Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 221/ШШ2026/0001

 

 

 

 

 

 

О.БХгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, Ерөнхий шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: О.БХ

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хороо

Нэхэмжлэлийн шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 66 дугаар тогтоолоор батлагдсан “*******”-ийн Нэгдүгээр хавсралтын 6.1.13 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох, эсхүл хүчингүй болгох” маргааныг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. эг, Б., Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

 Хэргийн индекс: 221/2025/0039/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.БХгээс “Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 66 дугаар тогтоолоор батлагдсан “*******”-ийн Нэгдүгээр хавсралтын 6.1.13 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох, эсхүл хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч О.БХ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

2.1. “… Миний бие Худалдаа, хөгжлийн банкнаас ипотекийн зээлтэй бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан Даатгалын багц дүрмийн дагуу миний бие “амь нас, эрүүл мэндийн урт хугацааны даатгалд хамрагдах” ёстой болж байгаа нь миний болон манай гэр бүлийн санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлөх, тооцож байгаагүй хэмжээний даатгалын төлбөр төлөх үр дагавар бий болгохоор байгаа юм.

2.2. Гэтэл Санхүүгийн зохицуулах хороо олон нийт түүний дотор ипотекийн зээлтэй иргэн О.БХ надад шууд хамааралтай захиргааны хэм хэмжээний акт батлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасан “Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ”, мөн хуулийн 64.3-д заасан “Захиргааны хэм хэмжээний актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, бүртгэнэ” гэх заалтыг биелүүлээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д заасны дагуу уг захиргааны хэм хэмжээний акт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

2.3. Миний бие Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 32 дугаар зүйлийн 32.3, 32.4-т заасан ёсоор Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлд гомдол гаргасан. Гэвч Хяналтын зөвлөл миний гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлээгүй тул шүүхэд хандаж байгаа болно.

2.4. Иймд Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 66 дугаар тогтоолоор баталсан “*******”-ийн Нэгдүгээр хавсралтын 6.1.13 заалт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д заасан үндэслэл буюу “Захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” шаардлага гаргаж байгааг хангаж өгнө үү” гэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1. “...Санхүүгийн зохицуулах хороо нь даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах, даатгалын зах зээлд оролцогчдын  эрсдэлийг бууруулах зорилготой. Энэ зорилгынхоо хүрээнд даатгалын үйлчилгээ үзүүлж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу даатгалын компани, мэргэжлийн байгууллагад шаардлага тавих, хуульд заасан эрхийнхээ хүрээнд ипотекийн даатгалын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тавигдах шаардлагыг тодорхойлж, зах зээлийг зохицуулдаг.

3.2. Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хувьд гэнэтийн ослын улмаас учирсан эрсдэлийг хамгаалах богино хугацаатай ердийн даатгал эсвэл аливаа шалтгааны улмаас учирсан эрсдэлээс хамгаалах урт хугацааны даатгалаас сонгох боломжтой байсан. Монгол Улсын иргэний нас баралтын зонхилох шалтгаан, даатгуулагч, зээлдэгчдэд учирсан бодит эрсдэл, өргөдөл гомдлын статистик мэдээлэл, олон улсын жишгийг харгалзан үзээд зөвхөн урт хугацааны даатгал хийх зохицуулалтын өөрчлөлтийг оролцуулсан. Уг зохицуулалтыг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 632 дугаар тогтоолоор даатгалын багц дүрмийг баталж, энэхүү зохицуулалтын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яаманд захиргааны хэм хэмжээний актыг бүртгүүлсэн. Ипотекийн даатгалын үйл ажиллагааны энэхүү зохицуулалтыг шинэчлэх ажлын хүрээнд Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг боловсруулж 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалтыг тусгасан даатгалын багц дүрмийг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг боловсруулсан. 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр тус хорооны цахим хуудсанд олон нийтээс санал авах ажиллагааг зохион байгуулсан. Уг ажлуудын хүрээнд даатгалын зах зээлд оролцогчдын дунд нийт 10 гаруй удаагийн уулзалт 2 удаагийн нэгдсэн хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулж, ажиллагаа хийсэн. Дээрх зохицуулалтын хүрээнд ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалтыг тусгасан даатгалын багц дүрмийг Захиргааны хэм, хэмжээний нэгдсэн санд бүртгүүлж байсан.

