Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/200

 

 

 

                                                                                 2023/ШЦТ/200

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                       

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Б.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.У, О.Б

            Хохирогчийн өмгөөлөгч: Д.Г

            Хохирогч: Т.З

            Шүүгдэгч: Н.Э

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бн овогт Нн Эт холбогдох 2212....................... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт ............ аймгийн ................. сумын ............... багийн ........................ тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Н Э /РД:/

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Энэрэл” мини маркет дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, хохирогч Т.Зд 11.850.995 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд 2212...................... дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Згийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр болох Наранбулаг хорооллын 11-ЗА тоотод байрлалтай “Энэрэл” нэртэй хүнсний 8 нэрийн хүнс, барааны мини маркет дэлгүүрийг 2021 оны 08 дугаар сараас түрээслэн ажиллуулж байгаа юм. Тус дэлгүүр 2 ээлжийн худалдагч ажиллуулдаг бөгөөд П гэх худалдагчийг 2022 оны 01 дүгээр сараас одоог болтол, Эийг Пгийн санал болгосноор 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 05 дугаар сарын 16-ны өдрийн хооронд худалдагчаар ажиллуулсан юм. Дэлгүүрийн худалдагч Пг хүнтэй утсаар ярьж байхыг сонсоод Эийн нөхөр нь эхнэртээ хэлээд намайг эзгүй байхад дэлгүүр дээр ирээд уулзаад явсан байсан. П нь надад хэлэхдээ Эийг өмнө нь хүнсний дэлгүүрт ажиллаж байсан туршлагатай, найдвартай хүн байна гэж надад ойлгуулаад, цаашдаа манайд тогтвор суурьшилтай ажиллана, манай дэлгүүртэй гэр нь ойролцоо юм байна гээд худалдагчаар авах санал тавьсан. П нь өмнө нь манай дэлгүүрт амралтгүй ажиллаж байсан бөгөөд шинэ худалдагч ажилд оруулаад тооллого хийгээд амрах зорилготой, ээлжийн худалдагч ажилд авсан юм. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Энэрэл” мини маркет дэлгүүрийн бүх хүнс, барааг ширхэг бүрээр тоолохоор болж, би, манай төрсөн дүү Б, худалдагч П, шинэ худалдагч Э бид 4 тооллого өглөө эхэлж орой 23 цагийн үед дуусгасан. Тооллогоор гэр ахуйн бараа, ахуйн хэрэглээний соёлын бараа, чихэр печень, шоколад, ундаа ус, архи, пиво, тамхи, гурил, гурилан бүтээгдэхүүн зэрэг 44.531.104 /дөчин дөрвөн сая таван зуун гучин нэгэн мянга нэг зуун дөрөв/ төгрөг, бэлэн хувцас 2.088.000 /хоёр сая наян найман мянга/ нийт 46.619.104 /дөчин зургаан сая зургаан зуун арван есөн мянга нэг зуун дөрөв/ төгрөгийн барааны тооллого гарч Эт хүлээлгэн өгсөн. Мөн тус дэлгүүрт өдөр тутам бараа