Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2022/0335

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ц.Б*******,

Хариуцагч: Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,

Маргааны төрөл: Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/02 дугаар тушаал хуульд нийцсэн эсэх талаарх төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Ц.Б*******, гэрч А.Д*****, П.Х*****, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Б*******-гаас Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил болох төрийн захиргааны удирдлагын газрын эрх зүйн хэлтсийн мэргэжилтний түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэл гаргасан.

2. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тус яамны Эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Л.Н*****-ыг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түүний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр  Ц.Б******* нь томилогдон ажиллаж байсан.

Улмаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар “ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллах явцдаа эрх мэдлээ ашиглан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор урьд гарсан захиргааны актыг өөрчлүүлэх хүсэлт гаргасан, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг зөрчсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

3. Нэхэмжлэгч Ц.Б*******-гаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: 

1/ Миний бие нь Эрх зүйн хэлтсийн мэргэжилтний албан тушаалд ажиллаж байх хугацаанд ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээнд заасан ажил үүрэг болон удирдах дээд албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж ирсэн бөгөөд ажиллаж байх хугацаанд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг баримталж, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, хуулиар хүлээсэн үүргээ шударгаар хэрэгжүүлж ирсэн.

Гэтэл ажиллаж байх хугацаандаа сайдын 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/200 дугаартай "Дотоод аудит, хяналт шалгалт хийх тухай" тушаалаар төсвийн ерөнхийлөн захирагчийн 2021 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Оюуны өмчийн газар, Хууль зүйн туслалцааны төв, Цагдаагийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг зэрэг агентлаг, байгууллагуудын үйл ажиллагаанд хийх дотоод аудит, хяналт шалгалтыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/О2 дугаар “Ц.Б*******-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал гаргаж намайг үндэслэлгүйгээр ажлаас халж, тушаалыг дараах үндэслэл, агуулгаар гаргасан байдаг.

2/ Тушаалын үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4, 48.2 дахь заалт болон Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар

тушаалаар батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журам"-ын 3.4.2, 6.1-т заасныг тус тус үндэслэн дараах 2 агуулгаар буюу а. Цагдаагийн ерөнхий газрын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллах явцдаа эрх мэдлээ ашиглан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор урьд гарсан захиргааны актыг өөрчлүүлэх хүсэлт гаргасан, б. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасан "Албан тушаалтан нь энэ хуулийн 21.1-т заасан хязгаарлалт зөрчигдөж байгаа талаар эрх бүхий албан тушаалтанд нэн даруу мэдэгдэх үүрэгтэй” гэж заасныг зөрчиж энэ тухай удирдах албан тушаалтанд мэдэгдээгүй, урьд ажиллаж байсан байгууллагын өмнө Хууль зүй, дотоод хэргийн яамыг буюу шалгагч байгууллагыг төлөөлөн ажиллах явцдаа дээрх зөрчлийг гаргасан гэх боловч зөрчил гаргасан гэх үндэслэл нотлогдон тогтоогдохгүйгээс маргаан бүхий захиргааны акт нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй, хууль зөрчсөн захиргааны акт болсон байна.

Мөн тушаалын үндэслэлд ямар ч хамааралгүй хуулийн заалтыг баримталсан байхаас гадна буруу, хамааралгүй зүйл заалтыг иш татан үндэслэсэн байх зэргээр төрийн баримт бичиг, захиргааны актад байж боломжгүй илэрхий ноцтой алдаа гаргасан байгаа нь тодорхой харагддагийг дурдах нь зүйтэй. /Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 24.1-т заасныг зөрчсөн гэх боловч уг хуулийн мэдүүлэг бүртгэж хадгалахтай холбоотой харилцааг зохицуулсан заалт нь байна./

3/ Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасан үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулахдаа хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, хуульд заасан бусад тохиолдлын яг аль зөрчлийг гаргасан болохыг тодорхой заагаагүй, тусгаагүй байдаг.

Тодруулбал Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд төрийн жинхэнэ

албан хаагчийн хүлээх үүрэг, хариуцлагын талаар, 39 дүгээр зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлсийн талаар тус тус зохицуулсан байх бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн хүлээвэл зохих хуульд тусгайлан нэрлэн заасан 17 үүргээс яг аль үүргийг зөрчсөн болох нь, төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон арга хэмжээнээс яг аль зөрчлийг гаргасан болохыг тодорхой, нарийн тусгаж өгөөгүй байна.

