| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2023/0072/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/69 |
| Огноо | 2023-08-22 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
шүүгдэгч Ш.Ц, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Ш-ын Ц-д холбогдох эрүүгийн 2209000002271 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-нд Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .., ам бүл .., нөхөр, охин, хүргэний .. оршин суух, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэлгүй гэх Т овогт Ш-ын Ц-д /РД: ЗБ/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ш.Ц нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2007 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 26 дугаартай тушаалаар багшийн ажилд томилогдон ажиллаж байгаад тус албан тушаалд боловсролын бакалавраас доошгүй зэрэгтэй байх шаардлага тавигдсаны дагуу Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Сургуулийн өмнөх Боловсролын сургуулийг боловсролын багш, арга зүйч мэргэжлээр төгсөөгүй байж Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Сургуулийн өмнөх Боловсролын сургуулийн D200815873 дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 30 дугаартай тушаалаар бэлтгэл бүлгийн багшаар, Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/32 дугаартай тушаалаар арга зүйчээр, Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/18 дугаартай тушаалаар багшаар, Сүмбэр сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай тушаалаар арга зүйчээр тус тус ажилд орж 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ашиглаж, 167,176,774 төгрөгийн орлого олсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Ц-д холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2209000002271 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Ш.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Би туслах багш байхдаа мэргэжлээ дээшлүүлэхээр Монгол Улсын Боловсролын Их сургуулийг 4.5 жилийн эчнээгээр 2003-2008 онд сурдаг байсан. Жилд 2 удаа 11 дүгээр сард очиж сурна. Сургуулиас сурч байгаа хүнийг энэ хугацаанд явуулах тухай албан тоот явуулдаг байсан. Хавар, намар 45, 45 хоногоор явахдаа би цалингүй явдаг байсан. Хамгийн сүүлд төгсөхдөө сургуулийн 2 жилийн төлбөрийг төлөөгүй байсан. Анх намайг ороход 190 000 төгрөг байж байгаад төгсөхөд 240 000 төгрөг болсон. Улсын нэг шалгалтыг өгөлгүйгээр хаячихаад хүрээд ирсэн. Төлбөрөө төлчих юм бол дадлагаа хийгээд хамгаалчихсан учраас багшлах эрх, дипломоо авч болно гэсэн учраас манай ээж дараа нь яваад миний дипломыг аваад ирсэн. Би энэ дипломыг шинжээчийн дүгнэлтийг гарах хүртэл хуурамч гэж мэдээгүй байсан гэв.
2. Шинжээч Э.Цэлмэгбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Ш.Ц нь гарт нийгмийн даатгалын суутгал, хувь хүний орлогын албан татвар, бусад суутгал, үйлдвэрчний эвлэлийн татвар, хамтын санг хасаад 127 137 816 төгрөгний цалин хөлсийг гар дээрээ авсан байгаа. Энэ нь ажлаас чөлөөлөгдөх хүртэл гарт авсан цалин. 2022 оны 11 дүгээр сарын 15-нийг хүртэл санхүүгийн баримтаар гарах боломжгүй байсан болохоор 11 дүгээр сарын 30-ны өдрөөр гарсан байгаа. Энэ өдрийн байдлаар 116 650 809 төгрөгний цалин хөлсийг суутгалаа хасаад гарт цэвэр дүнгээр авсан цалин байгаа гэв.
3. Хохирогч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
...2022 оны 04 дүгээр сараас хойш одоог хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Боловсролын ерөнхий газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байна. БШУЯ-наас багш нарын диплом бичиг баримтад шалгалт хийсэн талаарх асуудлыг сайдын мэдээллээс танилцаж байсан. Гэхдээ миний бие ажлын хэсэгт нь орж ажилласан асуудал байхгүй. Манай байгууллага нь БШУЯ-ны хэрэгжүүлэгч агентлаг буюу яамны бодлого шийдвэрийг хэрэгжүүлэгч чиг үүрэг бүхий байгууллага гэж ойлгож болно. Тус хэрэг дээр намайг хохирогчоор тогтоох тухай албан бичгийг цагдаагийн байгууллагад хүргүүлсний дагуу ирж мэдүүлэг өгч байна. Миний бие БШУЯ-ыг төлөөлж яг гомдолтой нэхэмжлэх зүйлийн талаар хэлэх боломжгүй байна. Энэ талаар холбогдох дарга удирдлага болон Боловсролын яамны удирдах албан тушаалтнуудад танилцуулж байж санал, хүсэлт, гомдлоо хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Мөн Боловсролын яамнаас хяналт шалгалт явуулсан ажлын хэсгийн хяналт шалгалтын зорилго үр дагаврын талаарх мэдээлэл байхгүй байгаа нь хариулт хэлэх боломжгүй нөхцөл байдалд хүргээд байна. Манай яамнаас одоогоор хуурамч диплом гаргуулан авч ажилд орсон багш нартай холбоотойгоор тооцож тогтоосон хохирол байхгүй. Тиймээс дээрх хуурамч диплом бүхий багш нараас нэхэмжлэх зүйл байхгүй. Харин манай байгууллагын зүгээс дээрх багш нарыг хууль хяналтын байгууллагаар шалгаад зохих хуулийн дагуу арга хэмжээ авагдаж хэрэг нь шийдэгдээсэй гэсэн хүсэлтэй байгаа... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 110-115 дугаар хуудас/,
