| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2019/04165/И |
| Дугаар | 102/ШШ2020/01082 |
| Огноо | 2020-04-08 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2020/01082
2020 оны 04 сарын 08 өдөр Дугаар 102/ШШ2020/01082 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч М.Мөнхтөр, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: БГД, 00 дугаар хороо, 0 бичил хороолол, Х-ын гудамж, 00 дугаар байр 00 тоотод оршин суух А овогт Ш-ийн М /РД: АА00000000/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: БГД 00 дүгээр хороо 00 дугаар байрны 00 тоотод оршин суух У овогт Б-ын М /РД: АА00000000/-д холбогдох
Гэм хорын хохирол 5,612,027 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А, хариуцагч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхболд, иргэдийн төлөөлөгч Б.Сэлэнгэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 697 дугаар шийтгэх тогтоолоор “шүүгдэгч Б.М-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
Ш.Б надад Б.М-ын жолоодож явсан 1460УНП улсын дугаартай тоёота приус 30 маркийн автомашинд 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 07:45 цагийн орчим мөргүүлсний улмаас хохиролд:
- эрүүл мэндийн оношлогоо, эмчилгээний зардал 450,500 төгрөг,
- эрүүгийн хэрэгт нотлох баримтаар тусгуулсан дүрс бичлэгийг хуулбарласан DVD, түүний гаднах хайрцгийг худалдан авахад 11,220 төгрөг
- гэрэл зургуудыг угаалгахад 10,400 төгрөг,
- шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8,000 төгрөг,
- Замын цагдаагийн албаны төлбөр зогсоолын төлбөрт 3,000 төгрөг,
- өмгөөллийн хөлс 3,000,000 төгрөг,
- эмнэлгийн магадлагаагаар 2018.07.03-2018.08.02 ны өдрийг дуустал ажлаасаа чөлөөлөгдсөний улмаас авч чадаагүй цалингийн зөрүү 430,407 төгрөг,
- автомашинд мөргүүлсэний улмаас урагдсан өмд, хүрэм 200,000 төгрөг, нийт 4,113,527 төгрөгийн хохирол учирсан.
Миний бие эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэлийг Б.М-д холбогдуулан гаргасан юм. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хохирогч Ш.Бд томографийн зураг авахуулсан 85,000 төгрөг, Люкс мед эмнэлэгт үзүүлсэн 210,000 төгрөг, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 47,000 төгрөг, эмчилгээний зүйлсийн 108,500 төгрөг, нийт 450,500 төгрөг тогтоогдож байна гэж үзсэн.
Харин цалин хөлсний зөрүү, өмд, хүрэмний хослолын үнэ 200,000 төгрөг, дүрс бичлэгийг хуулбарласан DVD, түүний гаднах хайрцгийг худалдан авахад 11,220 төгрөг, гэрэл зургуудыг угаалгахад 10,400 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8,000 төгрөг, Замын цагдаагийн албаны төлбөр зогсоолын төлбөрт 3,000 төгрөг, өмгөөллийн хөлс 3,000,000 төгрөг, нийт 3,663,027 төгрөгийн хохирлыг эрүүгийн журмаар хянан шийдвэрлэхээс татгалзсан болно.
Б.М эрүүгийн хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч 600,000 төгрөгийг хохиролд тооцон нөхөн төлсөн.
Эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлд тусгагдсан 4,113,527 төгрөгийн хохирлоос Б.М-ын төлсөн 600,000 төгрөгийг хасахад үлдэгдэл 3,513,527 төгрөг болно. Энэхүү нэхэмжлэлд хавсаргах нотлох баримтуудыг цуглуулах, хуулбарыг нотариатаар гэрчлүүлэхэд 120,000 төгрөгийг зарцуулсан. Хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг төлсөн. Нийт 5,633,527 төгрөгийг Б.М-аас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.М шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 697 дугаар шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий хуулийн дагуу шийдвэрлэсэн байна. Гэтэл шүүхээр хэрэгсэхгүй болгосон үлдэгдэл гэх 3,513,527 төгрөгийг нотлох баримт цуглуулах зардлыг зарцуулсан гэх, өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөг нэхэмжилж байгааг хууль бус гэж үзэж байна гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Б.М-д холбогдуулан гэм хорын хохирол 5,633,527 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол арилгуулахаар шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.
Хариуцагчаас гэм хорын хохиролд 600,000 төгрөг нөхөн төлсөн, өмгөөллийн хөлс, шүүхэд нотлох баримт бүрдүүлэх зардал нь гэм хорын хохиролд хамаарахгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хариуцагч Б.М нь 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 07 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Happy car” нэртэй авто угаалгын газрын арын замд 14-60 УНП улсын дугаартай тоёота приус 30 маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замны хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Ш.Б-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан болох нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/01010 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.