орлогод авдаг байсан бөгөөд тухайлбал харилцагч байгууллага болох “Гост трейд” ХХК-наас гурил будаа, бэлэн гоймон, ус, ундаа, хэрчсэн болон жигнэсэн гурил, “Мөнх-Уянга” ХХК нь талх, нарийн боов, тамхины компаниас тамхинууд, “Бүрэн-Ар” ХХК- наас бүх төрлийн архи, пиво, ус, ундаа, гоймон, чихэр печень, Улаанбаатар хотоос “Өгөөж” ХХК-ний гурилан бүтээгдэхүүн, килограммын чихрүүд, сүү, хиам өндөг, лаазалсан бүтээгдэхүүн зэргийг авдаг байсан бөгөөд нийт 59.950.925 төгрөгийн хүнсний бараа, ахуйн соёлын бараа, 1.088.000 төгрөгийн бэлэн хувцас хүлээлгэн өгсөн. Харилцагч байгууллагаас бүх бараа падаантай ирдэг юм. Дээрх төгрөгөөс ажиллах хугацаандаа буюу нийт 36 хоног ажиллахдаа өдөр бүр зарсан хүнс, барааны мөнгийг дэлгүүр хаахын өмнө нь би өөрийн биеэр очиж бэлэн мөнгийг нь тоолж аваад, мобайлаар орсон мөнгийг 2 талдаа баталгаажуулж тулгаж авдаг байсан. Мөн “пос” машинд карт уншуулсан мөнгө нь маргааш өглөө нь миний данс руу ордог байсан. Тухайн үед харилцагч албан байгууллагад өгөх мөнгийг дэлгүүрийн орлого орсон бэлэн мөнгөнөөс өгдөг байсан бөгөөд түүнийг мөн адил орлого орсонд тооцож хүлээн авдаг байсан. Бэлэн мөнгө болон мобайл банкаар орсон мөнгийг тулгаж авахдаа 2 зэрэг дэвтэр гаргаж хөтлөөд үнийн дүнгээ тулгаад хоёулаа гарын үсэг зурдаг байсан. Энэ дэвтэр одоо надад байгаа. Дээрх 36 хоног ажиллах хугацаанд 38.908.185 /гучин найман сая есөн зуун найман мянга нэг зуун наян таван мянга/ төгрөгийн орлогын тушаасан. Энэ мөнгөн дүнд бэлнээр авсан, “пос” уншуулсан, мобайлаар шилжигдсэн, харилцагч байгууллагад орлогоос бэлэн өгсөн бүх тооцоонууд орсон. Би Эийг ажиллах хугацаанд өөрийн хэрэглээндээ 706.772 төгрөгийн хүнс бараа зарцуулж авсан. Энэ дүнг Эээс хассан. 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ажлаас гарахдаа дэлгүүрт тооллого хийхэд миний төрсөн дүү Б, би өөрөө, П, Э нарын хамт тоолоход 53.571.077 /тавин гурван сая таван зуун далан нэгэн мянга далан долоо/ төгрөгийн хүнс, соёлын бараа, бэлэн хувцас 2.447.000 /хоёр сая дөрвөн зуун дөчин долоон мянга/ төгрөгийн бэлэн хувцас бараа буюу нийт 56.018.077 төгрөгийн бараа бүтээгдэхүүн хүлээн авч, Эийг ажлаас нь гаргасан. Ингээд Эийн надад хүлээлгэн өгсөн бэлэн мөнгө болон үлдэгдэл бараа бүтээгдэхүүн, өөрийн хэрэглэсэн хүнс, бараа зэргийг хасаад миний дэлгүүр 12.024.995 төгрөгийн хүнс бараа дутаасан. Би Эийг ажилд авахын өмнө нь манай худалдагч П нь амрах ээлж болоод оронд нь ажиллах хүн хөдөөнөөс ирэх болоогүй байсан учир шинэ худалдагч хайж байсан юм. Тэгсэн чинь П дэлгүүрт хүнтэй утсаар ярьж байхад Эийн нөхөр дэлгүүрт үйлчлүүлж таараад яриад сонсоод манай эхнэрийг ажилд аваач гэж хэлээд явсан байсан. Дараа нь Э П худалдагчтай ирж уулзаад ажилд авбал зүгээр юм байна, өмнө нь дэлгүүрт ажиллаж байсан туршлагатай юм байна, худалдагчаар авахад зүгээр юм байна гэж санал тавьсан. Э гэх хүнтэй дуудаж