Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2026/0051

 

 

 

 

 

                                                                                   

                                   

 Ц.Т-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

  Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

  Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, Д.О, Б.М нар

Нэхэмжлэгч: Ц.Т

    Хариуцагч: Хөвсгөл аймгийн Засаг дарга

    Гуравдагч этгээд: Б.О

    Нэхэмжлэлийн шаардлага: “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/441 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”

  Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дугаар сарын 06-ны өдрийн 23 дугаар шийдвэр

  Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У 

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О

          Гуравдагч этгээд Б.О

          Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Д

          Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.М

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул

          Хэргийн индекс: 126/2025/0016/З

 

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Т-өөс Хөвгсөл аймгийн Засаг даргад холбогдуулан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/441 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 126/ШШ2025/0023 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан Хөвсгөл аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/441 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

  3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г нараас гаргасан давж заалдах гомдолд:

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2025 оны 11 дугаар сарын 06-ны өдрийн 126/ШШ2025/0023 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дахь хэсэгт “...нэхэмжлэгч нь анхнаасаа гуравдагч этгээдээс шилжүүлж авсан хэмжээнээс илүү газрыг хашаалсан гэж үзэх үндэслэлтэй” гэж үзжээ. Энэ нь гуравдагч этгээд буюу Б.О нь 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/113

дугаар захирамжаар ТЗ ХХК- ийн эзэмшлийн 5,138.7 мкв талбай бүхий авто тээврийн үйлчилгээний зориулалттай газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн, газар эзэмших гэрчилгээг авсан байдаг. /Үүнээс хойш Б.Оын эзэмшлийн газрын хэмжээ 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс хойш огт өөрчлөгдөөгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тодорхой нотлогддог./ Тухайн жилд Б.О нь өөрийн эзэмшлийн газартай залгаа эзэнгүй Н.Ө-ийн хойно байрлах ойролцоогоор 1,400мкв талбайг хууль бусаар хашаалж, ашигласан. Шүүхэд өгсөн тайлбараас үзэхэд Б.О нь тухайн газрыг ашиглах зөвшөөрлийн Байгаль Орчны улсын байцаагч Б.Ааас асууж, хогийг цэвэрлээд газрын суурь үнийг төлсөн тохиолдолд газрын тухай хуулийн дагуу ашиглалтгүй газрыг өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээсэн гэж үзэн, давуу эрхээр эзэмшүүлэх боломжтой гэсэн хариуг авсан гэж дурдсан. Гэвч Газрын тухай хуулийн 27.5-д зааснаар хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг аймаг, нийслэлийн байгаль орчны газрын дүгнэлтийн үндэслэн эзэмшүүлж болно гэж заасан ба Б.О-ын тохиолдолд дүгнэлт байхгүй бөгөөд шүүхийн мэтгэлцээний үеэр асуухад ч байхгүй гэж хариулдаг. Б.О-ыг нэгж талбарын хувийн хэрэгт үүнтэй холбоотой бичиг баримт болон нотлох баримт байхгүй байдаг.

Бодит байдал дээр Б.О нь өөрийн эзэмшлийн бус, хууль бусаар хашаалсан хэсгийг өөрийн эзэмшлийнх мэтээр ойлгуулж, Ц.Т-д нийт 3000 м.кв талбай шилжүүлсэн гэж итгүүлсэн байдаг. Гэтэл Б.О нь үнэндээ 5,138.7 м.кв газраа ойролцоогоор 2,700 м.кв талбайг л Ц.Т-д шилжүүлсэн байсан бөгөөд Ц.Тийн Б.О-аас шилжүүлэн авсан талбай бодитоор 300 мкв дутуу. Ийм нөхцөлд Б.О өөрийн эзэмшлийн бус хэсэгт эрх шилжүүлсэн байхад шүүх энэ зөрүүг огт анзаараагүй шийдвэр гаргахдаа хайнга хандсан гэж үзэж байна.