4. Хохирогч Ж.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Ц нь манай цэцэрлэгт 2007 оны 9 сард 5 дугаар цэцэрлэгээс шилжин ирж ажиллаж байгаад 2018 оны 8 сард буцаад 5 дугаар цэцэрлэг рүү ажиллахаар явсан. Ц нь манай цэцэрлэгт ажиллах байхдаа цэцэрлэгийн багш хийдэг байсан. Тухайн үед би цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан. Ц манай цэцэрлэгт ажиллаж байх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар зэргийг хасаад нийт 2 603 272 төгрөгийн цалин хөлс авч байсан. 2007 онд цэцэрлэгийн багшийн ажил авахын тулд дээд боловсролтой сургуулийн өмнөх боловсролын багш гэсэн мэргэжилтэй байхыг шаарддаг байсан. Мөн цэцэрлэгийн багшийн техникум, коллежид сурч төгссөн бол багшаар ажилд авч болдог байсан. Цын бакалаврын дипломыг би хуурамч гэдгийг мэдээгүй. Миний бодлоор би Цын холбогдох бичиг баримтыг шалгаж байгаад ажилд авсан. Гэхдээ 16 жилийн өмнө болсон асуудал болохоор сайн санахгүй байна. Мөн өмнө нь 5 дугаар цэцэрлэгт багшаар ажиллаж байсан болохоор бакалаврын дипломтой, дээд боловсролтой гэж бодож байсан. Манай байгууллагын зүгээс Цтай холбоотой гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь Ц нь тухайн үед Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс авч байсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 166 дугаар хуудас/,
5. Хохирогч Б.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Ш.Ц нь манай цэцэрлэгт 2000 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл туслах багш, багш, арга зүйчээр ажиллаж байсан. Ц нь манай цэцэрлэгт ажиллаж байхдаа хэд хэдэн удаа өөр цэцэрлэгт шилжин томилогдож ажлын байраа өөрчилж байсан. Тушаалаас харахад Ц нь 2000 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2005 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл туслах багш, 2005 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл бүлгийн багш, 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл арга зүйч, 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл багшаар ажиллаж байгаад 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 6 дугаар цэцэрлэгт арга зүйчээр шилжин томилогдож ажиллаж байгаа. Цэцэрлэгт туслах багшаар ажиллахын тулд мэргэжлийн сургалтад хамрагдсан байхыг шаарддаг. Харин багш арга зүйчээр ажиллахын тулд дээд буюу бакалаврын боловсролтой, цэцэрлэгийн багшийн мэргэжлийг эзэмшсэн байх ёстой. Энэ шаардлагыг Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд заасан байдаг бөгөөд сургуулийн өмнөх боловсролын багш нь цэцэрлэгийн багш мэргэжилтэй, бакалаврын боловсролтой хүн байна гэж заасан байдаг. Ш.Цын бакалаврын дипломийг хуурамч гэдгийг мэдээгүй. Ц нь олон жил ажилласан туршлагатай ур чадварын хувьд сайн багш. Манай байгууллагын зүгээс Цтай холбоотойгоор гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 170 дугаар хуудас/,
6. Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Ц нь манай цэцэрлэгт 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс одоог хүртэл арга зүйчээр ажиллаж байгаа. Энэ хугацаанд шилжин томилогдсон, ажлын байр солигдсон зүйл байхгүй. Арга зүйч нь ажил эрхлэлтийн хувьд бусад багш нараа удирдаж сургалт арга зүйгээр хангаж ажилладаг бөгөөд дээд буюу бакалаврын боловсролтой, мөн бусад багш нараа удирдан чиглүүлж ажилладаг болохоор олон жил ажилласан туршлагатай байхыг шаарддаг. Энэ шаардлагыг Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд заасан бөгөөд сургуулийн өмнөх боловсролын багш нь цэцэрлэгийн багш мэргэжилтэй, бакалаврын боловсролтой хүн байна гэж заасан байдаг. Ш.Цын бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдээгүй. Ш.Цыг ажилд авахдаа холбогдох баримт бичгийг буюу бакалаврын дипломыг шалгаж ажилд авсан. Манай байгууллагын зүгээс Ш.Цтай холбоотой гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 174 дүгээр хуудас/,
