Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 351

 

 

 

 

                                                                                               

З.Хд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Энхбаатар,

шүүгдэгч З.Х,

хохирогч Н.Цэрэнсугар,  

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/27 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Н.Цэрэнсугар, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлуудаар З.Хд холбогдох эрүүгийн 1911032001325 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

З.Х нь 2019 оны 12 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Ойн жим" амралтын газарт ангийн хамт олонтой амарч байхдаа Н.Цэрэнсугартай маргалдаж, улмаар түүнийг зодож, Н.Цэрэнсугарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч З.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч З.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Хг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Х нь 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Хгаас хохирлын 47.000 /дөчин долоо/ төгрөгийг гаргуулан хохирогч Н.Цэрэнсугарт олгож, хохирогч Н.Цэрэнсугар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч З.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Г.Цэрэнсугар нь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад миний биед үүссэн гэмтлийг З.Х болон Н.Эрдэнэтөгс нар бүлэглэн үйлдэж учруулсан талаар хохирогчоор мэдүүлэг өгсөн боловч мөрдөгч бодит байдлыг гуйвуулан нүүрний гэмтлийг Хулан харин гаранд үүссэн гэмтлийг Эрдэнэтөгс үүсгэсэн байдлаар мөрдөн байцаалтыг  явуулсан. Мөрдөгч надад холбогдох хэрэгт хууль зөрчин шалгаж миний эрхийг зөрчсөн. Анхан шатны шүүх дээр нүүрэн дэх учруулсан гэмтлийг Хулан ,Эрдэнэтөгс нар бүлэглэж учруулсан талаар мэдүүлэг өгсөн боловч анхан шатны шүүх энэ асуудлыг авч үзэхгүй шийдсэн. Миний хохирогчоор оролцож байгаа хэрэгт Эрдэнэтөгсийг холбогдуулан шалгахаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна. ...” гэв.

 

Хохирогч Н.Цэрэнсугарын өмгөөлөгч Ж.Гантулга нь давж заалдах гомдолдоо “...Анхан шатны шүүх шүүгдэгч З.Хг хохирогч Н.Цэрэнсугарын биед хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангинй 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байна.

Шүүгдэгч З.Хгийн бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруу нь шүүгдэгч З.Хгийн мэдүүлэг /хх 44-46/, хохирогч Н.Цэрэнсугарын мэдүүлэг /хх 11-12, гэрч Н.Эрдэнэтөгсийн мэдүүлэг /хх 20-21/, гэрч Б.Одбаярын мэдүүлэг /хх 24-25/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №195 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж анхан шатны шүүх дүгнэлтээ гаргажээ. Н.Цэрэнсугар хохирогчоор оролцсон эрүүгийн хэрэгт хохирогчийн биед үүссэн шинжээчийн №195 дугаар дүгнэлтэд заасан гэмтлийг шүүгдэгч З.Хгаас гадна гэрч Н.Эрдэнэтөгс учруулсан үйл баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 16.2-д заасан хэргийн бодит байдал, эрүүгийн хэрэгт нотолбол зохих асуудлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тогтоогоогүй эргэлзээтэй нотлох баримтыг үндэслэн анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргасан байна.

             Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Цэрэнсугар миний нүүр хэсэг, 2  гарын шуу хэсэгт үүссэн гэмтлийг З.Х, Н.Эрдэнэтөгс нар бүлэглэн учруулсан талаар өгсөн түүний мэдүүлгийг мөрдөгч Хулан өөрчлөн гэмт хэрэгт хамтран оролцсон гэрч Н.Эрдэнэтөгст ашигтайгаар мөрдөн шалгах ажиллагааг явуулсан нь гэрч Б.Одбаяр, А.Саулегүл нараас мэдүүлэг авах ажиллагаагаар нотлогдож байна. Эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7,16.2-т заасан нөхцөл байдлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу тогтоогоогүй анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/27 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хууль зүйн үндэслэлтэй байна. ...” гэжээ.

