Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 308

 

            С.У-т холбогдох

               эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 прокурор Н.Энхболд,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр  сарын 14-ний өдрийн 2020/ШЗ/135 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Энхболдын бичсэн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дугаартай эсэргүүцлээр С.У-т холбогдох эрүүгийн 1905 01543 0775 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн С-н У, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ........ аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт ............ тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ............/,

 Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Сум дундын 22 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3, 234 дүгээр зүйлийн 234.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 248 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 572 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн;

            С.У нь:

  1. Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, 46-2 тоотод байрлах хүнсний дэлгүүр ажиллуулдаг иргэн П.О-с 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “Нийслэлийн цагдаагийн газраас явж байна. Сургуулийн ойролцоох дэлгүүрүүдэд зөвшөөрөл олгож байгаа юм. Та зөвшөөрөл авахаар бол урьдчилгаа 120.000 төгрөг тушаах хэрэгтэй” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан авч хохирол учруулсан, 1905015430775,

2. Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” хүнсний дэлгүүр худалдагч иргэн Х-с 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр “Нийслэлийн цагдаагаас явж байна, танайх тамхи зардаг гээд гомдол ирсэн, торгоно” гэж хэлээд 50.000 төгрөгийг авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилан В.Э-т нийт 50.000 төгрөгийн хохирол учруулсан, 1905015310780,

3. Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мини” зочид буудлын ресепшин иргэн С.С-с 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “14 дүгээр хорооны Ганзориг гэх цагдаа байна. Танай буудалд зодоон зөрчил гараад байна. Торгоно” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан авч, 185.000 төгрөгийн хохирол учруулсан, 1905024110779,

4. Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хуушуур хаус” нэртэй хоолны газар ажиллуулдаг иргэн Ш.Д-с 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр “мэргэжлийн хяналтын ажилчин байна, 800.000-1.200.000 төгрөгөөр торгоно” гэж худал хэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 120.000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан, 1905000000777,

5. Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, 46-2 тоотод байрлах ТҮЦ ажиллуулдаг иргэн Н.Г-с 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр “Нийслэлийн цагдаагийн газраас явж байна. Сургуулийн ойролцоох дэлгүүрүүдэд зөвшөөрөл олгож байгаа юм. Тамхины зөвшөөрөл картаар өгдөг болсон 80.000 төгрөг өгчих” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан авч, 80.000 төгрөгийн хохирол учруулсан, 1905016410778,

6. Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Очир” ПС тоглоомын газар ажиллуулдаг иргэн Б.Д-с 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Нийслэлийн мөрдөн байцаах газраас явж байна, торгоно” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 80.000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан, 1905000000809,

7.  2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” нэртэй хүнсний дэлгүүрт иргэн М.Ш-д “...Нийслэлийн Цагдаагийн газраас явж байна, тамхины зөвшөөрөл авч өгнө...” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 70.000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан, 1905024380987,

8. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10-23-20 тоотод үйл ажиллагаа явуулдаг “И т” дэлгүүрээс 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр өөрийгөө Аюур гэж танилцуулан “дэлгүүрийн тусгай зөвшөөрөл сунгаж өгнө” гэж хуурч, залилан 72.000 төгрөг болон Болор архи, шоколад зэргийг авч, иргэн О.Ж-т нийт 103.000 төгрөгийн хохирол учруулсан, 1938005400308,

9. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ж” дэлгүүрээс 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр өөрийгөө цагдаагийн ахмад Анхбаяр гэж танилцуулан, “танай дэлгүүрээс архи авсан хүн хордлогод орж бие нь муу байна, эмчилгээний зардал өг” гэж хуурч, иргэн Ц.Б-д 150.000 төгрөгийн хохирол учруулсан, 1938006020316,

10. 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “А” дэлгүүрээс өөрийгөө хэсгийн байцаагч Амарбаяр гэж танилцуулж “танайх насанд хүрээгүй хүнд архи худалдаалсан байна” гэж хуурч, иргэн Х.Ц-д 120.000 төгрөгийн хохирол учруулсан, 1938006030317,

11. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутагт 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Д.Б-г “Батлан хамгаалах их сургуульд оруулж өгнө” гэж хуурч мэхлэн залилан авч 280.000 төгрөгийн хохирол учруулсан, 1938005990315,

12. 2019 оны 6 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “А” зочид буудалд С.Э-с “цагдаагаас шалгалтаар явж байна, маягт худалдаж авах ёстой” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан авч 145.000 төгрөгийн хохирол учруулсан, 1905027301100,

13. 2019 оны 6 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “В” караокены зөөгч Л.О-т өөрийгөө “Нийслэлийн цагдаагийн газраас хяналт шалгалтаар явж байна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж, 120.000 төгрөгийг залилж авч, М.Н-д 120.600 төгрөгийн хохирол учруулсан, 1908032681660,

