Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 00029

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хас банкны Зүүнхараа тооцооны төвийн нэхэмжлэлтэй  

Хариуцагч: * тоотод оршин суух, 1979 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 41 настай, эмэгтэй, Боржигон овогт Мягмарсүрэнгийн Г /РД:*/

Хариуцагч: * тоотод оршин суух, 1968 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 52 настай, эмэгтэй, Боржигон овогт Баасангийн О /РД:*/ нарт холбогдох

            5519877 төгрөгийг гаргуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтөр, хариуцагч М.Г, Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Соёлзул нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Хас банкны Зүүнхараа тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.Г, Б.О нар нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хас банктай зээлийн 1320022970 дугаар гэрээ байгуулж 7300000 төгрөгийн зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар 48 сарын хугацаатай 365 хоногт 18 хувийн хүүтэйгээр авсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар

1.2017.12.26-ны өдрийн 1320022970 тоот гэрээгээр ирээдүйн цалингийн орлого барьцаалуулсан

Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээл авсны дараа энэхүү хуваарийг хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүй. 110 хоног хэтэрсэн байна. Энэ хугацаанд банкны зүгээс зээлдэгч М.Г, Б.О нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Мөн зээлдэгч нь эрхэлж байсан ажлаасаа халагдсан зэрэг нөхцөл байдлуудаас шалтгаалж цаашид зээлийн 1320022970 дугаар гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж гэрээг цуцлах нөхцөл байдалд хүрээд байна.

Зээлдэгч М.Г, Б.О нар нь зээлийн 1320022970 дугаар гэрээний 3.2.1-д заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул гэрээний 5 дугаар зүйлийг үндэслэн гэрээг цуцалж байна.

Зээлдэгч М.Г, Б.О нарын зээлийн үлдэгдэл 2019.11.21-ний өдрийн байдлаар

1.Зээлийн 1320022970 дугаар гэрээний үндсэн төлбөр 5154956 төгрөг, хүү 361393 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3528 төгрөг, нийт 5519877 төгрөг болоод байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

1.Зээлийн нийт төлбөр болох 5519877 төгрөгийг М.Г, Б.О нараас гаргуулах

2. Үүргийн гүйцэтгэлийг бусад хөрөнгө, орлогоор хангуулах

3. Үүргийн гүйцэтгэлийг бусад хөрөнгө, орлогоор хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгуулах.

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс ИХШХШТХ-ийн 69 дүгээр зүйлд заасны дагуу барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж М.Г, Б.О нарын банкин дахь харилцах, хадгаламжийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох захирамж гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Хас банкны Зүүнхараа тооцооны төвийг төлөөлж Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Төмөр замын 45 дугаар байрны № 45 тоотод оршин суух, 1986 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, Хас банкны Зүүнхараа тооцооны төвд зээлийн мэргэжилтэн ажилтай, Гэнэнбат овогт Түмэнтөрийн Мөнхтөрөөс /РД:МИ86060711/ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Г, хамтран зээлдэгч Б.О нар нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тус банкнаас цалингийн зээл 7300000 төгрөгий н гэрээ байгуулсан. Зээл авах үед өмнөх зээлийн үлдэгдэл 6470000 төгрөг байсан ба үүн дээр нэмж 830000 төгрөгийг аваад нийт 7300000 төгрөг болсон. Уг зээлийг 4 жилийн хугацаатай сарын 1.5 хувийн хүүтэй авсан. Зээлдэгч нь зээлээ төлж явж байгаад ажлаа хийхээ больсонтой холбоотойгоор зээлийн төлөлт тасалдаж эхэлсэн. 2019 оны 08 дугаар сараас төлөлт зөрчигдсөн. Банкны зүгээс зээлээ төлөхийг шаардаж утсаар болон бичгээр мэдэгдсэн. Зээлээ төлөхгүй байсан учир 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 5519877 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдэж өгнө үү гэв.

Хариуцагч М.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг буюу төрийн үйлчилгээний байранд үйлчлэгч ажилтай байхдаа Хас банкнаас цалингийн зээл 830000 төгрөгийг нэмж аваад нийт 7300000 төгрөгийн зээлтэй болсон. Хамтран үүрэг гүйцэтгэгчээр Б.Огээр гарын үсэг зуруулсан. О нь миний төрсөн ахын эхнэр юм. Хас банкнаас авсан зээлийн үлдэгдлийг төлнө. Нэхэмжилж байгаа 5519877 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Хамтран зээлдэгч Б.Огээр төлүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. Би Улаанбаатар хотод 450000 төгрөгийн цалинтай ажил хөдөлмөр эрхэлж байгаа тул сар сард нь төлөөд явах боломжтой болсон гэв.

