ангийн багш болох шаардлагын дагуу 4 орчим хичээл ордог. МУБИС-н сургалт эрхлэх тусгай зөвшөөрлөөр зохицуулагдсан журмын дагуу суралцдаг. Б.Мийн бакалаврын диплом дээр гарын үсэг зурсан бүх хүмүүсийг танина. Дээрх хүмүүс нь 2009 онд манай сургуульд ажиллаж байсан. Ё.О нь тухайн үед Боловсролын сайд, МУБИС-н удирдах зөвлөлийн дарга байсан. Одоо элчин сайд гэж сонссон. Б.Ж багш бол МУБИС-н захирал байсан, одоо тэтгэвэртээ гарсан гэж сонссон. Ц.Б сургалт эрхэлсэн дэд захирал байсан. Одоо тэтгэвэртээ гарсан. Ц.Ц багш бол тухайн үед багшийн сургуулийн захирал байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарсан. Д.П багш сургалтын албаны дарга байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарсан. Харин Д.Э багш сургалтын албаны эрхлэгч байсан бөгөөд одоо нас барчихсан. Дээрх хүмүүс бакалаврын диплом дээр гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтан мөн. Бакалаврын диплом дээр бүх бичиглэл хийгдсэний дараа дотоод чанарын баталгаажуулалтын алба шалгасны дараа гарын үсэг зурах хүмүүс гарын үсэг зурдаг. Бичиглэл хийгдээгүй үед гарын үсэг зурах ямар ч боломжгүй юм... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 107 дугаар хуудас/,

 

13. Гэрч Б.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай эгч Б.М нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг Урсахын 1-9 тоотод нэг охин, хоёр хүү, нэг ач нарын хамт амьдардаг. Нөхөр нь автын ослоор 2021 онд нас барсан. М эгч төлөв даруу, үг дуу цөөтэй, янз бүрийн муухай ааш зан байхгүй, хамт олныхоо дунд нэр хүнд сайтай, олон жил багшийн ажил хийж байгаа хүн байгаа юм. Манай эгчийн хувьд ямар нэгэн муу зан байхгүй, амьдралынхаа төлөө зүтгэж яваа хүн байгаа юм... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 103 дугаар хуудас/,

 

