| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2023/0343/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/349 |
| Огноо | 2023-10-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.А |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/349
2023 10 03 2023/ШЦТ/349
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Г.А,
шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.А хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 2325000000400 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Ц.Б
Шүүгдэгч Ц.Б нь;
согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 8 дугаар сарын 07-ны шөнө 23 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг ___ караокены газарт хохирогч Б.О-г “сандал авлаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан нүүр лүү нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг; Гэм буруугийн талаар;
шүүгдэгч Ц.Б нь хохирогч Б.О-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,
иргэн Б.О-н “...2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 23 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг “Чимэг” караокены гадна тагт хэсэгт найзуудын хамт сууж байх үедээ бусдад зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,
хохирогч Ц.Б-ийн “...2023 оны 8 дугаар сарын 07-ны орой 21 цагийн үед найз Дорж, Биндэръяа, Дөлгөөн, Төмөрчулуун, Баасансүрэн, Ганзаяа нарын хамт “Чимэг” караокед ороод булангийн ширээнд суусан. ...бид нарын араас найз Чулуунбаатар, Доржнямбуу хоёр орж ирсэн, энэ үед манай ширээнд нэг сандал дутаад байхаар нь ойролцоох ширээнд хүмүүс сууж байсан ба тэдний ширээний хажууд хоосон нэг сандал байхаар нь манай найзуудын нэг нь очиж нэг сандлыг нь аваад ширээний хажууд авч ирээд суусан. Ингээд байж байтал хажуугийн ширээнээс үл таних нэг залуу ирээд “сандал буцаагаад тавь” гэж уурлаж, дээрэлхсэн өнгө аястай хэлэхээр нь найзуудтайгаа ярилцаад “энэ газраас гаръя” гэж хэлээд сандал дээрээсээ босож, авсан сандлаа буцааж тавих гэж байтал уг үл таних залуу гараараа миний нүүр тус газарт нэг удаа цохисон. ...шалтгаангүйгээр намайг зодсон, би тухайн залууд ямар нэгэн зүйл хэлээгүй, зодуулсны улмаас миний уруул хэсэг язарч цус гарсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,
гэрч М.Т “...2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр найзуудтайгаа хамт “Чимэг” төвийн 3 дугаар давхрын караокены газарт сул ширээний хажууд очиж суусан, манай ширээнд сандал дутаад байхаар нь ойролцоох ширээний хажууд байсан сул сандлыг авч ирээд суусан, энэ үед уг сандлыг авсан ширээний хажууд сууж байсан үл таних залуу манай найз Доржийг “буцаагаад сандал аваад ир” гэж ууртай хэлсэн, ...уг үл таних залуу найз Б.Отгонбаатарын нүүр тус газарт нэг удаа цохисон, энэ үед манай найз Б.Огазар унасан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,
Ц.Б-ийн яллагдагчаар өгсөн “...2023 оны 8 дугаар сарын 07-ны орой 19-20 цагийн үед найз Учрал, Батка нартай уулзаад “Чимэг” төвийн караокены өрөө ороод сууж байтал хэсэг залуучууд орж ирээд хажуу талын ширээнд суусан, тухайн залуучуудаас нэг залуу нь манай ширээний нэг сандлыг аваад явчихсан, би чанга дуугаар “наана чинь хүн сууж байгаа, буцаагаад авч ирээд тавьчих” гэсэн чинь сандал авч явсан залуу сандлаа буцаагаад авч ирээд тавьсан. ...ширээнд сууж байсан нэг залуу гэнэт босож ирэхээр нь би гараараа уг залуугийн нүүр хэсэг рүү нэг удаа цохисон чинь нүүрээ дараад суучихсан. ...Би тухайн залуугийн эрүү хэсэг рүү гараараа нэг удаа цохисон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмч Э.Б-н 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 678 дугаартай; “...доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч Ц.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж тооцов.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Шүүх прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч Ц.Б-т оногдуулж,
торгох ялыг 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байна.
Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э