Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/373

 

 

 

2023         10               24                                 2023/ШЦТ/373

                                                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун,  

Улсын яллагч Т.Дэлгэрмэнд,

Шүүгдэгч Б.Л нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Л-т холбогдох эрүүгийн 232500286**** дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Л

 

Холбогдсон  хэргийн талаар:

Яллагдагч Б.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Вэйв” баарны гадна салсан эхнэр буюу хохирогч Э.Утай таарч “...хүүхдээ хаяад явсан, өөр хүнтэй явдаг гэж уурлан үсдэж, нүүр нүд хэсэгт гараараа цохиж зодон эрүүл мэндэд “...зүүн нүдний зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Лыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт

 

Шүүгдэгч Б.Л мэдүүлэхдээ: “Би хохирогч Э.Утай хамт амьдарч байгаад Э.У 12 сард өөр хүнтэй болж, охиноо орхиж яваад бааранд таарахад миний сэтгэл санаа тавгүй байж, бухимдаж биеэ барьж чадалгүй ийм үйлдэл гаргасан нь үнэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Улсын яллагч Т.Дэлгэрмэнд: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

 

Шүүгдэгч Б.Л Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, ямар эрүүгийн хариуцлага хүлээх гэж байгаагаа ойлгож ухамсарласан, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэсэн байр сууриа тус тус илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хавтаст хэргээс:

 

Хохирогч Э.Уын "...Би Б.Лтой 2021 оны 03 дугаар сараас 2023 оны 04 дүгээр сарыг хүртэлх хугацаанд хамтран амьдарч байгаад хувийн таарамжгүй харилцааны улмаас салсан бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө 00 цагийн орчимд би Намуунтөгс, Хандаа гэдэг эмэгтэй найз нарынхаа хамтаар Зэст багт байрлах “Вэйв” баарнаас гараад баарны урд талын автомашины зогсоол дээр дуудлагын такси хүлээгээд зогсож байсан чинь Б.Л баарнаас гарч ирээд хүүхдээ хаяад явсан, эөр хүнтэй явдаг гэж орилон над дээр ирээд үгийн зөрүүгүй үсдэж чирээд нүүр нүд хэсэг рүү хоёр гурван удаа гараа атгаж байгаад цохиход манай найз Хандаа салгасан чинь дахиж ирээд түлхэж нуруу хэсгээр минь машин мөргүүлсэн. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандах болсон. Манай охин Л.А /2 настай/ Б.Л-ын хамт амьдардаг юм. Вэйв бааранд Б.Л бид хоёр тааралдаагүй ямар нэгэн зүйл яриагуй, бид хоёрын дунд ямар нэгэн маргаан байгаагүй, намайг шалтгаангүй л зодох болсон. Одоо бид хоёрын дунд ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Би гомдолтой байна, хуулийн дагуу шийдэж өгнө үү. Нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-р тал/

 

Гэрч Э.Ө-ын "...2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр манай найзууд 22 цагийн үед Калм гээд лоунжид сууж байна хүрээд ир гэхээр нь би очсон. Очиход Б.Л, Т, М нар байсан. Тэгээд тэндээсээ гараад 23 цагийн үед “Вэйв” бааранд орсон. Тэгээд баар хаагаад 00 цагийн үед баарнаас гараад тамхи татаад зогсож байсан чинь манай найз Б.Л-ын салсан эхнэр Ундралыг араас нь хөөгөөд байсан тэгээд би очоод салгасан. Тэгээд Ундрал нэг машинд суугаад яваад өгсөн. Тэгээд би цамцаа баарнаас авах гээд орсон хойгуур Лхагва-Очирыг цагдаа ирээд аваад явсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-р тал/

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 718 дугаартай дүгнэлтээр “...Э.Уын биед зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 19-21-р тал/

 

Шинжээч Э.Б-ын мэдүүлсэн:..Дээрх гэмтэл нь зүүн нүдний дээд доод зовхийг бүхэлд нь хамарсан нүүрэн тус газарт учирсан гэмтэл байсан бөгөөд тухайн хүний биеийн гадаргуун 1 хувиас үл хамааран гэмтлийг хөнгөн зэрэгт хамааруулах тул хэлбэр хэмжээг дурьдах шаардлагагүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-р тал/

 