7. Хохирогч А.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Би 2010 онд Боловсролын соёл урлагийн газрын даргаар ажиллаж байхад Ц 5 дугаар цэцэрлэгт багш, арга зүйчээр ажиллаж байсан. Одоогоор 6 дугаар цэцэрлэгт арга зүйчээр ажиллаж байгаа. Би Цтай нэг салбарт олон жил ажилласан болохоор танина. Садан төрлийн холбоо байхгүй. Ш.Цыг би арга зүйн ажлын туршлага чадвар сайтай багш гэж дүгнэдэг. Ш.Цын одоогийн ажиллаж байгаа цэцэрлэгийн арга зүйчийн албан тушаалын тодорхойлолт нь цэцэрлэгийн багшаар 8-аас доошгүй жил ажилласан, бакалаврын зэрэгтэй байх гэсэн шаардлагыг хангасан байх ёстой байдаг. Тийм болохоор Цын албан тушаал дээд боловсролтой, бакалаврын зэрэгтэй байх тусгай шаардлагатай албан тушаал юм. Цэцэрлэгийн багшийн бакалаврын дипломыг боловсролын чиглэлийн кредит хөтөлбөртэй сургуулийн 120 орчим кредит цуглуулж, боловсролын менежмент, багшлах арга зүй, сургалтын хөтөлбөр, сэтгэл судлал гэх мэт хичээлийг судалсан байх шаардлагатай байдаг. Өдрийн анги болон эчнээ хэлбэрээр 4 жилээр суралцаж байж бакалаврын дипломыг авах эрх нь нээгддэг. Энэ нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй багш ажиллана” гэж заасан байдаг. Манай боловсролын газрын зүгээс Ш.Цтай холбоотой гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 179 дүгээр хуудас/,
8. Гэрч Ч.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
...2019 оны 04 сараас БШУЯ-ны хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын даргаар ажиллаж байгаад 2021 оны 10 сараас Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар тус тус ажиллаж байна... БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалангийн 2021 оны 12 дугаар сард гаргасан тушаалын дагуу ажлын хэсэг байгуулагдаж дээд боловсрол, ерөнхий боловсрол, СӨБ, мэргэжлийн хяналтын байгууллага, боловсролын ерөнхий газраас тус тус хүмүүс ажлын хэсэгт орж ажилласан...
...2022 оны 03 сараас эхэлж 08 дугаар сарыг дуустал хийж гүйцэтгэсэн. Харин бусад ажлын хэсэгт орсон хүмүүс нь дээрх хүмүүсийг ажиллах нөхцөлөөр хангаж, мэдээллийг цэгцлэх цуглуулах хэлбэрээр ажилласан юм. Дээрх шалгалтын үр дүнгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа. Боловсролын салбарын мэдээллийн системийг хэзээнээс эхлэн ашигласныг сайн мэдэхгүй байна...
...Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан. Гэхдээ шалгалтын явцад цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм. Тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй. Нэг. Хувь хүнээс санаатайгаар, хуурамчаар үйлдсэн байж болзошгүй дипломын тамга, тэмдэг, гарын үсэг, дипломын дугаар, мэргэжлийн индекс, буруу /мэргэжлийн нэршил/, өөр хүний овог, нэр, регистрийн дугаар ашигласан зэрэг маш олон зөрчлүүдийг ойлгож байгаа юм. Эдгээр 4-5 баримт бичгийг тулгаж тогтоогдсон дипломуудыг хуурамч байж болзошгүй гэж үзээд бидний зүгээс зөрчилтэй дипломын тоонд оруулж цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлсэн юм. Хоёр. Их дээд сургуулиудын хүчингүй болгосон дипломын дугаар ашигласан, бүртгэлгүй дипломын дугаар ашигласан, их, дээд сургуулийн нэр зөрүүтэй төгсөгчдийн диплом алдаатай бичиглэл хийсэн, дипломын дугаарыг зөрүүлэн олгосон. /Өөр сургуулийн дипломын дугаар/, архивын бүрдэлд өгөөгүй, дугаар давхардуулан олгосон зэрэг зөрчлүүд байсан юм. Цагдаагийн байгууллагад хүргүүлсэн зөрчилтэй дипломууд нь дээрх бүх зөрчил давхардсан гэж ойлгож болохгүй. Дээрх зөрчлүүдийн аль нэг нь гарсан бөгөөд түүнийг нь бид нарын шалгалтдаа ашигласан 4-5 баримт бичиг тулгаж зөрчилтэй гарч байгаа илтэд хуурамч байж болзошгүй зөрчилтэй дипломуудын нэрс гарган явуулсан юм... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 37-39 дүгээр хуудас/,
9. Гэрч Я.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Би Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын боловсрол соёлын хэлтэст боловсролын хяналтын улсын байцаагчаар 2010 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Энэ оны 03 дугаар сарын 02-ны өдөр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу БШУЯ-ны СӨБ-ын байгууллага, ЕБС-ийн багш удирдах ажилтны хяналт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Тухайн шалгалтыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч бүртгэлжүүлж, дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэлд тулгалт хийж ажилласан...
