Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 1249

 

 

Ж.Ч-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/00751 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Ч-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б-д холбогдох

 

107 295 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ж.Ч,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б,

Хариуцагч Б.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.Ч би 2006 онд Б.Б-тай харилцан тохиролцсоны дагуу Дорнод аймгийн Чингисийн далан өртөөнөөс Мардайн чиглэлд тавигдсан Төрийн өмчийн хорооны мэдлийн 93 км төмөр замыг худалдан авахаар тохиролцсон. Төмөр замын нийт үнэ нь 440 сая төгрөг байсан. Төмөр замыг худалдан авахад миний зүгээс 318 890 000 төгрөгийг өөрөөсөө болон миний үүсгэн байгуулсан “И” ХХК-аас төлж барагдуулсан. Төмөр зам худалдан авахад би Б.Б-с илүү мөнгө төлсөн учир Төрийн өмчийн хорооноос худалдах-худалдан авах 4373 тоот гэрээний дагуу үлдэгдэл мөнгөө төлөхгүй бол гэрээг цуцална, миний зүгээс эхэлж төлсөн мөнгийг улсын орлого болгоно гэж удаа дараа шаардаж байсан учир эхэлж оруулсан хөрөнгөө хамгаалахын тулд мөнгө нэмж төлсөөр нийт төмөр замын үнийн 72.5 хувийг буюу 318 890 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл мөнгийг шахаж байж Б.Б-р төлүүлсэн. Ингээд тухайн төмөр замыг Б.Б-ийн эзэмшлийн “Бүрхээст хайрхан” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлсэн. Төмөр замыг хурдан хугацаанд зарж борлуулан ашиг олох зорилготой байсан боловч хугацаа их шаардагдах болсон. Б.Б надад мэдэгдэлгүйгээр өөрийн эзэмшилийн “Бүрхээст хайрхан” ХХК-д өөр хүн хувьцаа эзэмшигчээр оруулсанаас бид анх маргалдсан. Дараа нь “Тачбин” ХХК-ийг байгуулан Ж.Ч би 50 хувь, Б.Б-г 50 хувийн хувьцаа эзэмшигчээр тус тус бүртгүүлэн “Бүрхээст хайрхан” ХХК-аас 93 км төмөр замаа ’’Тачбин” ХХК руу шилжүүлж, өмч хөрөнгөдөө хяналт тавин ажиллаж эхэлсэн. Төмөр замын 20 км тутамд айл буулган, тэдгээр хүмүүст цалин хөлс төлж, харуул хамгаалалт гарган ажиллаж эхэлсэн. 2016 он хүртэл харуул хамгаалалтын цалинг төмөр зам худалдан авахад оруулсан хөрөнгийн хэмжээгээрээ буюу Ж.Ч би 72.5 хувийг нь Б.Б 27.5 хувийг нь төлдөг байсан. Энэ 10 жилийн хугацаанд би илүү хөрөнгө гаргасан учир өмчийн 72.5 хувийн эзэмшигч гэдэгтээ баттай итгэж арчлан хамгаалж, ашиглаж ирсэн. 2016 оны 1 дүгээр сард өмчөө хамгаалах зорилгоор байгуулсан “Тачбин” ХХК-д Б.Б нь 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэнээ ашиглан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Б нэхэмжлэл гаргаж, өөрийгөө дээрх 93 км төмөр замын 50 хувийг эзэмшдэг болохыг тогтоолгохоор болж тус иргэний хэрэг маргаан 3 шатны шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдэж дууссан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2017/01264 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 1440 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн Иргэний хэргийн шүүхийн 001/ХТ2017/01380 тоот тогтоолуудад үйл явдал, оруулсан мөнгөний талаар маш тодорхой тусгаж тодорхойлж гаргасан. Хяналтын шатны шүүх Ж.Ч, Б.Б нар нь хамтран ажиллаж байсан байна, хамтран ажиллах гэрээнд оруулсан хураамж хэмжээний талаар маргаж өөр өөрийнхөөрөө тайлбарлах боловч хураамжийн талаар харилцан тохиролцсон баримтгүй тул Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-т заасны дагуу “тэнцүү хэмжээгээр”, ...’’дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй” гэж, Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсэгт зохицуулсан тул хамтран өмчлөх дундын хөрөнгө болох 93 км төмөр замыг нэхэмжлэгч, хариуцагч тус бүр тэнцүү хэмжээтэй буюу тус тус 46.5 км-ээр өмчлөх эрхтэй байна, энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах эрхтэй гэж үзээд тогтоох хэсэгтээ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1440 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “108.1” гэснийг “487 дугаар зүйлийн 487.1” гэж нэмж магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсэн. Тухайн хэрэг маргааныг дуусан дуустал би илүү хөрөнгө оруулсан, түүнийхээ хэмжээгээр тус төмөр замын 72.5 хувийг эзэмших эрхтэй гэдэгтээ итгэж явсан. Иргэн хүнийхээ хувьд шүүхийн эцэслэн гаргасан шийдвэрийг хүндэтгэн хүлээн зөвшөөрч байгаа. Хэдийгээр гурван шатны шүүх миний хувьд шудрага бус шийдвэр гаргасан гэж дотроо боддог ч шүүх миний эрх ашгийг хамгаалсан заалтыг хянах хэсэгтээ оруулсан байдаг. Тухайлбал, давж заалдах шатны шүүхийн магадлалын 10 дугаар талд “Хариуцагч нь хамтран ажиллах гэрээний дагуу төмөр зам худалдан авахад нэхэмжлэгчээс илүү үнэ төлсөн, түүнчлэн уг төмөр замыг арчлахад илүү зардал гаргасантай холбогдох асуудлыг энэ хэргийн хүрээнд шийдвэрлээгүй, гагцхүү талуудын хоорондын хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон үр дагаварт хөрөнгө хуваарилахтай холбоотой гуравдагч этгээдийн “Бүрхээст хайрхан” ХХК-ийн хувьцаа эзэмших эрхтэй эсэх, хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй” гэж тодорхой тусгасан тул дээрх заалттай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага дараах үндэслэлээр гаргаж байна. Ж.