Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2020/0832/З |
Дугаар | 128/ШШ2022/0327 |
Огноо | 2022-04-27 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2022/0327
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Б *****” УТҮГ,
Хариуцагч: Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч З.М********,
Гуравдагч этгээд: Ш.Э********,
Маргааны төрөл: Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч З.М********ын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Хурц хордлогын тухай” 01-06-079/126 дугаар дүгнэлт нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б *****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б******, гуравдагч этгээд Ш.Э********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э****** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “Б *****” УТҮГ-аас Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч З.М********д холбогдуулан “Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын улсын ахлах байцаагч З.М********ын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01-06-079/126 дугаар хурц хордлогын дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.
2.Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч З.М********ын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Хурц хордлогын тухай” 01-06-079/126 дугаар дүгнэлтээр гуравдагч этгээдийг Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1.1 дэх заалтыг үндэслэн комиссын шийдвэр гаргах үндэслэлтэй байна гэжээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь “Б *****” УТҮГ нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч З.М********ын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01-06-079/126 дугаартай хурц хордлогын дүгнэлтийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт зааснаар улсын ахлах байцаагч З.М******** нь үндэслэлгүй дүгнэлт бичсэн байна. Гуравдагч этгээд Ш.Э******** нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тус байгууллагад ариутгалын ажил хийж байхдаа химийн бодист хордож, хурц хордлогод өртсөн байна гэсэн дүгнэлтийг бичиж, комиссын шийдвэр гаргахыг даалгасан байдаг. Хурц хордлого гэдгийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-д “хурц хордлого” гэж цацраг болон биологийн идэвхт бодис, химийн хорт бодисын нөлөөгөөр хурц, цочмог хэлбэрээр богино хугацаанд хордохыг” хэлнэ гэж заасан. Тэгэхээр цацраг болон биологийн идэвхт бодис, химийн хорт бодис гэж ямар бодисууд байдаг талаарх хууль зүйн ойлголтуудыг тайлбарлая. Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “”химийн хорт бодис” гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, тэдгээрийн нэгдлийг”, 3.1.2-т “”химийн аюултай бодис” гэж тэсрэмтгий, шатамхай, идэмхий, исэлдүүлэгч, цочромтгой шинж чанартай химийн бодис, тэдгээрийн нэгдлийг” хэлнэ гэж заасан. Монгол улсад Химийн хорт болон аюултай бодисын жагсаалтыг Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар “Химийн хорт болон аюултай бодисын ангиллыг байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална” гэж заасан. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-д зааснаар хурц хордлого нь химийн хорт бодисын нөлөөгөөр үүсдэг юм байна. Химийн хорт бодис гэдгийг хоёр сайдын тушаалаар баталсан жагсаалтад зааж өгөх юм байна. Тэгэхээр гуравдагч этгээд Ш.Э********гийн ажил үүргээ гүйцэтгэж байсан “Super kill” болон “ликон” гэсэн бодисууд нь тухайн бодисын жагсаалтад орсон эсэхийг тодруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар Химийн хорт болон аюултай бодисын ангилал батлах тухай тушаалын 3 дугаар хавсралтад химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамааруулсан бодисын жагсаалтыг гаргасан. Энэ жагсаалтад тухайн бодис химийн нэгдлээрээ хамаарч байж химийн хорт бодист хурц хордсон гэсэн асуудал яригдана. Мөн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэмд заасны дагуу өвчилсөн, гэмтсэн, гэмтлийн зэрэг тогтоогдсон байх шаардлагатай. Ш.Э********д гэмтлийн зэрэг тогтоогдсон эсэх нь одоогийн байдлаар тодорхойгүй байна. Ийм үндэслэлүүдээр улсын байцаагчийн дүгнэлт нотлох баримтад тулгуурлаагүй, шаардлагатай баримтуудыг авч үзээгүй дүгнэлтийг гаргасан учраас хүчингүй болгуулах шаардлага гаргаж байгаа.