 

Шүүгдэгч З.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

 

Прокурор М.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэсэн. Хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлэх үед яллагдагч болон хохирогч нар хоорондоо эвлэрсэн зүйл байхгүй байсан тул хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Анх зодоон Н.Цэрэнсугар, З.Х нарын хооронд үүссэн. Н.Цэрэнсугар, З.Х нарын зодооныг Эрдэнэтөгс салгасан. Эрдэнэтөгс мэдүүлэхдээ “зодооныг салгасны дараа миний уур хүрээд Н.Цэрэнсугарын гар хэсгээс нь татаж, гэмтэл учруулсан” гэсэн байдаг. Шинжээчийн дүгнэлтээр аль гэмтлийг хэн нь үүсгэсэн бэ гэдэг дүгнэлт тодорхой гарсан. З.Хгийн хувьд “хохирогчийн нүүрэнд учирсан гэмтлийг би учруулсан” гэж мэдүүлдэг. Эрдэнэтөгсийн хувьд “Цэрэнсугарын гаранд учирсан гэмтлийг би учруулсан” гэдэг. Уг мэдүүлгүүдийг хохирогч Н.Цэрэнсугар давхар нотолж мэдүүлдэг. Эдгээр баримтуудыг үндэслэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна . ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

 З.Х нь 2019 оны 12 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Ойн жим" амралтын газарт ангийн хамт олонтой амарч байхдаа Н.Цэрэнсугартай маргалдаж улмаар түүний нүүрийг маажиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Н.Цэрэнсугарын “...Манай ангийн охин Хулан миний орны толгой дээр чанга хөгжим тавиад байхаар нь “Дуугүй болго, энд хүмүүс амрах гэж ирсэн шүү дээ” гэж 2, 3 удаа хэлсэн чинь утасныхаа дууг багасгасан боловч чанга дуу гараад байхаар нь би орноосоо босоод утсыг нь булааж аваад дууг нь хаасан чинь дахиад чангаар дуу тавиад байхаар нь би босоод утсыг нь булааж авах гэтэл шууд миний үснээс зулгааж авахаар нь би үснээс нь зулгаахад бид хоёрын дундуур манай ангийн Одбаяр орж ирээд салгаад 2 талын орон дээр суулгаад байж байсан чинь Хулан намайг "гуйлгачин чинь хүний мөнгөөр амралтанд явж байгаа байж зайл гэж байна би чамайг" гээд орилж буцаж ирээд миний үснээс зулгаагаад зүүн талын нүүрийг минь маажаад байх үед Саүлегүл гэдэг манай ангийн охин Хуланг салгаж авч явсан бөгөөд тухайн үед манай ангийн Эрдэнэтөгс над руу Хуланг өмөөрч дайраад миний зүүн гарыг маажсан. ...Миний баруун нүдний хажуу хэсэг, дээд зовхи, гадна булан, зүүн хацар, хамрын угалзны доод хэсэг, баруун хацар, хацрын төвгөр, баруун шанаа, зүүн чихний доод, ар болон дотор дунд хэсэг хүзүүний гэмтлийг бүгдийг Хулан учруулсан. Зүүн бугалга, шуу, баруун гарын бугуй, шуу, 2 дугаар хурууны зулгаралт гэмтлийг Эрдэнэтөгс учруулсан...” /хх 11-12/,

 

гэрч Н.Эрдэнэтөгсийн “...би босож гэрэл асаахад Хулан, Цэрэнсугар хоёр бие биенээ үстчихсэн зогсож байхаар нь Одбаяр бид хоёр салгасан. Хулан, Цэрэнсугар хоёр бие биетэйгээ маргалдаад дахиад үстэлцээд авсан чинь Саүлегүл тэр хоёрыг салгаад 2 талын орон дээр суулгаад байж байх үед миний уур хүрээд Цэрэнсугар дээр очоод гарнаас нь зулгаагаад түлхсэн. ...Цэрэнсугарын биед зүүн бугалга, шуу, баруун гарын бугуй, шуу, 2 хурууны зулгаралт гэмтлүүдийг би учруулсан. Би Цэрэнсугарын нүүрэнд хүрээгүй. Хулан нүүрэн дэх гэмтлүүдийг учруулсан...” /хх 20-21/,

 

