Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/344

 

 

 

   2023        09            21                                      2023/ШЦТ/344

 

                       

   

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун, 

улсын яллагч Г.Анх-Ирээдүй,

хохирогч О.Ц,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “104” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2325000000*** дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Б

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 19 цагийн орчимд хохирогч О.Цг эмэгтэй хүн дээрэлхлээ, хэрүүл маргаан хийлээ гэх шалтгаанаар цохиж унагаан, дээрээс нь өшиглөж, зодож, 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...6 дугаар сарын 22-ны өдөр 16 цагт энэ үл таних хүн хаалга нүдсэн, тэгэхэд би тахилынхаа гэрийн гадаа үйлэнд ордог зүйл бэлдээд сууж байсан. Манай эгч рүү ард байсан багажнаас лоом авсан гэж хэлээд үүнээс болж хэрүүл маргаан хийсэн. Тэр үед Дарханаас хүмүүс ирсэн байсан, энэ хүн хэрүүл хийгээд байхаар нь би гараад түлхээд “чи гэртээ харь, лоомыг чинь авсан хүн байхгүй” гэж хэлсэн чинь намайг заамдаж боохоор нь би хүчтэй түлхсэн. Намайг түлхэхээс өмнө О.Ц-ийн нүүрэнд шарх харагдаагүй, түүний биед хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэх,

Хохирогч О.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тэр өдөр болсон зүйлийг энэ залуу худлаа ярьж байна, би тэр өдөр өглөө 7 цагийн үед хойд талын залуу пиво ууж сууж байгаад надад ирж тусалсан учраас гэрт байсан архиа хувааж уучихаад унтсан. Орой 4,5 цагийн үед сэрээд багажуудаа авах гэхэд лоом байхгүй байсан, эдний ээж нь гадаа хараад зогсоод байсан болохоор нь би лоом харсан уу гэж асуухад “би Хөвсгөл аймгийн бөө хүн, энэ хавийнхан намайг андахгүй, танайхан намайг хулгайч гэж бодоо юу, гэр бүлийг чинь үгүй хийж чадна шүү” гэж айлгасан. Би унтаж байгаад боссон учраас архи гараагүй байсан. Тэр хоёртой хэрэлдээд байж байхад энэ залуу гарч ирээд учир зүггүй намайг зодоод өшиглөсөн. Тэгээд зодуулчихаад гэртээ ороод байж байхад 2 цагдаа ирээд хойд эмнэлэг дээр оёулсан. Мөрдөгч ирээд ямар үйл явдал болсон очиж харъя гээд очиход энэ залуу “наад хүн чинь өглөө хамт архи ууж байсан хүмүүстээ зодуулсан” гэж хэлсэн, дараа нь “наадах чинь өөрөө өөрийгөө зодсон” гэж хэлсэн, сүүлдээ “өөрөө унаад гэмтсэн...” гэх агуулга бүхий мэдүүлэг, тайлбарыг гаргав.

 

Хавтаст хэргээс:

-Хохирогч О.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ар талын модон хашаагаа нэг тал руу нь бөөгнүүлж тавихаар ганцаараа ажил хийж байх үед манай ар талын гудамжинд зүс таних 4 залуу пиво ууж сууж байгаад намайг ганцаараа ажил хийж байх үед ирж тусалсан... залуучуудтай хамт архиа ууж дуусчихаад гэр рүүгээ ороод унтсан. Тэр залуучууд өөр тийшээ явсан...Хашааны дотор тарааж орхисон багаж хэрэгслээ тараах санаатай гарах үед миний хадаасны нэг ширхэг лоом байхгүй байсан. Би тэр үед хашааны дээгүүр хараад байсан ар талын айлын хүмүүсээс асуух санаатай очиж хашааны хаалгыг нь тогшсон. Гэтэл настай эмэгтэй гарч ирээд хашааны төмөр хаалга онгойлгох үед нь би өөрийн багаж хэрэгсэл болох лоомыг харсан уу? гэж асуусан. Энэ үед тухайн хашааны Монгол гэрээс нэг эмэгтэй хүн гарч ирээд чи манай гэрийнхнийг хулгайч дээрэмчин гэж бодоо юу, би эндхийн бөө байна, энэ хавийн хүмүүс намайг андахгүй, би бол яршиг байна манайхаас холхон бай гэх мэтээр хэлж уурласан. Би архи уусан байсан болохоор тэр эмэгтэй хүнтэй хэрүүл хийсэн. Байшин дотроос нэг үл таних залуу гүйж гарч ирээд ямар нэгэн үгийн зөрүүгүй намайг цохиж унагаагаад дээрээс өшиглөөд, миний дээр сууж байгаад нүүр рүү цохисон... Тухайн залуу над дээр ирээд нүүр хэсэгт гараараа цохиж, газар унагааж намайг газар унасан байх үед баруун талын цээж хэсэг рүү хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн. Миний дээр гарч сууж байгаад миний толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Мөн хөл, гуя хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Тухайн залуу миний дээр гарч суугаад миний нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохих үед би манараад эргэн тойрноо сайн мэдрэхгүй байж байх үед миний духан дундуур тас хийтэл хүчтэй цохисон. Би тэр залууг юугаар миний духан дундуур цохисон гэдгийг харж чадаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр тал/,