3.3. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ХЭГ/395 дугаар албан бичиг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1/775 тоот албан бичгүүд нь Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан холбогдох дүрэм, журмуудын зөвшөөрөл олгохтой холбогдох харилцааг зохицуулсан хэсгийг хүчингүй болгож, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасах шаардлагатай болсон. Дээрх албан бичиг болон холбогдох арга хэмжээ авах, албан бичиг, дүгнэлтүүдийн хүрээнд тус хорооны 2024 оны 632 дугаар тогтоолоор баталсан даатгалын багц дүрмийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хүчингүй болгосон. 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 66 дугаар тогтоолоор зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу даатгалын компаниудын үйл ажиллагаандаа нийтээр дагаж мөрдөх бус зөвхөн тодорхойлж болохуйц буюу даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа даатгалын компаниудын зохицуулалттай этгээдэд чиглэсэн журам байдлаар үйлчлэлийг нь хязгаарлаж, даатгалын зах зээлд оролцогчдод чиглэсэн журам болсон. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.7-д заасан агуулгын хүрээнд тухайн даатгалын багц дүрмийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор даатгалын багц дүрмийг Санхүүгийн зохицуулах хороо баталсан. Тухайн актын төслийг боловсруулахдаа даатгалын компани иргэн, хуулийн этгээдээс санал авах ажиллагааг гүйцэтгэсэн бөгөөд эерэг үйлчлэлтэй буюу одоо даатгуулагчийн эрх ашигт нийцсэн гэх хариу гарсан.

3.4. Мөн ипотекийн даатгалын бүтээгдэхүүн, сайн дураар ипотекийн даатгалд сайн дураар хамрагдах, зээлдэгч даатгуулагчдаа учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах, өөрт тохирсон даатгалын бүтээгдэхүүнийг чөлөөтэй сонгох  боломжтой бөгөөд бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг агуулаагүй. Даатгалын хураамжийн хувь хэмжээг даатгалын багц дүрмээр тогтоогоогүй учраас хэм хэмжээний актын шинжийг даатгалын багц дүрэм агуулахгүй гэж үзэж байна. Одоогийн тайлбарын хүрээнд ипотекийн зээлдэгчийн урт хугацааны даатгал нь сайн дурын даатгал юм. Иргэний хуулийн 432 дугаар зүйлийн 432.1-д "Даатгал нь сайн дурын болон албан журмын" гэсэн төрөлтэй гэж заасан. Уг хуулийн 432 дугаар зүйлийн 432.2-т "Албан журмын даатгалын хэлбэрийг хуулиар тогтооно" гэж заасан. Улмаар энэ хуулийн 432 дугаар зүйлийн 432.2-т зааснаас бусад даатгал сайн дурын даатгалд хамаарна гэж заасан. Мөн Даатгалын хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т "Даатгал нь сайн дурын болон албан журмын гэсэн төрөлтэй байна", уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д "Даатгалын төрөл тус бүр нь хэлбэртэй байх бөгөөд албан журмын даатгалын хэлбэрийг хуулиар тогтооно" гэж заасан. Энэ хүрээнд ипотекийн зээлдэгчид зориулсан даатгалын бүтээгдэхүүнийг хуулиар албан журмын даатгалд хамааруулаагүй байдаг тул  зээлдэгч иргэн амь нас, эрүүл мэндээс үүсэх эрсдэлээ сайн дураар даатгуулах эсэхээ өөрөө сонгох эрхтэй.