Чинзориг миний үүсгэн байгуулж, 100 хувийн хувьцааг нь дангаар эзэмшдэг “Ирмүүн” ХХК-аас Төрийн өмчийн хороонд тушаах нэрийдлээр Б.Б-ийн авсан 75 188 000 төгрөгийг, төмөр замын нийт үнэ 440 сая төгрөг бөгөөд шүүхээс иргэн Ж.Чинзориг намайг 243 702 000 төгрөг тушаасан гэж тогтоосон. Иймд илүү төлсөн мөнгө болох 23 702 000 төгрөгийг, харуул хамгаалалтын зардалд надаас 31 810 000 төгрөг Б.Батаагаас 15 000 000 төгрөг гарсан нь шүүхээр тогтоогдсон. Нийтдээ Ж.Ч болон Б.Б нараас 46 810 000 төгрөг харуул хамгаалалтын зардалд төлөгдсөн байдаг. Энэ мөнгөн дүнгээс Б.Б-ийн дутуу төлсөн 8 405 000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Иймд Б.Б-с миний илүү төлсөн мөнгө болох нийт 107 295 000 төгрөгийг гаргуулж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү. Энэ хэрэгт гэрчээр оролцсон Г.Б ямар ч хамааралгүй этгээд бөгөөд 14 800 000 төгрөг төлсөн гэсэн баримт хэрэгт хавсаргасан боловч худал материал юм.  Г.Баянмөнхөөс 7 400 000 төгрөг гарсан бөгөөд энэ мөнгө нь надад өгөх өглөгөө өгсөн. Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор хамтын үйл ажиллагаа шууд дуусгавар болохгүй. Эхлээд биелээгүй хэсгийг дуусгавар болгох ёстой, дараа нь үлдэх хөрөнгийн жагсаалтыг талууд хуваарилах ёстой гэхдээ хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон тохиолдолд хамтын үйл ажиллагааны зорилго болон талуудын  эрх үүрэгт өөрчлөлт орно. Ашиг олох зорилгын өмнө биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгох зорилго орж ирнэ гэж Иргэний хуулийн 2010 оны тайлбарт тайлбарласан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Ж.Ч нь нэхэмжлэлийн шаардлагаа “Төмөр зам худалдан авахад болон арчлахад илүү төлсөн 107 295 000 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон байх ба “Ирмүүн” ХХК-аас Төрийн өмчийн хороонд тушаах нэрийдлээр авсан 75 188 000 төгрөг, төмөр зам худалдан авахад илүү төлсөн мөнгө болох 23 702 000 төгрөг, харуул хамгаалалтын зардалд Б.Б-ийн дутуу төлсөн 8 405 000 төгрөгийг тус тус надаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Б.Б миний бие иргэн Ж.Ч-т холбогдуулан Дорнод аймгийн Чингисийн далан өртөөнөөс Мардайн хүртэлх 93 км төмөр замын өмчлөгч болохыг тогтоолгох нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байсан ба нэхэмжлэгч Ж.Ч нь уг төмөр замыг худалдан авахад 318 890 000 төгрөг оруулсан болохыг тогтоолгож, оруулсан хөрөнгийн хэмжээгээр тухайн төмөр замын 72.5 хувь буюу 67.4 км төмөр замын өмчлөгч болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан болно. Энэхүү иргэний хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2017/012364 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1440 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 001/ХТ2017/01380 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн болно. Энэ хэргийн хүрээнд иргэн Ж.Ч-н гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүх дүгнэлт хийхдээ одоо тус шүүхэд гаргасан “Ирмүүн “ХХК-аас төмөр зам худалдан авахад авсан гэх 75 188 000 төгрөгтэй холбогдуулан дүгнэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/012364 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д заасны дагуу хариуцагч Ж.Ч-г “Тачбин” ХХК-ийн хөрөнгө болох төмөр замыг худалдан авахад 243 702 000 төгрөг оруулсан болохыг тогтоож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 75 188 000 төгрөгт холбогдох хэсгийг болон “Тачбин” ХХК-ийн хөрөнгө болох төмөр замын 72.5 хувийн өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар шүүх Ж.Ч-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй байна. Мөн уг иргэний хэргийг шийдвэрлэсэн 3 шатны шүүхийн шийдвэрээр Ж.Ч-г төмөр замыг худалдан авахад 243 702 000 төгрөг оруулсан болохыг тогтоохдоо Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 478 дугаар зүйлийн 478.1, 487 дугаар зүйлийн 487.1-д заасныг тус тус баримтлан “талууд хамтран ажиллах гэрээнд оруулах хураамж, хувь хэмжээг гэрээгээр тухайлан тохиролцоогүй байх тул тэдний оруулсан хураамжийн хэмжээг хуулиар зохицуулах нь зүйтэй гэж дүгнэсэн байдаг. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 001/XT2017/01380 тоот тогтоолд “...дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй...” гэж Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1-д зохицуулсан тул хамтран өмчлөх дундын хөрөнгө болох 93 км төмөр замыг нэхэмжлэгч, хариуцагч нар тус бүр тэнцүү хэмжээтэй буюу тус тус 46.5 км-ээр өмчлөх эрхтэй байна гэж үзлээ. Иймд хариуцагч Ж.Ч-н хамтын үйл ажиллагаанд 318 890 000 төгрөгийн хөрөнгө оруулсан болохыг тогтоолгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй болно” гэж дүгнэсэн байна. Ийнхүү Ж.Ч-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох 243 702 000 төгрөг тушаасны зарим хэсэг болох илүү төлсөн гэх 23 702 000 төгрөгийн асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа учраас шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй.