14. 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т м” эмийн сангийн байранд эмийн санч иргэн Т.М-с “Нийслэлийн эрүүл мэндийн байцаагч байна, иргэдээс гаргасан гомдлын дагуу торгуулийн арга хэмжээ авна” гээд 352.000 төгрөгийн “Ай фоне-5” загварын гар утас, бэлэн 150.000 төгрөгийг, авч нийт 502.000 төгрөгийн хохирол учруулсан,

15. 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны салбарт хамгаалагч ажилтай Б.Б-н эзэмшлийн зөөврийн компьютер, ажлын хэрэгцээнд хэрэглэж байсан цахилгаан бороохой, гав зэрэг эд зүйлийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан авч нийт 712.400 төгрөгийн хохирол учруулсан, 201626020985,

16. 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 40 дүгээр байрны гадна талд иргэн Г.М-д “цагдаа байна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, төөрөгдөлд оруулан 390.000 төгрөгийн “Айфон-6 плас” загварын гар утас болон 55.000 төгрөг, нийт 445.000 төгрөгийн хохирол учруулсан, 1910017330790,

17. 2019 оны 6 дугаар сарын 17-ны орой Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сотын 2-1 дүгээр байрны өргөтгөлийн махны дэлгүүрт иргэн Л.Л-т “мэргэжлийн хяналтын улсын байцаагч н.Мөнхбаяр” гэж танилцуулж, “200.000 төгрөгийн торгуулийг 100.000 төгрөгөөр торгоно” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилан авч Л.Л-т нийт 100.000 төгрөгийн хохирол учруулсан, 1905026891249,

18 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “А т” хүнсний дэлгүүрийн худалдагч Д.Б-д цагдаагийн байгууллагын ажилтан гэж танилцуулан “тусгай зөвшөөрлийг чинь 9 жилийн хугацаатай сунгаж өгнө” гэж төөрөгдөлд оруулан залилж, 140.000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан, 1906039732072,

19. 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 22 цагийн орчим Сүхбаатар 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хаан караокены урд байрлах иргэн Э.Б-н эзэмшлийн Түргэн үйлчилгээний цэгт орж, өөрийгөө “цагдаагийн байгууллагын ажилтан байна, тамхи зарсан байна гэж торгоно” гэж хуурч, 85.000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан, 1909026991079,

20. 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчимд байрлах ТҮЦ-нд О.М-с “Хорооны цагдаа ахлах дэслэгч Анхбаяр байна, мэргэжлийн хяналтын хүн орж ирэх гэж байна, би чамд урьдчилгаа хэлж байна, чи 500.000 төгрөгөөр торгуулах уу, 72.000 төгрөгөөр торгуулах уу” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 72.000 төгрөгийг залилан мэхэлж авсан, 1909026011229,

21. 2019 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 13 цагийн үед хохирогч Э.Б-н эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Иргэний бүртгэл мэдээллийн төвийн урд байрлах “Хүнсний мухлаг” нэртэй түргэн үйлчилгээний цэгээс “намайг 11 дүгээр хорооны байцаагч Анхбаяр явууллаа, түргэн үйлчилгээний цэгүүдээр одоо мэргэжлийн хяналтаас шалгалт хийгдээд явж байна, танайх сүүлийн хоёр сарын торгуулиа өгөөгүй байна, одоо өг” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар бэлнээр 113.600 төгрөг шилжүүлэн авч залилсан, 1909025981230,

22. 2019 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 20 цагийн үед хохирогч А.О-н эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 1 дүгээр байрны 16 тоотод байрлах “Цэцэг Нуур” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийн худалдагч О.Э-д өөрийгөө “Нийслэлийн цагдаагийн газарт ажилладаг ахмад Анар гэж танилцуулан, тамхины зөвшөөрөл авч өгнө гэж хуурч, улмаар архи, 1 ширхэг набор, бэлнээр 85.500 төгрөгийг шилжүүлэн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан авч 111.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: С.У-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3  дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр яллагдагч С.У-г 22 удаагийн үйлдлээр “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэсний зарим болох Хөвсгөл аймагт үйлдэгдсэн гэмт хэргүүд нь цаг хугацааны хувьд хамгийн сүүлд үйлдэгджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж, мөн зүйлийн 7 дахь хэсэгт “Гэмт хэрэг нэг шүүхийн харьяалах газар эхэлж, нөгөө шүүхийн харьяалах газар төгссөн бол төгссөн газрын шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасан тул хуулийн энэ заалтуудыг баримтлах нь зүйтэй.

