Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 182ШШ2020/00634

 

 

 

 

 

 

 

 

              2020         03         30  

         182/ШШ2020/00634

    

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 3.844.444 төгрөг, алданги 4.138.777 төгрөг, нийт 7.983.221 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.М, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

 

                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 

Манай А ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр М ХХК-тай ажил гүйцэтгэх 19-02 тоот гэрээний дагуу аппликэйшн ашиглан шатахуун худалдан авах нөхцөлийг зах зээлд нэвтрүүлэх, үүнтэй холбогдуулан реклам зар сурталчилгааны дараах ажлуудыг төлөвлөн хийж гүйцэтгэсэн. 1) Урамшууллын реклам хийлт-1 ш, 2) ШТС lightbox эх-4ш, 3) График реклам-2 төрөл, 4) ФМ-ийн шторк хийлт-2 төрөл, эдгээр ажлын нийт 13.344.444 төгрөгөөр тооцон 2019 оны 05 сард нийт ажлыг гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэрээгээр тохиролцсоноор урьдчилгаа төлбөрт нийт үнийн дүнгийн 45% болох 6.000.000 төгрөгийг 3-р сард өөрийн компанийн дансаар хүлээн авсан ба үлдэгдэл 55%-ийг гэрээт ажлыг гүйцэтгэн захиалагч талд хүлээлгэн өгснөөр ажлын 3 хоногт багтан авахаар гэрээлсэн. Бидний хувьд дээрх ажлуудыг 4-р сард гүйцэтгэж дууссан бөгөөд жижиг засварууд хийн 5-р сард 100 хувийн гүйцэтгэлтэйгээр хүлээлгэн өгсөн байгаа. Гэвч М ХХК нь гэрээний дагуу төлбөрийн үлдэгдэл болох 7.344.444 төгрөгийг барагдуулаагүй байсан ч барагдуулаагүй. Төслийг хариуцан ажилласан М, СБГазрын дарга /99031459/, мэргэжилтэн О нартай утсаар, фэйсбүүк групп чатаар удаа дараа холбогдох гэсэн боловч утсаа авахгүй, чатад хариу өгөхгүй байгаа тул 2019.07.31-нд энэхүү асуудлаар албан тоот нэхэмжлэх хүргүүлэн ямар шалтгааны улмаас үлдэгдэл төлбөр төлөхгүй байгаа талаар албан ёсоор хариу хүссэн боловч ямар ч хариу ирүүлээгүй. 2019.08.30-ний өдөр М ХХК төлбөрийн 7.344.444 үлдэгдлээс 3.500.000 төгрөгийг шилжүүлсэн хэдий ч бүрэн барагдуулаагүй өнөөдрийг хүргэсэн байна. Маш удаан хугацаанд шаардлага тавьж хүлээж байгаа тул арга буюу шүүхэд хандаж байна. Иймд Ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу гэрээний үлдэгдэл төлбөр 3.844.444 төгрөг болон гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн 4.138.777 төгрөгийн алданги, нийт 7.983.221 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Манай компани нь 2019 оны 1 сарын 31-ний өдөр А ХХК-тай 19-02 гоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр АХХК нь гэрээний хавсралт №4-т заасан ажлыг 2019 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хийж гүйцэтгэн, захиалгат ажлыг эцсийн байдлаар хүлээн авсан акт үйлдэж талууд баталгаажуулснаар гэрээ дуусгавар болохоор тохиролцсон байдаг. /19-02 тоот Ажил гүйцэтгэх гэрээний 2.1 дэх заалт/ Гэтэл АХХК нь 19-02 тоот Ажил гүйцэтгэх гэрээний 3.6 дахь хэсэгт заасан “Захиалагч нь гүйцэтгэгчид ажил эхлэхэд нэхэмжлэхийн дагуу урьдчилан 50% төлбөрийг, үлдэгдэл 50%-ийг гүйцэтгэгч тал ажлыг 100% гүйцэтгэн актаар хүлээлгэн өгсний дараа нэхэмжлэх, ажил хүлээлцсэн актад үндэслэн “...ажлын 3 хоногийн дотор шилжүүлнэ” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь А ХХК нь гэрээгээр тохиролцсон ФМ Шторк хийх ажлыг хийж гүйцэтгээгүй /19-02 тоот Ажил гүйцэтгэх гэрээний хавсралт №4/, гэрээгээр тохиролцсон захиалгат ажлыг эцсийн байдлаар акт үйлдэн хүлээлгэж өгөөгүй. /гэрээний 2.1 дэх заалт, 3.6 дахь заалт, 6.1 дэх заалт/ Нэхэмжлэгч А ХХК нь гэрээгээр тохирсон ажлыг хийж дуусгаагүйгээс гадна захиалгат ажлыг эцсийн байдлаар акт үйлдэн хүлээлгэж өгөөгүй байтал биднийг гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн гэж үзэн алданги нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна. Иймд манай компани гэрээний үлдэгдэл төлбөр болох 3.844.444 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа боловч алданги болох 4.138.777 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй Харин ажил гүйцэтгэх гэрээний хавсралт 4-ийн ФМ шторк хийлт хийх 100.000 төгрөгийг ажлыг мэйлээр ирүүлсэн боловч ашиглах боломжгүй байсан гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хэлэлцээд

                    ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 3.844.444 төгрөг, алданги 4.138.777 төгрөг, нийт 7.983.221 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 3.844.444 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин ажил гүйцэтгэх гэрээний хавсралт 4-ийн ФМ шторк хийлт хийх 100.000 төгрөгийн ажлыг мэйлээр ирүүлсэн боловч ашиглах боломжгүй байсан тул ажлыг гүйцэт хийгээгүй, актаар хүлээлгэн өгөөгүй тул алданги болох 4.138.777 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