Дүгнэлт гарснаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод Ш.Э******** өртсөн байна гэж үзвэл ажил олгогч байгууллага тухайн ажилтны хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээнээс шалтгаалаад цалин олговор олгох, мөн бусад эрүүл мэндтэй холбоотой зардал болон дахин ийм зардал гарахгүй байх арга хэмжээг авдаг учраас байгууллагын ямар субьектив эрхийг зөрчигдөж байгаа. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэв.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хурц хордлогын актыг үндэслэлгүй гэж тайлбарлаж байна. Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэмд зааснаар үнэхээр хурц хордлого гарсан бол ослын актыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс 48 цагийн дотор судлаад акт үйлдээд мэргэжлийн байгууллагаар хянан баталгаажуулах ёстой. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 3.16-д “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас ажилтны эрүүл мэндэд хүнд гэмтэл, бэртэл учирсан, нас барсны улмаас мэргэжлийн байгууллагын шинжилгээ, магадалгаа шаардлагатай бол ажлын 21 хоногийн дотор судлан бүртгэнэ” гэж заасан. Мөн дүрэмд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас учирсан гэмтлийн зэрэг, эмнэлгийн болон мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон акт зэрэг баримт бичгийг хавсаргана гэж заасан байх тул хурц хордлогод өртсөн тохиолдолд энэ баримт бичгийг шаардахгүй. Нэгэнт өвчний онош хурц хордлого байна гэж гарсан. Дүгнэлтийг хүчингүй болгох гэж байгаа болохоос биш химийн бодис хортой, хоргүй эсэхийг тогтоох гэж байгаа асуудал биш. Хурц хордлого гэсэн тодорхойлолтыг хэлж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д “Химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодисын хэрэглээтэй холбоотой осол, хурц хордлого гарсан тохиолдолд үйлдвэрлэлийн ослын нэгэн адил судлан бүртгэнэ” гэж заасан. Тэгэхээр нэхэмжлэгч байгууллага ослын нэгэн адил судлан бүртгэх нь зайлшгүй юм. Химийн бодисын хордлого нь хурц болон архаг гэж ангилна. Хүний биед амьсгал, хоол боловсруулах, арьс салстаар хүний биед химийн бодис нэвтрэн орж байгаа. Химийн бодис хоргүй байна гэж байхгүй. Бага хортой, хоттой, онцгой хортой химийн бодис гэж ангилагдаж байгаа. Химийн бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн, маш богино хугацаанд их тунгаар нэвтэрч орсон тохиолдолд хурц хордлогыг үүсгэнэ. Архаг хордлого гэдэг нь удаан хугацаагаар бага хэмжээний тунгаар биед нөлөөлж үүсгэдэг. 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 24-ний өдөр гарсан хурц хордлого нь ариутгал халдваргүйжүүлэлтэд ашигласан химийн бодис түүний нөлөөгөөр ажилтны эрүүл мэндэд гарсан өөрчлөлт, зовиур, шинж тэмдэг, эмнэлгийн байгууллагад хийлгэсэн эмчилгээ, эмнэлгийн байгууллагын онош зэргээр нотлогдож байна. Энэ нь нотлох баримт болно. Энэ хордлого нь химийн хүчин зүйлийн нөлөөгөөр тун хэмжээ хэтрүүлэн хэрэглэснээс шалтгаалсан байх тул химийн бодисын хурц хордлого гэж үзнэ. Эмнэлэг химийн бодисын хордлого гэж үзээд эмчилгээ хийсэн байна. Үүнийг нотлох баримтууд байна. Түүнээс тухайн бодис хортой байна уу, хоргүй байна уу гэдэг нь хамаарахгүйгээр тун хэмжээ хэтэрсэн учраас химийн бодисын хурц хордлого гэж үзсэн байна. Манай улсын байцаагч 48 цагийн дотор очиж шалгаад химийн бодисын хордлогод өртсөн байна. Эдгээр хүмүүсийг Цэргийн төв эмнэлэгт хандан хордлого тайлах эмчилгээ хийлгэ гэсэн заавар өгсөн. Уг зааврын дагуу Цэргийн төв эмнэлэгт хандаж ажилчдадаа эмчилгээ хийлгэсэн байгаа. Яагаад Ш.Э********г шүүх эмнэлгийн шинжилгээнд хамруулаагүй мэдэхгүй байна. 