Ийм нөхцөлд анхан шатны шүүх Б.Оын ийнхүү хэт хожуу гаргасан гомдлыг хангаж, Ц.Т нь бусдын газарт халдсан гэх дүгнэлтийг үндэслэлтэй мэтээр үзсэн хэргийн бодит байдал, хавтаст хэрэгт байгаа баримтуудыг үл харгалзан, зөвхөн нэг талын 7 жилийн дараах өргөдөлд тулгуурлан Ц.Тийн үйлдлийг зөрчил мэтээр үзсэн хууль зүйн дүгнэлтийн ноцтой алдаа бөгөөд шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй болгож байна.

3.2. Тухайн үеийн Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжийг хэрхэн үйлдэж, хэнд хэрхэн мэдэгдсэн тухай асуудал нь бидний хяналтаас гадуур, төрийн захиргааны байгууллагын дотоод ажиллагаатай холбоотой тул үүнийг бидэнд холбон үзэж, тооцох үндэслэлгүй юм. Иймд шүүхийн энэхүү дүгнэлт нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Хэрэв сонсох ажиллагаа Б.О-ын хувьд хийгдээгүй гэж үзсэн бол уг аймгийн Засаг даргын Тамгын газар маргаан бүхий А/441 дугаар захирамжийн Б.О-тай холбоотой хэсгийг л хүчингүй болгох байсан ба хууль ёсны дагуу газар эзэмших гэрчилгээгээ авсан Ц.Т-ийн хэсгийн давхар хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй, эрх зүйн хүрээнээс хэтэрсэн үйлдэл болсон гэж үзэж байна.

3.3. 13 дахь хэсэгт кадастрын зураг хийсэнтэй холбогдуулан маргах учиртай байтал түүнээс хойш 10 жилийн дараа дээрх байдлаар тайлбарлаж маргаж буй нь үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзжээ. Бид үүнтэй холбоотойгоор маргаагүй зөвхөн нэхэмжлэлийн шаардлага буюу Хөвсгөл аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/441 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай л байсан.

Мөн Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ийн шүүх хуралдааны үед гаргасан тайлбарт тухайн үед сонсох ажиллагаа болон захиргааны акт нь хууль бус болохыг тогтоосон нь хариу тайлбараас илт мэдэгддэг. Захиргааны ерөнхий хуулийн 17.2-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол оролцогчийн итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөх бөгөөд итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2-т зааснаар шаардлага хангасан байна гэх зүйл заалтыг зөрчсөн. Сонсох ажиллагаанд Ц.Т нь эхнэр Д.-Цд итгэмжлэл олгоогүй байтал Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар сонсох ажиллагаанд Д.Ц-г оролцуулан үндэслэл бүхий тайлбар нэхсэн байдал нь тухайн хэргийн нөхцөл байдлыг мэдэхгүйг далимдуулан тайлбар өгөөгүй учир 2023 онд гаргасан захирамжийг хууль бус гэж үзэж буй нь үндэслэлгүй.

Иймд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар Ц.Т-ийн хариу тайлбарыг хүлээн аваагүй, Ц.Т-ийн эхнэр Д.Ц-г итгэмжлэлгүйгээр сонсох ажиллагаанд оролцуулсан мөн нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүйгээр маргаан бүхий 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/441 дугаар захиргааны актыг үйлдсэн байхад шүүх уг тайлбаруудыг хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж харгалзан үзээгүй байна.

Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.1.2-т зааснаар, анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу бүхэлд нь хангах байдлаар шийдвэрлүүлэх үүднээс Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн 126/ШШ2025/0023 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О нараас гаргасан давж заалдах гомдолд:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Т-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт өгч, хэргийг шударгаар шийдвэрлэж чадаагүй. Тус шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 7-д “Хэрэгт авагдсан хиймэл дагуулын зургуудаас үзэхэд 2016 оноос нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн газрыг заагласан хашаа баригдсан байх бөгөөд түүнээс хойш одоог хүртэл уг хашаа ямар нэг байдлаар хөдлөөгүй болох нь Хөвсгөл аймгийн ГХБХБГ-ын 2025.11.03-ны өдрийн 4/1009 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн зургаар тогтоогдож байх ба мөн гуравдагч этгээд нь 2022.10.05-ны өдөр анх тохирсон газраас дур мэдэн хашаагаа сунгаж барьсантай холбоотой гомдлыг Хөвсгөл аймгийн ГХБХБГ-т гаргаж байснаас үзэхэд нэхэмжлэгч нь анхнаасаа гуравдагч этгээдээс шилжүүлж авсан хэмжээнээс илүү газрыг хашаалсан гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир Ц.Т, Б.О нар 2014 онд газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх талаар тохиролцож, тухайн жилдээ ч газраа зааглаж хашаалсан байдаг. Түүнээс хойш Б.О нь урд хэсгийн газар дээрээ, Ц.О нь хойд хэсгийн газар дээрээс өөр өөрийн үйл ажиллагааг явуулж, ямар ч газрын маргаангүй явсаар ирсэн. Шүүхийн дүгнэсэн шиг анхнаасаа тохирсон газраа дур мэдэн хашаагаа сунгасан байсан бол Б.О өдий олон жил ямар нэгэн шаардлага гаргахгүй явна гэж байхгүй. Гэтэл 2022 онд гомдол гаргасан гэх баримтыг шүүх шийдвэрийн үндэслэлээ болгож байгаа нь үндэслэлгүй. Тухайн баримтыг хэзээ гаргасан, хэн, хэрхэн хүлээж авсан, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй буюу нотолгооны шаардлага хангахгүй баримтыг үндэслэж хэргийн талаар ташаа дүгнэлтэд хүрсэн. 2016 оноос хойш сансрын зураг дээр газрыг заагласан хашаа өөрчлөгдөөгүй гэдэг нь харин ч нэхэмжлэгчийн “анх Б.Оын зааж өгсөн газраар зааглаж хашаа барьсан” гэдэг тайлбарыг нотлох баримт болох юм.

Ийнхүү шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох гол дүгнэлтүүдийг хийхдээ бодит бус баримтуудыг үндэслэж шийдвэрлэсэн учир шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

4.2. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/441 дүгээр захирамж хууль зүйн үндэслэлгүй гарсан. Тус актыг гаргахдаа захиргааны байгууллага хууль тогтоомж зөрчсөн, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, нэхэмжлэгч Ц.Тийн эрх ашгийг харгалзан үзэлгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан байдалд шүүх дүгнэлт өгөөгүй.

-Хөвсгөл аймгийн Засаг дарга маргаан бүхий захирамжийг гаргахдаа сонсох ажиллагааг хэлбэрийн төдий зохион байгуулсан. Хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулж, тэмдэглэл үйлдсэн байгаа боловч энэ сонсох ажиллагаа нь хэлбэрийн төдий, хуульд заасан оролцогчийн эрхийг хангаагүй ажиллагаа болсон. Тухайлбал: Захиргааны ерөнхий хуулийн 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж заасан. Энэ хэрэг дээр өглөө нь сонсох ажиллагааны уулзалт болж, Тийн тал тайлбар саналаа бичгээр гаргана гэж хэлээд бичгээр тайлбараа авчирч өгөхөд нь аль хэдийн захирамж гарчихсан байсан. Ингэж хуулийг хэрэгжүүлэх, оролцогчийн саналыг сонсох бус зүгээр хэлбэр төдий хийсэн болох нь харагддаг. ЗЕХ-ийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан боловч бодит байдал дээр тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй.