3.5. Нэхэмжлэгч ипотекийн зээлдэгч амь нас, эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар зээлдэгч болон түүний гэр бүлийн санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлнө, тооцож байгаа. Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 66 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт Даатгалын багц дүрмийн 1 дүгээр хавсралтаар даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаанд тавигдах нөхцөл, шаардлагыг баталсан байдаг. Энэхүү нөхцөл шаардлагад тусгагдсан ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалтуудыг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан. Үүнтэй холбоотойгоор иргэд, олон нийтийн дунд одоо ойлгомжгүй байдал бий болох, төөрөгдөл үүсгэж байсан маш олон асуудлыг тодорхой болгох зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос урт хугацааны даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банк болон компаниудад дараах арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгосон. Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 300 дугаар тогтоолыг баталсан байдаг. Энэхүү тогтоолын тогтоолоор ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдэлийн хүрээнд учрах шалтгаан нөхцөлийг зээлдэгч, даатгуулагч нар сайн дураар чөлөөтэй сонгох боломж бүрдүүлсэн.

3.6. Мөн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс байгуулсан ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний нөхцөлийг дордуулахгүйгээр даатгалын бүтээгдэхүүний сонголтыг даатгуулагчид олгосон. 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний хугацаа нь дуусгавар болох хүртэл тус гэрээ хүчинтэй байх талаар даатгуулагчид мэдэгдсэн. Мөн даатгуулагч нарт ипотекийн даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл, онцлог, ач холбогдлыг тогтмол танилцуулж ажилласан. Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс ипотекийн зээл, даатгалын шинэчилсэн зохицуулалтын дагуу зээлдэгч, даатгуулагч нарт учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах, өөрт тохирсон урт хугацааны даатгалын бүтээгдэхүүнийг сайн дураар чөлөөтэй сонгох бөгөөд жил бүр даатгалын гэрээг сунгуулах, эсвэл даатгалын хамгаалалтын хугацаа дуусах гэх мэт хүндрэл учрахгүй талаар мэдэгдсэн.

3.7. Мөн шинэчилсэн зохицуулалт хэрэгжиж эхлэхээс өмнө даатгуулж ирсэн даатгалын хураамжийг нэмэгдүүлэхгүйгээр зээлийн үүрэг дуусах хүртэлх хугацаанд даатгалтай байх боломжтой. Нэхэмжлэгчийн хэлээд байгаа шиг ямар нэгэн байдлаар сөрөг үр дагаврыг бий болгож байна гэдэг нь учир дутагдалтай.

3.8. Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс 2025 оны 12 дугаар сард нэмэлт тайлбар гаргасан бөгөөд санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 66 дугаар тогтоолоор баталсан даатгалын багц дүрэм нь захиргааны хэм хэмжээний акт биш юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн харьяаллыг зөрчсөн гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр 59.1-д "Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно" гэж заасан. Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 66 дугаар тогтоолоор баталсан даатгалын багц дүрэм нь яг энэ маргаан бүхий харилцааны хүрээнд ипотекийн даатгалын бүтээгдэхүүнийг сайн дураар сонгох, хамрагдах, мөн зээлдэгч, даатгуулагч нарт учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах, өөрт тохирсон даатгалын бүтээгдэхүүнийг чөлөөтэй сонгох боломжтой бөгөөд бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг даатгалын багц дүрэм агуулаагүй. Даатгалын хураамжийн хэмжээг даатгалын багц дүрмээр тогтоогоогүй учраас захиргааны хэм хэмжээний актын шинжийг бол агуулахгүй. Харин Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.7-д заасны дагуу тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн буюу даатгалын багц дүрэм нь даатгалын компани, даатгалын мэргэжлийн оролцогч нарт буюу тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн захиргааны акт учраас хэм хэмжээний актын шинжийг агуулахгүй. Зах зээл дээр Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.7-д заасан агуулгын хүрээнд даатгалын багц дүрмийг баталж, дагаж мөрдүүлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Тухайн журмыг хэм хэмжээний акт гэж үзэхгүй учраас давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1-д зааснаар анхан шатны журмаар хянан шийдвэрлэх боломжгүй учраас харьяалал зөрчсөн гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн аливаа эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгох, эсвэл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.

