| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2023/0278/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/353 |
| Огноо | 2023-10-06 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Ж.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/353
2023 10 06 2023/ШЦТ/353
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Ж.Б,
хохирогч Э.М,
шүүгдэгч Г.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Б-н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдсэн,
шүүгдэгч Г.Б холбогдох эрүүгийн 2302002760335 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Г.Б
Шүүгдэгч Г.Б нь;
Цагдаагийн ерөнхий газрын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/636 тушаалаар Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Жаргалант сум дахь хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно.” гэснийг,
Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.1-д заасан “хууль тогтоомж зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлэн ашигласан болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх”,
2.3.6-д заасан “албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шахаж шаардах, ятгах, бусдад зуучлах, хуульд харш болзол тавих, бусдын өмч хөрөнгийг хувийн болон албаны ажилд ашиглахгүй байх”,
2.4.2-д заасан “албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэснийг тус тус зөрчиж, ажил үүргийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгаж байсан эрүүгийн 2225000000325 дугаартай хэргийн яллагдагч Э.М-с 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 9 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд нийт 5 удаагийн үйлдлээр 9.750.000 төгрөгийг зээлж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Г.Б “...тухайн үед болсон асуудлыг 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ярьсан, ийм асуудал болохоос өмнө Авлигатай тэмцэх газрын Зоригтсайхан мөрдөгчид байцаалт өгөхдөө “би зээлсэн юм” гэхэд “яасан хүнд зүйл анги юм бэ, зүйл заалтын аль нь ч тохирохгүй байна, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан урвуулан ашигласан юм харагдахгүй, тохирох нь 17 юм.” гэсэн, прокуророос “урвуулан ашигласан гэдгийг юу гэж ойлгоод байгаа юм бэ” гэж асуумаар байна, прокурор дээр очиж яллах дүгнэлттэй танилцаад гарын үсгээ зурсан, гараад хуулиа харсан, албан тушаал эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглаад хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, эсхүл хийх ёсгүй үйлдлийг хийсэн байхыг, өөртөө болон бусдад давуу байдал олгосон байхыг ойлгоно” гээд байгаа юм, миний ойлгосноор би Мөнхбатаас зээл авахдаа “чамайг цагдан хорино шүү” гээд хорих ёсгүй хүнийг хориод зээл авдаг ч юм уу, эсвэл зайлшгүй хэрэгт асуух ёстой гэрчийг асуухгүйгээр хийх ёстой юмыг хийхгүй байж байгаад зээл авсан бол үүнийг урвуулан ашигласан гэж ойлгоно, би иргэний хувиар “ийм боломж байна уу” гэхэд “дүүд нь хохиролд өгөх гэж байгаа хэдэн төгрөг байгаа” гэхээр нь “ахдаа зээлчих болох үед нь өгье” гэсэн, өмнөх хурал дээр мэдүүлсэн зүйлээс өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэв.