Нэхэмжлэгч эрүүл мэндийн оношлогоо, эмчилгээний зардал 450,500 төгрөг, иргэний хэрэгт нотлох баримт бүрдүүлэхэд гарсан зардал 120,000 төгрөг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөг, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн зардал 8,000 төгрөг, гэрэл зургуудыг угаалгасан зардал 10,400 төгрөг, замын цагдаагийн газрын зогсоолын төлбөр 3,000 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалингийн зөрүү 430,407 төгрөг, автомашинд мөргүүлсэний улмаас урагдсан өмд, хүрэмний үнэ 200,000 төгрөг, нийт 6,222,307 төгрөгийн хохирлоос хариуцагчийн нөхөн төлсөн 600,000 төгрөгийг хасч, үлдэгдэл 5,633,527 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасны дагуу бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээнэ. Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний гэм буруугаас болоогүй гэдгийг нотолбол гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.
Хариуцагч Б.М-ын хууль бус үйлдлээр Ш.Б-ы эрүүл мэндэд хохирол учруулсан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон бөгөөд зохигчид гэм буруугийн талаар маргаагүй, харин учирсан хохирлын хэмжээнд маргаж байна.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч Б.М нь нэхэмжлэгч Ш.Б-ы эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч Ш.Б нь Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилт, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтнээр ажилладаг.
Тэрээр 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ослын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд ажлын 20 хоногийн цалин 771,511 төгрөгөөс 341,104 төгрөгийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгосон болох нь тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 387 дугаартай тушаал, 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 05/4272 дугаартай, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 05/4364 дугаартай албан бичиг, нийгмийн даатгалын дэвтэр, эмнэлгийн хуудас зэргээр тогтоогдож байна.
Иймд дээрх хугацаанд Ш.Б-ы хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалингийн зөрүү 430,407 төгрөгийг хариуцагч Б.М-аас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ослын улмаас шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8,000 төгрөг, зам тээврийн осол, үзлэгийн материалтай танилцахад Замын цагдаагийн албаны авто зогсоолын төлбөрт 3,000 төгрөг, эрүүгийн хэрэгт нотлох баримтаар тусгуулсан дүрс бичлэгийг хуулбарласан DVD хайрцгийн хамт худалдан авахад 11,200 төгрөг, гэрэл зураг угаалгахад 10,400 төгрөг, нийт 32,600 төгрөгийн зардал гарсан болох нь төлбөр төлсөн баримт /хх 81-84/-аар тогтоогдож байх тул эдгээр зардлыг хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчээс гарсан шалтгаант холбоо бүхий бодит хохиролд тооцон хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн нэхэмжлэгч Ш.Б-ы өмсөж явсан хослол дээрх ослын улмаас урагдсан болох нь үзлэг хийсэн тэмдэглэл болон эд мөрийн баримтаар тогтоогдож байх бөгөөд Хөрөнгийн үнэлгээний төвийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 140 дугаартай шинжээчийн дүгнэлтээр өмд, хүрэмний хослолыг 200,000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх 146-148/
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй тул хариуцагч Б.М нь нэхэмжлэгчийн өмсөж явсан өмд, хүрэмний үнэ 200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэл тогтоогдож байна.
Харин Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 697 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.М-аас хохирогчид 600,000 төгрөгийн хохирол барагдуулсан тул баримтаар тогтоогдсон Ш.Б-ы томографийн зураг авахуулсан 85,000 төгрөг, “Люкс мед” эмнэлэгт үзүүлсэн 210,000 төгрөг, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 47,000 төгрөг, эмчилгээний зүйлсийн үнэ 108,500 төгрөг, нийт 450,500 төгрөгийн хохирол төлөгдсөн болохыг тогтоож, хохирогч Ш.Б-ы өмгөөлөгчид төлсөн хөлс болох 3,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамаарахгүй гэж дүгнэж, өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4.-т зааснаар зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэж зааснаар эрүүүгийн хэргийн өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөг, эмчилгээ, оношлогооны зардал 450,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс авсан хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээний хөлсийг хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд тооцох үндэслэлгүй гэж үзлээ.
Түүнчлэн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэгт нотлох баримт бүрдүүлэхтэй холбогдон гарсан зардал 120,000 төгрөгийг хариуцагчийн нөхөн төлсөн 600,000 төгрөгт оруулан тооцно гэж тайлбарласан тул нөхөн төлөгдсөн гэж үзэж, энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.М-аас 663,027 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Б-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,970,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Б.М-аас 663,027 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Б-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,970,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Б.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 20,462 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД М.МӨНХТӨР
Н.ХАНГАЛ