гэрч Б.Одбаярын “...Хулан гэнэт "гичий минь мөнгө байхгүй байсан бол яах гэж ирдэг юм" гэж хэлээд шууд Цэрэнсугар дээр очоод цохиж зодоод байх шиг байсан. Манай ангийн Саүлегүл тэр хоёрыг салгасан. Эрдэнэтөгс Хуланг өмөөрч Цэрэнсугар дээр очоод гар хөлнөөс нь чангаагаад байх шиг байсан. Тэгээд тэр гурвыг тайвшруулаад тэр оройдоо амарсан. ...” /хх 24-25/,

 

гэрч А.Саулегүлийн “...Одбаяр очиж салгаад хоёр талын орон дээр суулгаж байсан Хулан Цэрэнсугарыг “Гуйлгачих минь, мөнгө өгөөгүй байж яах гэж ирсэн юм бэ” гэж хэлээд дахиад Цэрэнсугар руу дайраад нүүрийг нь маажих шиг болохоор нь би Хуланг аваад өөр талын орон дээр суулгаад тайвшруулаад байж байсан чинь Эрдэнэтөгс Хуланг өмөөрөөд Цэрэнсугар руу дайрч татаж чангаагаад байсан. ...” /хх26-27/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Н.Цэрэнсугарын биед баруун нүдний хажуу хэсэг, дээд зовхи, гадна булан, зүүн хацар, хамрын угалзны доод хэсэг, баруун хацар, хацрын төвгөр, баруун шанаа, зүүн чихний доод, ар болон дотор дунд хэсэг, хүзүү, зүүн бугалга, шуу, баруун гарын бугуй, шуу, 2-р /долоовор/ хурууны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх 195 дугаартай дүгнэлт /хх 29-31/, тус шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч эмчийн “...үзүүлэгч Цэрэнсугарын биед баруун нүдний хажуу хэсэг, дээд зовхи, гадна булан, зүүн хацар, хамрын угалзны доод хэсэг, баруун хацар, хацрын төвгөр, баруун шанаа, зүүн чихний доод ар болон дотор дунд хэсэг, хүзүүний зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд хамаарснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн бугалга, шуу, баруун гарын бугуй, 2-р /долоовор/ хурууны зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх 32-33/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Шүүгдэгч З.Хгийн хохирогч Н.Цэрэнсугарыг зодож, түүний эрүүл мэндэд “...баруун нүдний хажуу хэсэг, дээд зовхи, гадна булан, зүүн хацар, хамрын угалзны доод хэсэг, баруун хацар, хацрын төвгөр, баруун шанаа, зүүн чихний доод, ар болон дотор дунд хэсэг, хүзүү ...зулгаралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

Анхан шатны хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, хэргийг зөв зүйлчилсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг З.Хд холбогдох 1911032001325 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

 

З.Хгийн үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэрэгт анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.  

 

З.Хд холбогдох эрүүгийн хэргийг прокуророос ирүүлсэн хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой буюу анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

 

Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирогч Н.Цэрэнсугарын нүүр хэсэгт учирсан гэмтлүүдийг шүүгдэгч З.Х, хохирогч Н.Цэрэнсугарын гар хэсэгт учирсан гэмтлүүдийг  Н.Эрдэнэтөгс учруулсан үйл баримт нь хохирогч Н.Цэрэнсугар, шүүгдэгч З.Х нарын мэдүүлэг, тэдний мэдүүлгийг нотлон мэдүүлсэн гэрч Я.Одбаяр, А.Саулегүл нарын мэдүүлгүүдээр хөдөлбөргүй тогтоогдсон байх ба хохирогч Н.Цэрэнсугарын биеийн дээд хэсэгт /толгой орчим/ учирсан гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт, гарын хэсэгт учирсан гэмтлүүдэд гэмтлийн зэрэг тогтоогдохгүй талаар шинжээч эмч тодруулан мэдүүлэг өгсөн. Тэдний мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн шүүхээс үнэлэх боломжтой, хэрэгт хамааралтай нотлох баримтууд байна. 

 

Иймд хохирогч Н.Цэрэнсугар, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарын “...З.Х, Н.Эрдэнэтөгс нар бүлэглэн Н.Цэрэнсугарын биед хөнгөн гэмтэл учруулсан байхад Н.Эрдэнэтөгсийг гэмт хэрэгт холбогдуулалгүй үлдээсэн нь үндэслэлгүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/27 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Н.Цэрэнсугар, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ПҮРЭВСҮРЭН

 

                             ШҮҮГЧ                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                             ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