хохирогч Э.М “...Миний хувьд 2022 оны 6 дугаар сард цахим гэмт хэрэг үйлдээд 6 дугаар сарын сүүлээр байсан байх хэсгийн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ намайг Сэлэнгэ аймгийн Тужийн нарсын тэнд байхад баривчилж байсан, миний хувьд өөртөө давуу байдал олгох гээд зээлсэн зүйл байхгүй, яагаад гэхээр би энэ хүнтэй нэг өдөр л хамт байсан, тухайн үед баривчлаад маргааш нь Хөвсгөл аймгийн мөрдөгч нар ирээд Хөвсгөл аймаг явсан, Хөвсгөл аймгаас ирээд Алтан-Оч дээр явж байгаад Улаанбаатарт мөрдөн байцаах алба руу шилжсэн, тэгэхээр энэ хүнд ямар нэгэн байдлаар надад давуу байдал олгосон зүйл байхгүй, би дээд боловсролтой, нас биед хүрсэн, тодорхой хэмжээнд хуулиа мэдэх Монгол Улсын иргэн, тийм болохоор надад энэ хүний ямар нэгэн ятгалгаар нөлөөнд автах, айх айдас байхгүй, надад хохиролдоо буцааж өгөх тодорхой хэмжээний мөнгө байсан, надад зөвлөгөө өгч байсан, гэхдээ үүнийг давуу байдал гэж ойлгохгүй байна, тэр нь юу вэ гэхээр “хохирлоо хурдан барагдуулах хэрэгтэй, прокурор дээр байх үедээ хохирлоо хурдан барагдуулбал хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой” гэдэг талаар хэлж байсан, хохиролдоо цуглуулж байсан мөнгөнөөсөө зээлсэн, одоо би хохирогч гэдэг статустай явж байгаа, би хохирсон гомдсон гэдэг зүйл гаргаагүй, үүнийг Баянзүрх дүүргийн хяналтын прокурор Эрдэнэбаяр миний утсанд үзлэг хийх явцад “энэ авлигатай холбоотой шинж тэмдэг байж магадгүй” гэсэн байдлаар хүсэлт өгсөн юм билээ, түүнээс надад ямар нэгэн байдлаар гомдол санал байхгүй, би өгсөн мөнгөө буцаагаад авсан.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч Э.М “...Би 2022 оны 7 дугаар сард бусдын интернет банкинд хууль бусаар нэвтэрч, мөнгө хулгайлан авсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, яллагдагчаар татагдсан. ...2022 оны 6 дугаар сараас...Бат-Эрдэнэ гэх алба хаагчид шалгуулж байхад “иргэдэд учруулсан хохирлыг барагдуулбал эрүүгийн хариуцлага хөнгөрүүлдэг, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой” талаар ярихад нь би 2022 оны 7, 8 дугаар саруудад хохирол барагдуулахаар 5.000.000 төгрөгийг гурван удаагийн үйлдлээр шилжүүлж өгсөн. Гэтэл миний хэргийг үргэлжлүүлэн шалгаж байсан Алтан-Оч гэх алба хаагч “хохирлоо барагдуулаагүй байна” гэхээр нь ээжээс тодруулан асуухад тухайн мөнгийг ээж шилжүүлсэн талаар хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 9-11 дэх тал/,
“...Би А.А, Б.М нартай хамтран гэмт хэрэг үйлдсэн байсан, ингээд учруулсан хохирлоо хувааж төлөхөөр болоод 10.000.000 төгрөгийг Б-д өгсөн. ...Хэсгийн төлөөлөгч нь “хохирол төлбөрөө хурдан төлөх юм бол хэрэг чинь гайгүй шийдэгдэнэ” гэж хэлсэн, ...хохирлын мөнгөө эрт төлчихсөн байвал хэрэг эрт шийдэгдэх байсан. ...Би Цагдаагийн ерөнхий газар гомдол гаргасан боловч Г.Бат-Эрдэнэ “маргааш гэхэд чиний мөнгийг өгнө, чи гомдлоо татаад авчихаач” гэж гуйгаад байсан, би тэгэхээр нь Цагдаагийн ерөнхий газрын 126 дугаарт залгаж “мөнгөө авахаар болсон” гэж хэлж байсан, Цагдаагийн ерөнхий газар гомдол гаргаснаас хойш удалгүй миний мөнгийг өгч эхэлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 19-21 дэх тал/,
“...Б мөнгө авахдаа “хохирлын мөнгө над руу шилжүүлчих хэргийг чинь прокурорт шилжихээс өмнө цааш нь өгчихнө” гэж хэлж авсан, би бол миний өгсөн мөнгийг хохирогч нарт цааш нь шилжүүлсэн гэж ойлгож байсан боловч хохирол төлөгдөөгүй байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
