Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
Хэргийн индекс | 149/2020/00057/И |
Дугаар | 00190 |
Огноо | 2020-04-09 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 00190
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: * тоотод оршин суух, 1962 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 58 настай, эрэгтэй, Шарайд овогт Дашийн Дийн /РД:*/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: *ХХК-д холбогдох
4000000 төгрөгийг гаргуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Соёлзул нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр *ХХК-тай авто машин ашиглах гэрээ байгуулсан. Энэ гэрээг байгуулахаас өмнө 2018 оны 10 дугаар сарын дундуур *ХХК-ний гүйцэтгэх захирал Б.Мөнхбаяр утсаар над руу яриад таны 60-25 УБК улсын дугаартай бохирын машиныг чинь худалдаж авъя гэсэн санал тавьсан. Би тэр саналыг нь зөвшөөрөөд Б.Мөнхбаярын над руу машин үзэхээр явуулсан хүнтэй нь уулзаж машинаа үзүүлсэн чинь машиныг үзээд худалдаж авах боломжгүй гэдгийг тэр үзсэн хүн нь хэлсэн. Тэгээд хэд хонож байтал Б.Мөнхбаяр захирал утасдаад намайг машинтайгаа хүрээд ир гэсэн учир би машинтайгаа очсон. Тэгээд би авто машин ашиглах гэрээ байгуулсан. Жолоочийг *ХХК нь өөрөө хариуцахаар болж миний машиныг зөвхөн түрээслэх болсон. Уг гэрээгээр 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ашиглах болсон. Сарын 2.5 сая төгрөг гэж тохирсон. Тэгээд би өөрөө машинаа ажиллуулаад бохирыг нь соруулаад барих жолоочид нь бүх зүйлийг нь зааж өгөөд явсан. Тэгээд би 2018 оны 12 дугаар сарын дундуур Майнд Тэч ХХК дээр ирэхэд ажил нь дуусаагүй байсан учир машинаа хугацаа сунгаж ажиллуулаач 2.5 сая төгрөг өгье гэхээр нь зөвшөөрсөн. Гэрээнд автомашинд ямар нэгэн механик гэмтэл учирвал *ХХК хариуцахаар болсон. Машины үндсэн эд анги буюу мотор кроп зэрэг эд анги эвдэрвэл би хариуцахаар болсон. Эхлээд би урьдчилгаанд 500000 төгрөг авсан. Тэгээд би дахин 2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэр ирэхэд ажил нь дууссан миний машин эвдэрсэн байсан. Машины лёнкосыг дотогш соруулсан байсан. 2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэр 1 сая төгрөг авсан. Нийт 1.5 сая төгрөгийг автомашин ашиглуулсны төлбөрт авсан. Одоо би автомашин ашиглуулах гэрээнээс үүссэн төлбөрийн үлдэгдэл 1 сая төгрөгийг нэхэмжилж
байна. Мөн автомашины лёнкос засварлахад шаардлагатай материал ажлын хөлс 2.5 сая төгрөг, машин эвдэрч ажил гүйцэтгэх боломжгүй болсон тул ажил үйлчилгээ явуулах боломжийг алдагдуулсан хохиролд 500000 төгрөгийг нэмж нэхэмжилнэ. Ингээд нийт 4 сая төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Улаанбаатар хот Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс 4А-49 тоотод оршин суух, 1985 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, *ХХК-д хуулийн зөвлөх ажилтай, Бодонгууд овогт Батболдын Цэцэгмаагаас /РД:ЖЕ85041901/ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: *ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бохир ус соруулах зориулалтаар иргэн Д.Дийн 60-25 УБК улсын дугаартай машиныг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд 2.5 сая төгрөгийн төлбөр төлж түрээслэн ашиглах болсон. Үүнээс *ХХК нь Д.Дид 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 500000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр машины эвдрэлд 95000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1 сая төгрөгийг тус тус өгсөн байна. Нийт 1595000 төгрөгийг Д.Дид өгсөн. Одоо 2.5 сая төгрөгнөөс үлдэгдэл нь 905000 төгрөг болж байна. Харин автомашины лёнкос засварлахад гарах зардалд 2.5 сая төгрөг, ажил үйлчилгээ явуулах боломжийг тасалдуулсан хохиролд 500000 төгрөг төлөх боломжгүй. Учир нь энэ талаар ямар нэгэн нотлох баримт алга байна. Иймд 3095000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч *ХХК-иас 4000000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч *ХХК нь нэхэмжлэлээс 905000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, 3095000 төгрөгийг төлөх ёсгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч *ХХК-тай 1997 онд үйлдвэрлэгдсэн, TANKLORRY маркийн 60-25 УБК улсын дугаартай бохир соруулах зориулалттай өөрийн эзэмшлийн автомашиныг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 2.5 сая төгрөгөөр түрээслүүлэхээр тохирч 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр № 004 дугаартай автомашин ашиглах гэрээг байгуулжээ. /Хх-н 05 дугаар хуудас/
Талууд гэрээг байгуулахдаа өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж гаын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна.
