Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2026/0052

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э С Т ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Л.Одбаатар

Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Э С Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З

Нэхэмжлэгч: Э С Т ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 199 дугаар шийдвэрийн ашигт малтмалын хайгуулын XV-022*** дугаар тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан хэсгийг хүчингүй болгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 779 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2025/0374/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э С Т ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 199 дугаар шийдвэрийн ашигт малтмалын хайгуулын XV-022*** дугаар тусгай зөвшөөрлүүдийг цуцласан хэсгийг хүчингүй болгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дугаар сарын 05-ны өдрийн 779 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э С Т ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 199 дугаар шийдвэрийн ашигт малтмалын хайгуулын XV-022*** дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан хэсгийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч Э С Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

        3.1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т "Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана" гэж заасан, 56.3-т "Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ", 56.4-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж, үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ" гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл тогтоогдсон талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх, хэрэв тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мэдэгдэлд заасан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтыг захиргааны байгууллагад ирүүлэх, захиргааны байгууллага бичиг баримтыг хянаж үзээд үндэслэлтэй бол мэдэгдлийг хүчингүй болгохоор зохицуулсан хуулийн дээрх заалт нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид эрх зүйн хамгаалалт тогтоосон, боломж олгосон зохицуулалт юм. Үйл баримтаар бол АМГТГ-ын 2025 оны 02-р сарын 27-ны өдрийн мэдэгдэлийг нэхэмжлэгч хүлээн аваагүй. Энэ нь Монгол шуудан ХК-ийн албан бичгээр тогтоогдоно. Мөн хавтаст хэргийн 34 талд гараар бичсэн хэсэгт байх захирал 88107227 тоот утсанд мэдэгдэж болох байсан ч мэдэгдээгүй. Ажлаасаа гарсан нягтлан бодогчид мэдэгдэх үндэсгүй. Компанийг нягтлан бодогч төлөөлөхгүй бөгөөд тухайн нягтлан бодогч нь ажиллахаа больсон болно.

3.2. АМТХ-ийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт "Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 20.3, 26.3.2, 26.3.3-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төлнө" гэж зааснаар Хариуацгчаас заавал мэдэгдэл явуулахаар хуульчилсан бөгөөд тус мэдэгдэлийг хариуцагч гаргасан боловч нэхэмжлэгчид мэдэгдээгүй. Өөрөөр хэлбэл “Монгол шуудан” ХК-иас 2025 оны 02-р сарын 27-ны өдөр мэдэгдэхээр өгсөн 166 шуудан нь 2025 оны 03-р сарын 11-нд буцаагдсан байна. Тиймд нэхэмжлэгч уг мэдэгдэлийг хүлээн аваагүй, мэдээгүй, илгээгч хаягийг тодорхой бичээгүй, зөвхөн СХД гээд нягтлан бодогчийн утсыг тавьсан байгаа нь зориуд төөрөгдүүлсэн гэж үзэж болохоор байна. Иймд хариуцагчийн энэ буруутай үйлдлээс болж шуудан зохих эзэндээ ирээгүй гэж үзнэ. Хэрэв нэхэмжлэгч уг мэдэгдэлийг хүлээн авсан бол төлбөрийг төлөх боломжтой байсан.

3.3. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж зааснаар захиргааны байгууллагаас сонсох ажиллагаа хийгээгүй, хуульд заасан эрхээ эдлэх боломжоор хангаагүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т "Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах", 32 дугаар зүйлийн 32.1-т "Захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно", 43 дугаар зүйлийн 43.1-т "Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна", 43.2-т "Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна" гэж заасныг Ашигт малтмал, газрын тосны газар тус тус зөрчсөн. Хариуцагч захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа хийгээгүй, нэхэмжлэгчийн тайлбар санал авах боломжоор хангаагүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11-р сарын 05-ны өдрийн 128/ШШ2025/0779 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Э С Т ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 03-р сарын 20-ны өдрийн 199 дугаар шийдвэрийн ашигт малтмалын хайгуулын XV-022*** дугаартай тусгай зөвшөөрлүүдийг цуцласан хэсгийг хүчингүй болгох”-оор маргасан байна.

            3. Анхан шатны шүүхээс “...Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуулиар тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй, энэ хугацаагаа 30 хүртэл хоногоор хэтрүүлсэн ч алдангийн хамт тухайн жилийн төлбөрийг төлөх боломжтой атал хуульд заасан эцсийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлжээ...” гэх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4. Хэргийн үйл баримтын тухайд,

4.1. Нэхэмжлэгч Э С Т ХХК-д Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 58 дугаар шийдвэрээр Дорноговь аймгийн И сумын нутагт байрлах “**** ***** ***” нэртэй газарт 4449.73 гектар талбай бүхий XV-022*** дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон.

4.2. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 10/1006 дугаар албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит 3 дахь жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг Э С Т ХХК-д мэдэгдэж, Улаанбаатар хот С дүүрэг, 11 дүгээр хороо, О 3, 62 гэх хаягийн дагуу хүргүүлсэн.

4.3. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 199 дүгээр шийдвэрээр Э С Т ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалж, 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 10/1368 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрөл цуцалсныг дээрх хаягаар мэдэгдсэн байна.

5. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.4-т “Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 56 дугаар зүйлийн 56.1-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална”, 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж тус тус заажээ.

6. Нэхэмжлэгч анх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 58 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг авсан тул жил бүрийн төлбөрийг 01 дүгээр сарын 13-ны өдрийн дотор урьдчилан төлөх, хэрэв энэ хугацаанаас 30 хоногийн дотор алдангийн хамт төлөөгүй бол тусгай зөвшөөрөл цуцлагдах үр дагавар үүсэхээр байна.

7. Дээрхээс үзэхэд, нэхэмжлэгч Э С Т ХХК нь ХV-022*** дугаартай тусгай зөвшөөрлийн 3 дахь жилийн ээлжит төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул хариуцагчаас тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүргүүлж, мэдэгдлийг хүргүүлснээс хойш 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 199 дүгээр шийдвэрээр цуцалсан нь дээрх хуульд нийцсэн байна.

8. Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолд “...Ажлаасаа гарсан нягтлан бодогчид мэдэгдэх үндэсгүй... нэхэмжлэгч уг мэдэгдлийг хүлээн аваагүй, мэдээгүй, илгээгч хаягийг тодорхой бичээгүй... Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т зааснаар захиргааны байгууллагаас сонсох ажиллагаа хийгээгүй, хуульд заасан эрхээ эдлэх боломжоор хангаагүй…” гэж маргаж байгаа боловч тухайн компанийн нягтлан бодогч ажлаасаа гарсан болон компанийн хаяг өөрчлөгдсөн зэрэг нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөхгүй байх шалтгаан биш гэж үзлээ.

9. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ гэж заасны дагуу Э С Т ХХК өөрийн хаягийг өөрчлөгдсөн болохыг төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйгээс хариуцагч байгууллагын хүргүүлсэн албан бичгийг нэхэмжлэгч гардаж аваагүйд хариуцагчийг буруутгах боломжгүй.

            10. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 779 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээснийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

    ШҮҮГЧ                                                З.ГАНЗОРИГ

 

    ШҮҮГЧ                                                Л.ОДБААТАР

 

                          ШҮҮГЧ                                                Б.АДЪЯАСҮРЭН