уулзаарай гэж хэлсэн. Надад таалагдлаа, худалдагчаар авахад зүгээр юм байна гэж хэлсэн. Ганц нэг хүнээс асуухад гайгүй л гэж байна, гэр нь ойрхон юм байна, цаашдаа тогтвор суурьшилтай ажиллахаар юм байна гэж хэлэхээр нь би за тэгвэл ажилд авъя гэж хэлээд уулзаагүй, шууд маргааш нь дуудаад өглөө нь тооллого хийсэн. Ямар нэгэн гэрээ байгуулаагүй, цалин хөлсийг өдрийн 30.000 төгрөгөөр тохирч, сайн ажиллавал цалин нэмэх талаар хэлж тохирсон байсан. Эт ажиллах хугацаанд надаас цалин хөлс урьдчилгаа гэж өгөөгүй. Би Эийг Пг 1 сар амрах хооронд ажилд авсан юм. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ажлаас гарахдаа тэр чигтээ хөдөө явлаа гэж хэлээд алга болсон. Тэгээд би дараа нь өөрийнх нь 99952056 дугаар утас руу залгахаар нь утсаа авахгүй, эсвэл холбогдохгүй байдаг байсан. Тэгж байгаад 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр над руу холбогдож 5155........... тоот данс руу 200.000 төгрөг шилжүүлчих гэж хэлэхээр нь би өөрийнхөө 5135.............. тоот данснаас шилжүүлсэн. Эээс бэлэн мөнгө авахдаа 2 зэрэг дэвтэр гаргаж хөтлөөд би өөрийнхөө дэвтэр дээр Эээр гарын үсэг зуруулдаг байсан. Э өөрийнхөө дэвтэр дээр эхний 2 өдөр гарын үсэг зуруулсан, бусад өдөр нь зуруулаагүй. Энэ дэвтрүүд эх хувиараа надад байгаа. Би дэлгүүрийнхээ тооцоог шахаад 12 сая төгрөг дутаасан байна гэж хэлэхэд идлээ, уулаа гэхэд 10 сая байхдаа яадаг юм гээд уурлаад байсан. Дахиад тооцоо тулгая гэхээр нь би завгүй байна, хоёулаа тохиръё, би дэлгүүрийн цэвэрлэгээ хийгээд өгье гэж хэлэхээр нь би надад зав алга гэж хэлсэн. Манай “Энэрэл” нэртэй дэлгүүрт 2022 оны 04 дүгээр сарын 10-ний өдрөөс 05 дугаар сарын 16-ны өдрийн хооронд манай дэлгүүрт Эээс өөр хүн ажиллагаагүй, ганцаараа ажиллаж байсан. Тухайн үед дэлгүүрт хяналтын камер байсан бөгөөд бичлэгээ нэг сар хадгалдаг байсан. Эийн ажиллаж байх үеийн хяналтын камер байхгүй байгаа. 2022 оны 05 дугаар сарын 01-нээс зуны цагийн хуваариар ажилласан. Өвлийн цагийн хувиараар 09:00-22:00 цаг хүртэл, зуны цагийн хувиараар 08:00-23:00 цаг хүртэл ажиллаж байсан. Цайны цагаа өдөрт хүн багатай үед өөрийгөө амраагаад байж байгаараа гэж хэлж байсан учир өөрөө зохицуулаад амардаг байсан. Би орой болгон очиж өөрийн биеэр орлогоо авч, падааны тооцоог дор бүр нь шалгадаг байсан. Шинээр бараа ирсэн үед хүлээлгэн өгөхдөө очих үедээ яаж байна гээд уулздаг байсан. Тэр болгон хяналт тавиад байж чаддаггүй байсан. Шаардлагатай үед утсаар байнга ярьдаг байсан. Эийг ажиллах хугацаанд хүнсний ногоо муудах, жимстэй молоко хугацаа дуусах зэрэг хорогдол гарч байсан. Эдгээр хорогдлыг 706.772 төгрөгийн үнийн дүнд оруулж хассан. Хорогдол багатай байсан. Би Эээс дэлгүүрийн хүнс бараа дутаасан 12.024.995 төгрөгийг нэхэмжилж байна. Дээрх мөнгө харилцагч байгууллагад өр болж үүсээд байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 27-30 хуу/