Хэдийгээр хэргүүдийг нэгтгэж мөрдөн шалгах, прокурорын харьяаллыг Баянгол дүүргийн прокурорын газарт тогтоосон байх боловч прокурор нь хуулийн дээрх заалтыг зөрчиж өөрсдөө шүүхийн харьяаллыг тогтоож болохгүй.

Нөгөөтэйгүүр, яллагдагч С.У “... хэргүүдээ нэгтгүүлж, нэг дор шийдвэрлүүлэх тухай” хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гаргасныг дахин шалгавал зохино.

Мөн яллагдагч С.У-н гаргасан “... өмгөөлүүлэх эрхээр хангаагүй” гэх гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудад хамааралтай.

Прокурорын яллах дүгнэлтэд хохирогчийн нэрийг давхардуулж бичсэн, үг, үсгийн гэх мэт техникийн шинжтэй алдаа байгааг засаж залруулахыг дурдаж байна.

Иймд шүүхийн зүгээс хэргийн нэг тал болох мөрдөгч, прокурорт хийх ажиллагааг нэг бүрчлэн зааварлах нь зохимжгүйг дурдаад “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан заалтыг баримтлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

      Прокурор Н.Энхболд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 155 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагч С.У-т холбогдох эрүүгийн 1905015430775 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан.

Шүүгчийн захирамж нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тул дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:

Яллагдагч С.У-т холбогдох хэрэгт үйлдэл тус бүрд Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаж, Улсын Ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газраар харьяалал тогтоолгон тус прокурорын газарт шилжүүлж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хийгдсэн үндэслэл бүхий шийдвэр болжээ.

Уг хэрэгт прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдэж, харьяаллын дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6, 7 дахь хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг төгссөн газрын шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангахгүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хүлээж авсан тус шүүх нь хянан шийдвэрлэх явцад харьяаллынх биш болох нь тогтоогдвол шүүгчийн шийдвэрээр хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэхээр хуульчилсан байхад уг хуулийн заалтуудыг харгалзан үзэлгүйгээр харьяаллын биш гэсэн үндэслэлээр буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Мөрдөн байцаалтын явцад яллагдагч С.У нь өөрийн үйлдсэн хэргүүдээ нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч түүнд холбогдох хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгасан бөгөөд мөрдөн шалгах байгууллагуудад С.У гэх хүн холбогдсон хэргүүдийг яаралтай ирүүлэх талаар албан тоотыг хүргүүлсэн байна. Дээрх хүргүүлсэн албан тоотын дагуу хэргүүдийг тус прокурорын газарт харьяалал тогтоолгон ирүүлжээ. Одоогоор мөрдөн байцаалтын шатанд хэрэг байхгүй.

Яллагдагч С.У-с мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг авахдаа өмгөөлөгч авах эрхийг сануулж, өөрөө гарын үсэг зурсан байхад өмгөөлөгчөөр хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... хууль ёсны байх” зарчимтай нийцэхгүй байна.

Мөн захирамжид прокурорын яллах дүгнэлтэд хохирогчийн нэрийг давхардуулж бичсэн, үг үсгийн гэх мэт техникийн шинжтэй алдааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн урьдчилан хэлэлцүүлгээр засах боломжтой юм.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 135 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2-т зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд яллагдагч С.У-т холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэг үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх С.У-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6, 7 дахь хэсгүүдэд заасан хэргийн харьяаллын асуудлыг буруу тогтоосон гэсэн зөвхөн нэг үндэслэлээр хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан нь мөн хуулийн 33.3 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байна.   

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, С.У-г 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хохирогч В.Эрдэнэбаатарт 50.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурор яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Гэтэл С.У нь тухайн өдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр өмнөх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 572 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг биечлэн эдэлж байсан талаараа мэдүүлж, мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудсаар С.У нь 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан талаарх баримт хэрэгт /1 хх 32/ авагдсан байна.

 Үүнээс үзэхэд С.У-т Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 572 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын хугацаа хэзээ дуусч суллагдсан талаарх баримт хэрэгт авагдаагүйн улмаас С.У нь хохирогч В.Э-т 50.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэргийг үйлдсэн эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэжээ.   

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал”  /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн” зэрэг нотолбол зохих байдлыг нотолсон гэж дүгнэх боломжгүй байх ба хэргийг эцэслэн хянан шийдвэрлэхэд эргэлзээ бүхий, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагатай байна.  

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, энэхүү магадлалд заасан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэлээ.

“Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх дутуу ажиллагааг нэмж хийлгэсний дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хоёрдугаар бүлэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны харъяаллыг тогтоолгох асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй болохыг энэхүү магадлалд дурдав.