Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2020/01192

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2020/01192

Улаанбаатар хот

 

                           

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ХУД, 0 дүгээр хороо, Х хороолол 000 дугаар байр 00 тоотод оршин суух М-ийн Э /Регистрийн дугаар: АА00000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БГД, 00 дүгээр хороо, Д у х ААВ-000 тоотод оршин суух С-ийн Ц /Регистрийн дугаар:АА00000000/,

 

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт шилжүүлсэн 650,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Дөрвөн улирал хотхоны 53В-603 тоот хоёр өрөө байрыг 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн түрээслэн суусан. Түрээсийн гэрээгээр бид нэг сарын төлбөр 650,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Ингээд бид эхний 3 сарын мөнгө, нэмж 650,000 төгрөг барьцаанд төлсөн. Уг гэрээний төлбөрийг байрны эзэн С.Ц-ын Хаан банк дахь 5038308909 дансанд тушаадаг байсан.

Ингээд бид жил гаруй түрээслэн амьдарч байгаад 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шинэ байр авч нүүж гарсан. Өөр байранд орох болсон тухайгаа бид сарын өмнө мэдэгдсэн байсан. Хамгийн сүүлийн төлбөрийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1,950,000 төгрөг төлсөн. Ингээд байрнаасаа нүүж гарсаны дараа 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байрыг хүлээлгэн өгч С.Ц-тай уулзахад “манай байранд сайхан цэвэрхэн амьдарч байсан байна баярлалаа” гээд хэн хэндээ харилцан талархаж илүү төлсөн 1 сарын мөнгө болох 650,000 төгрөг төлж, барьцаа 650,000 төгрөгийг байрны ашиглалтын зардал гарсаны дараа өгнө гэсэн. 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр залгаад барьцаа 650,000 төгрөг авъя гэхэд би чамд барьцаа мөнгө өгөх ёсгүй, учир нь би танайхыг 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гараад явсаны чинь дараа эмнэлэгт хэвтээд байраа түрээслэж чадаагүй учир эзэнгүй байсан хугацааны төлбөрт 650,000 төгрөг суутгасан гэж хэлсэн. Өөр хүнд түрээслэгч олж чадаагүй нь бидний буруутай үйлдлийн улмаас болсон гэж үзэхгүй байгаа тул түрээсийн гэрээний төлбөрт илүү төлсөн барьцааны мөнгө болох 650,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Орон сууц түрээслүүлэх гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан. Ингээд гэрээний хугацаа дууссанаас хойш бид дахин сунгаж сууна гэж хэлээд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 2 сарын төлбөрөө өгч суусан. Ингээд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дахин 3 сараар сунгана гэж тохиролцоод мөн сарын 21-ний өдөр 1,950,000 төгрөгийг шилжүүлсэн. 2019 оны 12 сарын сүүлээр бидний байрны зээл бүтчихлээ бид гэрээгээ цаашид сунгахгүй гэж хэлэхээр нь барьцааны 650,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэрээний 7.3-т заасны дагуу гэрээг цуцлахаас нэг сарын өмнө бичгээр мэдэгдэнэ гэж тохиролцсон байсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч С.Ц-д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт шилжүүлсэн 650,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч М.Э, хариуцагч С.Ц нар нь 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр бичгээр гэрээ байгуулж, С.Ц өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Дөрвөн улирал хотхоны 53-3-603 тоот орон сууцыг шилжүүлэх, М.Э 1 жилийн хугацаанд уг орон сууцанд амьдарч, нэг сарын хөлс 650,000 төгрөгийг 3 сараар урьдчилан төлөх, барьцаа 650,000 төгрөг шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар орон сууц хөлслөх гэрээний дагуу хөлслүүлэгч орон сууцыг 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хөлслөгчийн эзэмшилд шилжүүлсэн,

хөлслөгч нэг сарын хөлстэй тэнцэх хэмжээний барьцаа 650,000 төгрөг болон 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 1 сарын орон сууцны хөлсийг 650,000 төгрөгөөр тооцож, 3 сараар урьдчилан төлсөн бөгөөд орон сууцыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр чөлөөлж, хөлслүүлэгчид хүлээлгэн өгсөн,

хөлслүүлэгч 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр барьцаа 650,000 төгрөгийг хөлслөгчид буцаан шилжүүлсэн /хх-17/ үйл баримт тогтоогдсон бөгөөд энэхүү үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

Харин орон сууцыг хүлээлгэж өгсөнөөс хойш ашиглаагүй 1 сарын хөлсийг буцаан гаргуулах асуудал маргааны зүйл болж байна.

