Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/329

 

2023         9             12                                  2023/ШЦТ/329

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,     

улсын яллагч Ж.Б,  

шүүгдэгч Б.О, өмгөөлөгч А.Т, Б.Т нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Б.О-т холбогдох эрүүгийн 2325000000347 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Б.О

Шүүгдэгч Б.О нь;

2023 оны 5 дугаар сарын 10-ны үед Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Төв цэнгэлдэх хүрээлэн” орчмоос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн II дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 0.98гр цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодис буюу ургамлыг олж авч, 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд худалдаалах зорилгогүйгээр биедээ хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Б.О“...тухайн өдөр 21 цагийн үед гэртээ байж байхад “хааны татвар эм” гэх инстаграмм чатаар “уулзаж пиво ууя” гээд дуудсан, би дэлгүүрээс хоёр пиво аваад наадмын талбай дээр очоод пиво ууж байхад тэр эмэгтэй “өвс” гээд байгаа зүйлийг гаргаж ирсэн. Би сонирхоод сорж үзсэн, тэгээд үлдсэн пивоо ууж байхад “хааны татвар эм” Э бид хоёрыг орхиод түрүүлээд явсан, харин бид хоёр үлдсэн пивоо уучихаад салаад явсан. Тухайн үед хэрэглэсэн зүйлс болох асаагуур, хуйлсан мөнгө, тугалган цаасыг миний хувцас дээр тавьсан байсныг би хаях гээд кармалсан байсан юм. Үүнээс 5-6 хоногийн дараа “уулзая” гээд дахиад дуудахад нь очиод цагдаад баригдсан. Цагдаа намайг өшиглөсөн, цохисон, хэл амаар дарамталсан, тухайн үед надад нэгжлэг хийсэн, хажууд гэрч гэж хүн байсан, хоёр цагдаа нэг танихгүй хүнтэй гурвуулаа ирсэн, танихгүй хүн нь Эмүжингийн аав гэсэн. Тухайн үед 5 дугаар сар байсан, намайг шорт, футболкатай гадаа зогсоосон, миний бүх хувцаст үзлэг, нэгжлэг хийхэд миний биед өвс байгаагүй. Миний биеэс гарч ирсэн тугалган цаас, хуйлсан мөнгө, асаагуур зэрэг зүйлсийг газар тавиад зургийг нь авах гээд байж байхад миний ард байсан биерхүү цагдаа хаанаас ч юм мэдэхгүй гялгар ууттай өвсийг гаргаж ирсэн, би тухайн үед “миний юм биш” гэж хэлсэн.” гэв.

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

насанд хүрээгүй гэрч Э.Э “...2023 оны 5 дугаар сарын сүүлээр улаан өнгийн үстэй Номио гэх нэртэй “Хар спирт” гэх хаягтай эмэгтэйтэй фэйсбүүкээр танилцаад тухайн Б.О гэх залуутай танилцсан. ...тэр хоёр тамхи шиг зүйл татаад л байх шиг байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

Б.О яллагдагчаар өгсөн “...Би цахим орчноор үл таних эмэгтэйтэй танилцсан юм. Гэтэл уг үл таних эмэгтэй “уулзаж, хамт шар айраг ууя” гэж намайг дуудсан. Энэ үед би “Уурхайчин” багийн нутаг дэвсгэрт цахим орчноор танилцсан эмэгтэй хүнтэй уулзахаар очих үед улаан өнгийн үстэй, шар царайтай, бага зэрэг махлаг эмэгтэй байсан, тэр эмэгтэй өөртэйгөө хамт нэг үл таних эмэгтэй хүнтэй ирсэн. Бид гурав уулзаад хамт наадмын талбайн хашааны дотор шар айраг ууж байх үед тэр улаан үстэй эмэгтэй нунтаг өвс, ургамал гаргаж ирээд бид гурав хамт хэрэглэсэн. Тэр явдлаас хойш долоо хоногийн дараа буюу 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр улаан үстэй эмэгтэй дахин над руу холбогдоод “шар айраг ууя” гэж хэлээд “Үйлчилгээний төв” нэршилтэй газарт намайг дуудсан, энэ үед товлосон газарт очиход намайг цагдаа барьсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химич Г.З 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2638 дугаартай; “...1.2.Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Гялгар уутанд хийж ирүүлсэн бор, ногоон өнгийн нунтаг дээжээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-Tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн II дугаар жагсаалтад багтдаг болно. 3.Шинжилгээнд ирүүлсэн бор, ногоон өнгийн нунтаг дээжийн цэвэр жин нь 0.7549гр, буцах үеийн цэвэр жин нь 0.7307гр байна.” гэсэн  дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химич Г.З 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 2637 дугаартай; “...1.2.3.Ирүүлсэн шээс нь дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “Б.ОФБ91101116” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн II дугаар жагсаалтад багтдаг болно.” гэсэн  дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Г “...Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай түүхий эд хадгалсан хүн байна.” гэх гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

Б.О биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6, 7 дахь тал/,

Б.О биеэс хураан авсан гялгар ууттай, 0.98гр жинтэй, нунтаг зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дэх тал/,