14. Гэрч П.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Б.М нь 2019 онд үндсэн цалин 787 701 төгрөгийн цалинтай бөгөөд түүн дээр орон нутагт ажилласны нэмэгдэл 10% буюу 78 770 төгрөг, кабинетын нэмэгдэл 5% буюу 39 985 төгрөг, анги даалтын 10% буюу 78770 төгрөг, зэргийн нэмэгдэл 10% буюу 78770 төгрөг нэмэгддэг. Энэ нь түүний тогтмол цалин юм. Мөн улирал болон байгууллагын даргын шийдвэрээр үр дүнгийн урамшуулал 60 хүртэл хувь. Сар болгон байгууллагын даргын шийдвэрээр ур чадварын нэмэгдэл авдаг байсан. Энэ нь нийт жилийнхээ дүнгээр 14 551 431 төгрөг болсон байна. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэл 1 630 571 төгрөг, ХХОАТ-т 1 090 862 төгрөг, үйлдвэрчний эвлэлд 76 264 төгрөг, нийт суутгал 2 797 697 төгрөг суутгагдсан байна. Ингээд нийт жилийнхээ гарт олгосон нь 11 753 734 төгрөг байна. 2020 онд үндсэн цалин 850 717 төгрөгийн цалинтай бөгөөд түүн дээр орон нутагт ажилласны нэмэгдэл 10% буюу 85 072 төгрөг, анги даалтын 10% буюу 85 072  төгрөг, зэргийн нэмэгдэл 10% буюу 85 072  төгрөг, төрийн албаны нэмэгдэл 25 хувь буюу 212 679 төгрөг,  мөн улирал болон байгууллагын даргын шийдвэрээр үр дүнгийн урамшуулал 60 хүртэл хувь, сар болгон байгууллагын даргын шийдвэрээр ур чадварын нэмэгдэл авдаг байсан. Энэ нь нийт жилийнхээ дүнгээр 17 414 852 төгрөг болсон байна. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэл 2 002 706 төгрөг, ХХОАТ-т 1 365 213 төгрөг, үйлдвэрчний эвлэлд 81 595 төгрөг, нийт суутгал 3 492 358 төгрөг суутгагдсан байна. Ингээд нийт жилийнхээ гарт олгосон нь 13 922 494 төгрөг байна. 2021 онд үндсэн цалин 850 717 төгрөгийн цалинтай бөгөөд түүн дээр орон нутагт ажилласны нэмэгдэл 10% буюу 85 072 төгрөг, анги даалтын 10% буюу 85 072  төгрөг, зэргийн нэмэгдэл 10% буюу 85 072  төгрөг, төрийн албаны нэмэгдэл 25 хувь буюу 212 679 төгрөг,  илүү цагийн нэмэгдэл, мөн улирал болон байгууллагын даргын шийдвэрээр үр дүнгийн урамшуулал 60 хүртэл хувь, сар болгон байгууллагын даргын шийдвэрээр ур чадварын нэмэгдэл авдаг байсан. Энэ нь нийт жилийнхээ дүнгээр 17 939 014 төгрөг болсон байна. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэл 2 172 902 төгрөг, ХХОАТ-т 1 400 611 төгрөг, үйлдвэрчний эвлэлд 81 203 төгрөг, бусад суутгал 499 373 төгрөг, нийт суутгал 4 154 089 төгрөг суутгагдсан байна. Ингээд нийт жилийнхээ гарт олгосон нь 13 784 925 төгрөг байна. 2022 онд үндсэн цалин 1 055 387 төгрөгийн цалинтай бөгөөд түүн дээр орон нутагт ажилласны нэмэгдэл 10% буюу 105 539 төгрөг, анги даалтын 10% буюу 105 539 төгрөг, зэргийн нэмэгдэл 10% буюу 105 539 төгрөг, төрийн албаны нэмэгдэл 25 хувь буюу 263 846 төгрөг,  илүү цагийн нэмэгдэл, мөн улирал болон байгууллагын даргын шийдвэрээр үр дүнгийн урамшуулал 60 хүртэл хувь, сар болгон байгууллагын даргын шийдвэрээр ур чадварын нэмэгдэл авдаг байсан. Энэ нь нийт жилийнхээ дүнгээр 20 560 803 төгрөг болсон байна. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэл 2 360 492 төгрөг, ХХОАТ-т 1 613 631 төгрөг, үйлдвэрчний эвлэлд 94 833 төгрөг, нийт суутгал 4 072 956 төгрөг суутгагдсан байна. Ингээд нийт жилийнхээ гарт олгосон нь 16 487 847 төгрөг байна. Үүнээс өмнөх цалингийн тодрхойлолт гарах боломжгүй байна. 2019 онд санхүүгийн программыг шинэчлээд шинэ программ суулгасан болохоор түүнээс өмнөх нь устсан байна. Санхүүгийн баримт нь архивт байгаа... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 110-111 дүгээр хуудас/,

 

15. Гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Манай Нийгмийн даатгалын мэдээллийн сангаас гарч байгаа цалингийн лавлагаа нь ажил олгогч байгууллагын иргэнд олговол зохих цалин хөлс байдаг бөгөөд түүнээс нийгмийн даатгалын шимтгэл, суутгал тооцогддог. Иймд цалингийн лавлагаа нь нийгмийн даатгалын шимтгэл, татвар болон бусад суутгалаас өмнөх цалин буюу бохир дүнгээр бодогдсон цалин юм. Энэ цалингаас ажил олгогч ажлын байрны нөхцөлөөс хамаарч ажил олгогч, даатгуулагч нийлээд 24-26 хувийн шимтгэл төлдөг. Тэгэхээр нийгмийн даатгалын мэдээллийн сангаас гарч байгаа лавлагаа нь зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх талаарх цалин хөлсний лавлагаа бөгөөд тухайн иргэний гарт олгох цалин хөлсийг нарийвчлан гаргах боломжгүй байдаг. Харин аймгийн Архивын тасаг болон тухайн ажил олгогч байгууллагаас гарч байгаа цалингийн мэдээлэл нь илүү дэлгэрэнгүй буюу тухайн иргэний олговол зохих цалингаас суутгал, нэмэгдэл зэргийг хасаад цэвэр хэдэн төгрөгийн цалинг гарт олгох зэргийг нарийвчлан гаргаж болдог... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 38 дугаар хуудас/,

16. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 009/008 дугаартай дүгнэлтэд:

- Шинжилгээнд ирүүлсэн диплом хуурамч байна.