- Захиргааны байгууллага бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй. Тэгэхээр захиргааны байгууллага А/441 дүгээр захирамжийг гаргахдаа А/93 дугаар захирамжийг ямар шалтгааны улмаас гаргасан, тус шийдвэр нь ямар ямар хууль тогтоожмийг зөрчсөн, бодит байдал дээр ямар маргаантай асуудал үүсч байгааг, талуудын маргалдаж байгаа асуудлын учир шалтгаан нь юу байв гэдгийг олж тодруулж, зөвтгөх шийдвэрийг гаргах ёстой. Гэтэл захиргаанаас энэ нөхцөл байдлыг огт тодруулаагүй. Зөвхөн А/93 дугаар захирамжийг гаргахдаа Б.Отай сонсох ажиллагаа зохион байгуулаагүй байна гэсэн үндэслэлээр захирамжийн хавсралтын 2, 3 дахь хэсгийг хүчингүй болгосон. 2 дахь хэсэг нь Тийн газарт холбогдох хэсэг, 3 дахь хэсэг нь Оын газарт холбогдох хэсэг. А/93 дугаар захирамжийг гаргахдаа Б. Оыг сонсох ажиллагаанд оролцуулаагүй юм бол Б.Оад холбогдох 3 дахь хэсгийг л хүчингүй болгох ёстой. Харин Ц.Төд холбогдох 2 дахь хэсгийг яагаад хүчингүй болгосноо захиргааны байгууллага тогтоогоогүй, шүүх хуралд ч энэ талаар хангалттай тайлбар өгч чадаагүй. Тийм байхад шүүхээс захиргааны байгууллага буюу Засаг даргын Захиргааны ерөнхий хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй нөхцөл байдалд дүгнэлт өгөөгүй, хууль тогтоомж зөрчиж гаргасан шийдвэрийг нь зөвтгөж шийдвэрлэсэн.

Гэтэл 2025 оны А/441 дүгээр захирамж дээр зөвхөн Б.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгож байгаа нөхцөл байдлын талаар бичсэн. Захирамжийн ЗАХИРАМЖЛАХ нь хэсгийн 1-д А/93 дугаар захирамжийн 2, 3 дахь хэсгийг хүчингүй болгож бичсэн хэрнээ 2-д Оын газар эзэмшсэн шийдвэрийг сэргээж, 3-д О-тай газар эзэмших эрх зүйн баталгаажилт хийж, улсын бүртгэлд бүртгэхыг зөвшөөрч шийдвэрлэж байгаа юм. Энэ захирамжаар 2 хүний эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргаж байгаа хэрнээ яагаад нэгнийх нь асуудлыг шийдвэрлэж байгаа нөхцөл байдлаа бичээд, эрхийг нь баталгаажуулж өгөөд, нөгөөгийнх нь эрхийг нь зөрчихөөд яагаад зөрчсөнөө бичихгүй, цаашид яахыг нь тодорхойлоогүй, нэг талын эрх ашгийг харсан байдаг.

Захирамжийн хууль зүйн үндэслэл дээрээ Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйл гэж бичсэн нь захирамжаар шийдвэрлэж буй асуудлын хууль зүйн үндэслэлийг тодорхой илэрхийлж чадаагүй. Харин А/441 дүгээр захирамжаас аль үндэслэлээр нь Б.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгоод, аль үндэслэлээр нь Ц.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгоод байгаа нь ойлгомжгүй байдаг. Эдгээрийг нэгтгээд дүгнэж үзвэл аймгийн Засаг даргын 2025 оны А/441 дүгээр захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3, 40.4 бүхэлд нь зөрчиж гаргасан акт бөгөөд ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр, ямар ч шалтгаан нөхцөлгүйгээр Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны А/93 дугаар захирамжийн 2 дахь хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Тийн эрх ашгийг хохироосон. Иймд Хөвсгөл аймгийн Засаг даргын 2025 оны А/441 дүгээр захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл маргалдаж байгаа 2 тал байхад, энэ захирамжаар 2 хүний газрын эрхийн асуудлыг хөндөж байхад зөвхөн О-д холбогдох хэсэг дээр ажиллагаа хийж, Ц. Т-д холбогдох хэсэг дээр ямар ажиллагаа хийгээгүй байж түүний эрхэд халдсан. Ийнхүү захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа хууль тогтоомжуудыг зөрчиж, нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргасан байхад тус шийдвэрийг анхан шатны шүүх хэвээр үлдээж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд хэргийг хянан үзэж, Хөвсгөл аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025.11.06-ны өдрийн 126/ШШ2025/0023 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М-оос гаргасан давж заалдах гомдолд:

Шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, талуудын тайлбар болон нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй.