0.98гр жинтэй, гялгар ууттай нунтаг зүйл, “Longpai” гэх бичиглэлтэй улбар шар өнгийн асаагуур, “чанартай асаагуур” гэх бичиглэлтэй улаан өнгийн асаагуур, АТ3692420 гэсэн бичигтэй хуйлсан 100 төгрөгийн шатсан мөнгөн дэвсгэрт, шатсан тугалган цаас, тамхины дотор талын тугалган цаас зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 53 дахь тал/,

Б.О;

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 54 дэх тал/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 56 дахь тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, насанд хүрээгүй гэрчээс, мөн яллагдагч Б.Одбаяраас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

          Шүүгдэгч Б.О гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Б.О нь 2023 оны 5 дугаар сарын 10-ны үед Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Төв” орчмоос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн II дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 0.98гр цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодис буюу ургамлыг олж авч, 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд худалдаалах зорилгогүйгээр биедээ хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

насанд хүрээгүй гэрч Э.Э “...2023 оны 5 дугаар сарын сүүлээр улаан өнгийн үстэй Номио гэх нэртэй “Хар спирт” гэх хаягтай эмэгтэйтэй фэйсбүүкээр танилцаад тухайн Б.Огэх залуутай танилцсан. ...тэр хоёр тамхи шиг зүйл татаад л байх шиг байсан.” гэх,

Б.О яллагдагчаар өгсөн “...улаан үстэй эмэгтэй нунтаг өвс, ургамал гаргаж ирээд бид гурав хамт хэрэглэсэн. Тэр явдлаас хойш долоо хоногийн дараа буюу 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр улаан үстэй эмэгтэй дахин над руу холбогдоод “шар айраг ууя” гэж хэлээд “Үйлчилгээний төв” нэршилтэй газарт намайг дуудсан, товлосон газарт очиход намайг цагдаа барьсан.” гэх мэдүүлгүүд, 

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химич Г.З 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2638 дугаартай, 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 2637 дугаартай дүгнэлтүүд,

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Г “...Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай түүхий эд хадгалсан хүн байна.” гэх гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

Б.О биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, түүний биеэс хураан авсан гялгар ууттай, 0.98гр жинтэй, нунтаг зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, 0.98гр жинтэй, гялгар ууттай нунтаг зүйл, “Longpai” гэх бичиглэлтэй улбар шар өнгийн асаагуур, “чанартай асаагуур” гэх бичиглэлтэй улаан өнгийн асаагуур, АТ3692420 гэсэн бичигтэй хуйлсан 100 төгрөгийн шатсан мөнгөн дэвсгэрт, шатсан тугалган цаас, тамхины дотор талын тугалган цаас зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол  зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй болно.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгохоор заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Монгол Улсад хуулиар хориглосон буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах зорилгын үүднээс эргэлтэд нь хуулиар хяналт тогтоож, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан тодорхой тохиолдолд эргэлтэд оруулахыг зөвшөөрсөн байх бөгөөд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хадгалах” гэдгийг уг бодисыг санаатайгаар орон байр, тусгай зориулалтын байр, агуулах саванд агуулж хадгалах, өөрийн бие, тээврийн хэрэгсэл, цүнх, сав зэрэгт агуулж, хадгалахыг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.О дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авснаар” хэргийн бүрдэл хангагдана.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.О-т яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл зөв тул түүнийг “хориглосон сэтгэцэд нөлөөт бодис буюу ургамлыг худалдаалах зорилгогүйгээр биедээ хууль бусаар хадгалсан.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас бодит хохирол учраагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, түүнчлэн, Үндэсний аюулгүй байдлын эсрэг түүнд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодис буюу ургамлыг худалдаалах зорилгогүйгээр биедээ хууль бусаар хадгалсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед улсын яллагч “...шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах.” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т, Б.Т нар “...шүүгдэгч Б.О-н анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдлыг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулна уу.” гэсэн саналыг тус тус гаргав.  

Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзлээ.  

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансуурах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг үйлчилгээ нөлөөлөл бүхий бодис бөгөөд хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор уршиг ихтэй үр дагавараас урьдчилан сэргийлэх зорилгоор,

мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,  хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.   

 

          Бусад асуудал;

          Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,

          шүүгдэгч Б.О-н 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 20 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

          шүүгдэгчид урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авч,  

          эд мөрийн баримтаар хураасан дельта-9 тетрагидроканнабинол агуулсан бор, ногоон өнгийн нунтаг зүйл, асаагуур хоёр ширхэг, хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт, тугалган цаас зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодис буюу ургамлыг худалдаалах зорилгогүйгээр биедээ хууль бусаар хадгалсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-г 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-н 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 20 /хорь/ хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон эдлэх ялаас хасаж /365-20=345/, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 11 сар 10 хоногоор тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-г 1 /нэг/ жилийн хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арваннайм, хорьдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураасан дельта-9 тетрагидроканнабинол агуулсан бор, ногоон өнгийн нунтаг зүйл, асаагуур хоёр ширхэг, хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт, тугалган цаас зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

8.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.Э