Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/352

 

 2023          10             06                                  2023/ШЦТ/352

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,

улсын яллагч Т.Д,

шүүгдэгч Г.Г нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн,

шүүгдэгч Г.Г-т холбогдох эрүүгийн 2325000000412 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Г.Г

Шүүгдэгч Г.Гнь;

2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хохирогч Ж.Ж-г архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн унтаж байхад нь “бос ажилдаа явъя, гаражаа онгойлгож өг” гэж маргалдан улмаар хохирогчийн нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Г.Г“...мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Ж.Ж-н “...2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Говил багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн найз Ганболдын гэрт байж байхад 18 цагийн орчим манай ажлын Ганбаяр найзын гэрт ирсэн, ирэхдээ нэг шил 0.5л виски авч ирж Ганболд, Ганбаяр бид гурав хувааж уусан. ...Ганболдын гэрт унтаж байхад Ганбаяр намайг зодсон байсан, би согтчихсон унтаж байсан болохоор зодож байх үед нь мэдээгүй, орой 23 цагийн сэрэхэд манай найз Ганболд “чамайг Ганбаяр зодсон” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дахь тал/,

гэрч Б.Г-н “...2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг 8 дугаар гудамж 8 тоот гэртээ байж байтал Жуков ирсэн, Жуков бид хоёр хоол унд хийж идээд байж байтал Жуковын ажлын газрын Ганбаяр гэх залуу Жуковтой гар утсаар ярьж манай гэрийн хаягийг заалгаад ирсэн. ...Ганбаяр манай гэрт ирэхдээ Жуковт нэг шил вискитэй ирсэн, тэр хоёр гадаа суугаад ууж байсан, би гэртээ байж байтал гадаа пижигнээд яваад өгсөн гүйгээд гартал Ганбаяр гэх залуу Жуковын дээр гарчихсан нүүр лүү нь цохиж байсан, тухайн үед Жуковын нүүр, ам цус болсон байсан. Би очоод салгатал намайг түлхэж унагаад, хашаа даваад зугтсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

Г.Г-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Ж.Ж ах бид хоёр “Хөх сэрхийн мандал” ХХК-д хамт ажилладаг, Ж.Ж ах хоёр хоног ажилдаа ирэхгүй байхаар нь түүнтэй 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр утсаар холбогдоход “Говил багт Ганболд гэдэг хүний гэрт байна” гэж хэлэхээр нь 0.75л хэмжээтэй нэг шил виски авч очиход Ганболд, Ж.Ж ах хоёр нэг шил архи уугаад бага хэмжээтэй үлдээсэн байсан. ...Ганболд бид хоёр гэрийн гадаа хашаан дотор миний авч ирсэн вискийг ууж байхад захирал Мөнхбат над руу залгаад “согтуу байсан ч хамаагүй, Ж.Жтой хамтдаа хүрээд ир” гэж хэлэхээр нь би Ж.Ж ахыг сэрээсэн чинь намайг гарынхаа ард хэсгээр чихний доод хэсэг рүү санамсаргүй цохиж, “танай компанид ажиллахгүй, очихгүй” гэхээр нь би “гаражаа онгойлгож өг, мотор зэрэг зүйлс авах хэрэгтэй байна” гээд маргаан үүсэж, гэрээс түрүүлээд гараад гэрийн зүүн хэсэгт зогсож байхад араас Ж.Ж ах гарч ирэхээр нь “би таныг ажилд авсан биз дээ” гэсэн чинь “танай компаниас мөнгө авах ёстой” ухааны юм ярихаар нь гараараа нэг удаа цохиход Ж.Ж ах газар унаж, унасан байхад нь нүүр хэсэг рүү нь хоёр, гурван удаа цохиход Ганболд ах гарч ирээд намайг салгасан. ...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22, 29 дэх тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмчийн 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 660 дугаартай;

“...1.Ж.Ж-ын биед нэг шүдний булгарал, хоёр шүдний хугарал, нэг шүдний сулрал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, доод уруулд шарх, зүүн нүдний зовхи, зүүн бугалга, зүүн шанаанд цус хуралт, дух, эрүү, доод уруулд зулгаралт, хамрын нуруу, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл үүссэн дэс дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй. 3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

 

Ж.Ж-ын “...Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багийн нутаг дэвсгэрт 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр бусдад зодуулж гэмтсэн.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

түүний өргөдөл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

Г.Г эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 32, 40 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 35-38 дахь тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Г.Г-с сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Г.Г-г гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Г.Гнь;

2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хохирогч Ж.Жыг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн унтаж байхад нь “бос ажилдаа явъя, гаражаа онгойлгож өг” гэж маргалдан улмаар хохирогчийн нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь “нэг шүдний булгарал, хоёр шүдний хугарал, нэг шүдний сулрал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, доод уруулд шарх, зүүн нүдний зовхи, зүүн бугалга, зүүн шанаанд цус хуралт, дух, эрүү, доод уруулд зулгаралт, хамрын нуруу, дээд уруулд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Ж.Ж-ын “...Ганболдын гэрт унтаж байхад Ганбаяр намайг зодсон байсан, би согтчихсон унтаж байсан болохоор зодож байх үед нь мэдээгүй, орой 23 цагийн сэрэхэд манай найз Ганболд “чамайг Ганбаяр зодсон” гэж хэлсэн.” гэх,

гэрч Б.Г-н “...гэртээ байж байтал гадаа пижигнээд яваад өгсөн би гүйгээд гартал Ганбаяр гэх залуу Жуковын дээр гарчихсан нүүр лүү нь цохиж байсан, тухайн үед Жуковын нүүр, ам нь цус болсон байсан. Би очоод салгатал намайг түлхэж унагаад, хашаа даваад зугтсан.” гэх,

Г.Г-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...гараараа нэг удаа цохиход Ж.Ж ах газар унаж, унасан байхад нь нүүр хэсэг рүү нь хоёр, гурван удаа цохиход Ганболд ах гарч ирээд намайг салгасан. ...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүд,

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмчийн 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 660 дугаартай дүгнэлт,

хохирогч Ж.Ж-ын “...Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багийн нутаг дэвсгэрт 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр бусдад зодуулж гэмтсэн.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй байна.

 

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд,

шүүгдэгч Г.Г-н хохирогч Ж.Жын эсрэг биемахбодийн хүчирхийлэл үйлдэж, нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “нэг шүдний булгарал, хоёр шүдний хугарал, нэг шүдний сулрал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, доод уруулд шарх, зүүн нүдний зовхи, зүүн бугалга, зүүн шанаанд цус хуралт, дух, эрүү, доод уруулд зулгаралт, хамрын нуруу, дээд уруулд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Хууль зүйн хувьд,

Шүүгдэгч Г.Г-н хохирогчийн эсрэг эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг нь ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүх шүүгдэгч Г.Г-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Г.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

Шүүх шүүгдэгч Г.Г-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Г.Г-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

         Шүүх шүүгдэгч Г.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

          торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,  хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.

Бусад асуудал;

          Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заажээ.  

Хохирогч Ж.Ж гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөртэй баримтаа гаргаж өгөөгүй байна.

Шүүх хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлэхээр холбогдох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж, шүүгдэгч Г.Г-с нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, 

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Г шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

         дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.Ж гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж, шүүгдэгч Г.Г-с нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.Э