                          

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Пгийн мэдүүлсэн: ...Н.Э нь “Энэрэл” нэртэй хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. Би “Энэрэл” нэртэй хүнсний дэлгүүрт 80 хоног амралтгүй ажиллаад амрахаар болоод худалдагч хайж байсан юм. Тэгсэн чинь Н.Эийн нөхөр нь гээд танихгүй залуу манай дэлгүүр дээр ирээд танайх худалдагч авах гэж байгаа юм уу, манай эхнэр олон жил худалдагчаар ажиллаж байгаа, ээлжийн худалдагчаар ажилд авахгүй биз гэж хэлсэн. Намайг дэлгүүрт хүнтэй юм ярьж байхад дэлгүүрээр үйлчлүүлж байгаад сонссон юм шиг байна лээ. Тэгээд би ээлжийн худалдагч олдохгүй байна, эхнэрээ ирээд уулзуулчих гээд хэлсэн гэсэн чинь тухайн өдрийн орой нь ирж уулзсан бөгөөд манай дэлгүүрт үйлчлүүлж байсан хүн байсан. Тэгээд би дэлгүүрийн эзэн болох Зд утсаар ярьж манай ажиллахаар нэг хүн ирлээ, өмнө нь дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан хүн гэнэ гэж хэлэхэд дэлгүүрийн эзэн З нь зөвшөөрөөд 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр З, худалдагч миний бие, Згийн дүү Б болон Н.Э нар дэлгүүрийн барааг ширхэг бүрээр нь тооллого эхэлсэн. Тэгээд Н.Эт 46.000.000 гаруй төгрөгийн хүнс бараа, бэлэн хувцас хүлээлгэн өгсөн. Би тоо хэмжээг нь нарийн мэдэхгүй байна. Би тухайн үед Н.Эт тооллого хийж бараагаа хүлээлгэн өгөөд амарсан. Дараа нь буюу 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Н.Эээс буцаагаад тооллого хийж дэлгүүрийн барааг хүлээн авсан. Энэ үед Н.Эийн ажиллах хугацаа дуусч би ажлаа хүлээн авсан. Н.Э нь 2022 оны 04 дүгээр сарын 10-наас 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэл бүтэн ажилласан. Би Н.Эийг ажиллахад амарч байгаа хугацаандаа хааяадаа дэлгүүрээр үйлчлүүлэгчийн үүднээс ороход дэлгүүрийн бараа эмх цэгцгүй, эмх замбараагүй, цэвэрлэгээ үйлчилгээ муутай байдаг байсан. 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр дэлгүүрийн барааг хүлээн авахад 12 сая гаруй төгрөгийг бараа дутсан. Энэ талаар Н.Эээс асуухад сандарсан байдалтай, хөдөө явлаа гээд, дэв дав хийгээд л байсан. Яагаад дутсан юм болоо гээд яриад өнгөрсөн. Н.Э нь надад дэлгүүрийн барааг хэрхэн, яаж дутаасан талаар хэлээгүй, гайхаад л өнгөрсөн. Өөрөө хэрхэн дутааснаа мэдэж байгаа. Би Н.Эийг өөрийнхөө дансандаа мөнгө авдаг байсныг нь мэдэхгүй байна. Би ажиллах хугацаандаа Т.Згийн данс руу шилжүүлдэг байсан. Тухайн үед Н.Эт хүнс, бараагаа хүлээлгэн өгөхдөө цаасан суурьтай цаас дээр нэг бүрчлэн бичиж хүлээлгэн өгсөн. Би Н.Эийн зан байдлыг нь сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 33-34 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Оын мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Энэрэл” нэртэй мини маркет дэлгүүрт үйлчлүүлж байхад худалдагч гээд нэг эмэгтэй хүнтэй утсаар яриад дэлгүүрт худалдагч авах талаар ярьж байхыг нь сонсоод гэртээ очоод эхнэртээ хэлсэн. Тэгээд эхнэр Н.Э нь ирж уулзаад дэлгүүрийн хүнс, барааг хүлээн авсан. Тухайн “Энэрэл” нэртэй дэлгүүрт 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэл худалдагчаар ганцаараа ажиллаж байсан. Манай эхнэр надад хэлэхдээ дэлгүүрт ажиллах хугацаандаа 12.000.000 гаруй төгрөгийн бараа дутчихсан, яагаад ийм их хүнс, бараа дутсан юм болоо гээд гайхаад байсан. Бараа дутахын хувьд дутна, гэхдээ арай их мөнгө дутаад байна л гэж  хэлж байсан. Манай эхнэр дэлгүүрт худалдагчаар        ажиллах хугацаандаа гэр рүүгээ хэрэглээний ойр, зуурын зүйл авч явдаг байсан нь үнэн. Би яг хэдэн төгрөг, хэрхэн, яаж дутаасан талаар мэдэхгүй байна. Манай эхнэр сүүлийн 5-6 жил дэлгүүрт худалдагчаар ажиллаж байна. Би энэ талаар мэдэхгүй байна. Би эхнэр Н Этэй 2012 онд хуримаа хийж гэрлэлтээ батлуулсан, одоо 3 хүүхдийн хамт амьдарч байна. Архангай аймгийн Багшийн их сургуульд сурч байгаа 2 курстээ жирэмсэн болоод сургуулиа орхисон. Зан байдлын хувьд төлөв даруу зантай гэж бодож байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 37-38 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Бын мэдүүлсэн: ...Би хугацааг нь сайн хэлж мэдэхгүй байна, 2022 оны 04 дүгээр сарын эхээр шиг санагдаж байна, миний төрсөн эгч болох Т.