Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 1260

 

 

Э.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/00709 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.С-д холбогдох

 

Эрүүл мэндэд учруулсан гэм хор хохиролд 4 446 410 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г,

Хариуцагчийн өмгөөлөгч А.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сурагч Э.Хүслэн нь сургууль дээрээ насанд хүрээгүй У.Мөнгөнбаяртай маргалдан түүнийг зодож У.Мөнгөнбаярын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт зэргийн гэмтэл учруулсан хэрэг үйлдсэн. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас хэрэг үүсгэн шалгаад насанд хүрээгүй яллагдагч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. У.Мөнгөнбаярын биед учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт нь одоог хүртэл эмчлэгдэж мэс засал хийгдээгүй түүний эрүүл мэндэд учирсан гэм хор арилаагүй байна. Дээрх гэмтлүүд нь У.Мөнгөнбаярын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд түүний толгой байнга өвддөг, хамар нь бөглөрдөг болсон. У.Мөнгөнбаярын хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлтад мэс заслын төлбөр нь 3 200 000 төгрөг ба төлбөрийг бүрэн төлснөөр мэс засал хийх өдрийг товлож хагалгааг хийнэ гэсэн хариуг эмнэлгээс бидэнд өгсөн. Иймд хамрын ясны мэс заслын төлбөр 3 200 000 төгрөг, эмчилгээ, эм тарианы зардалд 300 000 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 800 000 төгрөг, нийт 4 300 000 төгрөгийг насанд хүрээгүй Э.Хүслэнгийн асран хамгаалагч Б.С-с гаргуулах нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан. Сүүлд нэхэмжлэлийн шаардлагыг эмчилгээний зардлыг дутуу тооцсон учир баримтыг үндэслэн 146 410 төгрөгийн эм тарианы зардлыг нэмэгдүүлэн тооцож, нийт 4 446 410 төгрөгийг гаргуулахаар нэмэгдүүлэн нэхэмжилснийг хариуцагч Б.С-с гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Насан хүрээгүй У.Мөнгөнбаяр, Э.Хүслэн нар харилцан цохилцож бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдон Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан насанд хүрээгүй У.Мөнгөнбаяр, Э.Хүслэн нарт холбогдох эрүүгийн 1709000000147 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтыг үндэслэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Хэргийн материалд хохиролтой холбоотой нотлох баримт авагдаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлдээ миний хүү Э.Хүслэнг У.Мөнгөнбаярыг л зодож гэмтэл учруулж гэмт хэрэг үйлдсэн мэтээр бичиж, тайлбарлаж байна. Мөн миний хүү Э.Хүслэнд хөнгөн гэмтэл учирсан бөгөөд тухайн гэмтэлтэй холбоотой эмнэлгийн тодорхой зардал гарсан ба Э.Хүслэн сэтгэл санааны хямралд орж арьсны архаг харшил псохиаз нь сэдэрч эмчилгээ хийлгэж байна. Нүдэндээ цохиулсан хөхрөлт нь 3 долоо хоногийн дараа арилсан ба ер нь нүдний хараа муутай хүүхдийн хараанд хэрхэн нөлөөлснийг мэдэхгүй байна. Нэхэмжлэлд 3 200 000 төгрөгийн хагалгаа хийлгэнэ гэсэн нь ямар ч үндэслэлгүй бөгөөд төлөвлөсөн зардлаа нэхэмжилсэн байна. У.Мөнгөнбаяр одоо ямар ч зовиургүй хамар нь хугарсан, мурийсан зүйлгүй сургуульдаа явж байгаа. Өмгөөллийн зардлыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуульд заасны дагуу иргэн нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлэхдээ өмгөөлөгч авч эрх ашгаа хамгаалуулахаар заасан байдаг. Өмгөөлөгчийн зардлыг биднээс нэхэмжлэх эрхгүй тул зөвшөөрөхгүй байна. У.Мөнгөнбаярын хамрын яс хугарсан, хамрын таславчийн мурийлт зэрэг нь тухайн үеийн Э.Хүслэнгийн цохилтоос үүссэн гэж үзэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1-т заасныг баримтлан хариуцагч Б.С-с 75 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 4 341 410 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86 842 төгрөгийн 86 093 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, илүү төлсөн 749 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Б.С-с 4 550 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.А-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.С-с 75 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 4 341 410 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий зарчмыг хангаагүй гарсан гэж үзэж байна. ...У.Мөнгөнбаяр нь 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр насанд хүрээгүй Э.Хүслэнд зодуулсны улмаас түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий гэмтэл учирсан бөгөөд энэ шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон. У.Мөнгөнбаярт учирсан хамрын ясны хугарал бүхий гэм хор одоог хүртэл арилаагүй байгаа бөгөөд уг мэс заслын төлбөр 3 200 000 төгрөг гэсэн "МВС" эмнэлгийн нэхэмжлэх хэрэгт байгаа. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй учраас бид хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжилсэн. Гэтэл шүүх У.Мөнгөнбаярын хамар ясны хугарлыг засах мэс засал хийх шаардлагатай нь баримтаар нотлогдохгүй байна гэсэн ойлгомжгүй үндэслэлээр дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Шүүхийн дүгнэснээр хамар ясны хугарлын мэс засал зайлшгүй шаардлагатай мэс засалд хамаарахгүй болж байна. У.Мөнгөнбаяр нь насанд хүрээгүй хүүхэд, одоог хүртэл хугархай хамартай байгаа нь түүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх боломжтой юм. Гэтэл үүний үр дагаврыг харалгүйгээр хэт нэг талыг барьсан үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Мөн У.Мөнгөнбаярын эмчилгээний төлбөрт гарсан зардлуудыг баримтаар нэхэмжилсэн бөгөөд эдгээр баримтуудыг худалдан авагч нь хэн болох, хэн гэдэг хүнд хэрэглэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй гэдэг үндэслэлээр нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзсэн. Шүүгч хэрэгт цугларсан нотлох баримтыг хамааралтай нь тогтоогдохгүй байна гэдэг нь нотлох баримтыг үнэлсэн атлаа үнэлээгүй гэж дүгнээд байгаа нь логикийн хувьд зөрчилтэй ойлгомжгүй байна. Дээрх нотлох баримтууд нь тухайн үйл баримт болсон цаг хугацаанд хамааралтай, үйл баримтыг тогтоож байгаа байдал зэргийг нь харгалзсангүй. У.Мөнгөнбаяр нь Э.Хүслэнд зодуулсан гэх цаг хугацаанд хамааралтай байх бөгөөд зодуулсны улмаас эм, тариа авч хэрэглэснийг нотолсон бодит байдлын талаар үнэн зөв мэдээлэл агуулж байгаа эргэлзээгүй баримтууд юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж дээрх хэргийн үйл баримт бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулга, зарчимд үндэслэн нотлох баримтуудыг хуульд заасны дагуу бүрэн бодитойгоор үнэлж нэхэмжлэлийн шаардлага болох 4 446 410 төгрөгийг хариуцагч Б.С-с гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Б.С-д холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хор хохиролд 4 446 410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т зааснаар иргэний хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулж, хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар гаргах, өөрийн тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх, бүрдүүлэх, цуглуулах талаар хүсэлт гаргах боломжоор хангагдсан буюу хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт бүрдсэн нөхцөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т заасны дагуу шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргадаг байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг нэхэмжлэгчид танилцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэх боломжгүйгээс гадна шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг шүүх хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

           

Иймд хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/00709 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.А-с давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

                             ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