Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/351

 

2023          10             06                                  2023/ШЦТ/351

         

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,

улсын яллагч Ж.Б,

шүүгдэгч Ш.Н нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Ш.Н-д холбогдох эрүүгийн 2325000000413 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Ш.Н

Шүүгдэгч Ш.Н нь;

2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 17 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Баруун дэнжийн --------тоот хашааны гадна талаас --------УНС улсын дугаартай “Toyota prius-20” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо,

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно; А/. ...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 10.1.“Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэх заалтуудыг зөрчсөний улмаас тус хашааны явган хүний хаалгыг мөргөж, иргэний нэхэмжлэгч Д.Хүрэлбаатарт 130.000 төгрөгийн хохирол, хаалганы эсрэг талд зогсож байсан хохирогч Н.Нямцэцэгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд;

шүүгдэгч Ш.Н“...мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

иргэний нэхэмжлэгч Д.Х “...2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 09 цагийн орчим манай хашааг янзалсан хүмүүстэй утсаар нь холбогдож дахиж хашаагаа янзуулахаар болсон. ...би тоосго зөөж байгаад хашааны хаалга руу хальт харахад тухайн эмэгтэй хашааны хаалганы завсраар цаашаа харчихсан хүнтэй юм яриад байх шиг байсан, удалгүй цаад талаас “Toyota prius-20” загварын тээврийн хэрэгсэл нилээн хүчтэй манай хашааг мөргөж орж ирээд тухайн эмэгтэйг мөргөж, ...машин доор нь орчихсон байхад урагшаа хөдлөөд байсан. ...жолоочийг нь “ухраач машинаа холдуулаач, хүн мөргөчихсөн байна” гэхэд тухайн жолооч ямар нэгэн үйлдэл гаргахгүй зогсоод байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

хохирогч Н.Н “...2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 17 цагийн орчим би найз Батхүү, дүү Мягмар нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Баруун дэнжийн --------тоот айлд хийсэн бетонон хашаагаа янзалж байсан. Тэгэхэд манай дүү Мягмар хашаанаас гарч багаж аваад буцаж орж ирэхдээ надад “танай аав Нямдорж согтуу ирчихсэн байна, гарч уулз, таныг дуудаад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн айлын хашаанаас гарч аавтай уулзахаар очиход манай аав согтуу, хүний ярьсан юм ойлгохооргүй байхаар нь “согтуу байна, одоо харь” гэж хэлэхэд тоохгүй, манай найз Батхүүгийн машиныг өшиглөх гээд байсан, би хашаа руу орж Батхүүг “машинаа холдуул” гэж хэлчихээд буцаж айлын хашаа руу ороод хаалгыг нь хаах үед манай аав Нямдорж унаж явсан “Toyota prius-20” загварын тээврийн хэрэгслээр тухайн айлын хашааны хаалгыг мөргөсөн. Мөргөх үед би дөнгөж хаалга хаагаад хажууд нь зогсож байсан болохоор аавын машинд мөргүүлж машиных нь урд хамар хэсгийн доогуур орсон. Тэгэхэд дүү Мягмар болон тэнд байсан хүмүүс аавыг машинаас нь буулгаж, тухайн айлын эзэн манай дүүтэй нийлж машиныг доороос нь хөшиж байж намайг гаргаж авсан. Миний хоёр мөр түлэгдэж, ард нуруу хэсэг нэлэнхүйдээ шархалж, хөдлөхөд хэцүү болсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

гэрч Д.У “...--------УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл “Бичил глобус” ББСБ-ын нэр дээр байдаг, 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр би зээлээр авч байсан. Нямдорж нь бие муутай, мөн би Ховд аймагт байдаг болохоор ахыг “ойр зуур унаж бай” гээд 2023 оны 6 дугаар сарын дундуур өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

гэрч Э.Б “...Нямцэцэг ирээд “Батхүү чи машинаа холдуул, аав согтуу, машинтай яваад байна” гэж хэлэхээр нь би гарч өөрийнхөө 24-78УАА улсын дугаартай машинаа холдуулаад буцаж ирэхэд Нямцэцэгийн аав Нямдорж нь унаж явсан “Toyota prius-20” загварын тээврийн хэрэгсэлтэй Нямцэцэг, Мягмар бид гурвын юм хийж байсан айлын хашааны хаалгыг нэлээн хүчтэй мөргөж ороод зогсчихсон, очиход Нямцэцэг тухайн машинд мөргүүлчихсэн, урд талын дугуйн доор байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