З утсаар яриад дэлгүүрийн худалдагч нар солигдох гээд ажил хүлээлцээд байна, ирээд бараа бүтээгдэхүүнийг хүлээлцэхэд хянаад, цуг тоололцоод байж бай гэж ярихаар нь эгчдээ туслах зорилгоор зөвшөөрч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Энэрэл” нэртэй супер маркет дэлгүүрт очиход бараа хүлээлгэн өгч байгаа худалдагч П буюу П, эгч З, бараа хүлээн авч байгаа Э нар байсан. Тэгээд П, Э нар нь тэмдэглэл хөтөлж би лангуун дээрээ өрөөстэй байгаа барааг буулгаж тоолоод эргүүлж лангуун дээр нь тавьж, хажуугаар нь лангууны тоос шороог арчиж, цэвэрлэх ажлыг хийсэн. Би өдөр 12 цагийн үед очсон санагдаж байна, амралтын өдөр байсан санагдаж байна, тэгээд шөнө ойролцоогоор 00 цаг өнгөрөөж байхад би ажлыг нь дуусгаагүй явсан. Өдөр болон орой нь З эгч жаахан хүүхэдтэй учир ирж очоод хүүхдүүдийнхээ хоол ундыг хийж өгөөд орж гарч байсан. 3 жаахан хүүхэдтэй юм. Би тухайн өдөр бараа бүтээгдэхүүн хүлээлцэхэд эгчтэй тусалсан юм. Хэдэн төгрөгийн бараа бүтээгдэхүүн хүлээлцсэн талаар мэдэхгүй байна. Би дуусгаагүй яваад өгсөн юм. Э нь нэг сар гаруй ажилласан. Би мөн цаг хугацааг нь санахгүй байна, Э нь худалдагчаар ажиллах хугацаандаа дэлгүүрийн бараа дутаасан гээд Эийг дэлгүүр дээрээ дуудсан байсан. Би тухайн үед дэлгүүр дээр очиж таарахад З эгч Э хоёр бараа хүлээлцэж авсан баримтууд гаргаад ирсэн хоорондоо ярилцаад байснаа намайг завтай бол хэдэн баримт компьютерт шивээд өг гэхээр нь би зөвшөөрч дэлгүүрт орлогод авсан хэдэн ширхэг падааныг компьютерт шивж өгсөн. Ойролцоогоор 1 цаг орчим сууж шивж өгсөн. Миний компьютерт шивсэн бараа тэдний өдөр, тэдэн ширхэг бараа, тэдэн төгрөгөөр ирсэн, тэдэн төгрөгөөр зарах гэсэн үнэтэй баганад хуваасан баримтууд шивүүлсэн. Би барааг нэр төрлөөр нь, хэдэн төгрөгийн үнэтэй барааг хэдэн төгрөг болгож зарсныг хэлж мэдэхгүй байна. Би өөрийн цаг заваараа хааяа эгчдээ тусалдаг байсан бөгөөд эгчийнхээ шив гэж гаргаж өгсөн баримтуудыг компьютерт хэд хэдэн удаа өөрөөр нь заалгаж шивсэн. Тухайн шивсэн баримтаар худалдагчийн ажлыг хянах болохоор худалдагчдаа зарах үнээ гаргаж өгдөг гэж хэлсэн. Өөрөө падаан шивэх ажлыг хийж хүчрэхгүй байна, надад шивж өгч бай гэж санал тавьж байсан. Сард их падаан орж ирэх юмаа гэж хэлж байсан. Тухайн компьютерт шивсэн бараанууд Эт огт хамаагүй байсан. Намайг шивж дууссаны дараа З эгч өөрөө гүйлгэж хараад хянадаг байсан. Би эгчдээ тэр болгон тусалж байгаагүй. Хааяа дэлгүүрийн хувцсыг нь индүүдэх зэргээр тусалдаг байсан. Эийг худалдагчаар ажиллах хугацаанд дэлгүүрийн баримт, падааныг шивж байгаагүй. Нэг өдөр эгчийн дэлгүүр дээр очиход Э бараа дутаасан гээд ажлыг нь хүлээлгээд авчихсан, гэхдээ Э дэлгүүр дээр нь ирчихсэн байсан. Эгчээрээ падаан шивэхийг нь заалгаад сурч байсан үе юм. Би эхлээд З эгчээр өөрөөр нь заалгаад 2-3 удаа дутуу хагас шивж өгсөн. Тухайн үед өөрөөр нь заалгаад компьютерт шивдэг байсан. Тухайн падаан шивэх нь худалдагч нарт огт хамаагүй байсан. Би Эийн хэдэн төгрөг дутаасныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан Э бараа бүтээгдэхүүн дутааснаа хүлээн зөвшөөрч хувааж өгье гээд байна гэж эгч надад хэлсэн. З эгч би бөөнөөр нь авна, хэсэгчилж авбал надад юм болохгүй гэж хэлсэн гэж байсан. Э П 2 дэлгүүрийн бараа хүлээлцэхдээ 2 зэрэг бүртгэл гаргаж тулж хүлээлцээд байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 221-223 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Н.Эийн мэдүүлсэн: ...Би тогтоолтой танилцлаа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй. Өөрийнхөө боломжоороо хохирол, төлбөрөө төлж бараг дуулна. Эхний ээлжинд 400.000 төгрөгийг хохирогчийн дансанд шилжүүлсэн. Би сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргах зүйлгүй. Би 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Энэрэл” мини маркет дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа дэлгүүрийн барааг дутаасан асуудал гаргасан. Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Маргах зүйлгүй, өөрийнхөө боломжоороо хохирол төлбөрөө төлж барагдуулна. Эхний ээлжинд 400.000 төгрөг шилжүүлсэн...гэх мэдүүлэг /1хх-ийн 159-160 хуу/