Ж.Ч нь төмөр замын харуул хамгаалалтын зардалд нийт 46 810 000 төгрөг төлөгдсөнөөс намайг 8 405 000 төгрөг дутуу төлсөн гэх үндэслэлээр энэ мөнгөн дүнг атаа миний бие нь Ж.Ч, Г.Баянмөнх нарын хамтаар cap сараар хариуцан төлөхөөр тохиролцож, харуулын цалинд cap бүр 500 000 төгрөг шилжүүлж байсан ба би миний хувьд 15 560 000 төгрөг өнгөрсөн хугацаанд төлсөн. Ж.Чинзориг нь өнгөрсөн хугацаанд харуул хамгаалалтын цалинд нийт 46 810 000 төгрөг төлсөн болохыг тооцож үзээд, зөвхөн миний төлсөн мөнгийг хасч тооцсон байна. Гэтэл бид хоёроос гадна Г.Баянмөнх харуул хамгаалалтын зардалд 14 800 000 төгрөг төлсөн байдаг. Ийм учраас Ж.Ч нь харуул хамгаалалтын зардалд дутуу төлсөн гэх үндэслэлээр 8 405 000 төгрөг нэхэмжлэх үндэслэлгүй. 2006 онд худалдаж авсан төмөр замыг 2007 онд “Тачбин” ХХК-ийг байгуулаад хоёулаа 50, 50 хувийн хувьцаа эзэмшихээр тохиролцсон шийдвэр гарснаар нэхэмжлэгч Ж.Ч өөрийн оруулсан хөрөнгө 318 890 000 төгрөг компанийн хөрөнгө, энэ хөрөнгийг бид хоёр 50, 50 хувиар эзэмшиж ашиглахаар тохиролцоод улсын бүртгэлд бүртгүүлсэн дээр өмнөх шүүхийн шийдвэрүүд үндэслэж гарсан. Нэгэнт шүүхийн шийдвэрээр таны оруулсан 318 890 000 төгрөг “Тачбин” ХХК-ийн хөрөнгө болсон байна. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсэгт хамтран өмчлөх дундын хөрөнгө, хамтарч ажилласан байна гэх байдлыг үндэслэж худалдаж аваад компанийн 2 гишүүн хамтарч ажиллахаар тохиролцоод нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11, 477 дугаар зүйлийн 477.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б /РД:ТЗ61011011/-аас 25 107 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ч /РД:ЧН61062872/-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын 75 188 000 төгрөгт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Ч-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 694 425 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-с 283 485 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад зөв дүгнэлт өгөн Иргэний хуулийн 492 дугаар зүйл 492.1.1-т зааснаар хариуцагчаас буюу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2017/01269 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1440 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн 001/ХТ2017/01380 дугаартай тогтоолоор хамтран ажиллах гэрээний дагуу хөрөнгө олж авсан Б.Б-с төмөр зам худалдан авахад дутуу төлсөн 23 702 000 төгрөгийг гаргуулахаар зөв шийдвэрлэсэн боловч төмөр зам худалдан авах нэрийдлээр Ж.Ч-н "Ирмүүн" ХХК-иас авсан 75 188 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Шүүх шийдвэрлэхдээ ...нэхэмжлэлийн шаардлагын 75 188 000 төгрөгт холбогдох хэсэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйл 65.1.6-д заасан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй... гэж үзэхээр байх тул 75 188 000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болсон. Учир нь өмнө хуралдаж хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, тогтоол, магадлалаар зөвхөн нэхэмжлэгч Ж.Ч-н "төмөр зам" худалдан авахад оруулсаныг тогтоолгох тухай 318 889 000 төгрөгийн шаардлагаас 75 188 000 төгрөгийг төмөр зам худалдан авахад оруулсан нь тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон болохоос Ж.Ч-ийн "Ирмүүн" ХХК-иас 75 188 000 төгрөгийг Б.Б нь авсан болохыг үгүйсгээгүй юм.

Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Д.Ц энэ талаар зээлсэн мөнгийг одоо шаардаж байгаа бол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох ёстой гэж мэтгэлцсэн. Мөн үүнээс өмнө болсон 3 шатны шүүх хуралдаанд болон 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр болсон шүүх хуралдаанд Б.Б-н  зүгээс 75 188 000 төгрөгийг эргүүлэн Ж.Ч эсхүл Ирмүүн" ХХК-д төлсөн баримтаа гаргаж өгөөгүй байдаг. Энэ нь тухайн 75 188 000 төгрөгийг одоог хүртэл эргүүлэн төлөөгүйн нотолгоо юм. Нэхэмжлэгчийн зүгээс өмнө нь болсон 3 шатны шүүх хуралдаанд энэ мөнгө "төмөр зам" худалдан авахад зарцуулагдсан гэж итгэж үнэмшин тусгайлан нэхэмжлээгүй байсан учир нь гаргасан мөнгөн дүнгийнхээ хэмжээгээр эзэмших хувиа тогтоолгох гэж байсантай холбоотой. Харин 3 шатны шүүхээр энэ мөнгөн дүн "төмөр зам" худалдан авахаар орсон нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсний дараа "шаардах эрх" хуулийн дагуу үүссэн гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж нэхэмжилсэн болно. Нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 76 дугаар зүйл 76.1-т...Хөөн хэлэлцэх хугацаа нь шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно...гэж тодорхой заасныг баримтлан нэхэмжилсэн. Ж.Ч-н хувьд дээр дурдсан "Ирмүүн" ХХК-иас Б.Б-д олгосон мөнгийг шүүхээс "төмөр зам" худалдан авахад зориулагдаагүй гэж дүгнэсний дараа эргүүлэн шаардах эрх нь нээгдсэн тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйл 65.16-д заасны дагуу нэхэмжлэлийн үнийн дүнгээс 75 188 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг буруу гэж үзэж байна. Төмөр замд оруулаагүй бол эргүүлээд "төлчих" гэдэг нь ямар ч хууль дурдахгүйгээр хэрэгжих ёстой шударга асуудал юм.