Гэрч Ж.Д-ын:... Н, Э.У бид гурав 2023 оны 08 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Вэйв” баарнаас гарч ирэн баарны урд талын автомашины зогсоол дээр зогсоод юм яриад байж байтал Э.Уын салсан нөхөр Б.Л баарнаас гарч ирсэн. Э.У түүнтэй таарахгүй гээд нуугадаад машины ард хэсэгт суусан чинь Б.Л олоод хүрээд ирэхэд Э.У машин тойроод яваад байсан чинь Б.Л араас нь очмогцоо түүний үснээс нь татаж зогсооход Б.Л түүнд хандаж 2 настай хүүхдээ хаяж явсан чи” гээд нүүр хэсэг рүү нь нэг удаа алгадахад Э.У машин тойроод зугтаасан чинь Б.Л араас нь “хүүхдээ орхиод явсан наадах чинь” гээд орилохоор нь би түүнийг барьж тайвшруулахад намайг зайлаач дээ гээд өөрөөсөө холдуулан Э.Уын араас очиж барьж аван машинд түлхэж байгаад нүүр хэсэг рүү нь нэг удаа гараараа цохиход Б.Лын эрэгтэй найзууд нь ирээд түүнийг салгаад аваад явсан. Тэгээд Э.У яваад өгсөн. Э.У Б.Лын биед халдаагүй. Э.У зодуулж байхдаа ямар ч эсэргүүцсэн үйлдэл гаргаагүй, мөн орилоогүй. Миний бодлоор гэр бүлийн маргаантай байгаа болохоор уг асуудал үүссэн байх гэж бодож байна. Б.Л баарнаас гарч ирсэн болохоор согтуу байсан гэж бодож байна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-р тал/

 

Шүүгдэгч Б.Лын яллагдагчаар мэдүүлсэн:.. Намайг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Вэйв” баарны гадна салсан эхнэр буюу хохирогч Э.Утай таарч “хүүхдээ хаяад явсан, өөр хүнтэй явдаг” гэж уурлан үсдэж, нүүр нүд хэсэгт гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Э.У бид хоёр 2020 онд танилцаж 2020 оны 12 дугаар сард жирэмсэн болж Уурхайчин багийн 3-12-12 тоотод манай гэрт хамтран амьдарч эхлэн охин Л.А /2 настай/ 2021.08.24-ний өдөр төрсөн юм. Би 2022 оны 12 дугаар сараас хойш Улаанбаатар хотод Монголиа айрвэйс карго ХХК-нд инженерээр ажилд орж эхнэр хүүхдээсээ тусдаа байдаг болсон бөгөөд эхнэр охин хоёр минь Уурхайчин багийн **-**-*** тоотод ээж П.У-ийн хамт амьдарч байсан. Би Улаанбаатар хотоос хагас бүтэн сайн тааруулаад байнгын ирж очин явдаг байсан. 2023.04.13-ны өдөр миний төрсөн өдөр болоод охин эхнэр хоёр минь Улаанбаатар хотод ирэхэд би түүний дүү болох Дөлбадрахтай байр түрээслэн амьдарч байсан юм. Тэгээд би Э.Уаас хэд хоноод явахгүй юм уу гэсэн чинь яарангуй шалтгаангүй хоёр хоночихоод буцаад явчихсан. 2023.04.19-20-нд шилжих шөнө ээж П.У над руу утсаар залгаад Э.У орой 21 цагт гараад явсан одоог хүртэл гэртээ ирэхгүй байна гэхээр нь би Э.Уын утас руу удаа дараа залгахад авахгүй таг алга болохоор нь санаа зовоод Дөлбадрахын хамтаар Эрдэнэт хот руу гарч өглөөдөө Эрдэнэт хотод орж ирээд олон газруудаар хайхад олдоогүй байж байсан чинь Э.У над руу хүүхдээ өөрөө хар одоо би очихгүй гэсэн утгатай чат ирүүлсэн. Энэ үед охин минь халуунтай халуурч байсан бөгөөд Э.У нь өөрийнхөө төрсөн ээжийг төрсөн дүүгийнхээ хамт манай гэрт авч ирээд үлдээсэн байсан. Учир нь ээж нь Улаанбаатар хотоос Эрдэнэт хотод нүүж ирээд амьдрах газаргүй байсан юм. Тав хоног Э.У надтай ямар ч холбоогүй байхаар нь би зөндөө гуйж байгаад арай хийж нэг юм гэртээ авч ирсэн. 5 хоног охиноо эмчлүүлэхээр эмнэлэгт хэвтэж байгаад гарч ирэн охиныг хоёр хоног авч явж ханиадыг нь хүндрүүлээд ээжид охиныг үлдээж орхин дахин холбоогүй болж охин дээрээ ирээгүй. 2023 оны 05 дугаар сард охины ханиад хүндрээд бие нь муудахаар нь би Э.Уд хэлсэн чинь Эрдэнэт хотод байхгүй байна удахгүй очино гэж хэлчихээд ирээгүй. Э.Уыг хүмүүсийн дам ярианаас сонсоход А гэдэг залуутай 2023 оны 02 дугаар сараас эхлэн уулзаж гэр бүлээс гадуур харилцаа үүсгэн охин бид хоёрыг орхин явсан юм. Тэгээд 2023 оны 08 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Вэйв баарны гадна талд тааран түүнд гомдсон уурнаасаа болж үснээс татаж зогсоон нэг удаа нүүр хэсэг рүү нь алгадсан. Тогтоолд дурьсдан Э.Уын мэдүүлгийг уншихад арай хэтрүүлэн худал ярьсан байх шиг байна. Миний хувьд гэмтэл учруулсанд ямар нэгэн маргаан байхгүй хүлээн зөвшөөрч байна. Гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн шалтгаан нь миний бодлоор намайг Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаагаас болсон гэж бодож байна Улаанбаатар хот явсан хойно байнга л охиноо ирж хар, би харахгүй гээд байдаг байсан... гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 43-44-р тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, насанд хүрээгүй гэрч хохирогч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