Маргаан бүхий газар нь гуравдагч этгээд Б.О-аас нэхэмжлэгч Ц.Т-д худалдсан газар юм. Б.О, Ц.Т нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/262 дугаар захирамжаар газар эзэмших эрх шилжсэн. Тухай үед шилжүүлж авсан 3000 м.кв газар мэдээллийн санд алдаатай орсон, кадастрын эргэлтийн цэг зөрүүтэй байсан тул кадастрын зургаа дахин хийлгэн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/93 дугаар захирамжаар 2 эзэмшил газраа дахин баталгаажуулсан нь Б.Оын эрхийг зөрчөөгүй. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т “Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна”, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх” зарчмыг хуульчилсан. Ц.Т нь барилгын материалын худалдаа эрхэлдэг бөгөөд Б.О-аас агуулахын барилгыг газрын хамт 80,000,000 төгрөгөөр худалдан авахаар хэлцэл хийсэн. 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд гэрчилгээний дугаарыг 0284411 гэж тодорхойлсон. Талууд 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 3000 м.кв газрын эрхийг шилжүүлэх-шилжүүлж авах хүсэлтүүдээ Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гаргажээ. Зөвхөн газрын эрхийг шилүүлж аваагүй, гол нь агуулахыг худалдаж авсан харилцаа байсан.

Агуулах руу ачааны машин орох, гарах боломжит талбайг бодолцож, одоогийн хашаалсан байдлаар 11 жилийн турш эзэмшиж, ашиглаж байна. Түүхчилсэн сансрын зургаас Ц.Т, Б.О нарын хамар хашаа өөрчлөгдөөгүй, талуудын хооронд газрын маргаан урьд үүсэж байгаагүй нөхцөл байдлыг шүүх анхаарах ёстой.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”,  27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасны дагуу гуравдагч этгээд Б.О нь өөрийн эзэмшээгүй “Б.Ө-ийн хойд газар” гэх хэсгийг шилжүүлэх, бусдад худалдах боломжгүй. Энэ талаарх гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ч нэхэмжлэгчийн байр суурийг дэмжих агуулгатай тайлбарыг шүүх хуралдаанд дээрх байдлаар хэлсэн байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 1. Давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нөхцөл байдлыг тодруулах шаардлага үүссэн, уг нөхцөл байдал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байгаа тул Хөвсгөл аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/441 дүгээр захирамжийг дахин шинэ акт гаргах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхив.

 2. Нэхэмжлэгч Ц.Т-өөс Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/441 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

 3. Дээрх маргаан бүхий актыг дахин шинэ акт гаргах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

 3.1. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд захиргааны байгууллага нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг өөрчлөхүйц сөрөг үр дагавартай шийдвэр гаргахдаа тухайн шийдвэрийг гаргах болсон үндэслэл, нөхцөл байдлыг тогтоон, нотолсон байх учиртай.

 3.2. Үүнийг онолын хувьд /нотлох үүргийн хуваарилалтын түвшинд/ захиргааны байгууллагын анхдагч нотлох үүрэг гэж үзнэ.

 3.3. Энэ анхдагч үүргийг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус хуульчлан заажээ.

  3.4. Мөн маргаан бүхий акт болох Хөвсгөл аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/441 дүгээр захирамжаар хүчингүй болгосон Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/93 дугаар захирамж гарах үед буюу маргаан бүхий үйл баримт болсон хугацаанд хүчин төгөлдөр мөрдөж байсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 5 дугаар зүйлийн 5.1-д “Газар эзэмших, ашиглах хүсэлт дараах төрөлтэй байна. 5.1.3.4. Эзэмшил газрын талбайн хэмжээ өөрчлөх”, 6 дугаар зүйлийн 6.6.4-д “Бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгогдсон газартай давхцаж буй эсэхийг нягталж шалгах”, 7 дугаар зүйлийн 7.1-т “Эрх бүхий байгууллага энэхүү журмын 5.1.2.2, 5.1.3.1.-5.1.3.4-т заасан хүсэлтийг суурин судалгаагаар шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хээрийн судалгааг хийж гүйцэтгэнэ”, 7.2.3-т “Бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгосон газартай давхцаж буй эсэхийг нягталж үзэх” гэж тус тус заажээ.

