| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2023/0199/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/192 |
| Огноо | 2023-08-23 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/192
2023/ШЦТ/192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч: Б.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Бы Цад холбогдох 2312................. дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ............... аймгийн ...............сумын ............... баг ...................... гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал алдарт уяач, урд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Бы Ц /РД:.............. /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ц нь 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн баг Их жаргалантын Мод хонх гэх газраас зөвшөөрөлгүйгээр буюу эрхийн бичиггүйгээр 45 ширхэг 3.848м3 шоометр хуурай шинэс модыг талбай тусгаарлалт хийгдээгүй газраас хууль бусаар бэлтгэж, Киа Бонго маркийн 04-23 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 422.356 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
иргэний нэхэмжлэгч Ж.Жн мэдүүлсэн “...Би танилцсан. 422.356 төгрөгийн хохирол учирсан байна. Байгаль орчинд учирсан хохирлыг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 59 хуу /,
гэрч Г.Бн мэдүүлсэн “2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Ц утсаар яриад галын түлээний мод авах уу мөнгөний хэрэг болоод байна гэхээр нь эрхийн бичигтэй бол 200,000 төгрөгөөр авъя гэж хэлсэн. Тэгтэл та тэгвэл надаас аваарай гэж хэлэхээр нь би галын түлээний мод авсан. Тэгээд сумын төв орж ирээд цагдаа мод бэлтгэх эрхийн бичиг шалгасан. Байхгүй худалдаж авсан хүнд л байгаа гэж хэлтэл модыг журмын хашаанд саатуулсан. Тухайн модыг Б.Ц гэх айлын гаднаас ачаагүй, харин Тариат сумын Мөрөн багийн Их жаргалант гэх ойгоос бэлтгэсэн гэж ярьж байсан. Модоо машин дээр ачаад ирсэн болохоор өөрсдөө бэлтгэсэн байх гэж бодоод асууж тодруулсан зүйл байхгүй. Эрхийн бичиг нь хаана байна авъя гэтэл яараад гэртээ үлдээчихсэн байна та хэрэг болбол аваарай гэхээр нь тухайн үед аваагүй. Бэлтгэж хураасан модыг ачихад манай хүү болох Э хамт байсан. Тухайн мод шинэс төрлийн хуурай галын түлээний мод байсан. Худалдаж авсан модны төлбөрийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуу/,
гэрч Г.Г мэдүүлсэн “...Би 2023 оны 06 дугаар сарын 08-ны орой Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийж ойн цэвэрлэгээний эрхийн бичиггүй мод бэлтгэсэн байсан юм. Тухайн үед мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байсан. Мод бэлтгэсэн хүнд нь байгаа гэж хэлж байсан. Батсүмбэрэл гэх хүн явж байсан. Мод бэлтгэсэн газраа зааж өгч чадна гэж байсан. Тээврийн хэрэгсэл нь ачааны автомашин байсан, дугаарыг нь сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/,
гэрч Б.Э мэдүүлсэн “...2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр манай аав болох Г.Батсүмбэрэл нь мод худалдаж авч байгаа. Хамт яваад өгөөч гэхээр нь хамт явж галын түүний мод авсан. Тэгээд сумын төв орж ирээд цагдаа шалгаад мод бэлтгэх эрхийн бичиг шалгасан, байхгүй худалдаж авсан хүнд нь байгаа гэж хэлсэн чинь модыг журмын хашаанд саатуулсан юм. Ц гэх айлын гаднаас ачаагүй, Тариат сумын мөрөн багийн Их жаргалант гэх ойгоос бэлтгэсэн гэж ярьж байсан. Модоо машин дээр ачаад ирсэн болохоор нь өөрсдөө бэлтгэсэн байх гэж бодоод асууж тодруулаагүй. Эрхийн бичиг нь байгаа гэж хэлж байсан. Худалдаж авч байгаа болохоор нь эрхийн бичиг нь байхгүй гэртээ байгаа гэж хэлсэн. Аав бид хоёр хамт байсан. Шинэс төрлийн хуурай мод байсан. Аав 200.000 төгрөгөөр авсан. 200.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/,
гэрч А.Д мэдүүлсэн “...Би Архангай аймгийн Тариат сумын засаг даргын тамгын газар байгаль хамгаалагч ажилтай одоо 4 жил уг ажлыг тасралтгүй хийж байна. Мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Уг газарт талбай тусгаарлалт хийгдээгүй, Уг газарт мод бэлтгэж болохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 хуу/,
Б.Цын яллагдагчаар мэдүүлсэн “..миний үйлдэл тохирч байна. сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 93 хуу/
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02-06 хуу/,
эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 07-13 хуу/ ,
2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 21 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-53 хуу/,
“Дамно” ХХК-ний 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн АЦ-23-116 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 66-71 хуу/,
“Дамно” ХХК-ний 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн АЦ-23-117 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 72-80 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.Ц нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 1.267.068 төгрөгийн хохирол учирсан болох нь 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 21 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно” гэж заасан тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /422356*3= 1.267.068 /нэг сая хоёр зуун жаран долоо мянга жаран найм/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж зааснаар шүүгдэгч Б.Цаас 1.267.068 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.Цын хүлээн зөвшөөрсөн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Цад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Цад оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож, шүүгдэгч Б.Ц нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж хуульчилсан байна.
Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 40 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Цын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 1.631.250 төгрөгийн үнэлгээ бүхий 04-23 УБЦ улсын дугаартай Киа Бонго маркийн автомашин буюу түүний үнэ болох 1.631.250 төгрөгийг шүүгдэгч Б.Цаас гаргуулж байгаль орчинд учирсан хохирол болох 1.267.068 төгрөгийг төлүүлж, үлдсэн 788.782 төгрөг, 424.600 төгрөгийн үнэлгээ бүхий 45 ширхэг 3.848 м3 хуурай мод, 50.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг шүүгдэгч Б.Цаас гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Цын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Цыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Бы Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Цад оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавь мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цаас 1.267.068 /нэг сая хоёр зуун жаран долоон мянга жаран найм/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 09 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Цын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 1.631.250 төгрөгийн үнэлгээ бүхий Киа бонго маркийн 04-23 УБЦ улсын дугаартай автомашин буюу түүний үнэ болох 1.631.250 төгрөгөөс байгаль орчинд учирсан хохирол болох 1.267.068 төгрөгийг төлүүлж, зөрүү 788.782 төгрөг, 424.600 төгрөгийн үнэлгээ бүхий 45 ширхэг 3.848 м3 шинэс төрлийн хуурай мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 50.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг шүүгдэгч Б.Цаас гаргуулж улсын орлогод оруулахаар оруулсугай.
7. Шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Цын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Цад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