- Диплом болон хавсралт дээр байх бичиглэл болон тамга нь цаасан дээр будаг нь тархсан, замбараагүй олон цэгүүд цацагдаж тархсан, хэвлэлийн мэдээлэл, дүрс сарнисан, цаасанд гүн шингэж орсон зэрэг шинж тэмдгүүд илэрч байх тул Inkjet хэвлэлийн арга ашиглан хэвлэж хуулбарласан байна.

Дүгнэлт гаргасан шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Билгүүн гэжээ. /1 дүгээр хх-ийн 114-118 дугаар/,

17. Боловсрол шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга, танилцуулгын хавсралт /1 дүгээр хх-ийн 28-35 дугаар хуудас/,

 

18. Монгол Улсын боловсролын их сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 3/1230 дугаартай албан бичиг, түүний хавсралт /1 дүгээр хх-ийн 98-99 дүгээр хуудас/,

19. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирал Ш.Ж2008 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 112 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал /1 дүгээр хх-ийн 160 дугаар хуудас/,

20. Шивээговь сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багшийн ажлын байрны тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 171-172 дугаар хуудас/,

21. Хөдөлмөрийн гэрээ /1 дүгээр хх-ийн 173-175 дугаар хуудас/,

22. Б.Мийн цалингийн жагсаалт, картын хуулбарууд /хх-ийн 2-р хавтас 52-61, 63-64 дүгээр хуудас/

23. Говьсүмбэр аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ГСА-2023-22/03-18 дугаартай шинжээчийн дүгнэлт,

24. Шүүгдэгч Б.Мийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 142 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгчид холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Б.М нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирал Ш.Ж2008 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 112 дугаартай тушаалаар бага ангийн багшийн ажилд томилогдон ажиллаж байгаад тус албан тушаалд боловсролын бакалавраас доошгүй зэрэгтэй байх шаардлага тавигдсаны дагуу Монгол Улсын Боловсролын Их сургуулийг бага ангийн багш мэргэжлээр төгсөөгүй байж 2009 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төгссөн гэх D2009011059 дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ашиглан ажиллаж 113 096 066 төгрөгийн орлого олсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Мийн өмгөөлөгч Г.Энхжаргал гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Б.М нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд өмгөөлөгч миний хувьд маргах зүйл байхгүй. Харин шүүгдэгч Б.Мээс хууль бус орлого олсон гэх 113 096 066 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие бусад шүүхийн шийтгэх тогтоолуудыг судалж үзсэн. Говьсүмбэрийн шүүхээс бусад шүүх уг хохиролыг гаргаж шийдэхгүй байгаа юм байна лээ. Өнөөдөр хүн 8 000 000 төгрөгийн зээлээ яаж төлнө гэж бодож байхад энэ 113 096 066 төгрөгийг насаараа төлөөд ч барагдуулж чадахгүй их мөнгө. Иймд шүүхээс энэрэнгүй ёсны зарчмыг баримталж уг төлбөрийг жичдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэж өгнө үү ” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Б.М нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирал Ш.Ж2008 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 112 дугаартай тушаалаар бага ангийн багшийн ажилд томилогдон ажиллаж байгаад тус албан тушаалд боловсролын бакалавраас доошгүй зэрэгтэй байх шаардлага тавигдсаны дагуу Монгол Улсын Боловсролын Их сургуулийг бага ангийн багш мэргэжлээр төгсөөгүй байж 2009 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төгссөн гэх D2009011059 дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ашиглан ажиллаж 37 969 950 төгрөгийн орлого олсон үйл баримт болсон байна.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.М нь боловсролын үнэмлэх, диплом хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Хуурамч баримт бичиг гэж албан ёсны баримт бичгийг бүхий л арга, хэрэгсэл ашиглан, бүрэн дуурайлгаж буюу хэсэгчлэн (тамга тэмдэг, гарын үсгийг хуурамчаар үйлдэх, бичвэрийн агуулгыг өөрчлөх буюу засварлах) өөрчлөхийг хэлнэ.