- Гэрч Г.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн; “...Бид хоёрыг дуудлагаар очих үед нэг согтуу эрэгтэй хүн байсан ба тухайн хүний нүүр хэсгээс цус гарсан, духандаа шалбарсан байдалтай байсан... Тухайн хүмүүс нь хоорондоо хэрүүл маргаан хийж байх үедээ нэг нэгнийхээ биед халдаж зодсон асуудал гарсан юм шиг байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,

- Гэрч Х.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн; “...зүс таних эрэгтэй манай гэрийн хашаанаас барилгын лоом алга болсон байна, танайх хулгайлсан байна гэж хэлсэн. Би энэ үед юун лоом бэ, бид нар тийм эд зүйл хулгай хийдэг хүмүүс биш, хамт архи уудаг хүмүүс чинь танай гэрээс хулгайлсан юм байгаа биз гэж хэлэхэд тэр эрэгтэй танайх гэртээ дандаа бөөгийн зан үйл хийж, чанга дуу гаргадаг, түүнийгээ боль унтаж амарч чадахгүй байна гэж хэлснээс болоод бид хоёрын дунд хэрүүл маргаан болсон. Намайг гадна талын ажлын хувцасаараа ороолгож, цохисон. Мөн тэр эрэгтэй миний гар утас алга болсон байна гэж хэрүүл маргаан хийсэн. Гэтэл тэр эрэгтэй хүний гар утас нь газарт хэвтэж байсан... Тэгээд би тэр согтуу залууг чи гэртээ ор гэж хэлээд хашааны хаалгыг хаахад тэр залуу цаашаа яваад буцаж ирээд манай хашааны хаалга руу чулуу шидсэн... Манай гэрээс манай төрсөн ах Цэрэндэлгэр, дүү Биндэръяа, бэр Солонго нар гарч ирсэн. Манай дүү Биндэръяа уурлаж чи эмэгтэй хүнийг дээрэлхэж, хэл амаар доромжилдог хэн бэ, гэртээ ор гэж хэлээд цааш нь гэр рүү нь чиглүүлээд зөөлөн түлхэх үед манай дүү Биндэръяагийн урдаас эсэргүүцэж хоолой хэсгээс нь гараараа боосон. Энэ үед манай дүү Биндэръяа тэр зүс таних согтуу залууг түлхэхэд тэр залуу гадарт нүүрээсээ унасан. Тэгээд унаад босож ирэх үед нь тэр залуугийн нүүр нь цус болсон байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар тал/,

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 563 дугаартай шинжээчийн О.Цгийн биед цээжний зүүн талын 9, 10, 11 дүгээр хавиргануудын хугарал, хуйхны үстэй хэсгийн заагт, духанд шарх, цээж, баруун гуянд цус хуралт, дух, зүүн гарын тохой, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.3. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар шинэ гэмтлүүд байна. 4. Цээжний зүүн талын 9, 10, 11 дүгээр хавиргануудын хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хуйхны үстэй хэсгийн заагт, духанд шарх, цээж, баруун гуянд цус хуралт, дух, зүүн гарын тохой, шуунд зулгаралт нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 18-20 дугаар тал/,