гэрч С.Д “...хүү Мөнхбат 2022 оны 6 дугаар сард мөнгө төгрөгтэй холбоотой асуудалд ороод хохирлын мөнгө гэж Б данс руу хэзээг нь санахгүй байна, өөрийн данснаасаа 2.000.000 төгрөг шилжүүлсэн, дараа нь би өөрийн данснаас 5.000.000 төгрөг шилжүүлсэн, тухайн үед хохирлын мөнгө шилжүүлсэн чинь Бат-Эрдэнэ хувьдаа хэрэглэсэн байсан. Тэгээд “би танд удахгүй буцаагаад өгнө” гээд 2023 оны 1 дүгээр сараас мөн оны 3 дугаар сар хүртэл олон удаа хуваагаад миний данс руу шилжүүлж өгсөн, үндсэндээ бол Бат-Эрдэнэ 10.000.000 төгрөг авсан, тэгээд буцаагаад өгсөн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 28-30 дахь тал/,
гэрч Б.М “...найз Мөнхбат надад “мөнгө зээлчих” гэсэн, “яах гэж байгаа юм” гэхэд “хохирол төлөх ёстой мөнгө” гэж хэлсэн. Би тэгэхээр нь Бат-Эрдэнэ гэх мөрдөгчтэй холбогдоод хохирлын мөнгө өгөх нь үнэн эсэхийг нягталж үзээд хоёр удаагийн гүйлгээгээр 650.000 төгрөг шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 39-40 дэх тал/,
Г.Б яллагдагчаар өгсөн “...Э.М-д холбогдох хэрэг 3.600.000 төгрөгийн хохиролтой байсан, хохирлын мөнгө авах байсан бол 3.600.000 төгрөг авах байсан. Надад “хохирол өгөх гэж цуглуулж байгаа мөнгө байгаа” гэж хэлсэн, тэгэхээр нь би “хохиролдоо өгсөн гээд тооцчих, хэрэг болохоор нь буцаагаад өгчихнө” гэж хэлж байсан, хэрэг шийдвэрлэгдэх болоогүй гээд мөнгийг удаачихсан, хүний мөнгө хэрэглэсэн гээд 250.000 төгрөг илүү өгсөн. Яг номоор нь хохирлын мөнгө хурааж авсан бол хөндлөнгийн хоёр гэрч байлцуулаад тэмдэглэл үйлдээд хурааж авах ёстой байсан, Мөнхбат “хохирол төлөх гэж байгаа мөнгө” гэж надад хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 196-198 дахь тал/,
Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Л.Т-н “...Төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн албан тушаалтан хэргийн оролцогчтой үгсэн тохиролцон мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлж, хуурамч дүгнэлт гаргуулахаар ятгаж, их хэмжээний шан харамж авч, хэрэг шалгах ажиллагаанд саад учруулж байж болзошгүй.” гэсэн мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, түүний илтгэх хуудас /1 дэх хавтаст хэргийн 5, 6 дахь тал/,
Эрүүгийн 2206048570106 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хуулбарлан авсан материалууд /1 дэх хавтаст хэргийн 44-62 дахь тал/,
Г.Б-н Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 68, 74, 77, 78, 80, 87 дахь талууд/,
гэрч Б.Д-н Хаан банкны дансны хуулга /1 дэх хавтаст хэргийн 91-110 дахь тал/,
уг дансанд үзлэг хийсэн “...Г.Б нийт 9.999.500 төгрөгийг С.Д-ад буцаан шилжүүлсэн байна.” гэсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 113 дахь тал/,
Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/636 дугаартай, “Г.Б-г Орхон аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн ахлах төлөөлөгчийн ажлаас чөлөөлж, мөн газарт Жаргалант сум дахь хэсгийн төлөөлөгчөөр томилсон тухай” тушаал болон бусад холбогдох баримтууд /1 дэх хавтаст хэргийн 211, 212-241 дэх тал/,
Авлигатай тэмцэх газрын мөрдөгч Г.З нь иргэн Э.М-с гэрчээр мэдүүлэг авсан үйл явцыг бэхжүүлсэн хяналтын камерын бичлэгийг хуулбарлан авч, тус бичлэгт үзлэг хийсэн тухай тус газрын мөрдөгч М.Б-н тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 46-48 дахь тал/,
мөрдөгч, М.Б-н Эрүүгийн 2206048570106 дугаартай, Э.Мөнхбат, Б.М, Б.Д, А.А нарт холбогдох 9 хавтаст хэрэгт үзлэг хийж, үзлэгээр “...Орхон аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, ________ Г.Б нь Э.М-д холбогдох гомдлыг анх 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр иргэн Б.О- хүлээн авч, мөн оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нөхцөл байдал тогтоогдов.” гэсэн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 49-50 дахь тал/,
мөрдөгч, Ц.А Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй эрүүгийн 2225000000235 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураасан Э.М гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргасан баримтууд /2 дахь хавтаст хэргийн 51-52, 53-120 дахь тал/,