Анхан шатны шүүх хэргийн оролцогч биш Г.Баянмөнх гэгчийн харуул хамгаалалтад төлсөн гэх 7 000 000 төгрөгийг хариуцагч Б.Б-н харуул хамгаалалтын зардалд төлөх ёстой байсан мөнгөн дүнд оруулан тооцсон нь алдаатай болсон. Учир нь хамтран ажиллах болон төмөр зам өмчлөх, арчилан хамгаалах зардал гаргах гэрээний талууд Б.Б, Ж.Ч нар болохоос гэрчээр оролцсон Г.Баянмөнх биш. Хуульд нэхэмжлэгч, хариуцагчаа өөрөө тодорхойлох, заах эрхтэй. Гуравдагч этгээд бусдад төлсөн мөнгөн дүнг хариуцагчийг төлөх ёстой төлбөрт тооцчихоод нэхэмжлэгчийн зүгээс Г.Баянмөнхөөс төлсөн мөнгөн дүн нь түүнд өгөх өр төлбөртөө түүний өмнөөс үүрэг гүйцэтгэж байсан гэж тайлбарласан хэдий ч түүний тайлбар баримтаар нотлогдохгүй байх тул шүүх нэхэмжлэгчээс 31 810 000 төгрөгийг харуул хамгаалалтын зардалд гаргасан гэх үндэслэл баримтаар нотлогдохгүй  байна  гэж үзсэн нь алдаатай болсон.  31 810 000 төгрөгийг харуул хамгаалалтад Ж.Ч-н төлсөн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу бүрдүүлж хэргийн материалд хавсаргаснаас гадна хариуцагч Б.Б-н "Ирмүүн" ХХК-иас төмөр зам худалдан авах нэрийдлээр авсан 75 188 000 төгрөгийн баримтыг ч шүүхэд гаргаж өгсөн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс Г.Баянмөнх, Б.Б, С.Эрдэнэ нартай мөнгө төгрөгийн тооцоотой байсан, гэрч Г.Баянмөнх нь дээрх нотлох баримтад дурдсан мөнгөн дүнг нэхэмжлэгч Ж.Ч-т хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч энэ бичгийн нотлох баримтад анхан шатны шүүхээс дүгнэлт өгөөгүй орхигдуулсанд гомдолтой байна. Анхан шатны шүүх хэрэгт хавсаргуулсан, хуулийн шаардлага хангасан бичгийн нотлох баримтуудад хууль ёсны дүгнэлт өгөөгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйл 166.4-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Б.Б-с 25 107 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ж.Ч-н төмөр зам худалдан авахад төлбөл зохих төлбөрөөс илүү төлсөн гэх 23 702 000 төгрөгийн талаарх үйл баримтыг дүгнэж тухайн асуудлыг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр 3 шатны шүүхийн шийдвэр байхад шүүх энэ талэар дахин дүгнэлт хийж, Улсын Дээд шүүхийн тогтоолын заалтыг үгүйсгэж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Б.Б-н нэхэмжлэлтэй Ж.Ч-т холбогдох иргэний хэргийг өмнө нь 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд энэ хэргийн хүрээнд талуудын хооронд үүссэн төмөр зам худалдан авахтай холбоотой бүхий л харилцааны талаар хуулийн хүрээнд маш тодорхой ойлгомжтой дүгнэлтийг хийсэн байдаг. Ийнхүү дээр дурдсан хүчин төгөлдөр шүүхийн тогтоолоор 440 000 төгрөгийн өртөг бүхий төмөр зам худалдан авсан талуудын хураамжийн тухай асуудлыг хуулийн дагуу эцэслэн шийдвэрлэсэн байгаа тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн нь хууль бус болсон.