Хэдийгээр тушаалын үндэслэлд төрийн албан хаагч намайг эрх мэдлээ ашиглан өөртөө давуу байдал бий болгосон, ашиг сонирхол үүссэн нөхцөл байдлын талаар удирдах албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан гэх боловч миний бие нь тушаалд дурдсан дээрх зөрчлийг гаргаагүй гэж үзэж байна.

4/ Миний бие нь дээрх албан тушаалд ажиллахаас өмнө буюу 2014-2016 онд Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт мөрдөн байцаагч, 2016-2018 онд Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт мөрдөн байцаагч, 2018-2020 онд Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтэст эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байсан.

Хамгийн сүүлд буюу Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтэст ажиллаж байгаад Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/468 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн

46.2.4-т заасан өөрийн хүсэлтээр гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн.

Тухайн үед ажлаас чөлөөлөгдөх болсон гол үндэслэл нь мэдлэг боловсролоо дээшлүүлэх зорилготой байсан бөгөөд ажлаас чөлөөлөх тушаал гаргах үед тушаалын үндэслэлийн эрх зүйн ач холбогдлыг төдийлөн сайн ойлгоогүй байсны улмаас төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэгдэхгүй байдлаар тушаал гаргуулсан байсан. Иймд Цагдаагийн ерөнхий газрын даргын нэр дээр тушаалын үндэслэлийг өөрчлүүлэх талаарх хүсэлт өгснийг шууд өөрийн эрх мэдлийг урвуулан өөртөө ашигтай байдал бий болгосон гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

Учир нь өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалтай холбоотойгоор хүсэлт

өгсөн бөгөөд энэхүү хүсэлтийг холбогдох эрх бүхий албан тушаалтан судалж үзээд

хэрхэн шийдвэрлэх /хүсэлтийг хүлээн авч тушаалд өөрчлөлт оруулах, хүсэлтийг

хүлээн авахаас татгалзаж тушаалд өөрчлөлт оруулах боломжгүй/ нь тодорхойгүй

бөгөөд хүсэлт өгснөөрөө шууд хангаж өөрчилсөн тушаал гаргана гэсэн үг биш

болно.

5/ Тушаалын үндэслэлд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн гэх боловч энэхүү нөхцөл байдал нь мөн л тогтоогдохгүй, хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь дээрх хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т "Албан тушаалтан энэ хуулийн 21.1-д заасан хязгаарлалт зөрчигдөж байгаа талаар эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.”, 21.1-т "Албан тушаалтан нь албан үүргээс чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд ашиг сонирхлын зөрчил үүсч болох дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно", 21.1.1-т “урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь холбоотой байсан аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах", 21.1.2-т "урьд ажиллаж байсан байгууллагатай гэрээ, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулах, тухайн байгууллагаас олгодог зөвшөөрлийг хүсэх”, 21.1.3-т “урьд ажиллаж байсан байгууллагын өмнө аливаа хувь хүн, хуулийн этгээдийг төлөөлөх”, 29.2-т "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий албан тушаалтан дараах сахилгын шийтгэл хүлээлгэнэ” 29.2.2-т “энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн 8.1, 8.2, 8.3, 9.1, 19.1, 21.3, 21.4-т заасан үүргээ биелүүлээгүй, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг энэ хуулийн 23.3-т заасан хугацаанаас удаа дараа хожимдуулж гаргасан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах” гэж тус тус заасан байх ба нэхэмжлэгч миний бие нь урьд нь Цагдаагийн Ерөнхий газарт ажиллаж байгаагүй, тухайн хяналт шалгалт хийх ажлын хэсэгт орж ажилласнаар бие даан шийдвэр гаргах бус илэрсэн зөрчил дутагдалд зөвлөмж өгөх зорилго, чиг үүрэгтэй буюу эрх зүйн үр дагавар үүсгэх захиргааны акт гаргах эрх хэмжээ олгогдоогүй болохоос гадна хэрэв Цагдаагийн Ерөнхий газрын үйл ажиллагаанд хийх дотоод аудит, хяналт шалгалтын ажлын хэсэгт орж ажиллахаас өмнө ... нөхцөл байдлын талаар удирдах албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь зөрчил гэж үзэх тохиолдолд энэ нь өөрөө ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлд хамаарахгүй харин цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлд хамаарахаар байхаар байна.