Хариуцагч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Г гэдэг хүний хамтран зээлдэгчээр анх 2017 оны 12 дугаар сард Хас банкнаас зээл авахад нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Тэр үед Хас банкнаас өмнөх цалийнгийн зээл дээрээ нэмж хэдэн төгрөгийн зээл авсныг нь мэдэхгүй. Зээл авах тэр өдөр нь би зээлийн гэрээнд гарын үсэг зурж амжаагүй. Би 3-4 хоногийн дараа гарын үсэг зурсан. Тэр үед Г аль хэдийн зээлийн мөнгөө аваад явсан байсан. Тухайн үед би өөр хүний хамтран зээлдэгч байсан учир дахин өөр хүний хамтран зээлдэгч болж болох юм уу гэж банкнаас асуухад болно гэж хэлсэн. Одоо нэхэмжилж байгаа зээлийн мөнгийг үндсэн зээлдэгч М.Г өөрөө төлөх ёстой гэж үзэж байна. Иймд надаас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Хас банкны Зүүнхараа тооцооны төв нь үндсэн зээлдэгч М.Г, хамтран зээлдэгч Б.О нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үндсэн зээл 5154956 төгрөг, зээлийн хүү 361393 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3528 төгрөг, бүгд 5519877 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч М.Г нь нэхэмжилсэн 5519877 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, хариуцагч Б.О нь нэхэмжилсэн 5519877 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Б.О нь зээлдэгч М.Гийг Хас банкны Зүүнхараа тооцооны төвөөс 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1320022970 дугаар зээлийн гэрээгээр өмнөх зээл дээрээ 830000 төгрөгийг нэмэгдүүлэн нийт 7300000 төгрөгийн зээлийг 365 хоногт 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, цалингийн орлого барьцаалж зээл авахад нь хамтран зээлдэгчээр оролцож гарын үсэг зурсан байх ба банк, зээлдэгч нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн болох нь  тэдгээрийн хооронд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд хавтаст хэргийн 02-03 дугаар талд Хас банкны Зүүнхараа тооцооны төв, зээлдэгч М.Г, хамтран зээлдэгч Б.О нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ авагдсан байна.

Зээлдэгч М.Г нь Хас банкны Зүүнхараа тооцооны төвөөс 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр цалингийн зээлийн үлдэгдэл дээр 830000 төгрөгийг нэмэгдүүлж бүгд 7300000 төгрөгийн цалингийн зээлийг авахад нь хариуцагч Б.О нь зээлийн гэрээний нөхцлийг ойлгон ухамсарлалгүй, хичнээн төгрөгийн зээлийг нэмэгдүүлэн нийт хичнээн төгрөгийн зээлийг авсныг мэдэлгүй  төрсөн ахынх нь эхнэр гэдэг утгаар зээлийн гэрээнд гарын үсэг зурж хэлбэрийн төдий оролцсон болох нь хариуцагч Б.Огийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

Мөн үндсэн зээлдэгч М.Г нь Улаанбаатар хотод 450000 төгрөгийн цалинтай ажил эрхэлж байгаа тул зээлийн төлбөрийг өөрөө төлж барагдуулна гэдгээ хүлээн зөвшөөрсөн, үндсэн зээлдэгч М.Г нь уг зээлийн төлбөрийг барагдуулах боломжтой гэж үзэн хариуцагч Б.Огээс зээлийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжилсэн Хас банкны Зүүнхараа тооцооны төвийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч М.Гээс үндсэн төлбөр 5154956 төгрөг, хүү 3,61393 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3528 төгрөг, нийт 5519877 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Зүүнхараа тооцооны төвд олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Хас банкны Зүүнхараа тооцооны төвийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж М.Г, Б.О нарын банкин дахь харилцах, хадгаламжийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох хүсэлтийг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 28–ны өдрийн № 1595 дугаартай захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн, мөн зээлдэгч М.Г, хамтран зээлдэгч Б.О нар нь барьцааны гэрээ байгуулаагүй тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө, орлогоор хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгах боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 103268 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 100130400953 тоот дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир хариуцагч М.Гээс 103268 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Зүүнхараа тооцооны төвд олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                  Тогтоох нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Гээс үндсэн төлбөр 5154956 төгрөг, хүү 361393 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3528 төгрөг, нийт 5519877 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Зүүнхараа тооцооны төвд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжинд төлсөн 103268 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Гээс 103268 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Зүүнхараа тооцооны төвд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                                  

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү,иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Б.ХЭРЛЭН.