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаартай шинжээчийн О.Цгийн биед цээжний зүүн талын 9, 10, 11 дүгээр хавиргануудын хугарал гэмтэл тогтоогдсон ба энэ гэмтэл нь эрүүл мэндийг удаан  хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Уг гэмтэл нь газарт унах явцад цээжний зүүн талаар цохигдох болон мохоо зүйлээр, цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэх боломжтой.гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Б.Б нь хохирогч О.Цг эмэгтэй хүн дээрэлхлээ, хэрүүл маргаан хийлээ гэх шалтгаанаар цохиж, газарт унагаж, дээрээс нь өшиглөж, зодож, түүний биед 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал, хуйхны үстэй хэсгийн заагт, духанд шарх, цээж, баруун гуянд цус хуралт, дух, зүүн гарын тохой, шуунд зулгаралт гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч О.Цгийн “...Байшин дотроос нэг үл таних залуу гүйж гарч ирээд ямар нэгэн үгийн зөрүүгүй намайг цохиж унагаагаад дээрээс өшиглөөд, миний дээр сууж байгаад нүүр рүү цохисон... Тухайн залуу над дээр ирээд нүүр хэсэгт гараараа цохиж, газар унагааж намайг газар унасан байх үед баруун талын цээж хэсэг рүү хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн. Миний дээр гарч сууж байгаад миний толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Мөн хөл, гуя хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Тухайн залуу миний дээр гарч суугаад миний нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохих үед би манараад эргэн тойрноо сайн мэдрэхгүй байж байх үед миний духан дундуур тас хийтэл хүчтэй цохисон. Би тэр залууг юугаар миний духан дундуур цохисон гэдгийг харж чадаагүй...” гэх мэдүүлэг, гэрч Г.Ц-ын “...Бид хоёрыг дуудлагаар очих үед нэг согтуу эрэгтэй хүн байсан ба тухайн хүний нүүр хэсгээс цус гарсан, духандаа шалбарсан байдалтай байсан... Тухайн хүмүүс нь хоорондоо хэрүүл маргаан хийж байх үедээ нэг нэгнийхээ биед халдаж зодсон асуудал гарсан юм шиг байсан...гэх мэдүүлэг, гэрч Х.Жинсмаагийн “...Манай дүү Биндэръяа уурлаж чи эмэгтэй хүнийг дээрэлхэж, хэл амаар доромжилдог хэн бэ, гэртээ ор гэж хэлээд цааш нь гэр рүү нь чиглүүлээд зөөлөн түлхэх үед манай дүү Биндэръяагийн урдаас эсэргүүцэж хоолой хэсгээс нь гараараа боосон. Энэ үед манай дүү Биндэръяа тэр зүс таних согтуу залууг түлхэхэд тэр залуу гадарт нүүрээсээ унасан. Тэгээд унаад босож ирэх үед нь тэр залуугийн нүүр нь цус болсон байсан...гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 563 дугаартай шинжээчийн дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаа дугаар зүйлийн 13-т ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан. Гэтэл шүүгдэгч Б.Б нь хохирогч О.Ц-ийн хуулиар баталгаажуулсан иргэний халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Б.Бгийн гаргаж буй үйлдэл нь хүний эрүүл мэндэд хохирол учруулах боломжтой, хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тодорхойлж тус тус хуульчилсан байдаг.

 

Хохирогч О.Ц нь шүүх хуралдаанд “эмчилгээ хийлгэхэд надад 2 сая гаруй төгрөгийн зардал гарсныг нэхэмжлэнэгэж, шүүгдэгч Б.Б нь хохирогчид хохирол төлөөгүй, хохирлыг баримтаар нэхэмжилбэл төлнө гэж тус тус мэдүүлдэг. Хохирогч О.Ц нь өөрт учирсан хохирлын талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул энэ шүүх хуралдаанаас түүнд учирсан хохирлыг шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж хохирогчийг эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг зуун тавин нэгжээр буюу 1.500.000 торгох ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” гэсэн,

Шүүгдэгч Б.Б нь “тусгайлсан санал хүсэлтгүй байна” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд төлөөгүй бол хорих ялаар солигддогийг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

             5. Шүүгдэгч Б.Бг энэ шүүх хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, хохирогч О.Ц нь энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

            6. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ОРХОНТАМИР