5/ Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журам”-аар төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрт гомдол гаргахтай холбоотой харилцааг зохицуулсан байх бөгөөд энэхүү журмын 2.1-т "сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан, мэдээлсэн эсхүл холбогдох баримтыг илрүүлсэн нь шалгалт явуулах үндэслэл болно", 2.2-т "Энэ журмын 2.1-т заасан тохиолдолд албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухай албан хаагчийн дээд шатны албан тушаалтан эсхүл байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан шалган тогтооно", 2.4-т "... шалгагч дараах ажиллагааг гүйцэтгэнэ”, “2.4.5-т "цуглуулсан мэдээ, баримтад дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах” гэж тус тус заасан байтал нэхэмжлэгч надад холбогдуулан шалгалт явуулж үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй, үндэслэлгүй талаар дүгнэлт гаргаагүй, уг дүгнэлтийг надад танилцуулаагүй байдаг.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/02 дугаар “Ц.Б*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, хууль зөрчсөн захиргааны акт бай бөгөөд сахилгын шийтгэлийг шалган тогтоох, шийтгэл ногдуулахдаа хариуцлага нь гарцаагүй байх, хууль зүйн үндэслэлтэй байх зарчмыг хангахгүй байна.

Дээрх хууль зөрчсөн захиргааны актын улмаас нэхэмжлэгч миний ажил хөдөлмөр эрхлэх, цалин хөлс авах эрх ноцтой зөрчигдөж хөндөгдөж байх тул өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар Хууль зүй, дотоод хэргийн

яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/02 дугаар "Ц.Б*******-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан төрийн захиргааны удирдлагын газрын Эрх зүйн хэлтсийн мэргэжилтний түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Б******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Миний бие Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/2 дугаартай “Ц.Б*******-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Намайг ажлаас халах болсон шалтгаан нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/200 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газарт шалгалт явуулах ажлын хэсэгт орж ажиллахдаа урьд гаргасан захиргааны актыг өөрчлүүлэх хүсэлт гаргаж, өөртөө давуу байдал бий болгосон, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг зөрчсөн гэж үзсэн. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль 24 дүгээр зүйлийн 24.1-д мэдүүлэг хадгалах, бүртгэхтэй холбоотой харилцааг зохицуулсан байдаг. Тэгэхээр миний хувьд мэдүүлэгтэй холбоотой ямар нэгэн зөрчил гаргаагүй гэж үзэж байгаа юм. Ажлын хэсэгт томилсон тушаалын хувьд Хууль зүй, дотоод хэргийн сайд өөрөө гарын үсэг зурж ажлын хэсэгт оруулсан. Би өмнө нь Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан нь үнэн боловч Цагдаагийн ерөнхий газар ажиллаж байгаагүй. Би 2020 онд Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/468 дугаар тушаалаар цагдаагийн албанаас чөлөөлөгдөж байсан учраас би тус захиргааны актын оролцогч юм. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны хэргийн оролцогч нь захиргааны акттай холбоотой ямар нэгэн харилцаанд хүсэлт гаргах эрхтэй. Үүний дагуу би хуулийн дагуу хүсэлт гаргасан.  Яагаад хүсэлт гаргасны төлөө өөртөө давуу байдал бий болгосон гэж үзэн ажлаас халсныг  миний хувьд шалтаг гэж үзэж байна. Би 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс  2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд өвчтэй байсан. Би 2021 оны 06 дугаар сард Коронавирусын халдвар аваад, эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад улмаар хүндэрсэн. 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр эмнэлгийн магадалгаа дуусаж, листээ авчирч өгөөд, сонсох ажиллагааны тэмдэглэлд хавсаргах тайлбараа өгсөн. Үүний дараа Төрийн Захиргаа удирдлагын газрын даргаас “...намайг явж бай...” гэсний дагуу яваад, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр цусаа хандивлах сайн дурын аянд нэгдэж цусаа хандивласан. Энэ бол ямар ч захиргааны акттай холбоогүй байхад үүний дагуу нотлох баримт цуглуулсанд гайхаж байна. Маргаан бүхий захиргааны акт тухайн гарсан хуулийн үндэслэлийн хүрээнд байх ёстой гэж бодож байна“ гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э***** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Ц.Б*******-г ажлаас нь чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй болох талаар эхлээд тайлбарлая. Нэгдүгээрт: Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4, 48.2 дахь заалтуудыг баримталсан байна.  Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д гаргаж байгаа захиргааны актын хууль зүйн үндэслэлийг дурдана гэж заасан. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь заалт нь төрийн үйлчилгээний албан хаагчдад хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг заалт юм. Ц.Б******* нь төрийн захиргааны албан хаагч гэдэг нь мэтгэлцээний явцад тодорхой болсон. Хоёрдугаарт: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 24.1-д заасныг зөрчсөн гэж тусгасан байна. Тус заалт нь хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг бүртгэж, хадгалах тухай байгууллагад үүрэг болгосон заалт юм. Энэ заалтыг Ц.Б******* зөрчих боломж байхгүй. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасныг зөрчсөн гэсэн байна. Тус заалтыг зөрчсөн юм бол анхнаас нь энэ байгууллагад яагаад нэхэмжлэгчийг ажилд авсан юм бэ? Хууль зүй, дотоод хэргийн яамны эрх зүйн мэргэжилтний ажлын байрын тодорхойлолтод харьяа салбар, нэгжүүдтэй ажиллах талаар чиг үүргийн хүрээнд заасан байдаг. Ц.Б******* нь төрийн албан  хаагчийн анкетдаа Цагдаагийн ерөнхий газрын харьяа нэгж болох Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст мөрдөгчөөр ажиллаж байсан тухайгаа бичсэн байдаг. Энэ үйл баримтуудыг дүгнээд хуулийн зөрчилгүй байна гэж үзээд, мөн Авлигатай тэмцэх газрын хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хүлээж авч хянадаг хэлтсээс 2020 оны 12 дугаар сарын албан бичгээр ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй байна, тухайн албан тушаалд томилоход татгалзах зүйлгүй гэсэн агуулгатай албан бичгийг ирүүлсэн. Тийм учраас энэ асуудал дахин яригдах ёсгүй гэж үзэж байна. Төрийн захиргааны байгууллагууд нь өөр өөрийн гэсэн чиг үүрэгтэй, өөр өөрийн гэсэн тушаалаар батлагддаг. Цагдаагийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “.Цагдаагийн байгууллага нь цагдаагийн төв байгууллага, түүний харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас бүрдэнэ” гэж заасан байдаг. Ц.Б******* нь цагдаагийн төв байгууллагад ажиллаж байгаагүй. Мөн тус хуулийн 6.3-т “Цагдаагийн төв байгууллагын харьяа алба, нэгж нь хариуцсан чиг үүргийн хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаагаа цагдаагийн төв байгууллагын даргын өмнө хариуцан тайлагнана” гэж заасан. Хэрэв Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан нөхцөл зөрчигдсөн гэж дүгнэж байгаа бол энэ нь зөвхөн Ц.Б*******гийн ажиллаж байсан Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн тухайд яригдаж болох юм. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай түүнд гомдол гаргах журам гэсэн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болон Төрийн албаны зөвлөлийн даргын хамтран баталсан 36/132 дугаартай тушаал байдаг. Тус журмын 3.3-т сахилгын шийтгэл ногдуулах 7 нөхцөлийг заасан байдаг. Тухайн нөхцөлүүдэд дүгнэлт хийн анх удаа зөрчил гаргасан, хүнд үр дагаварт хүрээгүй бол зөрчлийн үр дагаврыг арилгасан зэргийг харгалзаж сануулах сахилгын шийтгэл оногдуулна гэж заасан байдаг. Харин дахин зөрчил гаргасан бол 6 сар хүртэл хугацаагаар цалинг 20 хувь хүртэл бууруулна гэж тус журмын 5.1-д заасан. Төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг зөрчлийг удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол төрийн албан хаагчийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байдаг. Гэтэл энэ тохиолдолд тус нөхцөл байдлуудыг харгалзаж үзэлгүйгээр тус журмыг баримтлалгүйгээр зөрчил байна гэж дүгнэсэн нь буруу, төрийн албанаас чөлөөлсөн нь буруу юм. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна,” гэж заасан байдаг. Энэ бол ямар ч сахилгын шийтгэл ногдуулах нөхцөл байдал биш, хэрэв сахилгын зөрчил гэж үзэж байгаа бол энэ нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй. Дараа нь үйл баримт нь хууль зүйн үндэслэлгүй талаар тайлбарлая. Хууль зүй, дотоод хэргийн яамны Хяналт шинжилгээ, дотоод аудит үнэлгээний газрын даргын баталсан 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Дотоод аудит, хяналт шалгалт шинжилгээний төлөвлөгөө байдаг. Тус төлөвлөгөөнд Ц.Б*******г Цагдаагийн ерөнхий газарт хууль тогтоомж, дотоод заавар дүрэм, журмын хэрэгжилтэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ түүний үр дүнгийн талаар дүгнэлт өгөх, 2-т нь дээд газраас ирүүлсэн тушаал шийдвэр, үүрэг даалгаврын биелэлтэд дүгнэлт өг гэж ажлын хэсэгт томилсон. Ц.Б******* чиг үүргээ хэрэгжүүлэхэд тухайн яригдаж байгаа дуут дохионы талаар буюу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/292 тоот тушаалаар батлагдсан Цагдаагийн байгууллагад дуут гэрэл дохио хэрэглэх журмын хэрэгжилтийг дүгнэх үүднээс тухайн баримтыг шаардсан. Энэ журмыг хэрэгжилтийг дүгнэх үүднээс өмнөх жил тухайн асуудлаар шалгасан албаны шалгалтын үр дүнг шаардах нь зүй ёсны юм. Тухайн баримтыг шаардахад албаны нууцад хамаардаг учраас гаргаж өгөх боломжгүй гэж тайлбарласан учраас тухайн баримттай танилцаагүй, энэ асуудлыг шалгалгүйгээр шалгалтын тайланг гаргасан. Ц.Б******* тухайн үед Цагдаагийн байгууллага дээр ажиллаж байсан учраас өргөдлөө өгсөн. Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны оролцогч нь хэдийд ч өргөдөл гаргах эрхтэй гэж Захиргааны ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, мөн тус хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2-т заасан байдаг. Ц.Б******* нь ажлын хэсгийн хяналт шалгалт хийхдээ миний гаргасан өргөдлийг шийдвэрлэж өгөхгүй бол танай байгууллагад зөрчил тооцно гэсэн байдлаар асуудалд хандаагүй. Хэрэв ингэж хандсан бол албан эрх мэдлийг урвуулан ашиглах гэдэг асуудал яригдаж, өөртөө давуу байдал бий болгох байдлаар хандсан гэж дүгнэж болно. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.3-т өөртөө давуу байдал бий болгох, албан тушаалаа урвуулан ашиглах тухай заасан байдаг. Нэхэмжлэгчийг албаны тухай нууцад хамаарах баримтыг шаардсан гэж үзэж байгаа бол дотоод аудит хяналт шалгалт хийх удирдамжид албаны нууцтай хамаарах баримт бичигтэй танилцах эрхгүй гэсэн агуулга байхгүй. Хэрэв тухайн удирдамждаа тодотгон албан нууцад хамаарах баримттай танилцах эрхгүй гэсэн агуулга байсан бол Ц.Б******* шалгалт хийхдээ албаны нууцад хамааралтай баримтыг шаардахгүй байсан. Тэгэхээр Ц.Б******* нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан удирдамжийн дагуу ажлаа хийж, тайлангаа өгсөн. Мөн Захиргааны ерөнхий 50 дугаар зүйлийн 50.1.1-т зааснаар Ц.Б*******гийн гаргасан хүсэлт нь шийдэгдээгүй буюу тус хүсэлтийг нь хангахгүй гэдэг хариу өгсөн. Албан шалгалт хийх, Ц.Б*******гийн гаргасан өргөдөлд огт хамаарал байхгүй юм. Тэр тусмаа албаны нууцтай танилцах гэж оролдсон гэдэгт огт хамаарал байхгүй. Хэрэв Ц.Б*******г албаны нууцын тухай журмыг зөрчсөн гэж үзэж байгаа бол тусад сахилгын арга хэмжээ үүсгэж, дүгнэлт өгөх ёстой байсан. Ц.Б*******гийн хувьд коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу томилогдсон, энэ хугацаанд огт  төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулаагүй учраас Ц.Б*******д хууль зөрчсөн үйлдэл байхгүй юм. “Ковид-19” өвчний нөхцөл байдал арилсны дараа Ц.Б******* Төрийн албаны шалгалтад хамрагдан тэнцэж төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй байгаа. Нэхэмжлэгчийг буцаан албан тушаалд нь томилоход хууль зүйн ямар нэгэн зөрчил байхгүй гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгож, Ц.Б*******г урьд эрхэлж байсан албан тушаал болох Хууль зүй, дотоод хэргийн яамны эрх зүйн мэргэжилтэны албан тушаалд буцаан томилж, ажилгүй байсан хугацаанд тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү” гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э***** шүүхэд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар Ц.Б******* нь тус яамны Эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Л.Н-ыг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түүний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалт, 48.2 дахь хэсэгт заасныг үндэслэн түүнийг төрийн албанаас халсан.