Анхан шатны шүүх хариуцагчаас төмөр замын харуул хамгаалалтын зардалд 1 405 000 төгрөгийг дутуу төлсөн гэх үндэслэлээр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх төмөр замын харуул хамгаалалтын зардалд 46 810 000 төгрөгийн цалинг төлсөн байна гэж үзээд, уг зардлыг 50, 50 хувиар хариуцах үүрэгтэй гэж үзсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Энэхүү хэрэгт гэрчээр оролцсон Г.Баянмөнх нь төмөр замын харуул хамгаалалтын зардлыг нэхэмжлэгч, хариуцагч нарын хамтаар гурвуулаа хариуцан төлөхөөр тохиролцсон учраас гарсан зардлын өөрт ногдох хэсгийг төлсөн тухай бичгийн баримтуудыг шүүхэд гарган өгч манаачийн цалинд 14 800 000 төгрөг төлсөнөө тодорхой мэдүүлсэн. Гэтэл шүүх гэрч Г.Баянмөнхийн мэдүүлгийг уг маргаанд хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэлгүйгээр хариуцагчаас 1 405 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Ч нь хариуцагч Б.Б-с “Ирмүүн” ХХК-иас авсан 75 188 000 төгрөг, төмөр зам худалдан авахад илүү төлсөн 23 702 000 төгрөг, төмөр замын харуул хамгаалалтын зардалд дутуу төлсөн 8 405 000 төгрөг, нийт 107 295 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид Дорнод аймгийн Эрээнцав-Чойбалсангийн төмөр замын Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км урттай төмөр замыг 440 000 000 төгрөгөөр худалдан авч 2006 оны 9 дүгээр 11-ний өдөр өмчлөгч болсон, уг төмөр замыг худалдан авахад оруулсан хувь хөрөнгийн хэмжээн дээр талууд маргаж шүүхээс маргааны зүйл болох төмөр замд нэхэмжлэгч Ж.Ч 243 702 000 төгрөгийн, хариуцагч Б.Б 196 298 000 төгрөгийн хөрөнгө тус тус оруулсан бөгөөд Ж.Ч, Б.Б нар нь маргааны зүйл болох төмөр замыг адил тэнцүү 50, 50 хувийн өмчлөх эрхтэй болохыг тогтоосон 3 шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.                                                     /хх-8-35 дугаар тал/

 

Нэгэнт шүүхийн шийдвэрээр талуудыг төмөр замын 50, 50 хувийн өмчлөгчөөр  тогтоосон, хуульд зааснаар адил тэнцүү дундын хөрөнгө эзэмшиж байгаа тохиолдолд  тэдгээрийн оруулсан хувь хөрөнгийн хэмжээ, түүнтэй холбоотой гарах зардлыг хуваах хэмжээ нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5 дахь хэсэгт заасны дагуу адил тэнцүү байхаар зохицуулжээ.

 

Төмөр замыг худалдан авахад нэхэмжлэгч Ж.Ч 243 702 000 төгрөг, хариуцагч Б.Б 196 298 000 төгрөг төлсөн үйл баримтыг нотлогдсон гэж шүүхийн шийдвэрээр тогтоосон боловч түүнтэй холбоотой илүү төлсөн 23 702 000 төгрөгийн зөрүүг гаргуулах эсэхийг шүүх шийдвэрлээгүй байна.

 

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар бусдын өр төлбөрийг өмнөөс нь төлсөн бол буцаан шаардах эрхтэй. Иймд нэхэмжлэгч Ж.Ч-ийн төлсөн 243 702 000 төгрөг, хариуцагч Б.Б-ийн төлсөн 196 298 000 төгрөг, нийт 440 000 000 төгрөгөөс Б.Б-ийн хамтран ажиллах гэрээний 50 хувийн оролцоонд төлбөл зохих 220 000 000 төгрөгөөс дутуу төлсөн 243 702 000 төгрөгийг Ж.Ч өөрийн төлөх байсан 220 000 000 төгрөгөөс буюу 50 хувиас илүү төлснийг гаргуулсан шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Анхан шатны шүүх “Ирмүүн” ХХК-иас хариуцагч Б.Б-ийн Төрийн өмчийн хорооноос худалдан авсан төмөр замын төлбөрт төлөхөөр шилжүүлэн авсан гэх 75 188 000 төгрөгийн асуудлыг 3 шатны шүүхийн шийдвэрээр шийдвэрлээгүй байтал өмнө нь шүүх шийдвэрлэсэн гэж дүгнэсэн нь буруу болжээ. Хэргийн 37-49 дүгээр талд 2006 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2006 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд “Ирмүүн” ХХК-иас Б.Б-д 75 188 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэх баримтууд авагдсан байна.                                   

