Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
Хэргийн индекс | 149/2020/00054/И |
Дугаар | 00160 |
Огноо | 2020-03-26 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 00160
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: * тоотод оршин суух, 1992 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 28 настай, эмэгтэй, Аранжууртан овогт Эрдэнэбатын Хын /РД:*/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: * тоотод оршин суух, 1983 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, Буянт боржигон овогт Отгонбаярын Уд /РД:*/ холбогдох
хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Соёлзул нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Э.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь О.Утай 2010 оны 11 дүгээр сард танилцаад 2011 оны 05 дугаар сараас эхлэн хамт амьдарсан. Бидний дундаас 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдөр охин У.Мичидмаа төрсөн. Бид хамт амьдарч байх хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй. Хүүхдийнхээ гэрчилгээг авахдаа хүсэлт гаргаад эцэг Уаар нь овоглосон. Тухайн үед бид хоёр Улаанбаатар хотод амьдарч байсан юм. Тэгээд 2015 онд салаад би Сэлэнгэ аймаг Мандал суманд охины хамт ирсэн. Ирсний дараа У нь жил орчим хугацаанд ирж хүүхэдтэйгээ уулзаж тусалдаг байсан. 2017 оноос хойш У нь өөр хүнтэй амьдрал зохиосон. Түүнээс хойш ярихаа ч больсон. Иймд охин Мичидмаагийн эцгээр Уыг тогтоож тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч О.У 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.У миний бие нь өөрийн охиноо хүлээн зөвшөөрч байна. Охинтойгоо байнга уулзаж утсаар ярьж баймаар байна. Хуулийн дагуу тэтгэлэг төлнө гэжээ.
Хариуцагч О.У 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би Архангай аймаг ажил хийхээр ирээд саяхан ажилд орсон. Иймээс чөлөө авч явж чадахгүй байх тул надгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү. Мөн би охиндоо өгөх тэтгэлгийн мөнгийг төлнө. Харин Хид хэлэх зүйл байна миний охинтой утсаар яриулж уулзуулж байгаач ээ гэж хэлмээр байна. Би уулзах ёстой хүн. Шүүгч та ч мөн сайн хэлээд хүүхэдтэй минь уулзах эрхийг минь хангаж өгнө үү гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Э.Х хариуцагч О.У нар нь 2010 оны 11 дүгээр сард танилцаад 2011 оны 05 дугаар сараас 2015 он хүртэл нэг гэрт хамт амьдарч байсан ба тэдний дундаас 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Буянт боржигон овогт Уын Мичидмаа төрсөн, одоо эх Э.Хын асрамжинд эрүүл бойжиж байгаа болох нь зохигчдын тайлбар, № 0000750125 Г-834 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, У.Мичидмаа 08 настай, эмэгтэй, эрүүл бойжиж байгаа гэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын Бату өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Э.Х, хариуцагч О.У нар нь гэр бүлийн хамтын амьдралын хугацаандаа гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байсан боловч охин У.Мичидмаагийн төрсний гэрчилгээг авахдаа эцэг О.Уаар овоглохыг хүлээн зөвшөөрсний улмаас хүүхдийн төрсний гэрчилгээний эцгийн нэр дээр О.Уын нэр бичигдсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар захиргааны журмаар эцэг тогтоосон гэж үзэх үндэслэл болж байх тул охин У.Мичидмаагийн эцэг О.У мөн болохыг шүүхээр давхар тогтоох шаардлагагүй байна.
Мөн хариуцагч О.У нь охин У.Мичидмаагийн эцэг биш гэж маргаж шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй бөгөөд харин өөрийн хүүхэд мөн гэдэгт эргэлзэхгүй, хүлээн зөвшөөрч байх тул эцэг тогтоох шинжилгээ хийлгэхээр Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн Шүүх эмнэлгийн хэлтсийг шинжээчээр томилох шаардлагагүй байна гэж үзэв.
Иймд нэхэмжлэгч Э.Хын хариуцагч О.Уаас сар бүр тэтгэлэг гаргуулж охин У.Мичидмааг тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 100130400953 тоот дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан учир хариуцагч О.Уаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Хид олгох үндэслэлтэй байна.
Мөн хариуцагч О.Уаас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож 29836 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн нэгдсэн сангийн 100130400953 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.
Хариуцагч О.У нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй гэж өөрийнхөө эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхийг зөвшөөрсөн ба мөн нэхэмжлэгч талаас хариуцагчийг заавал байлцуулах хүсэлтийг гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн Буянт боржигон овогт Уын Мичидмааг 11 нас хүртэл хүүхдийн оршин суугаа газрын буюу тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин У.Мичидмааг 11-16 нас /суралцаж буй бол 18 насанд/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг О.Уаас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Уаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Хид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Уаас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 29836 төгрөгийг гаргуулж орон нутгийн төрийн сангийн 100130400953 тоот дансанд оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөө хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад явуулахыг шүүгчийн туслах М.Мөнхзаяад даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.