2/ Ц.Б******* нь түр ажиллах хугацаандаа Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/200 дугаартай “Дотоод аудит, хяналт шалгалт хийх тухай" тушаалаар Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж Цагдаагийн Ерөнхий газарт хяналт, шалгалт хийсэн.

Энэхүү хяналт, шалгалт хийх явцдаа өөрийн 2020 оны 05 дугаар сар цагдаагийн албанаас чөлөөлөгдөж байсан тушаалын үндэслэлийг өөрт ашигтай байдлаар өөрчлүүлэхээр, хяналт, шалгалтын удирдамжид тусгагдаагүй мэдээлэл, баримт шаардсан, албаны нууцтай танилцах эрхгүй байтал Ажлын хэсгийн удирдамжид тусгагдаагүй асуудлаар албаны нууцтай танилцахыг завдсан зэрэг хувийн ашиг сонирхол үүсгэж, албан ажлаа өөрт давуу байдал болгож ашигласан

ноцтой зөрчил гаргасан.

3/ Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг  сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх"

үүргээ биелүүлээгүй.

4/ Ц.Б******* нь Цагдаагийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн болох нь өөрийнх нь гаргасан хүсэлт, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн тэмдэглэл, тайлбар, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн /468 дугаар тушаал зэргээр тогтоогддог. Өөрт ашигтай байдлаар тушаалын үндэслэлийг өөрчлүүлэхээр “техник алдаа” гэж үзсэн нь үндэслэлгүй, ёс зүй үйлдэл.

Дээрх зөрчил дутагдал нь Цагдаагийн Ерөнхий газрын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 3/405 дугаартай албан бичиг, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж байсан гишүүд болон цагдаагийн албаны холбогдох албан хаагчдын тайлбар зэргээр нотлогдсон байна.

Сонсох ажиллагааны мэдэгдлийг 2021 оны 11 дүгээр сарын 18-нд утсаар хэлж мэдэгдсэнээс хойш сонсох ажиллагаанд ирээгүй. Холбогдохоор хэд хэдэн удаа утас руу нь залгахад утсаа авахгүй, тайлбар, санал хүсэлтээ өгөлгүй явсаар байсан.

5/ Ц.Б******* нь Төрийн албанаас халагдах болсноо мэдсэнээс хойш тайлбар, санал гаргах боломжоор бүрэн хангагдсан, мөн гомдлоо Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлд заасан Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журмын дагуу шийдвэрлүүлж, маргаан хянан шалгах комиссын дүгнэлт гаргуулаагүй байна.

Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 93.1, Төрийн албаны тухай хуулийн 75.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой гомдлыг Төрийн албаны зөвлөлд гаргаж хянан шийдвэрлүүлнэ.

Тодруулбал Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан "Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ”.

Иймд Ц.Б******* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.3 дахь заалтыг хэрэглэх боломжтой байсан атал хэрэглэж Урьдчилан