мөрдөгч, Г.З эрүүгийн 2206048570106 дугаартай хэрэг болон тус хэрэгт эд мөрийн баримтаар хураасан “Samsung G7” гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан баримтууд /2 дахь хавтаст хэргийн 126-209 дэх тал/ зэрэг болно.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, гэрчүүдээс, хохирогчоос болон Г.Б-с мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч Г.Б гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Г.Б нь Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Жаргалант сум дахь хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.7-д, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.1, 2.3.6, 2.4.2-т зааснуудыг тус тус зөрчиж, ажил үүргийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгаж байсан эрүүгийн 2225000000325 дугаартай хэргийн яллагдагч Э.М-с 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 9 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд нийт 5 удаагийн үйлдлээр 9.750.000 төгрөг зээлж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
шүүх хуралдааны үед өгсөн шүүгдэгч Г.Б-“...би иргэний хувиар “ийм боломж байна уу” гэхэд “дүүд нь хохиролд өгөх гэж байгаа хэдэн төгрөг байгаа” гэхээр нь “ахдаа зээлчих болох үед нь өгье” гэсэн, ...эхний 4.750.000 төгрөгийг зээлэхэд энэ хүний хэрэг над дээр шалгагдаж байсан.” гэх,
хохирогч Э.М “...надад хохиролдоо буцааж өгөх тодорхой хэмжээний мөнгө байсан, ...хохиролдоо цуглуулж байсан мөнгөнөөсөө зээлсэн, ... би өгсөн мөнгөө буцаагаад авсан.” гэх,
мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч Э.М “...би 2022 оны 7, 8 дугаар саруудад хохирол барагдуулахаар 5.000.000 төгрөгийг гурван удаагийн үйлдлээр шилжүүлж өгсөн. ...учруулсан хохирлоо хувааж төлөхөөр болоод 10.000.000 төгрөгийг Бат-Эрдэнэд өгсөн. ...Би Цагдаагийн ерөнхий газар гомдол гаргасан боловч Г.Б “маргааш гэхэд чиний мөнгийг өгнө, чи гомдлоо татаад авчихаач” гэж гуйгаад байсан, би тэгэхээр нь Цагдаагийн ерөнхий газрын 126 дугаарт залгаж “мөнгөө авахаар болсон” гэж хэлж байсан, Цагдаагийн ерөнхий газар гомдол гаргаснаас хойш удалгүй миний мөнгийг өгч эхэлсэн.” гэх,
гэрч С.Д “...Б данс руу хэзээг нь санахгүй байна, хүү өөрийн данснаасаа 2.000.000 төгрөг шилжүүлсэн, дараа нь би өөрийн данснаас 5.000.000 төгрөг шилжүүлсэн, ...үндсэндээ бол Бат-Эрдэнэ 10.000.000 төгрөг авсан, тэгээд буцаагаад өгсөн.” гэх,
гэрч Б.М “...найз Мөнхбат надад “мөнгө зээлчих” гэсэн “яах гэж байгаа юм” гэхэд “хохирол төлөх ёстой мөнгө” гэж хэлсэн. Би тэгэхээр нь Бат-Эрдэнэ гэх мөрдөгчтэй холбогдоод хохирлын мөнгө өгөх нь үнэн эсэхийг нягталж үзээд хоёр удаагийн гүйлгээгээр 650.000 төгрөг шилжүүлсэн.” гэх,
Г.Б өөрийнх нь яллагдагчаар өгсөн “...надад “хохирол өгөх гэж цуглуулж байгаа мөнгө байгаа” гэж хэлсэн, тэгэхээр нь би “хохиролдоо өгсөн гээд тооцчих, хэрэг болохоор нь буцаагаад өгчихнө” гэж хэлж байсан, хэрэг шийдвэрлэгдэх болоогүй гээд мөнгийг удаачихсан, хүний мөнгө хэрэглэсэн гээд 250.000 төгрөг илүү өгсөн.” гэх мэдүүлгүүдээр,
мөн Эрүүгийн 2206048570106 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хуулбарлан авсан материалууд, Г.Б, Б.Д нарын Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэлүүд,
Авлигатай тэмцэх газрын мөрдөгч Г.З нь иргэн Э.М-с гэрчээр мэдүүлэг авсан үйл явцыг бэхжүүлсэн хяналтын камерын бичлэгийг хуулбарлан авч, тус бичлэг үзлэг хийсэн тухай тус газрын мөрдөгч М.Батмөнхийн тэмдэглэл,
мөрдөгч М.Б-н Эрүүгийн 2206048570106 дугаартай, Э.М, Б.М, Б.Д, А.А нарт холбогдох 9 хавтаст хэрэгт үзлэг хийж, үзлэгээр “...Орхон аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, ____ Г.Б нь Э.М-д холбогдох гомдлыг анх 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр иргэн Б.О хүлээн авч, мөн оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нөхцөл байдал тогтоогдов.” гэсэн тэмдэглэл,