 

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Борисын Лхагва-Очир нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Вэйв” баарны гадна салсан эхнэр буюу хохирогч Э.Утай таарч “...хүүхдээ хаяад явсан, өөр хүнтэй явдаг гэж уурлан үсдэж, нүүр нүд хэсэгт гараараа цохиж зодон эрүүл мэндэд “...зүүн нүдний зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Б.Л нь хохирогч Э.У-ын биед зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Уын “...Б.Л баарнаас гарч ирээд хүүхдээ хаяаад явсан, өөр хүнтэй явдаг гэж орилон над дээр ирээд үгийн зөрүүгүй үсдэж чирээд нүүр нүд хэсэг рүү хоёр гурван удаа гараа атгаж байгаад цохиход манай найз Хандаа салгасан чинь дахиж ирээд түлхэж нуруу хэсгээр минь машин мөргүүлсэн...” гэх мэдүүлэг,

гэрч Э.Ө-ын “...манай найз Лхагва-Очир салсан эхнэр Ундралыг араас нь хөөгөөд байсан тэгээд би очоод салгасан..” гэх мэдүүлэг,

гэрч Ж.Д-ын “...Б.Л араас нь очмогцоо түүний үснээс нь татаж зогсооход Б.Л түүнд хандаж 2 настай хүүхдээ хаяж явсан чи” гээд нүүр хэсэг рүү нь нэг удаа алгадахад Э.У машин тойроод зугтаасан чинь Б.Л араас нь “хүүхдээ орхиод явсан наадах чинь” гээд орилохоор нь би түүнийг барьж тайвшруулсан.  ...Э.Уын араас очиж барьж аван машинд түлхэж байгаад нүүр хэсэг рүү нь нэг удаа гараараа цохиход Б.Лын эрэгтэй найзууд нь ирээд түүнийг салгаад аваад явсан....” гэх мэдүүлэг,

хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон “Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 718 дугаартай “...Э.Уын биед зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....гэх дүгнэлт болон шүүгдэгч Б.Лын яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

 

 Хохирогч Э.Уын эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Б.Лхгав-Очирын хохирогчийг цохиж, үсдэх гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой,

шүүгдэгч Б.Л нь хохирогч Э.Уыг цохих, үсдэх үед түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Лыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцсон ба гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна  гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ биеэ хянах, барих чадваргүй зан байдал нь шууд нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тодорхойлж тус тус хуульчилсан байдаг.

 

Хохирогч Э.У нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар

улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжээр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэсэн,

Шүүгдэгч Б.Л нь “тусгайлан гаргах саналгүй” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Б.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Лыг найман зуун нэгжээр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч Б.Л дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Лт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Лт оногдуулсан 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арваннайм дугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 5. Шүүгдэгч Б.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Лын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Лт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ОРХОНТАМИР