шийдвэрлэх ажиллагааг биелүүлээгүй байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч Ц.Б******* нь түр ажиллаж байх хугацаандаа буюу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны  09 дүгээр сарын 20-ны өдрийн А/200 дугаар тушаалаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллан, Цагдаагийн ерөнхий газар болон Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт хяналт шалгалт хийсэн. Цагдаагийн ерөнхий газарт хяналт шалгалт хийх явцдаа  2020 оны 05 дугаар сард Цагдаагийн албанаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэлийг өөрт ашигтай байдлаар өөрчлүүлэхээр хандсан. Хэдийгээр хүсэлт гаргаж болох байсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч энэ нь шалгалт хийх явцтай холбоотойгоор хүсэлтээ гаргасан байна. Яагаад өөртөө давуу байдал бий болгосон гэж үзэж байна вэ гэвэл тухайн шалгалтын удирдамжид тусгагдаагүй баримт, материалыг шаардаж үзсэн байдаг. Удирдамжид заасан баримт материалуудыг шалгаж дууссаныхаа дараа буюу 2021 оны 11 дүгээр сард тухайн хүсэлтээ гаргасан байдаг. Ц.Б*******-гийн тайлбарлаж байгаагаар тухайн тушаал нь техникийн алдаатай учраас хүсэлт гаргасан гэж тайлбарладаг. Гэвч хэрэгт цугларсан материалуудаас харахад өөрийн хүсэлтээр цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн, мөн энэ талаар цагдаагийн байгууллагаас холбогдох өөрийнх нь чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч чөлөөлсөн байдаг. Хяналт, шалгалтын  явцад хүсэлт гаргахдаа техникийн алдаа байсан учраас хүсэлт гаргасан гэж тайлбарласан нь хэрэгт авагдсан баримтуудаар үгүйсгэгдэж байдаг. Нэхэмжлэгч нь 2020 оны 05 дугаар сард цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн Хууль зүй, дотоод хэргийн 2021 оны 01 дүгээр сард албан тушаалд томилогдсон. Тэгэхээр хуулиар тогтоосон хязгаарлалт хоригийг зөрчиж, хүсэлт гаргасан нь өөрт давуу байдал бий болгосон гэж үзэж байгаа юм” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч нь хариуцагчийг маргаан бүхий захиргааны акт гаргахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн мэдүүлэг гаргахтай холбоотой хуулийн заалтыг хэрэглэсэн гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч нь ажлын хэсэгт орж ажиллах, Цагдаагийн ерөнхий газарт шалгалтаар орохоо мэдмэгц мэдүүлэг гаргах ёстой. Би тухайн цагдаагийн албанаас чөлөөлөгдөөд 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байгаа, 2020 оны 05 дугаар сард чөлөөлөгдсөн, тийм учраас тухайн байгууллагад хяналт шалгалтаар ажиллаж болохгүй гэдгээ эрх бүхий албан тушаалтан эсвэл тухайн ажлыг шууд удирдаж байгаа нэгжийн даргадаа мэдэгдэх ёстой. Энэ хуулийн дагуу мэдэгдэл, тайлбар гаргах ёстой байхад нэхэмжлэгч нь мэдэгдэл, тайлбар гаргаагүй. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг үндэслэсэн гэж тайлбарлаж байна. Энэ нь маргаан бүхий захиргааны актын үндэслэх хэсэгт байхгүй, харин тайлбарлаж хэсэгт дурдсан байдаг. Ц.Б******* нь тухайн зөрчлийг санаатай гаргасан гэж тайлбарлах дурдсан. Яагаад санаатай гаргасан гэж үзэж байна вэ гэвэл Ц.Б******* нь 5 байгууллагад хяналт шалгалт хийх ажлын хэсэгт орж ажиллахаар тушаал гарсан. Ц.Б******* нь ажлын хэсэгт орж ажиллахдаа тус 5 байгууллагаас Цагдаагийн ерөнхий газар, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, Оюуны өмчийн газар зэрэг газруудад ажилласан. Харин бусад Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв зэрэг байгууллагуудад ажиллаагүй. Мөн Ц.Б******* нь тайлбарлахдаа “...Би Цагдаагийн ерөнхий газарт ажиллаж байгаагүй, зөвхөн Дорнод, Дархан-Уул, аймгуудын болон Хан-Уул дүүргийн цагдаагийн газруудад ажиллаж байсан гэж тайлбарладаг. Ажлын хэсэг байгуулсан А/200 дугаар тушаалд дотоод журмын хэрэгжилт, дээд газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилт, тушаал шийдвэртэй танилцах тухай тусгасан байдаг. Энэ нь Цагдаагийн ерөнхий газрын хэмжээнд гарч байгаа бүх тушаал шийдвэртэй танилцана гэсэн үг юм. Энэ нь Дорнод, Дархан-Уул аймгуудын болон Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас ирж байгаа бүх тайлан мэдээ, тушаал шийдвэртэй танилцах боломжтой гэсэн үг юм. Тэгэхээр Ц.Б******* нь өөрийн хуучин ажиллаж байсан байгууллагад хяналт, шалгалт хийж байгаатай ялгаагүй юм. Цагдаагийн байгууллага нь нэг удирдлагатай байгууллага юм. Ц.Б******* нь тухайн байгууллагад хяналт, шалгалтаар ажиллаж байхдаа өөрийн цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн тушаалыг өөрчлүүлэхээр хүсэлт гаргасан нь зөрчлийг хүндрүүлэх, санаатай гэж үзэх үндэслэл болсон. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас үүнийг мэдсэн даруйдаа буюу 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ц.Б*******г дуудаж сонсох ажиллагаа хийх гэсэн боловч Ц.Б******* ирээд даргатай уулзах гэхэд нь “...Хүнтэй уулзаж байна, түр хүлээж бай...” гэж хэлсний дараа гарч яваад буцаж орж ирээгүй. 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ямар нэгэн байдлаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд ирж сонсох ажиллагааны тайлбар мэдүүлэг гаргаагүй. Би Ц.Б*******тай утсаар холбогдож сонсох ажиллагааны мэдэгдлийг нь уншиж сонсгосон, энэ талаар тэмдэглэл үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан. Ц.Б******* нь Улсын онцгой комисст Хууль зүй, дотоод хэргийн яамыг төлөөлж ажиллаж байсан. Үүний дагуу Улсын онцгой комиссын жижүүрийн офицероос Ц.Б******* холбогдохоор утасдаж лавлахад ажлын байрандаа байгаагүй. Үүний дараа 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл өвчтэй гэж тайлбарлан, эмнэлгийн магадалгаа ирүүлсэн. 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл эмнэлгийн магадалгаа өгсний эхний 2 нь магадалгаа нь надад ирсэн. Би цагийн бүртгэл хариуцдаг учраас надад ирэх ёстой. 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Ц.Б******* нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд ирж сонсох ажиллагааны тайлбараа өгч ирж уулзсан. Үүний дараа 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дахин сонсох ажиллагаа явуулахад Ц.Б******* ирсэн, үүнээс хойш ажилдаа огт ирээгүй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

1. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар “ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллах явцдаа эрх мэдлээ ашиглан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор урьд гарсан захиргааны актыг өөрчлүүлэх хүсэлт гаргасан, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг зөрчсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д “Албан тушаалтан энэ хуулийн 21.1-д заасан хязгаарлалт зөрчигдөж байгаа талаар эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэжээ.

 2. Хууль зүй дотоод хэргийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/200 дугаар тушаалаар баталсан дотоод аудит, хяналт шалгалт хийх бүрэлдэхүүнд нэхэмжлэгчийг томилжээ.

3. Цагдаагийн ерөнхий газрын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 5а/299 тоот албан бичигт нэхэмжлэгч Ц.Б*******гийн өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалын талаар дэлгэрэнгүй дурьджээ.

4. Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д заасан зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь нэхэмжлэгч нь Цагдаагийн ерөнхий газар, түүний алба, хэлтэст бус харин орон нутгийн цагдаагийн газар, дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, эрүүгийн мөрдөгч тус тус ажиллаж байсан байх тул түүнийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан хохирлосон үйл ажиллагаа явуулсан, мөн хуулийн 21.4-д заасан мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй.

5. Хэдийгээр Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 “Цагдаагийн төв байгууллагын дарга алба хаагч, ажилтныг томилж, чөлөөлөх,,,,,,,” талаар зохицуулсан хэдий ч Цагдаагийн ерөнхий газар нь нэхэмжлэгчийн хувьд шууд хамааралтай буюу урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь холбоотой байгууллага, аж ахуйн нэгж болохгүй.  

6. Харин нэхэмжлэгч нь Хууль зүй дотоод хэргийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/200 дугаар тушаалаар баталсан дотоод аудит, хяналт шалгалт хийх ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газарт ажиллаж байх хугацаандаа өөрт хамааралтай буюу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн Б/468 дугаар тушаалд өөрчлөлт оруулах талаар хүсэлт гаргасан болох нь түүний 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргад гаргасан хүсэлт, Цагдаагийн ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 5б/8437 тоот албан бичиг зэргээр нотлогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн  37.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ” гээд 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх,,,,,,,,,,,,,,,”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гээд 39.1.4-д “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах,,,,,,”, 48 дугаар зүйлийн 48.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гээд 48.1.4-д “төрийн албанаас халах” гэж тус тус заажээ.

7. Хариуцагчаас нэхэмжлэгчийг дээрх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллах явцдаа эрх мэдлээ ашиглан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор урьд гарсан захиргааны актыг өөрчлүүлэх хүсэлт гаргасан гэх үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцжээ.

Учир нь Монгол Улсын засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 483 дугаар тушаалаар баталсан “дотоод аудитын дүрэм”-ын 6 дугаар зүйлийн 6.2 -т “Дотоод аудитор нь дараах үүрэгтэй” гээд 6.2.5-д “аливаа асуудалд шударга, бодит байдалд нийцүүлэн хандаж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллах” гэж заасан бөгөөд төрийн эрх бүхий байгууллагыг төлөөлж түүний харьяа байгууллагад хяналт шалгалт хийх явцдаа өөрт хамааралтай тушаалд ашигтай байдлаар өөрчлөлт оруулах талаар хүсэлт гаргасныг зөрчил гэж үзэх бөгөөд уг үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

8. Хэдийгээр нэхэмжлэгч нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар тухайн албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон хэдий ч Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 147 дүгээр тогтоолоор баталсан албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж байсны хувьд төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг сахих ёстой.

Иймд дээрх үндэслэлээр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг үндэслэн

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4-д заасныг тус тус баримтлан Ц.Б*******гийн нэхэмжлэлтэй Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох “Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил болох төрийн захиргааны удирдлагын газрын эрх зүйн хэлтсийн мэргэжилтний түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Б.МӨНХ-ЭРДЭНЭ