3.5. Дээр дурдсан зохицуулалтаас үзэхэд, аливаа иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших болон эзэмшил газрын талбайн хэмжээ өөрчлөх хүсэлтийг шийдвэрлэхдээ бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгогдсон газартай давхцаж буй эсэхийг хээрийн судалгаа хийж нягталж шалгах шаардлагатай бүхий л ажиллагааг захиргааны байгууллагаас хийж гүйцэтгэхээр журамласан байна.

 4. Тогтоогдсон үйл баримтын тухайд,

4.1. Анх гуравдагч этгээд Б.О Хөвсгөл аймгийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/113 дугаар захирамжаар ТЗ ХХК-иас “авто тээврийн үйлчилгээ”-ний зориулалттай 5138.7 м.кв газрыг шилжүүлэн авсан.

 4.2. Тус шилжүүлэн авсан газраасаа нэхэмжлэгч Ц.Ттэй 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр 3000 м.кв газрыг шилжүүлэхээр тохиролцсоны дагуу Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/262 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар Ц.Төд 3000 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлэхээр, 2 дугаар хавсралтаар Б.О-д 3894 м.кв газрыг эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэсэн.

        4.3. Улмаар Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/93 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ц.Т-д шилжүүлэн эзэмшүүлсэн газрын хэмжээг 4082 м.кв болгож, гуравдагч этгээд Б.О-д эзэмшүүлсэн газрын хэмжээг 2812 м.кв болгож, газрын талбайн хэмжээг өөрчилжээ.

         4.4. Ийнхүү өөрчилсөн захирамжийг гуравдагч этгээд Б.О эс зөвшөөрч Хөвсгөл аймгийн Засаг даргад 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр  гомдол гаргасны дагуу Хөвсгөл аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/441 дүгээр захирамжаар Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/93 дугаар захирамжийн хавсралтын 2, 3 дахь хэсгийг хүчингүй болгож, Б.О-д 3894 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/262 дугаар захирамжийн үйлчлэлийг сэргээж шийдвэрлэсэн. Харин Ц.Т-ийн 3000 м.кв газар эзэмших эрхийг сэргээсэн эсэх талаар тус захирамжид тусгаагүй.

 5. Түүнчлэн нэхэмжлэгч Ц.Т-ийн анх эзэмшиж байсан болон нэмэгдүүлж эзэмшиж буй газрын кадастрын зургуудаас үзэхэд түүнд Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/93 дугаар захирамжаар нэмэгдүүлж олгосон газар нь гуравдагч этгээд Б.Оын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/262 дугаар захирамжаар эзэмшсэн 3894 м.кв газрууд хоорондоо давхцал үүссэн.

 6. Анх гуравдагч этгээд Б.О өөрийн эзэмшлийн 5138.7 м.кв газраасаа нэхэмжлэгчид 3000 м.кв эзэмшил бүхий газрыг шилжүүлэхээр тохиролцсон атал Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/262 дугаар захирамжаар Ц.Т-д 3000 м.кв газрыг, Б.О-д 3894 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Б.О-ын эзэмшлийн 5138.7 м.кв газрын хэмжээнээс хэтэрсэн байдаг.

7. Үүнийгээ гуравдагч этгээд Б.О анхан шатны шүүх хуралдаанд “...Б.Ө-ийн хойд талын хашааны хэсгийг Байгаль орчны газраас ...хогийг нь цэвэрлээд газрынх нь суурь үнийг тушаагаад, өргөдлөө өгөөд авч болно гэсний дагуу 700.000 төгрөгийг төлөөд баримтаа Газрын албанд өгсөн. Манай газар 6834 м.кв болж гарах үед Ц.Т-тэй наймаа хийх үеэр давхцаж газрын зөвшөөрөл нь гарсан...” гэж тайлбарласан боловч тус газрыг Б.О-д нэмэгдүүлэн, эсхүл шинээр олгосон шийдвэр байхгүй. 

 8. Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргаас маргаан бүхий газрыг нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх, хэмжээ өөрчлөх, газрын зарим хэсгийг бусдад шилжүүлэх шийдвэр гаргах бүрдээ газрын хэмжээ, хил зааг, байршлыг тогтоогоогүйгээс уг маргаан шийдвэрлэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд шүүх эдгээр ажиллагааг нөхөн гүйцээх байдлаар эрх зүйн дүгнэлт хийж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй үр дагаварт хүргэв.