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 48-50 хуу/

            “Мэргэн гүн аудит” ХХК-ний 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 82-84 хуу/

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 173 хуу/

            Багийн засаг даргын тодорхойлолт /1хх-ийн 177 хуу/

            Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 237-246 хуу/

            Эд зүйл үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 247-250, 2хх-ийн 34-36 хуу/

            Гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 01-03, 37-39 хуу/

            Эд зүйлийг хавтаст хэрэг тусгах тухай мөрдөгчийн тогтоол, баримт бичиг /2хх-ийн 06-33 хуу/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Э нь 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Энэрэл” мини маркет дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, хохирогч Т.Зд 11.850.995 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.Э нь 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Энэрэл” мини маркет дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, хохирогч Т.Зд 11.850.995 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

хохирогч Т.Згийн мэдүүлсэн “Тус дэлгүүр 2 ээлжийн худалдагч ажиллуулдаг бөгөөд П гэх худалдагчийг 2022 оны 01 дүгээр сараас одоог болтол Эийг Пгийн санал болгосноор 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 05 дугаар сарын 16-ны өдрийн хооронд худалдагчаар ажиллуулсан юм. Дэлгүүрийн худалдагч Пг хүнтэй утсаар ярьж байхыг сонсоод Эийн нөхөр нь эхнэртээ хэлээд намайг эзгүй байхад дэлгүүр дээр ирээд уулзаад явсан байсан. П нь надад хэлэхдээ Эийг өмнө нь хүнсний дэлгүүрт ажиллаж байсан туршлагатай, найдвартай хүн байна гэж надад ойлгуулаад, цаашдаа манайд тогтвор суурьшилтай ажиллана, манай дэлгүүртэй гэр нь ойролцоо юм байна гээд худалдагчаар авах санал тавьсан. П нь өмнө нь манай дэлгүүрт амралтгүй ажиллаж байсан бөгөөд шинэ худалдагч ажилд оруулаад тооллого хийгээд амрах зорилготой, ээлжийн худалдагч ажилд авсан юм. 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ажлаас гарахдаа дэлгүүрт тооллого хийхэд миний төрсөн дүү Б, би өөрөө, П, Э нарын хамт тоолоход 53.571.077 /тавин гурван сая таван зуун далан нэгэн мянга далан долоо/ төгрөгийн хүнс, соёлын бараа, бэлэн хувцас 2.447.000 /хоёр сая дөрвөн зуун дөчин долоон мянга/ төгрөгийн бэлэн хувцас бараа буюу нийт 56.018.077 төгрөгийн бараа бүтээгдэхүүн хүлээн авч, Эийг ажлаас нь гаргасан. Ингээд Эийн надад хүлээлгэн өгсөн бэлэн мөнгө болон үлдэгдэл бараа бүтээгдэхүүн, өөрийн хэрэглэсэн хүнс, бараа зэргийг хасаад миний дэлгүүр 12.024.995 төгрөгийн хүнс бараа дутаасан” гэх мэдүүлэг /1хх-ийн 27-30/,

                          

            гэрч Д.Пгийн мэдүүлсэн “Н.Э нь “Энэрэл” нэртэй хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. Би “Энэрэл” нэртэй хүнсний дэлгүүрт 80 хоног амралтгүй ажиллаад амрахаар болоод худалдагч хайж байсан юм. Тэгсэн чинь Н.Эийн нөхөр нь гээд танихгүй залуу манай дэлгүүр дээр ирээд танайх худалдагч авах гэж байгаа юм уу, манай эхнэр олон жил худалдагчаар ажиллаж байгаа, ээлжийн худалдагчаар ажилд авахгүй биз гэж хэлсэн. Намайг дэлгүүрт хүнтэй юм ярьж байхад дэлгүүрээр үйлчлүүлж байгаад сонссон юм шиг байна лээ. Тэгээд би ээлжийн худалдагч олдохгүй байна, эхнэрээ ирээд уулзуулчих гээд хэлсэн гэсэн чинь тухайн өдрийн орой нь ирж уулзсан бөгөөд манай дэлгүүрт үйлчлүүлж байсан хүн байсан. Тэгээд би дэлгүүрийн эзэн болох Зд утсаар ярьж манай ажиллахаар нэг хүн ирлээ, өмнө нь дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан хүн гэнэ гэж хэлэхэд дэлгүүрийн эзэн З нь зөвшөөрөөд 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр З, худалдагч миний бие, Згийн дүү Б болон Н.Э нар дэлгүүрийн барааг ширхэг бүрээр нь тооллого эхэлсэн. Тэгээд Н.Эт 46.000.000 гаруй төгрөгийн хүнс бараа, бэлэн хувцас хүлээлгэн өгсөн. 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр дэлгүүрийн барааг хүлээн авахад 12 сая гаруй төгрөгийг бараа дутсан. Энэ талаар Н.Эээс асуухад сандарсан байдалтай, хөдөө явлаа гээд, дэв дав хийгээд л байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 33-34/,