Түүнчлэн шүүгдэгч Б.М нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийг бага ангийн багш мэргэжлээр төгсөөгүй байж 2009 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төгссөн гэх D2009011059 дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.О, С.Э, А.З, гэрч Я.Н, А.Т, Б.Д, Б.Ц нарын мэдүүлэг Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 009/008 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ. 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.М нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Б.Мийг хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт ““Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Мийн өмгөөлөгч Г.Энхжаргал нь шүүгдэгч Б.Мээс хууль бус орлого олсон гэх 113 096 066 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие бусад шүүхийн шийтгэх тогтоолуудыг судалж үзсэн. Говьсүмбэрийн шүүхээс бусад шүүх уг хохиролыг гаргаж шийдэхгүй байгаа юм байна лээ” гэх дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна гэж шүүхээс үзлээ. Учир нь:

Эрх зүйн онолын үүднээс Монгол Улс нь Ром-Германы буюу Эх газрын эрх зүйн бүлд хамаардаг. Уг эрх зүйн бүлтэй улсын шүүх нь тухайн цаг үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид нийцүүлж хэрэг маргааныг хянан шийдвэрлэдэг. Харин Англо-Саксон буюу Далайн орнуудын эрх зүйн бүлд хамаарагддаг улсын хувьд шүүх нь урьд шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэвшүүлэн хэрэглэдэг онцлогтой. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Шүүгч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ аливаа этгээдээс хараат бус байж, гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд захирагдана.” гэж заасан байх тул өмгөөлөгч Г.Энхжаргалаас гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.Мийн гэмт үйлдэл нь 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш удааширсан үйлдэл бөгөөд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн бага ангийн багшаар ажиллаж байгаад 2022 оны 09 дүгээр сард цагдаагийн байгууллагад мэдээлэл ирж, энэхүү мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шаардлагатай ажиллагаа хийгдэж, нотлох баримтуудыг цуглуулж, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол гарснаар ажил олгогч хуурамч диплом гэдгийг мэдэх боломж бүрдсэн, таслан зогсоох боломжтой болсон цаг хугацааг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэх нь зүйтэй байна.

Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Б.М нь 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн бага ангийн багшаар ажиллахдаа хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашиглан гэмт санаагаа хэрэгжүүлсээр байсан тул түүний энэхүү хууль бус үйлдлийн улмаас олсон ашгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх нь зүйтэй байна.

Гэхдээ шүүгдэгч Б.М нь тухайн сургуульд бага ангийн багшаар томилогдсоноор хөдөлмөр эрхлэлтийн харилцааны буюу төрийн албаны шинжтэй харилцаа үүсч тодорхой ажил, үүргийг гүйцэтгэсэн байх тул түүний гарт авсан цалин болох 113 096 066 /нэг зуун арван гурван сая ерэн зургаан мянга жаран зургаа/ төгрөгийг бүхэлд нь гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь хуульд нийцэхгүй байна гэж үзлээ.

Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах... эрхтэй.” гэж заасан. Шүүгдэгч Б.М нь 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тасралтгүй ажил эрхэлж байсан, түүний өөрийн болон гэр бүлээ тэжээх амьжиргааны зайлшгүй хэрэгцээ, шаардлагатай нөхцөлийг харгалзан тухайн цаг үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг тооцож улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Мийн гэмт үйлдлийн улмаас учирсан хохирлыг 2008 оны 01 дүгээр сарын 01-нээс 2011 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр хүртэл мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох сарын 108000 төгрөг, 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 31-ны өдөр хүртэл мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох сарын 140400 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох сарын 192000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох сарын 240000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох сарын 420000 төгрөгөөр тус тус тооцоход шүүгдэгч Б.М нь 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд бага ангийн багшаар ажиллахдаа нийт 37 969 950 /гучин долоон сая есөн зуун жаран есөн мянга есөн зуун тавь/ төгрөгийн хохирлыг улсын төсөвт учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мээс гэмт хэрэг үйлдэж олсон орлогод тооцон 37969950 /гучин долоон сая есөн зуун жаран есөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг хурааж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

            ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнийг уг зүйлд зааснаар 560 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 560 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргал нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “миний үйлчлүүлэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрдөг. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.Мийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдлээ.

 

            Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн D2009011059 дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн диплом 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                               

                                                   ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт Б-ийн М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Б.Мээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 37 969 950 /гучин долоон сая есөн зуун жаран есөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн D2009011059 дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн диплом 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

            8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

   9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.ЭНХМАНДАХ