| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2019/00471/И |
| Дугаар | 00027 |
| Огноо | 2020-01-15 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 00027
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: * оршин суух, 1982 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 38 настай, эмэгтэй, Боржигон овогт Адъяагийн Дгийн /РД:*/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: * тоотод оршин суух, 1979 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, Хавхчин овогт Сумъяагийн Өд /РД:*/ холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Д, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагч С.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Соёлзул нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч А.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2017 оны 02 дугаар сард С.Өтэй анх танилцаад дотно харьцаатай болсон. Бидний дундаас 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ихэр охид болох Ө.Э, Ө.Я нар төрсөн. Хоёр охиноо төрөхөд С.Ө нь өөрөө хүсэлт гаргасан учир хоёр охиноо С.Өгээр овоглож гэрчилгээ авсан. Бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Охид төрсний дараа 2 сар орчим хугацаанд ирэн очин хүүхдүүдээ харж ханддаг байсан. 2018 оны 08 дугаар сарын сүүлчээр дүүгийн хүүхэд өвдөөд ээж эмнэлэгт эргэж тойрох болоод би хоёр хүүхэдтэйгээ хэцүү байсан. Энэ үед манай ээж С.Өд эхнэр, үр хүүхдээ хайхарсангүй харж хандаж тусалсангүй гэж хэлсэн. Тэгтэл С.Ө нь шалтаг болгоод явсан. Тэгээд 2018 оны 12 дугаар сард С.Ө нь бид гурав дээр буцаж ирээд 2 сар орчим хамт байж байгаад архи согтууруулах ундааг 2-3 хоног хэрэглэж ирээд манай ээжтэй хэрэлдсэн. Тэгээд 2019 оны 02 дугаар сард яваад ахиж ирээгүй. Эцэг хүнийхээ үүрэг хариуцлагыг ухамсарлахгүй байна гэж үзэж байна. Иймд охин Ө.Э, Ө.Я нарт эцэг С.Өгээс тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч С.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид хоёр 2017 оны 02 дугаар сард танилцаад гэр бүлийн харилцаатай болж бидний дундаас 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 2 ихэр охин Ө.Э, Ө.Я нар төрсөн. Би эхнэр хүүхдээс хөндий байх болсон шалтгаан нь хадам ээжээс болсон. Би ажлын газрын хүмүүстэй нийлж түлээ модоо бэлдчихээд хүнээр юм хийлгэсэн юм чинь гээд ганц нэг шил архи уусан юм. Тэгээд орой нь гэртээ байж байхад хадам ээж миний хамар луу цохиж хамраас цус гарахаар нь би ингэж байх гэж бодоод өөрийнхөө эцэг, эх дээр очсон. Сая би 2019 оны 12 дугаар сарын сүүлчээр тэтгэвэрт гарсан. Тэгээд эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдарна гэж бодоод хашаа байшин авсан. Учирлаж хэлэх гээд эхнэр Д руу залгахад утсаа аваагүй. Ер нь би 2019 оны 08 дугаар сараас хойш Д руу олон залгахад утсаа ердөө аваагүй. Мессеж бичихэд хариу бичээгүй. Одоо хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч А.Д нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн ихэр охин Ө.Э, Ө.Я нарт эцэг С.Өгээс тэжээн тэтгэх тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаадлага гаргажээ.
Нэхэмжлэгч А.Д, хариуцагч С.Ө нар нь 2017 оны 02 дугаар сард танилцаад 2017 оны 02 дугаар сараас хойш 2019 оны 02 дугаар сар хүртэл хамтын амьдралтай байсан ба тэдний дундаас 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр охин Хавхчин овогт Өгийн Э, Хавхчин овогт Өгийн Я нар төрсөн, одоо эх А.Дгийн асрамжинд эрүүл бойжиж байгаа болох нь зохигчдын тайлбар, Ө.Эий № 4322000260, Ө.Яы № 4322000261 гэсэн бүртгэлийн дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Ө.Э 01 нас 06 сартай, эмэгтэй, эрүүл бойжиж байгаа, Ө.Я 01 нас 06 сартай, эмэгтэй, эрүүл бойжиж байгаа гэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын Ачит баг өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Нэхэмжлэгч А.Д, хариуцагч С.Ө нар нь гэр бүлийн хамтын амьдралын хугацаандаа гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байсан боловч охин Ө.Э, Ө.Я нарын төрсний гэрчилгээг авахдаа эцэг С.Өгээр овоглохыг хүлээн зөвшөөрсний улмаас хүүхдийн төрсний гэрчилгээний эцгийн нэр дээр С.Өгийн нэр бичигдсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар захиргааны журмаар эцэг тогтоосон гэж үзэх үндэслэл болж байх тул охин Ө.Э, Ө.Я нарын эцэг С.Ө мөн болохыг шүүхээр давхар тогтоох шаардлагагүй байна.
Мөн хариуцагч АС.Ө нь охин Ө.Э, Ө.Я нарын эцэг биш гэж маргаж шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй бөгөөд харин өөрийн хүүхэд мөн гэдэгт эргэлзэхгүй, хүлээн зөвшөөрч байх тул эцэг тогтоох шинжилгээ хийлгэхээр Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн Шүүх эмнэлгийн хэлтсийг шинжээчээр томилох шаардлагагүй байна гэж үзэв.
Иймд нэхэмжлэгч А.Дгийн хариуцагч С.Өгээс сар бүр тэтгэлэг гаргуулж охин Ө.Э, Ө.Я нарыг тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 100130400941 тоот дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан учир хариуцагч С.Өгээс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Дд олгох үндэслэлтэй байна.
Мөн хариуцагч С.Өгээс тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож 48665 төгрөгийг нэг удаа гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн нэгдсэн сангийн 100130400953 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Хавхчин овогт Өгийн Э, Хавхчин овогт Өгийн Я нарыг 11 нас хүртэл хүүхдийн оршин суугаа газрын буюу тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хүү Ө.Э, Ө.Я нарыг 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Өгээс сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Өгээс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Дд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Өгээс тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 48665 төгрөгийг гаргуулж орон нутгийн төрийн сангийн 100130400953 тоот дансанд оруулсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад явуулахыг шүүгчийн туслах М.Мөнхзаяад даалгасугай. 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.