 

            гэрч А.Оын мэдүүлсэн “Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Энэрэл” нэртэй мини маркет дэлгүүрт үйлчлүүлж байхад худалдагч гээд нэг эмэгтэй хүнтэй утсаар яриад дэлгүүрт худалдагч авах талаар ярьж байхыг нь сонсоод гэртээ очоод эхнэртээ хэлсэн. Тэгээд эхнэр Н.Э нь ирж уулзаад дэлгүүрийн хүнс, барааг хүлээн авсан. Тухайн “Энэрэл” нэртэй дэлгүүрт 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэл худалдагчаар ганцаараа ажиллаж байсан. Манай эхнэр надад хэлэхдээ дэлгүүрт ажиллах хугацаандаа 12.000.000 гаруй төгрөгийн бараа дутчихсан, яагаад ийм их хүнс, бараа дутсан юм болоо гээд гайхаад байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 37-38/,

 

            гэрч Т.Бын мэдүүлсэн “2022 оны 04 дүгээр сарын эхээр шиг санагдаж байна, миний төрсөн эгч болох Т.З утсаар яриад дэлгүүрийн худалдагч нар солигдох гээд ажил хүлээлцээд байна, ирээд бараа бүтээгдэхүүнийг хүлээлцэхэд хянаад, цуг тоололцоод байж бай гэж ярихаар нь эгчдээ туслах зорилгоор зөвшөөрч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Энэрэл” нэртэй супер маркет дэлгүүрт очиход бараа хүлээлгэн өгч байгаа худалдагч П буюу П, эгч З, бараа хүлээн авч байгаа Э нар байсан. Тэгээд П, Э нар нь тэмдэглэл хөтөлж би лангуун дээрээ өрөөстэй байгаа барааг буулгаж тоолоод эргүүлж лангуун дээр нь тавьж, хажуугаар нь лангууны тоос шороог арчиж, цэвэрлэх ажлыг хийсэн. Нэг өдөр эгчийн дэлгүүр дээр очиход Э бараа дутаасан гээд ажлыг нь хүлээлгээд авчихсан, гэхдээ Э дэлгүүр дээр нь ирчихсэн байсан. Ямар ч байсан Э бараа бүтээгдэхүүн дутааснаа хүлээн зөвшөөрч хувааж өгье гээд байна гэж эгч надад хэлсэн. З эгч би бөөнөөр нь авна, хэсэгчилж авбал надад юм болохгүй гэж хэлсэн гэж байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 221-223/,

 

            өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Н.Эийн яллагдагчаар мэдүүлсэн “Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй. Өөрийнхөө боломжоороо хохирол, төлбөрөө төлж барагдуулна. Эхний ээлжинд 400.000 төгрөгийг хохирогчийн дансанд шилжүүлсэн. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Энэрэл” мини маркет дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа дэлгүүрийн барааг дутаасан асуудал гаргасан” гэх мэдүүлэг /1хх-ийн 159-160/,  

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 48-50/, шүүгдэгчийн өмгөөлөгч В.Уын шүүхэд шинээр ирүүлсэн Н.Эийн дансны хуулга 5 хуудас зэрэг нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдож байна.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