...Нийт 725 зөрчил тус тус илрээд байна. Үүнээс эхний 2 ангилалд хамрагдаж байгаа дипломын дугаар давхардсан 458, бүртгэлгүй дипломын дугаар ашигласан 145 боловсролын баримт бичгийг хуурамчаар үйлдэж ашигласан гэж үзэж байна. Шалгалтын хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтны ирүүлсэн дипломыг харахад бүртгэлийн дугаарыг засварласан нь илтэд мэдэгдэхүйц засварласан тамга, тэмдэг, гарын үсэг дутуу, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, бүртгэлийн дугаар давхардсан, хавсралтын бүрдэл дутуу, дипломын загвар буруу зэрэг зөрчлүүд 458 байсан. БШУЯ-наас дээд боловсролын байгууллагуудад олгогдсон дипломын дугаараас ондоо өөр дугаар тавигдсан. Мөн тухайн төгсөгчдийн. ДБ мэдээ бүртгэлгүй дипломын дугаар ашигласан 145 байсан. Төгсөгчдийн бүртгэлийг давхардуулж олгосон, алдаатай бичсэн зөрчил 13 байсан. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системд алдаатай шивэлт хийсэн 1 зөрчил байна. Хуурамчаар авч ашигласан дипломын дийлэнх нь МУИС, МУБИС-ийн диплом байсан. Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажлын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй тайлбар өгөөгүй байгаа. Мөн боловсролын мэдээллийн сангийн бүртгэлд /Esis программ/, боловсролын баримт бичгийг оруулсан боловч цахимаар буюу pdf файлаар материалаа ирүүлээгүй зөрчлүүд байгаа... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 42-44 дүгээр хуудас/,
10. Гэрч А.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
...2005 оноос Дорнод аймгийн МХГ-т боловсролын хяналтын улсын байцаагчаар 2017 оныг хүртэл ажиллаж байгаад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар луу шилжээд одоог хүртэл ажиллаж байна. Тухайн үед БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалангийн тушаалын дагуу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд боловсролын баримт бичгийн үзлэг шалгалтын ажлын хэсэгт Н, Д, Б, С
нарын хамт ажилласан юм. Тухайн шалгалтыг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд явуулсан бөгөөд нарийн тоон мэдээлэл бол бид нарын гаргасан дүгнэлтээс дэлгэрэнгүй харагдах байх...
...Бодлого боловсруулж гаргадаг эрх бүхий байгууллага буюу БШУЯ-наас тодруулах нь зүйтэй байх. Шалгалттай холбогдон тухайн багшийн бичиг баримтыг эх хувиар нь шалгаагүй. Тухайн их сургуулийн мэдээлэлтэй тулгалт огт хийгээгүй. Эс эс бүртгэл хийгдсэн эсэх. Үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт хийх. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системээс дипломын дугаараар хайлт хийх. Төгсөгчдийн статистик мэдээний баримт бичиг буюу Д.Б маягтаас хайлт хийх зэргээр шүүж илрүүлсэн юм. Ерөнхийдөө зөрчлөө тав ангилсан бөгөөд нэгийн нэг, нэгийн 2, нэгийн 3, нэгийн 4, нэгийн тав гэх маягаар бичилт хийсэн байгаа. Ангилсан кодыг уншихдаа нэгийн нэг дипломын дугаар давхацсан бусдын дипломын дугаарыг ашигласан. Нэгийн 2 дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй илтэд хуурамчаар үйлдсэн нэгийн 3.Тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон. Нэгийн 4 дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон. Нэгийн тав дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрсэн тус тус ангилсан юм. Дээрх зөрчлүүдээс нэгийн нэг нэгийн 2 кодтой зөрчил илэрсэн мэдээллийг танай байгууллагад хүргүүлж байгаа юм... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 46-48 дугаар хуудас/,
11. Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
...БШУЯ-нд хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт мэргэжилтнээр ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна. Тухайн үед БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалангийн тушаалаар баталсан удирдамжийн хүрээнд хяналт шалгалтыг явуулсан юм. Тухайн хяналт шалгалтыг хийхдээ Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйл, 28.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, БШУЯ-ны бүтэц чиг үүргийг заасан ЗГ-ын тогтоолын дагуу тус тус хяналт шалгалтыг явуулсан юм. Миний хувьд тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан...
...Ерөнхийдөө маш олон тооны хүнийг шалгасан учраас эргэлзээтэй заавал үзэх шаардлагатай гэсэн цөөн тооны хүмүүсийн дипломыг эх хувиар нь үзсэн ба диплом олгосон их сургуулиас лавлагаа авсан байгаа. Ерөнхийдөө манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдөө архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн юм. Ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 50-52 дугаар хуудас/,
12. Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
...2020 оны 10 дугаар сараас хойш одоог хүртэл Боловсролын мэдээллийн технологийн төвийн систем хөгжүүлэлтийн хэлтэст ахлах хөгжүүлэгчээр ажиллаж байна. Манай салбарын сайд Л.Энх-Амгалангийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/446 дугаартай тушаалын дагуу ажлын хэсэгт орж ажилласан.
...Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг систем нотлох боломжгүй, зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил үе шаттайгаар тасралтгүй хийгдэж байна. Тиймээс системд бүртгэлгүй, шүүлт хийхэд байхгүй байна гэдэг нь системийн алдаа биш юм. Ажлын хэсгийн нэгтгэсэн хурал дээр зөрчлийг 5 ангилж байгаа гэсэн мэдээлэл өгч байсан болохоор дэлгэрэнгүй мэдээллийг ажлын хэсгийн нарийн бичиг Б.Д-с авч болно... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 55-57 дугаар хуудас/,
13. Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
...2020 оноос одоог хүртэл БШУЯ-ны цахим бодлого статистикийн хэлтэст СӨБ, ЕБС-ийн статистикийн мэдээ хариуцсан шинжээчээр ажиллаж байна. Миний ажлын чиг үүрэг нь салбарын статистик мэдээг нэгтгэх, хянах, тайлагнах үүрэгтэй байдаг. Манай салбарын сайд Л.Энх-Аамгалангийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/446 дугаартай тушаалын дагуу ажлын хэсэгт орж ажилласан...
...Боловсрол шинжлэх ухааны сайдын 2006 оны 480 дугаар тушаалаар батлагдсан дээд боловсролын диплом олгох журмын 4.1, 4.3 дугаар заалтын дагуу диплом олгох үйл ажиллагааг тухайн сургуулийн захирал үнэн зөвийг хариуцна гэсэн заалттай байдаг. БСШУС-ын сайдын 2020 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх ашиглах журмын 2.2.9, 3.2, 3.3, 3.4, 3.10.1-3.10.3 хүртэлх заалтуудын дагуу тухайн сургууль мэдээллийн санг баяжуулж, мэдээлэлд хяналт тавьж, үнэн зөв, бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулалттай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй. Тухайн сургуулийн захирлын тушаал сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн HEMIS программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их дээд сургууль хариуцахаар сайдын тушаал Статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг. ESIS систем бол боловсролын салбарын сургууль цэцэрлэгт ажиллаж байгаа багш ажилчдын мэдээллийн бүртгэл, дээд боловсролын удирдлага, мэдээллийн систем HEMIS буюу их дээд сургуулиудын хөдөлгөөн, статистикийн мэдээг цахимжуулсан систем, их дээд сургууль төгсөгчдийн мэдээний pdf, ДБ гэсэн үг нь их дээд сургууль төгсөгчдийн статистикийн мэдээний тайлан юм. Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг систем нотлох боломжгүй зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил үе шаттайгаар тасралтгүй хийгдэж байна. Тиймээс системд бүртгэлгүй шүүлт хийхэд байхгүй байна гэдэг нь системийн алдаа биш юм. Ажлын хэсгийн нэгтгэсэн хурал дээр зөрчлийг 5 ангилж байгаа гэсэн мэдээлэл өгч байсан болохоор дэлгэрэнгүй мэдээллийг ажлын хэсгийн нарийн бичиг Б.Доржхуягаас авч болно. HEMIS буюу дээд боловсролын удирдлагын мэдээллийн системийг бүрдүүлэхэд ашигладаг БШУЯ-ны сайдын тушаалыг хүлээлгэн өгье. Нийт 13 хуудас цаасан материал байгаа... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 60-63 дугаар хуудас/,
14. Гэрч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
...Манай байгууллагын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 8и-2/8668 дугаартай албан бичгээр ирүүлсэн иргэд нь манай сургуулийг суралцаж төгссөн гэх нийт 400 орчим хүний мэдээлэл ирсэн бөгөөд түүний дагуу манай сургууль дээр ажлын хэсэг байгуулагдаж миний бие ахлагчаар нь ажиллаж байна. Одоогийн байдлаар нийт 196 хүний мэдээллийг нарийвчлан тулгалт хийж үзсэн ба үүнээс 12 иргэн суралцаж төгссөн нь үнэн байна. Харин үлдэгдэл иргэдийн хувьд бол манай сургуульд огт элсэн орж төгсөлт хийгээгүй, энэ талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байна. Үүнийг бол бидний зүгээс хуурамч диплом хийлгэсэн гэж үзэж байна. Ерөнхийдөө манай зүгээс мэдээллийг шүүхдээ элсэлт болон төгсөлт хийсэн захирлын тушаалыг үндэслэж хийж байгаа бөгөөд элсэлт төгсөлтийн тушаал давхацсан хүмүүсийг манай сургуулийг төгссөн гэж үзэж байгаа бөгөөд бусад иргэд нь төгсөлт болон элсэлтийн тушаал бусад мэдээлэл огт байхгүй байна. Манай сургуульд шилжин ирсэн хүмүүс дээрх нэр бүхий 400 иргэн дундаас одоогийн байдлаар хайлт хийсэн байгаа 196 хүн бол ямар нэгэн байдлаар шилжилт хийж ирээгүй хүмүүс байна. Бидний зүгээс элсэлт, төгсөлтийн тушаалыг үндэслэж манай сургуульд суралцаж төгссөн гэж яриад байгаа, тэрнээс биш бусад баримтад шүүлт хийж үзээгүй байна. Харин шаардлагатай тохиолдолд манай сургуулийг төгсөлт хийсэн иргэдийн төлбөрийн мэдээлэл, төгсөлтийн шалгалтын материал, дүнгийн нэгтгэл зэргийг шүүж нэмэлтээр мэдээлэл хийж өгч болно. Ерөнхийдөө үлдэгдэл иргэдийн шаардлагатай нэмэлт материалуудыг цуглуулж байгаа. Бүгд удахгүй шүүлт хийж дуусах байх гэж бодож байна... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 65 дугаар хуудас/,