 

Талуудын байгуулсан орон сууц хөлслөх гэрээний хугацаа 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр дууссан байх боловч М.Э нь тус орон сууцыг гэрээнд заасны дагуу хүлээлгэн өгөөгүй, үргэлжлүүлэн эзэмшиж байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1.-д зааснаар гэрээний хугацаа дууссан бол гэрээ дуусгавар болдог боловч мөн хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцлөөр сунгасанд тооцно.

 

Иймд С.Ц, М.Э нарын хооронд орон сууц хөлслөх гэрээ тодорхой бус хугацаагаар байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

Тодорхой бус хугацаагаар байгуулсан гэрээ дуусгавар болох үндэслэлийг Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.2-т заасан бөгөөд энэ тохиолдолд гэрээ цуцлах тухай аль нэг тал нь мэдэгдэх ёстой. Энэхүү мэдэгдэл нь хүлээн авах этгээдэд хүрснээр бус хууль буюу гэрээнд заасан хугацаа өнгөрсөний дараа гэрээ дуусгавар болдог.

 

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3-т “гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно” гэж заасан.

 

Энэ нь гэрээний аль нэг тал гэрээг цуцлахаа илэрхийлснээс хойш 3 сарын дараа гэрээ дуусгавар болох буюу ийнхүү хугацаа олгож байгаа нь гэрээг дуусгавар болгож буй өөрчлөлтөд нөгөө талыг зохицох боломж олгох агуулгатай гэж үзэхээр байна. Гэхдээ талууд гэрээнд өөрөөр зохицуулах боломжтой.

 

М.Э, С.Ц нар нь гэрээ байгуулахдаа гэрээ цуцлах нөхцөлийг харилцан тохиролцсон буюу гэрээний 7.3-т “талууд энэхүү гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг хүсвэл энэ тухайгаа 1 сарын өмнө бичгээр мэдэгдэнэ. Ингэж мэдэгдээгүй түрээсийн гэрээг цуцлах нөхцөлд буруутай тал нь түрээсийн 1 сарын төлбөртэй тэнцэх төлбөрийг хариуцах”-аар заасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд хөлслөгч М.Э нь “гэрээг хугацаанаас өмнө цуцлах мэдэгдлийг 1 сарын өмнө хөлслүүлэгчид мэдэгдэх” гэрээнд заасан үүргээ биелүүлсэн болохоо баримтаар нотлоогүйгээс гадна Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2-т заасан гэрээ цуцлах хүндэтгэн үзэх нөхцөл байдал бий болсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Гэрээний 7.3-т “бичгээр мэдэгдээгүй түрээсийн гэрээг цуцлах нөхцөлд буруутай тал нь түрээсийн 1 сарын төлбөртэй тэнцэх төлбөрийг хариуцна” гэж заасан бөгөөд хөлслөгч М.Э гэрээ цуцлах тухайгаа 1 сарын өмнө мэдэгдээгүй гэж үзэхээр байх тул орон сууцыг хүлээлгэж өгсөн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1 сарын дараа гэрээ дуусгавар болно. Иймд хөлслөгч М.Э гэрээ дуусгавар болох хүртэл хугацааны хөлсийг төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч М.Э-ын гаргасан С.Ц-д холбогдох орон сууц хөлслөх гэрээний үүрэгт шилжүүлсэн 650,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагчийн хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан хариуцагч С.Ц-аас орон сууц хөлслөх гэрээний үүрэгт шилжүүлсэн 650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Э-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.БАТЧИМЭГ