3.9. ... Урт хугацааны даатгалын гол ач холбогдлын талаар хэлье. Ердийн даатгалд харилцагч, зээлдэгч даатгуулах тохиолдолд богино хугацаатай гэрээг байгуулдаг байсан. Урт хугацааны даатгалд даатгуулдаг болсноор зээлдэгч ипотекийн даатгал хамрагдах юм бол тухайн зээлийнхээ бүтээгдэхүүнээс хамаараад тухайн хугацаандаа бүрэн даатгагдах зохицуулалт үйлчилж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ шаардлагыг даатгалын компаниудад тавьж байгаа. Даатгалын компани, даатгуулагчид хэрэгтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийцүүлэх, өөрөөр хэлбэл, даатгуулагчийн эрх ашиг зөрчигдөх, төлж байгаа хураамж нь үр ашигтай,  даатгалын бүтээгдэхүүнийхээ зорилгод нийцсэн бүтээгдэхүүн байх гэдэг шаардлага өгсөн. Олон улсад энэ шаардлагуудыг тавьдаг. Сайн дурын даатгуулагч даатгалд хамрагдах эсэх нь өөрсдийнх нь сонголт юм. О.БХ нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа зарим асуудлуудыг дурдаагүй байсан. Нэхэмжлэгчийн хувьд эрх ашиг нь зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй гэдгийг тодорхойлох нотлох баримтуудыг хангалттай өгөөгүй. Нэхэмжлэгч О.БХ нь өөрөө хүсэлт гаргаад Монгол банкнаас даатгалын бүтээгдэхүүнд тавигдаж байгаа шаардлага нь албан журмын эсвэл сайн дурын эсэх талаарх баримтыг Монгол банкнаас гаргуулсан. Монгол банкнаас ирүүлсэн баримт нь албан журмын даатгалын бүтээгдэхүүн биш гэх хариу өгсөн. Хэрвээ банкнууд даатгал заавал хийх шаардлага зээлдэгчид тавьж байгаа бол Монгол банкны журмаар тавигдсан шаардлага байна гэж үзэх ёстой. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч О.БХ нь Монгол банкны актыг хэм хэмжээний актын шинжтэй буюу миний эрх ашгийг зөрчих шинжтэй байна гэдэг гомдлыг гаргах ёстой байсан байх. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч О.БХгээс “Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 66 дугаар тогтоолоор батлагдсан “*******”-ийн Нэгдүгээр хавсралтын 6.1.13 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох, эсхүл хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2. Маргаан бүхий Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 66 дугаар тогтоолоор Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.3, 6.2.4, Даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-д заасныг үндэслэн Даатгалын багц дүрмийг баталж, Нэгдүгээр хавсралтаар “Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт”-ийг баталсан байна.

Уг нэгдүгээр хавсралтын 6.1-д “Даатгалын бүтээгдэхүүнд тавигдах шаардлага: ... 6.1.13.Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүний хувьд аливаа шалтгааны улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар хугацаагүй алдах үндсэн эрсдэлийг урт хугацааны даатгагч даатгах бөгөөд дараах нэмэлт  шаардлага тавигдана:” гэжээ.

3. Нэхэмжлэгч О.БХгээс “... Санхүүгийн зохицуулах хороо олон нийт түүний дотор ипотекийн зээлтэй иргэн О.БХ надад шууд хамааралтай захиргааны хэм хэмжээний акт батлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасан “Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ”, мөн хуулийн 64.3-д заасан “Захиргааны хэм хэмжээний актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, бүртгэнэ” гэх заалтыг биелүүлээгүй, ...” гэж,