2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн № 004 дугаартай Автомашин ашиглах гэрээнд ачаа ачих сорох насос болон бусад автомашины үндсэн эд анги эвдэрсэн тохиолдолд автомашин өмчлөгч хариуцахаар, автомашин түрээслэгч талын буруутай үйл ажиллагаанаас механик гэмтэл учирсан тохиолдолд түрээслэгч тал хариуцахаар заажээ.
Хариуцагч *ХХК нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох автомашин ашигласны төлбөрийн урьдчилгаа болгож 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 500000 төгрөг, автомашины бэндлэс арааны гол засуулсан төлбөрт 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 95000 төгрөг, автомашин ашигласны төлбөрт 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1000000 төгрөг, нийт 1595000 төгрөгийг төлсөн болох нь *ХХК-иас нотлох баримт болгож гаргаж өгсөн санхүүгийн баримт буюу харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д.Д нь жолоочийн буруутай үйл ажиллагаанаас автомашины лёнкос гэмтсэн буюу дотогш сорогдсон гэж үзэн түүнийг засврлахад гарах материал болон ажлын хөлсөнд 2500000 төгрөгийг нэхэмжилсэн боловч уг автомашиныг анх хүлээлгэж өгөх, буцаан хүлээн авахдаа хариуцагч *ХХК-тай хамтарч ямар нэгэн акт үйлдэж, үзлэг хийж баталгаажуулсан талаар нотлох баримтгүй атлаа автомашиныг хүлээлгэн өгч хүлээн авсныхаа дараа зөвхөн өөрийн санаачилгаар автомашин хүлээлгэн өгөх үеийн зураг, хүлээн авсны дараах үеийн зураг, авто машин ашиглах гэрээг дуусгавар болгож ажлын гүйцэтгэлийг дүгнэсэн протокол гэж 2018 оны 12 дугаар сарын 01, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр, мөн *ХХК-тай байгуулсан гэрээг дүгнэсэн акт гэж *ХХК-д танилцуулаагүй өөрийн санал хүсэлт, сэтгэгдлийг дүгнэлт болгон бичиж зөвхөн өөрөө гарын үсэг зурсан 2 протокол, 1 актыг нотлох баримт болгож нэхэмжлэлд хавсаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нотлох баримтын шаардлага хангаагүй, мөн автомашины лёнкост учирсан гэх гэмтэл нь жолоочийн буруутай үйл ажиллагаанаас болсон уу эсвэл автомашин ашиглалтын элэгдэл хорогдлоос болсон уу, ямар хүчин зүйлсийн улмаас учирсан гэмтэл болохыг шүүхэд хүсэлт гаргаж шүүгчийн захирамжаар шинжээч томилуулан дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагааг хийж гүйцэтгүүлэх боломжтой байсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй байна.
Мөн автомашинд учирсан гэмтлээс болж автомашинаар бусдын ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй болж ажил үйлчилгээ явуулах боломжийг тасдуулсан хохиролд 500000 төгрөгийг нэхэмжилсэн нь нотлох баримтгүй байна.
Учир нь нэхэмжлэгч Д.Д нь уг автомашинаар бусдын ажлыг хийж гүйцэтгэн сард хичнээн төгрөгийн орлого олдог, уг олсон орлогоос татварын албанд хичнээн төгрөгийг тушаадаг болохыг нотолсон баримтгүй, татвар тушаасан баримтаас гадна холбогдох ямар ч нотлох баримтгүй тул шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд нэхэмжлэгч Д.Дийн хариуцагч *ХХК-иас 4000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн № 004 дугаартай автомашин ашиглах гэрээнээс үүссэн төлбөрийн үлдэгдэл 905000 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн үлдсэн хэсэг болох 3095000 төгрөгийн шаардлагыг хээгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч *ХХК-иас 4000000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж улсын тэмдэгтийн хураамжинд 78950 төгрөг төлснийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 905000 төгрөгийн шаардлага хангагдсан тул хариуцагч *ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 26270 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Дид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *ХХК-иас 905000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Дид олгож, нэхэмжлэлээс 3095000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1
дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 78950 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 100130400953 тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагч *ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 26270 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Дид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.