...Би МУБИС-ийн сургалтын хөтөлбөр, багшийн хөгжлийн албаны даргын албан тушаал хашиж байна. Энэ албан тушаалыг 2022 оны 02 дугаар сараас эхлэн авсан. Ер нь МУБИС-д 1996 оноос эхэлж ажиллаж байгаа бөгөөд багш, тэнхимийн эрхлэгч, албаны дарга гэсэн албан тушаалуудыг хашиж байна. Сургалтын албаны дарга сургалтын ерөнхий байдлыг хөгжүүлэх үүрэгтэй. Суралцаж байгаа оюутануудыг нэг бүрчлэн мэдэх тохиолдол их бага байдаг. Багш бэлтгэх бүх хөтөлбөр 4 жил байдаг. Агуулгын багтаамж хамгийн багадаа 120 кредит хангавал диплом олгоно. Багш болон сургуулийн өмнөх боловсрол олгох багшийн орон тоо маш их байдаг. Хөрвөх анги бол өдрөөр 1 жил /өмнө нь багш мэргэжил эзэмшсэн хүн/ байдаг. Харин эчнээ анги бол 5 жил суралцдаг. Мөн хөрвөх ангийн эчнээ анги гэж байдаг бөгөөд энэ нь 1.5 жил суралцдаг. Цэцэрлэгийн багш болох сургалтын хичээлүүдийг судалдаг. Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлөөр зохицуулагдсан байдаг. Дээрх хүмүүс нь 2008 онд манай сургуульд ажиллаж байсан. Ц.Н багш нь тухайн үед сургуулийн захирал байсан. Д.П нь багш сургалтын албаны дарга байсан. Г.Б нь хөтөлбөрийн албаны ажилчин байсан байх, би сайн танихгүй байна. Ө.Э бол МУБИС-ийн удирдах зөвлөлийн дарга байсан. Одоо УИХ-ын гишүүн Б.Ж багш бол МУБИС-ийн захирал байсан. Одоо өндөр насныхаа тэтгэвэртээ суусан. Боловсролын судалгааны төвийн эрхлэгчээр ажиллаж байгаа Ц.Б сургалт хариуцсан дэд захирал байсан. Одоо тэтгэвэртээ суусан байгаа. Эдгээр хүмүүс тухайн үед бакалаврын диплом дээр гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтнууд мөн. Бакалаврын диплом дээр бүх бичиглэл хийгдсэний дараа дотоод чанарын баталгаажуулалтын алба шалгасны дараа гарын үсэг зурах хүмүүс гарын үсэг зурдаг. Бичиглэл хийгдээгүй үед гарын үсэг зурах ямар ч боломжгүй юм” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 154-155 дугаар хуудас/,
15. Гэрч Я.Отгон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Би Ц гэх хүнийг танихгүй. Би 2008 онд Ховд Их сургуулийг хятад хэлний орчуулагч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, 2020 онд Ховд Их сургуулийн боловсрол судлалын магистр, 2022 онд Ховд Их сургуулийн эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж төгсөн... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 148 дугаар хуудас/,
16. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2007 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 26 дугаартай “Цыг 2007 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн багшаар авч ажиллуулсугай” гэх тушаал /1 дүгээр хх-ийн 201 дүгээр хуудас/,
17. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 30 дугаартай “Цыг 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн бэлтгэл бүлгийн багшийн үүрэгт ажилд томилон ажиллуулсугай” гэх тушаал /1 дүгээр хх-ийн 208 дугаар хуудас/,
18. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/32 дугаартай “Цыг 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн арга зүйчээр томилон ажиллуулсугай” гэх тушаал /1 дүгээр хх-ийн 210 дугаар хуудас/,
19. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/18 дугаартай “Цыг 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн багшийн үүрэгт ажилд томилон ажиллуулсугай” гэх тушаал /1 дүгээр хх-ийн 212 дугаар хуудас/,
20. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай “Цыг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн арга зүйчээр томилсугай” гэх тушаал /1 дүгээр хх-ийн 220 дугаар хуудас/,
21. Монгол Улсын Боловсрол Шинжлэх Ухааны яамны 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10/4489 дугаартай албан бичиг түүний хавсралт /1 дүгээр хх-ийн 4-22 дугаар хуудас/,
22. Говьсүмбэр аймгийн 5 болон 6 дугаар цэцэрлэгээс Ш.Цад олгосон цалингийн тооцоо /2 дугаар хх-ийн 61-67 дугаар хуудас/,
23. Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 69 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан Ш.Цын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2 дугаар хх-ийн 69-77 дугаар хуудас/,
24. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2248 дугаартай дүгнэлтэд:
- Шинжилгээнд ирүүлсэн D200815873 дугаартай Шарын Цын “Бакалаврын диплом” гэх баримт нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн С200831023 дугаартай “Диплом” гэх баримтууд нь шинжилгээнд тэнцэнэ.
