Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 00158

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: * ХХК-д холбогдох

Татварын өр 1019700 төгрөгийг гаргуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Даваадорж, хариуцагч С.Шагдар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Соёлзул нар оролцов.

Тодорхойлох нь:

 

            Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг * ХХК нь 1997 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Татварын хэлтэст бүртгүүлж 2544385 тоот регистрийн дугаарын гэрчилгээтэй үр тариа болон буурцагт ургамал тариалалт, хүнсний төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа, зүсмэл материал бэлтгэх үйл ажиллагаа, үхэр, сарлаг өсгөх, хүнсний ногоо болон амтат гуа, үндэст болон булцуут ургамал тариалалт чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн.

С.Шагдар захиралтай * ХХК нь сүүлийн жилүүдэд тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн боловч татварын хяналт шалгалтын 2014 оны нэмэгдсэн өртгийн албан татварын өр 799700 төгрөг, тайлангийн 2017-2019 оны үл хөдлөх хөрөнгийн албан татварын өр 220000 төгрөгийн өрийг төлөөгүй тул Татварын ерөнхий хуулийн дагуу татварын улсын байцаагч нь дэс дараатай хураан барагдуулах арга хэмжээ авсан боловч одоо болтол барагдуулаагүй учраас Татварын ерөнхий хуулийн 63, 64 дэх заалтыг үндэслэн нийт 1019700 төгрөгийн өрийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргав. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1 дүгээр зүйийн 4 дэх хэсэгт зааснаар манай байгууллагыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч  Сэлэнгэ  аймгийн Татварын хэлтсийг  төлөөлж  Сэлэнгэ аймаг Мандал сумын  Татварын  улсын ахлах байцаагч ажилтай, 1967 оны 05 дугаар сарын 15-ны  өдөр төрсөн, 53 настай,  эрэгтэй, Боржигон  овогт Намсрайн Даваадоржоос  шүүх  хуралдаанд  гаргасан тайлбартаа: Хүдэр  хайрхан  ХХК  нь 1997 онд байгуулгадаад  үйл  ажиллагаа тогтмол явуулж байгаад НӨАТ-ын татвар төлөгчөөс  чөлөөлөгдөх  хүсэлтийг 2012 онд гаргасан байдаг. Энэ хүсэлтийг гаргасны дараа  татварын  хяналт шалгалтаар орж байж чөлөөлөгдөх заалттай. 2014 онд *  ХХК-ийг хяналт  шалгалтаар оруулсан.  Гэтэл  хяналт  шалгалтаар  11019000 төгрөгийн  орлогыг  нуун  дарагдуулсан  байдаг. Үүн  дээр  нь 1101900  төгрөгийн  торгууль, 113500  төгрөгийн  алданги  тооцсон.  Энэ  нь   нийт

 

 

1215400 төгрөг болсон. Үүнээс илүү төлөлт 78200 төгрөгийг хасаад 1023700 төгрөг үлдсэн. Үүнээс 2016 оны 05 дугаар сарын 02-нд 70000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 12-нд 100000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 54000 төгрөг, нийт 224000 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл 799700 төгрөг дээр 2017-2019 оны үл хөдлөх хөрөнгийн татварт 220000 төгрөгийг нэмж нийт 1019700 төгрөгийг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл 5 дугаар баг, Замчдын № 34 тоотод оршин суух, 1959 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 61 настай, эрэгтэй, * ХХК-ний захирал ажилтай, Боржигон овогт Самдангийн Шагдараас /РД:МП59012977/ шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2000-2012 он хүртэл хүү Уранхүүгийн хамт ажилласан. Тухайн үед зохих татварыг нь цаг хугацаанд нь төлж байсан. 2012 оны 05 дугаар сарын 23-ны УИХ-ын № 57 дугаар тогтоол гарч тухайн үед миний дархан цаазат газрын ойролцоо эзэмшиж байсан ойн сан хураагдсан. Энэ байдлаас болж компанийн үйл ажиллагаа нам зогссон. Би үлдэгдэл гоожингоор мод бэлтгэхээр зохих газруудад хандсан боловч хүлээж аваагүй. 2014 онд манай компанийг татварын хяналт шалгалтанд ор гэсэн шаардлага тавьсан. Тэгээд би Сэлэнгэ аймагт очиж уулзаад шалгалтанд ороход нийт 1215400 төгрөгийн акт тавьсан. Би үүнээс боломжоороо төлөөд явж байсан. Одоо үлдэгдэл 799700 төгрөг, 2017-2019 оны үл хөдлөх хөрөнгийн татвар 220000 төгрөг, нийт 1019700 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй төлж чадахгүй. Би хамтран амьдарч байсан хүндээ 15 сая төгрөг төлөх шүүхийн шийдвэр гарч шийдвэр гүйцэтгэл дээр байгаа юм. Иймд би уг татварын өрийг төлөхөөс чөлөөлж өгөөч гэж хүсч байна гэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Татварын хэлтэс нь Сэлэнгэ аймаг Мандал сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг * ХХК-иас татварын хяналт шалгалтын 2014 оны нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдэл 799700 төгрөг, тайлангийн 2017-2019 оны үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт 220000 төгрөг, нийт 1019700 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч * ХХК-ний захирал С.Шагдар нь 1019700 төгрөгийг төлөх боломжгүй гэж маргажээ.

Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга Л.Лхагва 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр * ХХК-ний 2010 оны 01 дүгээр сарын 01-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацааны  албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг хийж 1101900 төгрөгийн нөхөн татвар, 110200 төгрөгийн торгууль, 3300 төгрөгийн хүү, нийт 1215400 төгрөгийн, № 130015153 дугаартай төлбөрийн акт ногдуулжээ. /Хх-н 03 дугаар хуудас/

Энэхүү актыг * ХХК-ний захирал С.Шагдар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба түүнд актыг 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гардуулж акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоногийн дотор төлүүлэх актаар тогтоосон татварын төлбөрийг төлүүлэх тухай баримт үйлджээ. /Хх-н 04-06 дугаар хуудас/

Хариуцагч * ХХК-ний захирал С.Шагдар нь № 130015153 актаар тавигдсэн 1215400 төгрөгийн төлбөрөөс 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 70000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 100000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 54000 төгрөг, нийт 224000 төгрөг төлсөн ба мөн илүү төлөлт 78200 төгрөгийг хасч тооцоход 799700 төгрөг болсон бөгөөд үүн дээр 2017-2019 оны үл хөдлөх хөрөнгийн албан татварт 220000 төгрөгийг нэмж нийт 1019700 төгрөгийг нэхэмжлэгч талаас нэхэмжилснийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба нэхэмжлэл хангагдсан учир хариуцагч * ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 29023 төгрөгийг гаргуулж орон нутгийн төрийн сангийн 100130400953 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

           1. 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч * ХХК-иас 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар нэмэгдсэн өртгийн албан татварын өр 799700 төгрөг, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 8 дугаар зүйлд  зааснаар 2017-2019 оны үл хөдлөх хөрөнгийн албан татварын өр 220000 төгрөг, бүгд 1019700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Татварын хэлтэст олгосугай.

2. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч * ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 29023 төгрөгийг гаргуулж орон нутгийн төрийн сангийн 100130400953 тоот дансанд оруулсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

                                   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Б.ХЭРЛЭН.