 9. Анхан шатны шүүхээс хийсэн газрын кадастрын мэдээллийн нэгдсэн сангийн үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл, нэхэмжлэгч Ц.Т-ийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хүсэлтээр нэмэгдүүлэхийг хүссэн талбай нь гуравдагч этгээд Б.О-ын эзэмшиж буй газартай хэсэгчлэн давхцалтай.

10. Түүнчлэн Ц.Т-өөс “... анх Б.О-ын зааж өгсөн цэгээр 2014 оноос хашаа татан эзэмшиж байгаа хашааг Б.О-аас шилжүүлж авсан даруйдаа өөрийнх нь зааж өгсөн цэгээр татсан энэ талаар Б.О маргаж байгаагүй”, мөн Ц.Т-өөс 2022 онд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гаргасан хүсэлтдээ “...  модон хашааг бетонон хашаа болгон шинэчлэхдээ Б.Оын баруун талын Б.Өийн хашаатай тэгшитгэн татсан, 2019 онд шинээр кадастр хийлгэхэд 4082 м.кв болсон тул уг хэмжээгээр мэдээллийн санд оруулж өгнө үү” гэж, мөн онд Б.О-аас “... Ц.Т дур мэдэн хашаагаа сунгаж барьсан, ... хуучин кадастраар асуудлыг шийдэж өгнө үү” гэх гомдлыг гарсан байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд Б.О-ын гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодруулахад “... гомдлыг шийдвэрлэсэн баримт манайд байхгүй” гэх тайлбарыг гаргасан.

11. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримт, түүнд дурдагдсан үйл баримтын хэмжээнд маргааныг шийдвэрлэхэд шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн, шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдалтай байх тул хариуцагчаас нөхцөл байдлыг дахин судалж, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хооронд үүссэн газрын маргаантай асуудлыг нэгмөр шийдвэрлэх нь зүйтэй байна.

 12. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч энэхүү магадлалын Хянавал хэсгийн 3.3-3.5-д заасны дагуу анх Б.О-д олгосон 5138.7 м.кв газар, түүнээс 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/262 дугаар захирамжаар Б.О-д 3894 м.кв газар, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/93 дугаар захирамжаар Ц.Т-д 4082 м.кв, Б.Оад 2812 м.кв газрыг эзэмшүүлэхдээ тус бүрийн газрын кадастрын зургаар /анхдагч зургууд хэрэгт авагдаагүй/ тогтоох, мөн Ц.Т, Б.О нарт нэмж олгосон газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хэрхэн тусгасан, Газрын тухай хуульд заасан ямар зохицуулалтаар олгох газарт хамаарч байгаа эсэхийг судлан тогтоосны үндсэн дээр шийдвэрлэх зэргээр маргааны үйл баримтад хамааралтай нэмэлт ажиллагааг хийж, дахин шинэ акт гарган шийдвэрлэх хүртэл маргаан бүхий Хөвсгөл аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/441 дүгээр захирамжийг 4 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 126/ШШ2025/0023 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/441 дүгээр захирамжийг хариуцагч дахин шинэ акт гаргах хүртэл дөрвөн сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.” гэж өөрчлөн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 4 /дөрвөн/ сарын хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/441 дүгээр захирамж хүчингүй болохыг дурдсугай.” гэсэн 2 дахь заалтыг нэмж, 2 дахь заалтын дугаарыг 3 болгон тус тус өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар маргаан бүхий Хөвсгөл аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/441 дүгээр захирамжийг 4 сарын хугацаатай түдгэлзүүлсэн хугацаа нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон хугацаанаас тоологдох бөгөөд түдгэлзүүлсэн хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий Хөвсгөл аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/441 дүгээр захирамж хүчингүй болохыг дурдсугай.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                ШҮҮГЧ                                                        О.ОЮУНГЭРЭЛ

 

 

                ШҮҮГЧ                                                        З.ГАНЗОРИГ

 

 

                ШҮҮГЧ                                                        Б.АДЪЯАСҮРЭН