- Шинжилгээнд ирүүлсэн D200815873 дугаартай Шарын Цын “Бакалаврын диплом” гэх баримт нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн С200831023 дугаартай “Диплом” гэх баримттай хэвлэлийн шинж тэмдгийн дардасны бичвэрүүдийн байрлал, хэмжээ зэрэг шинж тэмдгээрээ тохирохгүй.
Дүгнэлт гаргасан: шинжээч цагдаагийн дэслэгч Ц.Анхзаяа гэжээ. /2 дугаар хх-ийн 92-93 дугаар хуудас/,
25. Боловсрол шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга, танилцуулгын хавсралт /1 дүгээр хх-ийн 11-35 дугаар хуудас/,
26. Говьсүмбэр аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ГСА-2023-22/03-19 дугаартай шинжээчийн дүгнэлт,
27. Шүүгдэгч Ш.Цын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 138 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгчид холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.
НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Ш.Ц нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2007 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 26 дугаартай тушаалаар багшийн ажилд томилогдон ажиллаж байгаад тус албан тушаалд боловсролын бакалавраас доошгүй зэрэгтэй байх шаардлага тавигдсаны дагуу Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Сургуулийн өмнөх Боловсролын сургуулийг боловсролын багш, арга зүйч мэргэжлээр төгсөөгүй байж Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Сургуулийн өмнөх Боловсролын сургуулийн D200815873 дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 30 дугаартай тушаалаар бэлтгэл бүлгийн багшаар, Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/32 дугаартай тушаалаар арга зүйчээр, Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/18 дугаартай тушаалаар багшаар, Сүмбэр сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай тушаалаар арга зүйчээр тус тус ажилд орж 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ашиглаж, 166,926,775 төгрөгийн орлого олсон болох нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Ш.Ц-н өмгөөлөгч Г.Энхжаргал гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Ш.Ц нь энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн нотлохдохгүй байна гэж үзэж байна. Учир нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан D200815873 дугаартай баклаврын диплом дээр гарын үсэг зурсан гэх хүмүүсийг гэрчээр байцаалгах шаардлагатай байна. Мөн шүүгдэгч Ш.Ц нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн сургуулийн өмнөх боловсролын сургуульд элсэн орж суралцсан, төлбөрөө төлж байсан талаар мэдүүлж байна. төлбөр төлсөн баримтыг хэрэгт нотлох баримтаар хийх шаардлагатай байх тул хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Ш.Ц нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2007 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 26 дугаартай тушаалаар багшийн ажилд томилогдон ажиллаж байгаад тус албан тушаалд боловсролын бакалавраас доошгүй зэрэгтэй байх шаардлага тавигдсаны дагуу Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Сургуулийн өмнөх Боловсролын сургуулийг боловсролын багш, арга зүйч мэргэжлээр төгсөөгүй байж Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Сургуулийн өмнөх Боловсролын сургуулийн D200815873 дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 30 дугаартай тушаалаар бэлтгэл бүлгийн багшаар, Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/32 дугаартай тушаалаар арга зүйчээр, Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/18 дугаартай тушаалаар багшаар, Сүмбэр сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай тушаалаар арга зүйчээр тус тус ажилд орж 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ашиглаж, 39 265 950 төгрөгийн орлого олсон үйл баримт болсон байна.
Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Ш.Ц нь боловсролын үнэмлэх, диплом хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Хуурамч баримт бичиг гэж албан ёсны баримт бичгийг бүхий л арга, хэрэгсэл ашиглан, бүрэн дуурайлгаж буюу хэсэгчлэн (тамга тэмдэг, гарын үсгийг хуурамчаар үйлдэх, бичвэрийн агуулгыг өөрчлөх буюу засварлах) өөрчлөхийг хэлнэ.