3 хүнд хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдоод үйлдвэрийн ослын акт тавьсан байгаа. Ш.Э********д үүнийг тогтоогоогүй учраас Ш.Э******** нь манайд өргөдөл гаргасан. Манайхаас 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05/486 дугаар албан бичгээр Ш.Э********д үйлдвэрийн осолд өртсөн эсэхийг судлаад үйлдвэрийн ослын актыг нөхөн тогтоож өг гэж мэдэгдсэн. 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Ш.Э********д ослын актыг тогтоосон. Гэвч комиссын шийдвэр нь хурц хордлого гарахад нөлөөлсөн хүчин зүйл, шалтгааныг тодорхойлсон боловч шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлт, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хариуг үндэслэсэн байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1294 дүгээр тогтоолоор 11933, 11932, 11934 дүгээр дүгнэлтээр Ш.Э********д гэмтлийн зэрэг болон хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдоогүй гэж үзсэн. Гэтэл 11933, 11932, 11934 дүгээр дүгнэлтэд Ш.Э******** ороогүй. Уг дүгнэлтүүд нь гэмтлийн зэрэг тогтоогдсон бусад 3 хүнд холбоотой байгаа. Ш.Э********д холбогдуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмчийн шинжээчийн дүгнэлт гараагүй. Гэтэл өөр хүний дүгнэлтийг бариад гэмтлийн зэрэг тогтоогдоогүй гэж үзсэн. “Б *****” УТҮГ-ын даргын 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн тушаалаар ажлын хэсэг байгуулаад ариутгал, халдваргүйжүүлэлт хийх ажилд Ш.Э******** нь ажилласан. Дээрх ажлыг гүйцэтгэсний дараа биеийн эрүүл мэндэд хордлогын шинж тэмдэг илэрч улмаар 2019 оны 09 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд химийн бодисын хурц хордлогод орсон гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн. Өвчний түүхийг үндэслээд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4.2-т “ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах” гэсэн эрхийн хүрээнд дүгнэлт гаргасан.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1294 дүгээр тогтоол, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэр зэрэг эрх бүхий албан тушаалтны хэрэг хянан шийдвэрлээд тогтоосон баримт бичиг нь гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авч шалгаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Түүнээс Ш.Э******** нь хордоогүй байна гэсэн баримт бичиг биш байна. Улсын байцаагч эмнэлгийн байгууллагын бодитой дүгнэлт, өвчний түүхийг үндэслэж дүгнэлтийг гаргасан. Манай байгууллагад уг дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргахад эрх бүхий улсын ахлах байцаагч хянан шалгаад манай байцаагчийн шийдвэр хүчин төгөлдөр байна гэсэн хариуг өгсөн байгаа” гэв.
5.Гуравдагч этгээд шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д “Ажил олгогч энэ зүйлийн 29.1, 29.2-т заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл үйлдвэрлэлийн осол гарсан, хурц хордлогод өртсөн дүгнэлтийг иргэн, ажилтан зөвшөөрөхгүй бол гомдлоо хөдөлмөрийн мэргэжлийн хяналтын байгууллага болон шүүхэд гаргаж холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ” гэсэн заалтыг үндэслэсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэхүү заалт нь ажил олгогч ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүргээ биелүүлээгүй, ослын актыг тогтоогоогүй, осол, хурц хордлогоос үүдэлтэй тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсийг өгөөгүй, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоох эрх зүйн акт гаргаж өгөөгүй бол ажилтан буюу гуравдагч этгээд би шүүхэд гомдол гаргах эрхтэй. Гэтэл миний шүүхэд гомдол гаргах хуулийн заалтыг үндэслээд ажил олгогч нэхэмжлэл гаргасан байдаг.