мөрдөгч Ц.А Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй эрүүгийн 2225000000235 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураасан Э.М гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл,
мөрдөгч Г.З эрүүгийн 2206048570106 дугаартай хэрэг болон тус хэрэгт эд мөрийн баримтаар хураасан “Samsung G7” гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан баримтууд зэргээр тус тус тогтоогдож байна.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг,
3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгохоор,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “нийтийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг,
3.1.2-т “хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг,
3.1.3-т “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг тус тус ойлгохоор тодорхойлж өгсөн бөгөөд энэ хэм хэмжээнүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Авлигын гэмт хэрэг”-ийн үндсэн шинж болох юм.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас дүгнэвэл,
Шүүгдэгч Г.Б нь Төрийн албаны тухай хуулийн 13.1.6-д заасан төрийн тусгай албан тушаалтан бөгөөд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан хуулийн үйлчлэлд хамаарах нийтийн албан тушаалтан мөн байна.
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субъектийг нийтийн албан тушаалтан байхаар хуульчилсан бөгөөд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлж өөртөө, эсхүл бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.
Өөрөөр хэлбэл, албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх замаар хувьдаа ашиг хонжоо олсон байх нь энэ бүлэгт заасан гэмт хэргийн нийтлэг шинж болно.
Шүүгдэгч Г.Б хувьд,
Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Жаргалант сум дахь хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа, ажил үүргийнхээ дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан эрүүгийн 2225000000325 дугаартай хэргийн яллагдагч Э.М-с хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 9 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд 9.750.000 төгрөгийг зээлж авсан идэвхитэй үйлдэл нь “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Шүүгдэгч Г.Б-н үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй байна.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Б-г дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон,
энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаарх хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгчийг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Г.Б-г Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх хуралдааны үед улсын яллагч “...шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.
Шүүх шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,
шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж,
шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг,
1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,
мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудал;
Энэ хэрэгт ирүүлсэн Хаан банкны дансны мэдээлэл бүхий 2 ширхэг, камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцагийг тус тус хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,
шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Г.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,
мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүгдэгч Г.Б оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт ирүүлсэн Хаан банкны дансны мэдээлэл бүхий 2 ширхэг, камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцагийг тус тус хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,
энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э