“Мэргэн гүн аудит” ХХК-ний 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шинжилгээ хийлгэх журам”-ыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Н.Э нь гэм буруутай байна.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч В.У, О.Б нарын зүгээс “шүүгдэгч Н.Э нь энэ гэмт хэрэгт гэм буруугүй байна. Гэмт хэргийн шинж нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан идэвхитэй санаатай хэлбэрээр илэрдэг, гэтэл Н.Э нь ийм санаатай үйлдэл гаргаагүй мөн Энэрэл дэлгүүрт ажиллаж байх хугацаандаа хэдэн төгрөгийн дутагдуулсан үрэгдүүлсэн болохыг шалгаж тогтоогоогүй тул хэргийн хэрэгсэхгүй болгож, Н.Эийг цагаатгах нь зүйтэй гэсэн санал гаргаж байгааг шүүх үндэслэлгүй гэж дүгнэв. Учир нь өмгөөлөгч В.У, О.Б нарын дээрх санал нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогч Т.З, гэрч Д.П, А.О, Н.Б, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 48-50 хуу/, “Мэргэн гүн аудит” ХХК-ний 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 82-84 хуу/, эд зүйл үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 247-250, 2хх-ийн 34-36 хуу/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 01-03, 37-39 хуу/, эд зүйлийг хавтаст хэрэг тусгах тухай мөрдөгчийн тогтоол, баримт бичиг /2хх-ийн 06-33 хуу/ нотлох баримтуудаар няцаагдаж байгаа төдийгүй тус дэлгүүрийн бэлэн бус орлогыг өөрийн Н.Эийн Хаан банкан дахь 5155.................. тоот дансанд тогтмол шинжтэй шилжүүлэн авч гэр бүлийн хэрэгцээнд эд зүйлийг зохих эзний, өмчлөгчийн зөвшөөрөлгүй захиран зарцуулж байгаа нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн болно. Шүүгдэгч Н.Эийг 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Энэрэл дэлгүүрт ажиллах хугацаандаа тус дэлгүүрийн бараа хулгайд алдагдаж дутагдаж үрэгдсэн, өөр бусад этгээд завших боломжтой байсан зэрэг нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй бөгөөд энэ талаар эх сурвалжийг заасан нотлох баримт хэрэгт байхгүй төдийгүй бусдын эд хөрөнгийг хариуцаж хүлээн авсан этгээд болох Н.Э нь өөрөө бүртгэл тооцоотой байж өөрийн хариуцсан ажилд эзний ёсоор хандах үүрэгтэй атал ямар ч тооцоогүй, хайнга, хайхрамжгүй байдлаасаа хэдэн төгрөгийн  эд хөрөнгө хэдийд хүлээж авсан хэдний өдөр ямар бараа зарж, хэдэн төгрөгийн орлого орсон, хэдийд ямар бараа ямар журмаар алдагдсан болон үрэгдсэн байж болзошгүй зэрэг баримтыг гаргаж чадахгүй байгаа нь хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болохыг харуулж байна.

 

            Шүүхээс хохирогч Т.З болон түүний өмгөөлөгч нараас Н.Эийн хохирлоос цалинд 900.000 төгрөг хасаж тооцож байгааг үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд шүүгдэгч Н.Э нь Энэрэл дэлгүүрт өдөрт 30.000 төгрөгөөр цалинжихаар тохирч нийт 36 өдөр ажилласан ба цалинд 200.000 төгрөг өгсөн талаар талууд маргахгүй байгаа болно.

                                                                                                                                                                         

            Иймд шүүгдэгч Б овогт Нн Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөрөнгө завших” гэмт хэрэг нь аж ахуй нэгж, иргэдийн өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн этгээд нь бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд хяналт шалгалтгүйгээр буцааж өгөхгүй байх, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоож эд хөрөнгийг ажил үүргийнхээ дагуу зарж борлуулсны мөнгийг өөртөө завшсан хууль бус захиран зарцуулалт хийх зэрэг санаатай хэлбэрээр илэрдэг ба Н.Эийн үйлдэл нь гэмт хэргийн дээрх шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэв.

 

           Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Н.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.  

 

           Шүүгдэгч Н.Э нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Н.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх

эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Н.Эт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Зд 11.850.995 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба шинжээчийн зардалд 500.000 төгрөг төлсөн талаарх “Мэргэн гүн аудит” ХХК-ийн орлогын ордерийн тасалбарыг шүүхэд ирүүлсэн байна. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон хор уршиг нийт 12.350.995 төгрөг болсон ба үүнээс шүүгдэгч Н.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 700.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогчийн зүгээс 900.000 төгрөгийг цалинд тооцож хассан тул нийт 10.750.995 /арван сая долоон зуун тавин мянга есөн зуун ерөн тав/ төгрөгийг шүүгдэгч Н.Эээс гардуулж хохирогч Т.Зд оногдуулах нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг дэвтрийг хохирогч Т.Зд буцаан олгож, шүүгдэгч Н.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт Нн Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эийг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Н.Эээс 10.750.995 /арван сая долоон зуун тавин мянга есөн зуун ерөн тав/ төгрөгийг гаргуулж, хохирогч ......... аймгийн ............. сумын ............. баг, ................... тоотод оршин суух Бн овогт Тн З /РД:/-д олгосугай.  

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тооцооны дэвтэр 3 ширхгийг хохирогч Т.Зд буцаан олгосугай.

 

  1. Шүүгдэгч Н.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Эийг бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

  1. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Р.АЛТАНЦЭЦЭГ