Миний бие 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цаг 00 минутаас 16 цаг 40 минут хүртэл 2 цаг 40 минут ариутгал, халдваргүйжүүлэлтийн голомтод ажилласан. Манай байгууллага малын эмийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага. Гэтэл ажилчдаа ахуйн хүрээнд хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны чиг үүргийн тодорхойлолтод тусгагдаагүй ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг Ш.Э******** надаар 2019 оны 04 дүгээр сарны 20-ны өдрөөс хойш гүйцэтгүүлсэн. Ариутгал, халдваргүйжүүлэлтийг ажлыг тусгай зөвшөөрөлтэй байгууллага хийдэг. Мөн тухайн жил бүр ахуйн хүрээнд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил хийх бодисын жагсаалт гэж гардаг. Гэтэл “Super kill” болон “ликон” гэсэн бодисууд нь ахуйн хүрээнд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил хийх бодисын жагсаалтад бүртгэгдээгүй байна. Энэ талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт өгсөн байгаа. Би ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг 2 цаг 40 минут гардан гүйцэтгэсэн учраас богино хугацаанд хурц хордсон. Улсын байцагч бодисыг хураан авч явахдаа ахуйн хүрээнд ашиглах ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын жагсаалтад бүртгэгдээгүй болохыг хэлсэн. Гэтэл биднээр байгууллагын бүх өрөө, тасалгаанд тухайн бодисоор мөөгөнцрийн эсрэг ариутгалын ажил хийлгэсэн. Нэгдүгээр бодисыг зориулалтын бусаар ашигласан байна. Хоёрдугаарт тухайн “Super kill” болон “ликон” гэсэн бодисын хор аюулын лавлах мэдээлэл, шинжилгээ баталгаажилтыг, найруулах аргачлал, зааврыг үйлдвэрлэсэн байгууллага бүрэн хариуцна гэж хуульд заасан. Гэтэл “Super kill” гэсэн бодисыг 2014 оноос эхлэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын компани нийлүүлсэн байдаг. “Super kill” гэсэн бодисыг мал эмнэлгийн зориулалтаар ашиглах, малын өтөг, бууц, хашаа, хороог ариутгах бодисын жагсаалтад бүртгэлтэй байдаг. Харин “Ликон” гэх бодис нь аль, алинд нь бүртгэлгүй болохыг нотолсон баримтыг хавтаст хэрэгт өгсөн байгаа. Ажил олгогч маань 48 цагийн дотор ослын актыг судлан бүртгэх үүрэгтэй. Хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэж яваад миний бие хурц хордсон. Би 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр буюу баасан гарагийн 18 цаг гэж гэртээ очоод хамраас цус гарч, бөөлжиж, дотор муухайрсан. Даваа гарагт байгууллагадаа миний эрүүл мэндийн байдал маш хүнд байна, би химийн бодист хордчихлоо, энэ ажлыг биднээр битгий хийлгэ, тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар нь ариутгал, халдваргүйжүүлэлтийг ажлыг гүйцэтгүүл гэж хэлсэн. Би 09 дүгээр сарын 24-ний өдөр ажилдаа очиход ариутгалын ажил хийсэн хүмүүс бидний бие маш хүнд байна, мэргэжлийн хяналтын байгууллага дуудахгүй байна, бодисын найрлага тодорхойгүй байхад дур мэдэн эмчлээд байна гэсэн. Иймд би мэргэжлийн хяналтын байгууллага дуудсан. Миний дуудлагаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч З.М********, н.З нар ирж шалгасан. Мөн миний гомдлоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас улсын байцаагч н.У*****, н.М *****т нар болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн улсын байцаагч н.