гэрч Б.М “...Нямцэцэг хийж байсан юмаа орхиод хашаанаас гарсан, удалгүй 2-3 минутын дараа буцаж орж ирээд хашааны хаалга хавьцаа зогсоод байшин тал руу харж байхад Нямцэцэг эгчийн аав Нямдорж араас нь “Toyota prius-20” загварын тээврийн хэрэгсэлтэй хашаа мөргөж орж ирээд эгч Нямцэцэгийг мөргөсөн, эгч мөргүүлж тухайн тээврийн хэрэгсэлийн доогуур орж, толгой хэсэг нь баруун талын дугуй хавьцаа гацчихсан байсан. Тэгэхээр нь очиж Нямдорж гэх хүнийг машинаас гаргаж, машиных нь доогуур лоом банз хийж хөшиж байгаад Нямцэцэгийг урагш нь татаж гаргаж авсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,

Ш.Н сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн орчим би өөрийн охин Н-эй уулзах гэж ажиллаж байсан газар нь болох Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг баруун дэнжийн --------тоот хашааны гадаа очсон. Намайг очиход манай охин миний өөдөөс тухайн тоот хашааны машин ордог хаалгыг нь бага зэрэг онгойлгож толгойгоо гаргаад юм яриад байсан, би юу гэж ярьсныг нь сонсоогүй болохоор өөрийн охин Нямцэцэгийг “хаалгаа онгойлгох гэж байгаа юм байна” гэж бодоод тухайн хашаа руу орохоор машинтайгаа хөдөлсөн, тэгэхэд манай охин хаалгыг онгойлгохгүй буцаагаад хаачихсан, би өөрөө суга таягтай миний таяг машины тоормозны доогуур гулсаад орчихсон байсан болохоор зогсоож чадалгүй тухайн хашааны хаалгыг мөргөж, дотогш орж хашааны дотор талд байсан охин Нямцэцэгийг мөргөж гэмтэл учруулсан. ...Би прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9, 76 дахь тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ТХҮ-ОРХ/7545 дугаартай; “...Төмөр жижиг хаалга, төмөр шон нийт 130.000 төгрөг байх боломжтой.” гэсэн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 36-38 дахь тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмчийн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 662 дугаартай;

“...1.Н.Н биед бүсэлхийн L1-р нугалмын хугарал, баруун, зүүн, бугалга, мөр, хүзүү, баруун, зүүн дал, нуруунд 2, 3-А,Б зэргийн түлэгдсэн шарх, баруун өгзөг, зүүн өсгийд шарх, баруун бугалга, баруун гуянд цус хуралт, баруун, зүүн шанаанд, дух, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь өндөр хэм болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх L1-р нугалмын хугарал, баруун, зүүн, бугалга, мөр, хүзүү, баруун, зүүн дал, нуруунд 2, 3-А,Б зэргийн түлэгдсэн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун өгзөг, зүүн өсгийд шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн  дүгнэлт /хавтаст хэргийн 43-45 дахь тал/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээч Г.Золжаргалын 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 3543 дугаартай; “...Шинжилгээнд ирүүлсэн “Шагдар Нямдорж 2023.07.31.” гэж хаягласан хуруу шилтэй цусанд 0.6 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 0.6 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

Мөрдөгчийн 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн магадлагаа /хавтаст хэргийн 58-61 дэх тал/,

иргэн Д.Х “...Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг баруун дэнжийн --------тоот хашааг 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр --------УНС улсын дугаартай, “Toyota prius-20” загварын тээврийн хэрэгсэл мөргөсөн.” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг баруун дэнжийн --------тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-13, 14-16 дахь тал/,

--------УНС улсын дугаартай, “Toyota prius-20” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 17, 18-19 дэх тал/,

Ш.Н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 78 дахь тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 84 дэх тал/,

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 81-82 дахь тал/,

Хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар 2023 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүртэл тогтоосон тухай баримт /хавтаст хэргийн 112 дахь тал/,

иргэний нэхэмжлэгч Д.Х-т 130.000 төгрөгийн хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 128-129 дэх тал/ зэрэг болно.

          Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нараас мөн Ш.Н-с мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

          мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрсдийн гаргасан дүгнэлтүүдийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх   хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн

шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

          Шүүгдэгч Ш.Н-г гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Ш.Н нь;

2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 17 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Баруун дэнжийн --------тоот хашааны гадна талаас --------УНС улсын дугаартай “Toyota prius-20” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо,

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно; А/. ...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 10.1.“Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэх заалтуудыг зөрчсөний улмаас тус хашааны явган хүний хаалгыг мөргөж, иргэний нэхэмжлэгч Д.Х-т 130.000 төгрөгийн хохирол, хаалганы эсрэг талд зогсож байсан хохирогч Н.Н-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

 

хэргийн үйл баримтын талаарх,

иргэний нэхэмжлэгч Д.Х-н “...“Toyota prius-20” загварын тээврийн хэрэгсэл нилээн хүчтэй манай хашааг мөргөж орж ирээд тухайн эмэгтэйг мөргөсөн.” гэх,

хохирогч Н.Н-н “...манай аав Нямдорж унаж явсан “Toyota prius-20” загварын тээврийн хэрэгслээр тухайн айлын хашааны хаалгыг мөргөсөн. Мөргөх үед би дөнгөж хаалга хаагаад хажууд нь зогсож байсан болохоор аавын машинд мөргүүлж машиных нь урд хамар хэсгийн доогуур орсон. ...Миний хоёр мөр түлэгдэж, ард нуруу хэсэг нэлэнхүйдээ шархалж, хөдлөхөд хэцүү болсон.” гэх,

гэрч Э.Б-н “...Нямцэцэгийн аав Нямдорж нь унаж явсан “Toyota prius-20” загварын тээврийн хэрэгсэлтэй Нямцэцэг, Мягмар бид гурвын юм хийж байсан айлын хашааны хаалгыг нэлээн хүчтэй мөргөж ороод зогсчихсон, очиход Нямцэцэг тухайн машинд мөргүүлчихсэн, машины урд талын дугуйн доор байсан.” гэх,

гэрч Б.М-н “...Нямцэцэг эгчийн аав Нямдорж араас нь “Toyota prius-20” загварын тээврийн хэрэгсэлтэй хашаа мөргөж орж ирээд эгч Н-г мөргөсөн, эгч мөргүүлж тухайн тээврийн хэрэгсэлийн доогуур орж, толгой хэсэг нь баруун талын дугуй хавьцаа гацчихсан байсан.” гэх,

Ш.Н-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...би өөрөө суга таягтай миний таяг машины тоормозны доогуур гулсаад орчихсон байсан болохоор зогсоож чадалгүй тухайн хашааны хаалгыг мөргөж, дотогш орж хашааны дотор талд байсан охин Нямцэцэгийг мөргөж гэмтэл учруулсан.” гэх мэдүүлгүүдээр,

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ТХҮ-ОРХ/7545 дугаартай; “...Төмөр жижиг хаалга, төмөр шон нийт 130.000 төгрөг байх боломжтой.” гэсэн үнэлгээний тайлан,

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмчийн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 662 дугаартай дүгнэлт,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээч Г.З-н 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 3543 дугаартай; “...Шинжилгээнд ирүүлсэн “Ш.Н 2023.07.31.” гэж хаягласан хуруу шилтэй цусанд 0.6 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 0.6 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт,

Мөрдөгчийн 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн магадлагаа, иргэн Д.Х-н мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг баруун дэнжийн --------тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, --------УНС улсын дугаартай, “Toyota prius-20” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч Д.Х-т 130.000 төгрөгийн хохирол төлсөн баримт зэрэг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд дээрх нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Ш.Н-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн агуулсан, гэм буруу нь болгоомжгүй хэлбэртэйгээс гадна гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч, хохирогч нарт учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.

Шүүгдэгч Ш.Н нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчиж, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж,  хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон ч хохирогч Н.Н, иргэний нэхэмжлэгч Д.Х нарт хохирол, хор уршиг учруулсан байна.    

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ш.Н-г дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон,

энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул

шүүх шүүгдэгч Ш.Н-г “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгч Ш.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Ш.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ш.Н-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдааны үед;

улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ш.Н-н тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн саналыг гаргав.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзлээ.   

Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон тул шүүгдэгч Ш.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, эрүүл мэндийн байдал, мөн иргэний нэхэмжлэгч Д.Х-т учруулсан хохирлын 130.000 төгрөгийг төлж барагдуулсан зэргийг харгалзан,  

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн,...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно.” гэж заасны дагуу тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, мөн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж,

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хорьдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

          Шүүгдэгч Ш.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй. 

          Бусад асуудал;

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч Д.Хүрэлбаатарт 130.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 128-129 дэх талд авагдсан баримтаар тогтоогдсоныг,

хохирогч Н.Н-н “...миний бие шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй.” гэснийг тус тус үндэслэн шүүгдэгч Ш.Н-г бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Энэ хэрэгт хураасан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Нямдоржид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ш.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ш.Н-н тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд шүүгдэгч Ш.Нямдоржид мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 болон 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н-н тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.Шүүгдэгч Ш.Н-н тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоолын хувийг Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд хүргүүлсүгэй.

8.Энэ хэрэгт хураасан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.  

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.Э