 /хх-8-35, 37-49 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр бусдад мөнгө шилжүүлсэн бол уг мөнгийг шаардах эрхтэй. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараас үзвэл “Ирмүүн” ХХК-иас хариуцагч Б.Б-д шилжүүлсэн гэх 75 188 000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Ч үндэслэлгүйгээр шилжүүлж өгсөн гэж шаардах эрхгүй. Учир нь нэхэмжлэгч Ж.Ч нь “Ирмүүн” ХХК-иас Б.Батаад шилжүүлэн өгсөн мөнгийг шаардах эрхтэйг нотолсон баримт хэрэгт үгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Ж.Ч-ийн хариуцагч Б.Б-с 75 188 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

Нэхэмжлэгч Ж.Ч болон “Тачбин” ХХК-иас төмөр замын харуул хамгаалалтын зардалд мөнгө шилжүүлсэн гэх баримтууд хэрэгт авагдсан байх бөгөөд “Тачбин” ХХК-иас төмөр замын харуул хамгаалалтын зардалд төлсөн мөнгийг Ж.Ч дангаараа төлсөн  хариуцагч Б.Б-н төлбөл зохих зардлыг өмнөөс нь төлсөн гэж үзэх, эргэлзээгүй дүгнэх боломжгүй. Учир нь зохигчид төмөр зам худалдан авсантай холбоотойгоор “Тачбин” ХХК-ийг тухайн үед хамтарч байгуулсан байна.

 

Хэргийн 108-114 дүгээр тал дахь Г.Баянмөнхийн 19 100 000 төгрөг харуул хамгаалалтын зардалд төлсөн баримтыг нэхэмжлэгч Ж.Ч өрөндөө тооцож өөрийнхөө өмнөөс шилжүүлсэн гэх агуулгатай тайлбар гаргасан боловч Г.Баянмөнх шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “өөрөө өөрийнхөө хариуцах ёстой үүргийнхээ хувьд 19 100 000 төгрөг төлсөн” гэж зааснаас Ж.Ч-т төлөх өрөндөө тооцож өгсөн гэх агуулгатай мэдүүлэг өгөөгүй байна. Иймд Г.Баянмөнхөөс төлсөн 19 100 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох боломжгүй юм.  

 

Нэхэмжлэгч Ж.Ч нь хариуцагч Б.Б-с 15 000 000 төгрөг, иргэн Г.Баянмөнх 7 000 000 төгрөг төмөр замын харуул хамгаалалтын зардалд төлсөн болохыг өөрийнхөө тайлбараар нотолсон тул зөрүү 1 405 000 төгрөгийг шүүх гаргуулсан нь хэргийн баримтад тулгуурласан гэж үзэх үндэслэлтэй. Иймээс гэрч Г.Баянмөнхийн төмөр замын харуул хамгаалалтын зардалд төлсөн мөнгийг Ж.Ч-ийн төлсөн гэж үзэж шийдвэрлэх боломжгүй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ж.Ч-н нэхэмжлэлийн шаардлагаас 25 107 000 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5, 496 дугаар зүйлийн 496.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 75 188 000 төгрөгт холбогдох хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байх тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул 75 188 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулав.   

 

 Дээрх үндэслэлээр зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/00751 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-с 25 107 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ч-т олгож, Иргэнийн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 82 188 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын дугаарыг “2” гэж, 4 дэх заалтын дугаарыг “3” гэж, 5 дахь заалтын дугаарыг “4” гэж тус тус дугаарлан өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ж.Ч-н төлсөн 568 890 төгрөг, хариуцагч Б.Б-н төлсөн 283 485 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