Г ирж манай байгууллагад шалгалт хийгээд тусгай зөвшөөрөл, хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзээд албан даалгавар хүргүүлсэн байдаг. Богино хугацаанд хурц хордсон бол Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Засгийн газрын 269 дүгээр тогтоолыг үндэслээд зайлшгүй ослын акт тогтоох ёстой байтал тогтоохгүй байсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2019 оны 12 дугаар 26-ны өдрийн албан бичгээр “...таны өргөдлийн дагуу шалгалт хийлээ. 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хийгдсэн ариутгалын улмаас гарсан хурц хордлогыг судлан бүртгэх акт үйлдэн мэргэжлийн хяналтын байгууллагаар баталгаажуулаагүй байх тул Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэмд заасны дагуу хурц хордлогыг судлан бүртгэж, акт үйлдэн мэргэжлийн хяналтын байгууллагад ирүүлэх тухай албан бичгийг явууллаа” гэсэн хариуг надад ирүүлсэн. Би маш олон эмнэлэгт хандсан. Эмнэлгээс ямар найрлагатай, ямар бодисоор ариутгал хийсэн бэ гэж асууж байсан. Гэтэл бидэнд бодисын найрлага байгаагүй. Тухайн бодисын найрлага тодорхойгүй байсан учраас олон эмнэлэгт хандсан. Энэ хугацаанд миний элэгний эс задарсан, элэг маань хатуураад маш жижиг болсон. Уушгины угийн бүтэц хатуурсан, уушгинаас зүрхэнд хүрдэг артерийн судас цүхийлсэн, голын судас хатуурсан, зүрхний булчингийн үйл ажиллагааг алдагдуулсан. Үүний улмаас ямар ч хөдөлмөрлөх чадваргүй болоод байна. Үүнтэй холбоотой нотлох баримтуудыг хавтаст хэрэгт өгсөн. Энэ нь богино хугацаанд хурц хордсоноос болсон. Миний хөдөлмөрийн чадвар алдалт, хувь хэмжээ, хугацааг харьяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтоох үүрэгтэй. Гэтэл ажил ажил олгогч ослын актыг бүртгэж, тогтоогоогүй. Холбогдох байгууллагуудаас хуульд заасан үүргээ биелүүлэхийг шаардсан албан бичгийг явуулсны дагуу 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр надад ганцхан ослын акт тогтоогүй, бусад хүмүүст ослын акт тогтоосон байдаг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4.2-т заасныг үндэслээд ослын актыг хүлээн зөвшөөрөөгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй гэж хянан баталгаажуулаад чиг үүргээ хэрэгжүүлэн дүгнэлт гаргасан байдаг. Дүгнэлтэд ариутгал, халдваргүйжүүлэлтийн голомтод ажилласны дараа эрүүл мэнд нь өвчилсөн учраас энэ хүнд ослын акт тогтоох үндэслэлтэй. Ослын актыг буруу тогтоосон учраас улсын ахлах байцаагч дүгнэлтээ гаргасан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүргээ биелүүлэхгүй, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж олгохгүй гэдэг.
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 3.13-д “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судалж бүртгэсэн акт, дүгнэлтийг 4 хувь үйлдэж, харьяа нийгмийн даатгалын хэлтэс, орон нутгийн хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид хүргүүлэх бөгөөд осолдогч буюу түүний гэр бүлд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судалж бүртгэсэн актыг өгнө” гэж заасан. Гэтэл Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст акт, дүгнэлтийг өгөөгүй учраас Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс “...ослын акт гараагүй. Хурц хордлогын заалт байхгүй тул Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/39, А/12 дугаар тушаалаар даатгуулагч иргэний хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах ердийн өвчний жагсаалтыг хувь хэмжээ, хугацааг ердийн өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох боломжгүй байна” гэсэн шийдвэр гаргасан байдаг. Энэ баримтыг хавтаст хэрэгт 3, 4 удаа өгсөн.