  

Нэхэмжлэгч АХХК болон хариуцагч М ХХК нарын хооронд “Ажил гүйцэтгэх гэрээ”-г 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулагдаж /хх-ийн 3-7/, нэхэмжлэгч нь урамшууллын видео реклам хийлт 1 ширхэг, зардал 5.555.556 төгрөг, ШТС lighbox фото зураг авалт 4 ширхэг, зардал 1.111.111 төгрөг, график реклам хийлт 2 ширхэг, зардал 6.666.667 төгрөг, ФМ шторк хийлт хийж өгөх 2 ширхэг, зардал 100.000 төгрөг, нийт НӨАТ үнэ 13.433.333 төгрөгөөр тогтоож, гэрээний хүчинтэй хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, гэрээний 3.6-д захиалагч нь гүйцэтгэгчид ажил эхлэхэд нэхэмжлэхийн дагуу урьдчилан 50 хувийн төлбөрийг, үлдэгдэл 50 хувь болох төлбөрийг гүйцэтгэгч ажлыг 100 хувь гүйцэтгэн актаар хүлээлгэн өгсний дараа, нэхэмжлэх, ажил хүлээлцсэн акт үндэслэн гүйцэтгэгчийн Хаан банкны тоот дансанд ажлын 3 хоногийн дотор шилжүүлнэ. Захиалагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө хийгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлбөл зохих үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж гэрээнд заасан.

 

Талуудын хооронд байгуулагдсан уг гэрээгээр хариуцагч М ХХК нь ажлын нийт хөлсөнд 13.433.333 төгрөгийг төлөх, гэрээний 3.6-т гэрээний нийт үнийн дүнгээс ажлын хөлсний урьдчилгаа 6.716.666 төгрөгийг төлөх, гэрээний 3.6-д гүйцэтгэгч ажлыг 100 хувь гүйцэтгэн актаар хүлээлгэн өгсний дараа нэхэмжлэх, ажил хүлээлцсэн акт үндэслэн гүйцэтгэгчийн Хаан банкны 5037677869 тоот дансанд ажлын 3 хоногийн дотор шилжүүлнэ. Энэхүү гэрээний нөхцөлийн дагуу М ХХК нь гэрээний урьдчилгаа төлбөр болох 9.500.000 төгрөгийг төлж барагдуулсан. Уг төлбөрийг төлсөн тухайд талууд маргаагүй.  

 

Дээрх ажил гүйцэтгэх гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, гэрээний гол нөхцөл болох үнэ, ажлын хэмжээ, ажлын хөлс, ажлын үр дүнг тодорхойлсон, мөн эрх бүхий этгээд гарын үсгээ зурж, хуулийн этгээдийн тамга тэмдгийг дарж баталгаажуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байвал” бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ гэж заасны дагуу зохигчийн хооронд хуульд нийцсэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.   

 

Энэхүү гэрээний дагуу А ХХК нь аппликэйшн ашиглан шатахуун худалдан авах нөхцөлийг зах зээлд нэвтрүүлэх, үүнтэй холбогдуулан реклам зар сурталчилгааны дараах ажлуудыг төлөвлөн хийх, урамшууллын видео реклам хийлт 1 ширхэг, ШТС lighbox фото зураг авалт 4 ширхэг, график реклам хийлт 2 ширхэг, ФМ шторк хийлт хийж өгөх, 2 ширхэгийг хийх ажлуудыг хийж гүйцэтгэсэн болох нь А ХХК-иас М ХХК-руу 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн төлбөрийн маргаан шийдвэрлэх тухай албан бичиг, хариуцагч М ХХК-ийн “...урамшууллын видео реклам хийлт 1 ширхэг, ШТС lighbox фото зураг авалт 4 ширхэг, график реклам хийлт, 2 ширхэг ажлыг хийж гүйцэтгэсэн тухайд маргахгүй, ФМ шторк хийлт хийх 100.000 төгрөгийг ажлыг мэйлээр ирүүлсэн боловч ашиглах боломжгүй байсан, гэрээний үлдэгдэл төлбөр болох 3.844.444 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна...” гэх тайлбар, нэхэмжлэгч А ХХК-ийн “...ФМ шторк хийлт хийх 100.000 төгрөгийн ажлыг мэйлээр ирүүлсэн бидэнд ашиглах боломжгүй талаараа мэдэгдээгүй, ажил хүлээлцсэн акт үйлдэж хүргүүлсэн боловч хүлээн аваагүй...” гэх тайлбараар нотлогдож байна.

  

Хариуцагч М ХХК нь нэхэмжлэгч А ХХК-д 9.500.000 төгрөгийг төлсөн бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-т “Захиалагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө хийгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлбөл зохих үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгчид төлнө” гэж заасан бөгөөд талууд гэрээндээ алданги гэж нэрлэн заасан ба төлбөрөө хугацаандаа төлөөгүй М ХХК-иас алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй юм.

 

Талуудын байгуулсан гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан, бөгөөд М ХХК-ийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн үүргээ хугацаа хэтрүүлэх болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийн анз гэнэ”,

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заажээ.

  

Иймд дээрх хуульд зааснаар төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 3.844.444 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 1.922.222 төгрөг, нийт 5.766.666 төгрөгийг хариуцагч М ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.216.555 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

    

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                              ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч М ХХК-иас төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 3.844.444 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 1.922.222 төгрөг, нийт 5.766.666 /таван сая долоон зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.216.555 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч А ХХК-ийн 142.681 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 107.216 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч АХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.ДАВААСҮРЭН