| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2020/00380/И |
| Дугаар | 102/ШШ2020/01154 |
| Огноо | 2020-04-13 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2020/01154
| 2020 оны 04 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2020/01154 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д-У аймаг, О сум, 0 дүгээр баг, Б-Ө-д оршин суух Р овогтой Б-гийн Э /регистрийн дугаар: АА00000000/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: БГД, 00 дүгээр хороо, 00-0 тоотод оршин суух, Ч овогтой Б-ы Ө /регистрийн дугаар: АА00000000/-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг 17,604,800 төгрөг, алданги 8,802,400 төгрөгийг нөхөн гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагч Б.Ө, хариуцагчийн өмгөөлөгч Н.Нямдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эх Д.Т нь эцэг Б.Ө-аас гэрлэлтээ цуцлуулах, охин Ө.Э-г өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхэд гаргасан. Тус шүүхээс 2001 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хэргийн хянан хэлэлцээд Д.Т, Б.Ө нарын гэрлэлтийг цуцалж, 1998 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Ө.Э-г эх Д.Т-ийн асрамжид үлдээж, Ө.Э-д амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг сар бүр эцэг Б.Ө-аас гаргуулахаар шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэр гарсанаас хойш эцэг Б.Ө нь хүүхдийн тэтгэлэгт нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд намайг 7 дугаар ангид сурч байхад нэг удаа надтай уулзахдаа чамайг их дээд сургуульд орохоор нэг мөсөн төлбөрийг чинь хийнэ гэсэн боловч өнөөдрийг хүртэл тэтгэлэг төлөөгүй байгаа болно.
Иймд шүүхийн шийдвэрээр тогтоосон төлөгдөөгүй тэтгэлэгт 17,604,800 төгрөг, тэтгэлгийг хугацаандаа төлөөгүй хугацаа хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алдангид 8,802,400 төгрөг, нийт 26,407,200 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ө миний бие эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэсэн ба Б.Э нь миний төрсөн охин гэдэг нь батлагдсан. Би сард авч байгаа цалингаасаа тодорхой хэмжээгээр нэхэмжилж буй мөнгөн дүнг төлж барагдуулах саналыг тавьсан ч үр дүнд хүрсэнгүй. Би хөдөө орон нутгаар явж ажил хийдэг учраас хаана ямар шүүхийн шийдвэр гарсан гэдгийг мэдэхгүй байсан. Нэг дор нэхэмжилж буй мөнгөн дүнг төлж чадахгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Б.Ө-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг 17,604,800 төгрөг, алданги 8,802,400 төгрөгийг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 141 дугаар шийдвэрээр Б.Ө-аас 1998 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Э-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл нь /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Ө-аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4–т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.
Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1181 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Б.Ө-ы төрсөн охин болох нь /хх 24-26/ тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлнэ гэж заасан бөгөөд хариуцагч хүүхдийн тэтгэлэг тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т зааснаар тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан бол шүүх тэжээн тэтгүүлэгчийн нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болох ба хариуцагч ажил орлогогүй байсан нь тэтгэлэг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Тэтгэлэг төлөгч Б.Ө нь хүүхдийн тэтгэлэгт тогтоосон шүүхийн шийдвэрийг мэдээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй гэж тайлбарласан боловч шүүхийн шийдвэрээс үзэхэд түүний дээрх тайлбар үгүйсгэгдэж байх бөгөөд тэрээр өөрийн төрсөн охин мөн эсэхэд эргэлзэж байсан гэх тайлбар нь тэтгэлэг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзлээ.
Иймд хүүхдийн тэтгэлэг төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нэг сарын тэтгэлгийн хэмжээг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нэхэмжилсэн байна.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрээр хүүхдэд 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл нь /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоосон байна.
Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний статистикийн газар тодорхойлно.
Хэрэгт авагдсан Б.Э-гийн бүрэн дунд боловсролын үнэмлэхээс үзэхэд тэрээр Дархан-Уул аймагт 18 нас хүртэл суралцсан болох нь тогтоогдож байх бөгөөд Үндэсний статистикийн хорооны даргын тушаалаар төвийн бүст 2001 онд 19,300 төгрөг, 2002 онд 19,700 төгрөг, 2003 онд 19,800 төгрөг, 2004 онд 20,600 төгрөг, 2005 онд 22,300 төгрөг, 2006 онд 39,000 төгрөг, 2007 онд 56,700 төгрөг, 2008 онд 90,800 төгрөг, 2009 онд 91,200 төгрөг, 2010 онд 91,700 төгрөг, 2011 онд 106,600 төгрөг, 2012 онд 117,500 төгрөг, 2013 онд 132,400 төгрөг, 2014 онд 149,700 төгрөг, 2015 онд 164,300 төгрөг, 2016 онд 163,000 төгрөгөөр амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг тогтоосон байна.
Нэхэмжлэгч Б.Э-гийн тэтгэлгийн хэмжээг түүний амьдарч байсан бүс нутагт тогтоосон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар 2001.07.27-ны өдрөөс 2009.07.27-ны өдөр хүртэл, 100 хувиар 2009.07.27-ны өдрөөс 2016.06.10 хүртэл тооцоход 12,333,250 төгрөг байна.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө” гэж зааснаар тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүйгээс хариуцлага тооцох үндэслэлтэй байна.
Алдангийн хэмжээг тооцоход:
2001 онд 14,571 төгрөг /19,300 төгрөг * 0,5 % * 151 хоног/,
2002 онд 35,952 төгрөг /19,700 төгрөг * 0,5% * 365 хоног/,
2003 онд 36,135 төгрөг /19,800 төгрөг * 0,5% * 365 хоног/,
2004 онд 37,595 төгрөг /20,600 төгрөг * 0,5% * 365 хоног/,
2005 онд 40,697 төгрөг /22,300 төгрөг * 0,5% * 365 хоног/,
2006 онд 71,175 төгрөг /39,000 төгрөг * 0,5% * 365 хоног/,
2007 онд 103,477 төгрөг /56,700 төгрөг * 0,5% * 365 хоног/,
2008 онд 165,710 төгрөг /90,800 төгрөг * 0,5% * 365 хоног/,
2009 онд 166,440 төгрөг /91,200 төгрөг * 0,5% * 365 хоног/,
2010 онд 167,352 төгрөг /91,700 төгрөг * 0,5% * 365 хоног/,
2011 онд 194,545 төгрөг /106,600 төгрөг * 0,5% * 365 хоног/,
2012 онд 214,437 төгрөг /117,500 төгрөг * 0,5% * 365 хоног/,
2013 онд 241,630 төгрөг /132,400 төгрөг * 0,5% * 365 хоног/,
2014 онд 273,202 төгрөг /149,700 төгрөг * 0,5% * 365 хоног/,
2015 онд 299,847 төгрөг /164,300 төгрөг * 0,5% * 365 хоног/,
2016 онд 110,840 төгрөг, /163,000 төгрөг * 0,5% * 136 хоног/ нийт 2,173,607 төгрөг байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчаас төлөгдөөгүй тэтгэлэг 12,333,250 төгрөг, алданги 2,173,607 төгрөг, нийт 14,506,857 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 11,900,343 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 50 дугаар зүйлийн 50.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Ө-аас 14,506,857 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 11,900,343 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,986 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 230,484 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