Хариуцагч нь “... Зөвшөөрлийн зөвлөлийн 2025 оны 01 дүгээр дүгнэлт, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ХЭГ/395, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1/775 тоот албан бичгүүдээр Хорооноос баталсан холбогдох дүрэм, журмуудын зөвшөөрөл олгохтой холбогдох хэсгийг хүчингүй болгож, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасах шаардлагатай болсон. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.7-д заасны дагуу тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн буюу даатгалын багц дүрэм нь даатгалын компани, даатгалын мэргэжлийн оролцогч нарт буюу тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн захиргааны акт учраас хэм хэмжээний актын шинжийг агуулахгүй. ... Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс ипотекийн зээл, даатгалын шинэчилсэн зохицуулалтын дагуу зээлдэгч, даатгуулагч нарт учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах, өөрт тохирсон урт хугацааны даатгалын бүтээгдэхүүнийг сайн дураар чөлөөтэй сонгох бөгөөд жил бүр даатгалын гэрээг сунгуулах, эсвэл даатгалын хамгаалалтын хугацаа дуусах гэх мэт хүндрэл учрахгүй талаар мэдэгдсэн...” гэж тус тус маргажээ.

4. Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 66 дугаар тогтоолоор *******д хамаарах “Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт” баталсан нь дараах шинжүүдээрээ Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж заасан Захиргааны хэм хэмжээний актад хамаарч байна.

4.1. Даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д “даатгалын багц дүрмийг батлах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих” бүрэн эрхийг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлэхээр тусгайлан эрх олгожээ.

4.2. Мөн Даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Даатгалын үйл ажиллагааг Зохицуулах хорооноос баталсан даатгалын багц дүрмээр зохицуулна.”, 14.2-д “*******д дараахь дүрэм, журам, заавар, нөхцөл, шаардлага, хэмжээ багтана: 14.2.1.даатгагчид тавигдах шаардлага, даатгагчийн дагаж мөрдөх үзүүлэлт;” гэж заасан.

4.3. Маргаан бүхий тогтоолоор баталсан *******д хамаарах “Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт”-ийн “Нэг. Нийтлэг үндэслэл” гэсэн хэсгийн 1.1-д “Энэ журмын зорилго нь даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлтийг тодорхойлох, түүнд хяналт тавихтай холбогдож үүссэн харилцааг зохицуулах”-аар зааснаас үзвэл нэг талаас даатгуулагч иргэн, нөгөө талаас даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогч нарын даатгалын эрх зүйн харилцаанд оролцоход тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлтийг тогтоосноос үзвэл зөвхөн даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогч болох тодорхой тооны этгээдэд чиглэсэн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.7-д заасан акт гэж үзэхгүй бөгөөд нийтээр дагаж мөрдөх, үйлчлэл нь байнга давтагдах, гадагш чиглэсэн шинжүүдийг агуулж байна. 

5. Хариуцагчийн “... Зөвшөөрлийн зөвлөлийн дүгнэлт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан бичгийг үндэслэн Даатгалын багц дүрмийг хүчингүй болгож шинэчлэн баталсан гэх боловч уг тайлбарыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй.

5.1. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2-т “Банк, банкнаас бусад санхүүгийн үйлчилгээний чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно: ... 2.16.ердийн, урт хугацааны, давхар даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хороо” гэж заасан.

 Үүнээс үзвэл Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль үйлчилж байх үеийн зохицуулалт өөрчлөгдөөгүй, даатгалын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр заасан нь хэвээр байна.

5.2. Зөвшөөрлийн зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийн 1.1-д “Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон захиргааны хэм хэмжээний акт, журмыг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дотор хүчингүй болгож, холбогдох мэдээллийг ирүүлэхийг зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагуудад болон Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгасан нь Зөвшөөрлийн тухай хуулиар урьд нь тусгай зөвшөөрөлтэйгөөр явуулдаг зарим үйл ажиллагааг хассантай холбоотой, тухайн үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулж байсан дүрэм, журмуудыг хүчингүй болгохыг баталсан эрх бүхий этгээдэд даалгасан гэж ойлгохоор байна.

