Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2020/01441

 

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2020/01441

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Г.Ариунаа, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: БГД-ийн 00 дугаар хороо ЗН 00 гудамж 00 а тоотод оршин суух Б овогтой П-гийн Б /РД: АА00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БГД-ийн 00 дугаар хороо ЗН 00 гудамж 00 тоотод оршин суух Х-хан овогтой Б-гийн Ц /РД: 00000000/-д холбогдох

 

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Р, иргэдийн төлөөлөгч *******, Г.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 02 дугаар сарын 16-ны орой 20 цаг 05 минутад Улаанбаатар төмөр замын сургуулийн баруун талын туслах замын гарцаар гарч байхад 4906 УБГ улсын дугаартай приус маркийн машин мөргөсөн ба 1,2 м шидэгдэж унахдаа толгойн ар дагзаар хүчтэй савж унасан. Иймд эмчлүүлэх зардал, хохирол учруулсан. Б.Ц-гаас хохирлоо барагдуулахыг хүссэн. Утсаар хэлсэн боловч төлбөр төлөхийг хүсэхгүй байгаагаа хэлсэн. Иймд эмчилгээний зардал 1,043,165 төгрөг, унаа ба таксины зардал 120,000 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсан 707,386 төгрөг, бусад 129,500, нийт 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Ц шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Р шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ц нь 2020 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 20 цаг 05 минутад Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Төмөр замын дээд сургуулийн урд замд П.Б-ийг шүргэн зам тээврийн осол гаргасан явдалд маш их харамсаж байна.

Осол гаргасан тэр үед цагдаа, түргэн дуудлага өгч хуулийн дагуу арга хэмжээ авсан. Түргэний эмч ирж үзээд П.Б-ийг хөнгөн гэмтэл байна гэж үзээд авч яваагүй. Замын цагдаагийн ажилтан ахлах дэслэгч Б.Түвшинжаргал ирж хэмжилт хийгээд хохирогч П.Б-ийг гэмтлийн эмнэлэгт үзүүлээд эргэж ирээд машинаа журмын хашаанд хий гэсэн зөвлөгөө өгсөн. Би П.Б-тэй хамт гэмтэлд очиж үзүүлсэн. Гэмтлийн эмч үзээд хөнгөн гэмтэл байна гэж үзээд шүүх эмнэлэг явахыг зөвлөсөн. Би буруутай учраас хохирол П.Б-эд шаардлагатай оношлогоо эмчилгээ бүх зүйлийг хангаж өгөх санал тавьсан боловч миний үгийг үл тоож үндэслэлгүй их хэмжээгээр мөнгө нэхэж эхэлсэн. Уулзаж ярилцах гэхээр уулзах шаардлагагүй, уулзаад миний мөнгөн дүн өөрчлөгдөхгүй гэсэн. Б.Ц ажилгүй, өрх толгойлсон эмэгтэй, 2,000,000 төгрөг байхгүй. Гэхдээ шаардлагатай эмчилгээний зардал нь баримтаар нотлогдож байвал тэр хэмжээний мөнгө өгөхөд бэлэн байна. Би хариуцлага хүлээж Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахуулсан гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч Б.Ц-д холбогдуулан гэм хорын хохирол 2,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол арилгуулахаар шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч Б.Ц нь 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 20 цаг 05 минутын орчимд Баянгол дүүргийн 04 дүгээр хороо Төмөр замын дээд сургуулийн урд замд “Тоеота приус” маркийн 49-06 УБГ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замны хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч П.Бийг мөргөж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Тээврийн прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 110 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолоор тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад эрүүл мэндийн оношлогоо, эмчилгээний зардал 1,043,165 төгрөг, тээврийн зардал 120,000 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалингийн зөрүү 707,386 төгрөг, хоол хүнсний зардал 129,500 төгрөг, нийт 2,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасны дагуу бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээнэ. Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний гэм буруугаас болоогүй гэдгийг нотолбол гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.

 

Хариуцагч Б.Ц-гийн нь хууль бус үйлдлээр П.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2737 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд зохигчид гэм буруугийн талаар маргаагүй, харин учирсан хохирлын хэмжээнд маргаж байна.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч Б.Ц нь нэхэмжлэгч П.Б-ийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч П.Б нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ослын улмаас шүүх эмнэлэгт үзүүлэхэд 10,000 төгрөг, “Люксмед” эмнэлэгт толгойн компьютерт томографийн шинжилгээ хийлгэхэд 100,000 төгрөг, тархины тодосгогчгүй MRI шинжилгээ хийлгэхэд 290,000 төгрөг, эзамон, нимесил эмийн зардалд 10,835 төгрөг, Чингэлтэй дүүргийн эмнэлэгт 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэл эмчлүүлж, эмчилгээний зардалд 31,133 төгрөг, нийт 441,968 төгрөг төлсөн болох нь эмнэлгийн тодорхойлолт, төлбөр төлсөн баримт /хх 4-7, 73/ зэргээр тогтоогдож байх тул дээрх зардлыг хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчээс гарсан шалтгаант холбоо бүхий бодит хохиролд тооцон хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Харин нэхэмжлэгчийг хөдөлмөрийн чадвараа алдсанаас 707,386 төгрөгийн цалин дутуу авсан, улмаар эмчилгээний зардалд 601,197 төгрөг, тээврийн зардалд 120,000 төгрөг, хоол хүнсний зардалд 129,500 төгрөг тус тус зарцуулсан гэж үзэх, уг зардал нь хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас учирсан болохыг нотлосон баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэлээс үлдэх 1,743,491 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох боломжгүй гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Ц-гаас 441,968 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Б-эд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,558,032 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хариуцагч Б.Ц-гаас 441,968 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Б-эд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,558,032 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц-гаас улсын тэмдэгтийн хураамжид 13,909 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Б-эд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.БАТЧИМЭГ

 

ШҮҮГЧИД                                                       Г.АРИУНАА

 

                                                                                    Н.ХАНГАЛ