| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 220/2020/0299/э |
| Дугаар | 352 |
| Огноо | 2020-03-24 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Д.Агар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 352
Н.Өт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Агар,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЗ/222 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Агарын бичсэн 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 16 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Н.Өт холбогдох эрүүгийн 1903011250549 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Н.Ө нь 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 14 цаг 40 минутын үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Өлзийт" хороолол руу эргэх гарцны баруун талын замд "Форд Транзит" маркийн 77-26 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д заасан "....Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.", 3.4-д заасан "....Жолооч дараахь үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;" мөн дүрмийн 11.3 -д заасан "...Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно..." гэсэн заалтыг тус, тус зөрчсөний улмаас урд явсан "Тоёота Клугер" маркийн 88-98 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөн эсрэг урсгалд орж, өөдөөс ирж явсан "Тоёота Алпард" маркийн 29-01 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас уг тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Япон улсын иргэн Такаnо Kikunisa-ийн эрүүл мэндэд хүнд, зорчигч Х.Ариунболдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Шүүгдэгч Н.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Яллагдагч Н.Өт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ." гэж, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно." гэж тус тус заажээ.
Яллагдагч Н.Өыг бүрэн биш тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон тухай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Авто техникийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2019 оны 5378 дугаар дүгнэлт (хх 82-106) хэрэгт авагдсан бөгөөд тухайн дүгнэлтэд бичигдсэн "...77-27 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй, ...ослоос өмнө тормос хэвийн ажиллагаатай байгаагүй..." гэсэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж байгаа эсэх талаар тусгай мэдлэг бүхий этгээдээр дүгнэлт гаргуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.6-д заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тогтоогоогүй гэж шүүх үзэв.
Энэ талаар мөрдөгчийн магадлагаа гаргуулах нь хэрэгт ач холбогдолтой бөгөөд хэрэв тухайн тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн бол энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад танилцуулаагүй байна. Өөрөөр хэлбэл яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, сонсгосон ялын талаар амаар болон бичгээр тайлбар гаргах тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан эрхийг эдлүүлээгүй байна.
Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2019 оны 475 дугаар дүгнэлтийг (хх 74-75) үндэслэж яллагдагчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд учир дутагдалтай байна.
Тодруулбал, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэгт үндэслэн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байдлыг тогтоох ажиллагаа нь хэргийн бодит байдлыг тогтооход чиглэсэн мөрдөн шалгах ажиллагааны нэг хэсэг болно.
Нөгөөтэйгүүр зам тээврийн ослын хэрэгт мөрдөгч нь шинжээчийн дүгнэлт, магадлагаа гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.6-д заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг хэргийн талаар нотолбол зохих байдлыг тогтоох ажиллагаанд хамаарах бөгөөд Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг тайлбарлуулж байгаа ажиллагаа биш юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ." гэж заасан бөгөөд хавтас хэргийн 161-162, 169-171 дүгээр талд авагдсан "Хас үнэлгээ" ХХК-ийн, 150-153 дугаар талд авагдсан "Вендо" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангуудыг хэний ямар шийдвэрээр гаргуулсан нь тодорхойгүй, энэ талаар мөрдөгч, прокурорын тогтоол, шийдвэр хэрэгт авагдаагүй, хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн байна гэж шүүх үзэв.
Эдгээр ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах хийлгэхээр хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж шийдвэрлэв.
Хэлэлцүүлгийн хуралдаанд оролцсон хохирогч Р.Ган-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Т.Багахүү нараас 29-01 УБГ улсын дугаартай Тоёото Альпард маркийн тээврийн хэрэгслийг мөрдөн шалгах ажиллагааны явцад эвдрэлийн талаарх хөрөнгийн үнэлгээний тайлан гарсан, энэ тээврийн хэрэгслийг засварлаж хэвийн ажиллагаатай болох боломжгүй байгаа тул гэмт хэрэг гарах үеийн зах зээлийн ханшаар үнэлүүлэх хүсэлттэй байна гэснийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нэг мөр тодруулах нь зүйтэй, энэ талаар хохирогч, түүний өмгөөлөгч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад хүсэлтээ гаргаад шийдвэрлүүлэх боломжтой, энэ эрх нээлттэйг тэмдэглэж байна.” гэж шийдвэрлэжээ.
Прокурор Д.Агар эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Тээврийн прокурорын газраас Н.Өт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр урьдчилан хэлэлцүүлэгээр хэлэлцэж, "...Яллагдагч Н.Өт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгг "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ." гэж, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно." гэж тус тус заажээ.
Яллагдагч Н.Өыг бүрэн биш тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон тухай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Авто техникийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2019 оны 5378 дугаар дүгнэлт (хх-ийн 82-106) хэрэгт авагдсан бөгөөд тухайн дүгнэлтэд бичигдсэн "...77-27 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй, ...ослоос өмнө тормос хэвийн ажиллагаатай байгаагүй..." гэсэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж байгаа эсэх талаар тусгай мэдлэг бүхий этгээдээр дүгнэлт гаргуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.6-д заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тогтоогоогүй гэж шүүх үзэв.
Энэ талаар мөрдөгчийн магадлагаа гаргуулах нь хэрэгт ач холбогдолтой бөгөөд хэрэв тухайн тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн бол энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад танилцуулаагүй байна. Өөрөөр хэлбэл яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, сонсгосон ялын талаар амаар болон бичгээр тайлбар гаргах тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан эрхийг эдлүүлээгүй байна.
Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2019 оны 475 дугаар дүгнэлтийг (хх-ийн 74-75) үндэслэж яллагдагчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд учир дутагдалтай байна. Тодруулбал, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэгт үндэслэн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байдлыг тогтоох ажиллагаа нь хэргийн бодит байдлыг тогтооход чиглэсэн мөрдөн шалгах ажиллагааны нэг хэсэг болно.
Нөгөөтэйгүүр зам тээврийн ослын хэрэгт мөрдөгч нь шинжээчийн дүгнэлт, магадлагаа гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.6-д заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг хэргийн талаар нотолбол зохих байдлыг тогтоох ажиллагаанд хамаарах бөгөөд Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг тайлбарлуулж байгаа ажиллагаа биш юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ." гэж заасан бөгөөд хавтас хэргийн 161-162, 169-171 дүгээр талд авагдсан "Хас үнэлгээ" ХХК-ийн, 150-153 дугаар талд авагдсан "Вендо" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангуудыг хэний ямар шийдвэрээр гаргуулсан нь тодорхойгүй, энэ талаар мөрдөгч, прокурорын тогтоол, шийдвэр хэрэгт авагдаагүй, хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн байна гэж шүүх үзэв.
Эдгээр ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах хийлгэхээр хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж шийдвэрлэв." гэж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж гаргасан ба дараахь үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүлээн авах боломжгүй байна. Үүнд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт "шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр байхаар бичигдсэн байна." гэж заасан байх ба шүүгчийн захирамжийг хүлээн авч танилцахад хэрэгт ямар ажиллагааг хийлгэх талаар тодорхой дурьдаагүй байна.
Хэрэгт Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн Автотехникийн шинжилгээний лабораторийн шинжээчийн дүгнэлтээр 77-27 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн байдлыг хангахгүй, ослоос өмнө тоормос хэвийн ажиллагаатай байгаагүй гэж дүгнэсэн ба осол гарахад нөлөөлөөгүй гэж үзсэн.
Харин техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулсан болох нь тогтоогдсон тул "Витсамо Фрут жүүс" ХХК-аас иргэний хариуцагчийг тогтоосон болно.
Жолооч Н.Ө нь хөдөлгөөний хурднаас хамааруулан хоорондын зайгаа барьж яваагүй, эсрэг урсгал руу орсоны улмаас зам тээврийн осол гарсан болох нь хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 475 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байхад шүүхээс давхар мөрдөгчийн магадлагаа гаргахаар заасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Хэрэгт тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээг албан ёсны үнэлгээний байгууллагаар хийлгүүлсэн бөгөөд тухайн үнэлгээг үндэслэлгүй гаргасан талаар хүсэлт, гомдол мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Учир нь яллагдагч Н.Өын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирсан бөгөөд эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй, яллах дүгнэлт үйлдээгүй болно.
Гэм хорын хохирлыг шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тодруулж, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар хэргийг шийдвэрлэх боломжтой юм.
Иймд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 222 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.
Яллагдагч Н.Өыг 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 14 цаг 40 минутын үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Өлзийт" хороолол руу эргэх гарцны баруун талын замд "Форд Транзит" маркийн 77-26 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д заасан "....Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.", 3.4-д заасан "....Жолооч дараахь үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;" мөн дүрмийн 11.3 -д заасан "...Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно..." гэсэн заалтыг тус тус зөрчсөн талаар дүгнэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хэрэг бүртгэлтийн 190301125 дугаартай хэргийн материалаар /хх 74/ гаргажээ.
Уг тээврийн цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлтийн дараа 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Авто техникийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 5378 дугаартай “...яллагдагч Н.Өыг бүрэн биш тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон...” талаархи шинжээчийн дүгнэлт /хх 82-106/ гарчээ.
Гэтэл авто техникийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бүрэн биш тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон нөхцөл байдал Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн эсэх талаар зохих шалгалтыг тусгай мэдлэгийн хүрээнд хийгээгүй байна.
Иймд жолооч Н.Ө Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмж хэмжээний актыг зөрчсөн эсэх талаар мөрдөгчийн магадлагаа /шинжээчийн дүгнэлт/-г дахин гаргуулж, яллагдагч Н.Өын ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан эрхийг эдлүүлэх нь зүйтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Ингэж тус авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчих гэмт хэрэгт мөрдөгч нь шинжээчийн дүгнэлт, магадлагаа гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.6-д заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг хэргийн талаар нотолбол зохих байдлыг тогтоох ажиллагаанд хамаарах бөгөөд Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг тайлбарлуулж байгаа ажиллагаа биш юм.
Мөн “ХУД ЗЦТ” гэсэн этгээдийн захиалгаар “Хас үнэлгээ” ХХК /хх 161, 169/-ийн үнэлгээ хийгдсэн байх тул энэ талаар мөрдөгчийн тогтоол хэрэгт авагдаагүй гэсэн анхан шатны дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Н.Өт холбогдох хэрэгт шаардлагатай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсны эцэст хэргийг шүүхээр хянан шийдвэрлүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, 1903011250549 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЗ/222 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Д.Агарын бичсэн 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 16 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