5.3. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд нь 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1/772 дугаар албан бичигт “... Жагсаалтад заасан захиргааны хэм хэмжээний актыг яаралтай хүчингүй болгож, захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн сангаас хасуулах арга хэмжээ авах хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дотор тус яаманд ирүүлэхийг мэдэгдье” гээд Жагсаалтын 11-д “*******”-ийг заасан нь уг Зөвшөөрлийн зөвлөлийн дүгнэлтэд хамаарахгүй бөгөөд зөвшөөрөлтэйгөөр явуулах даатгалын харилцаанд мөрдөгдөж байсан Даатгалын багц дүрмийг хүчингүй болгож, Захиргааны хэм хэмжээний актын бүртгэлээс хасуулахыг Санхүүгийн зохицуулах хороонд даалгасан нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын бүрэн эрх, чиг үүрэгт хамааралгүй, дээр дурдсан хуулиудаар олгосон Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрхэд халджээ.

5.4. Хариуцагч Санхүүгийн зохицуулах хороо нь энэхүү хуульд нийцээгүй албан бичгийг биелүүлж, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 632 дугаар тогтоолоор баталсан “*******”-ийг хүчингүй болгож, шинээр дүрэм батлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 61-64 дүгээр зүйлд заасан захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх, баталж, бүртгүүлэхэд тавигдах шаардлага, санал авах үйл ажиллагааг явуулаагүй, Хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгүүлж нийтлүүлээгүй байна.

5.5. Иймд мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлүүлнэ”, 67.2-т “Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно...” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, “*******”-д хамаарах “Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт”-ийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

5.6. Энэ талаарх нэхэмжлэгчийн “... захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийх, захиргааны хэм хэмжээний актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, бүртгэх зэрэг хуулийн заалтыг биелүүлээгүй...” гэх тайлбар үндэслэлтэй байна.

6. Харин нэхэмжлэгчээс “... “... Даатгалын багц дүрмийн дагуу миний бие “амь нас, эрүүл мэндийн урт хугацааны даатгалд заавал хамрагдах ёстой болж байгаа нь миний болон манай гэр бүлийн санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлөх, тооцож байгаагүй хэмжээний даатгалын төлбөр төлөх үр дагавар бий болгохоор байгаа...” гэж тайлбарлан маргаж байгааг хүлээн авч хангах үндэслэлгүй.

6.1. Учир нь маргаж буй “Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт”-ийн 6.1-д “Даатгалын бүтээгдэхүүнд тавигдах шаардлага: ... 6.1.12.Сайн дурын даатгалын тусгайлсан бүтээгдэхүүн болох Ипотекийн даатгалын бүтээгдэхүүн нь Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн болон Ипотекийн зээлийн барьцаа хөрөнгийн даатгал гэсэн 2 тусдаа даатгалын бүтээгдэхүүнээс бүрдэнэ.” гэж зааснаас үзвэл ипотекийн даатгалын бүтээгдэхүүнийг “сайн дурын” гэж заасан байна.

6.2. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн маргаж буй 6.1.13-д “Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүний хувьд аливаа шалтгааны улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар хугацаагүй алдах үндсэн эрсдэлийг урт хугацааны даатгагч даатгах бөгөөд дараах нэмэлт шаардлага тавигдана:” гэсэн заалтаар “ипотекийн зээлдэгчийг заавал даатгуулахыг шаардсан” агуулгагүй байх тул тухайн заалтын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй.

7. Тус шүүхээс Хэм хэмжээний актыг нэгэнт Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй байхад зөвхөн тухайн маргасан заалтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэгчийн маргасан “*******”-д хамаарах “Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт”-ийг бүхэлд нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон, харин нэхэмжлэгч нь 6.1.13 дахь заалтыг өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж маргасан үндэслэлд нь дээрх дүгнэлтийг хийж нэг мөр шийдвэрлэсэн, мөн сонгогдсон иргэдийн төлөөлөгч Ж.Мөнхбатад шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д зааснаар хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан зэргийг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8, 112 дугаар зүйлийн 112.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч О.БХгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 66 дугаар тогтоолын Нэгдүгээр хавсралтаар баталсан “*******”-д хамаарах “Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт”-ийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч О.БХгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

            ШҮҮГЧ                                                            С.МӨНХЖАРГАЛ

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

            ШҮҮГЧ                                                            Э.ЛХАГВАСҮРЭН