Шүүгдэгч Ш.Цын өмгөөлөгч Г.Энхжаргалаас гаргасан “хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэх дүгнэлтийг шүүхээс хүлээн авах боломжгүй байна. Учир нь:
Шүүгдэгч Ш.Цын Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Сургуулийн өмнөх Боловсролын сургуулийн D200815873 дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн диплом нь Я.О гэх хүний Ховд Их сургуулийн D200815873 дугаартай “Хятад хэлний орчуулагч, Бакалавр” зэргийн дипломтой адил дугаартай, гэрч Я.О нь 2008 онд Ховд Их сургуулийг Хятад хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн талаар мэдүүлсэн, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2248 дүгнэлтээр Ш.Цын гэх Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Сургуулийн өмнөх Боловсролын сургуулийн D200815873 дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн диплом нь харьцуулах загвараар ирүүлсэн дипломтой хэвлэлийн шинж, тэмдгийн дардсын бичвэрүүдийн байрлал, хэмжээ зэрэг шинж тэмдэгээрээ тохирохгүй хуурамч диплом болох нь тогтоогдож байна. Мөн шүүгдэгч Ш.Ц нь мөрдөн байцаалтын шатанд “би тухайн сургуульд сурч байсан, дипломыг манай ээж авч ирж байсан” талаар мэдүүлдэг боловч Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Сургуулийн өмнөх Боловсролын сургуульд сургалтын төлбөр төлсөн талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй, Боловсрол шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга, танилцуулгын хавсралтаар шүүгдэгч Ш.Ц нь уг сургуулийг төгсөөгүй болох нь нотлогдож байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ.” гэж заасныг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй.” гэж өөрчилсөн. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцэх шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах хуулийн зохицуулалт байхгүй тул шүүгдэгч Ш.Цын өмгөөлөгч Г.Энхжаргалаас гаргасан “хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэх дүгнэлтийг шүүхээс хүлээн авах боломжгүй байна.
Түүнчлэн шүүгдэгч Ш.Ц нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Сургуулийн өмнөх Боловсролын сургуулийг боловсролын багш, арга зүйч мэргэжлээр төгсөөгүй байж Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Сургуулийн өмнөх Боловсролын сургуулийн D200815873 дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.О, Б.З, Б.Б, А.З, гэрч Я.Н, А.Т, Б.Д, Б.Ц, Я.О нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2248 дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Ш.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ш.Ц нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Иймд шүүгдэгч Ш.Цыг хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт ““Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ш.Цын үйлдэл нь 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш удааширсан үйлдэл бөгөөд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар цэцэрлэгийн арга зүйчээр ажиллаж байгаад 2022 оны 09 дүгээр сард цагдаагийн байгууллагад мэдээлэл ирж, энэхүү мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шаардлагатай ажиллагаа хийгдэж, нотлох баримтуудыг цуглуулж, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол гарснаар ажил олгогч хуурамч диплом гэдгийг мэдэх боломж бүрдсэн, таслан зогсоох боломжтой болсон цаг хугацааг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэх нь зүйтэй байна.
Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Ш.Ц нь 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгт бэлтгэл бүлгийн багшаар, 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгийн арга зүйчээр, 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгийн багшаар, 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар цэцэрлэгийн арга зүйчээр ажиллахдаа хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашиглан гэмт санаагаа хэрэгжүүлсээр байсан тул түүний энэхүү хууль бус үйлдлийн улмаас олсон ашгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх нь зүйтэй байна.
Гэхдээ шүүгдэгч Ш.Цнь тухайн цэцэрлэгүүдэд багш, арга зүйчээр томилогдсоноор хөдөлмөр эрхлэлтийн харилцааны буюу төрийн албаны шинжтэй харилцаа үүсч тодорхой ажил, үүргийг гүйцэтгэсэн байх тул түүний гарт авсан цалин болох 116 650 809 /нэг зуун арван зургаан сая зургаан зуун тавин мянга найман зуун ес/ төгрөгийг бүхэлд нь гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь хуульд нийцэхгүй байна гэж үзлээ.
Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах... эрхтэй.” гэж заасан. Шүүгдэгч Ш.Цнь 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тасралтгүй ажил эрхэлж байсан, түүний өөрийн болон гэр бүлээ тэжээх амьжиргааны зайлшгүй хэрэгцээ, шаардлагатай нөхцөлийг харгалзан тухайн цаг үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг тооцож улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Ш.Ц-ын гэмт үйлдлийн улмаас учирсан хохирлыг 2008 оны 01 дүгээр сарын 01-нээс 2011 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр хүртэл мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох сарын 108000 төгрөг, 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 31-ны өдөр хүртэл мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох сарын 140400 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох сарын 192000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох сарын 240000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох сарын 420000 төгрөгөөр тус тус тооцоход шүүгдэгч Ш.Ц нь 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл тухайн цэцэглэгүүдэд багш, арга зүйчээр ажиллахдаа нийт 39 265 950 /гучин есөн сая хоёр зуун жаран таван мянга есөн зуун тавь/ төгрөгийн хохирлыг улсын төсөвт учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Цаас гэмт хэрэг үйлдэж олсон орлогод тооцон 39 265 950 /гучин есөн сая хоёр зуун жаран таван мянга есөн зуун тавь/ төгрөгийг хурааж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч Ш.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнийг уг зүйлд зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Ш.Цын өмгөөлөгч Г.Энхжаргал нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч Ш.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч Ш.Цад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Ш.Цын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Ш.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Цад оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч Ш.Ц нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдлээ.
Шүүгдэгч Ш.Цад нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн D200815873 дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн диплом 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Ш-ын Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ш.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Цад оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Ш.Ц нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ш.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Ш.Цаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 39 265 950 /гучин есөн сая хоёр зуун жаран таван мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн D200815873 дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн диплом 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Цад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