Ослын актыг 48 цагийн дотор ажил олгогч тогтоох үүрэгтэй. Гэтэл ослыг актыг тогтоохгүй байсан. Удаа дараа мэргэжлийн хяналтын байгууллагад гомдлоо гаргахад ослыг актыг тогтоох шаардлага тавьсан. Гэтэл надад холбогдох ослын актыг санаатай буруу тогтоосон байсан. Ослын актыг тогтоохдоо шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтийг үндэслэхгүй. Өвчилсөн, гэмтсэн, амь насаа алдсан бол ослын актыг тогтоох ёстой. Ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байгаад эрүүл мэнд нь гэмтсэн, бэртсэн, осолдсон, өвчилсөн, амь насаа алдсан бол ослын акт зайлшгүй тогтоох ёстой. Гэтэл санаатайгаар ослын актыг буруу тогтоосон байсан. Би богино хугацаанд хурц хордсон байсан. Гэтэл надад ганцхан ослын акт тогтоогоогүй үндэслэлээ Ш.Э********д холбогдуулан шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлт гараагүй гэж тайлбарладаг. Намайг химийн бодисын тунг хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр цагдаагийн байгууллагад хандсан. Гэтэл Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн дагуу шалгаж байна. Ш.Э********г гэм буруутай гэж тогтоох үндэслэл байхгүй учраас хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзлаа гэсэн прокурорын тогтоол гарсан. Гэтэл шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэж мэргэжлийн хяналтын улсын байцаагч дүгнэлтээ гаргахгүй, байгууллага ослын актаа тогтоохгүй. Тухайн үед байгууллагын өрөө тасалгааг ариутгаж ажиллаад химийн бодисын нөлөөгөөр миний эрүүл мэнд өвчилсөн. Үүнийг үндэслэж ослын акт тогтоох байсан. Гэтэл тун хэтрүүлсэн, гэмтлийн зэрэг тогтоогоогүй учраас манайх ослын акт тогтоохгүй гэсэн байдаг. Үүнийг мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн дагуу шалгаж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4.2-т заасныг үндэслэж энэ нь хурц хордлого байна, ажил үүргээ гүйцэтгэж байгаад эрүүл мэнд өвчилсөн байна, өвчилсөн учраас ослын акт тогтоох тул актыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хянан баталгаажуулж дүгнэлт гаргасан- гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч З.М********ын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01-06-079/126 дугаар хурц хордлогын дүгнэлтээр гуравдагч этгээдийг Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1.1 дэх заалтыг үндэслэн комиссын шийдвэр гаргах үндэслэлтэй гэжээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-д “"хурц хордлого" гэж цацраг болон биологийн идэвхт бодис, химийн хорт бодисын нөлөөгөөр хурц, цочмог хэлбэрээр богино хугацаанд хордохыг” хэлнэ, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна”, 29.4-д “Энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана” гээд 29.4.2-т “ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах”, 29 дүгээр зүйлийн 29.5-д “Ажил олгогч энэ зүйлийн 29.1, 29.2-т заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл үйлдвэрлэлийн осол гарсан, хурц хордлогод өртсөн дүгнэлтийг иргэн, ажилтан зөвшөөрөхгүй бол гомдлоо хөдөлмөрийн мэргэжлийн хяналтын байгууллага болон шүүхэд гаргаж холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ” гэжээ.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор баталсан “үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1 дүгээр зүйлийн 2.1.1 дэх хэсэгт “ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед” гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “тухайн бодисууд нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн А/356/396 дугаар хамтарсан тушаалаар баталсан Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамаарахгүй тул хариуцагчийн дүгнэлт үндэслэлгүй” гэж, хариуцагчаас “хоргүй химийн бодис гэж байхгүй, хордсон болох нь эмнэлгийн үзлэгээр нотлогдсон” гэж, гуравдагч этгээдээс “ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй ажил хийж гүйцэтгүүлсэн, эрүүл мэндээрээ маш их хохирч байна” гэж тус тус маргажээ.
Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Химийн хорт болон аюултай бодисын ангиллыг байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална” гэжээ.
3.Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1/195 дугаар албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд тухайн бүтээгдэхүүнүүдийн тун хэмжээг хэтрүүлэн хэрэглэвэл арьс үрэвсүүлэх нөлөөтэй гэжээ.
4.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн А/356/396 дугаар хамтарсан тушаалаар баталсан Химийн хорт болон аюултай бодисын ангиллын 4 дүгээр зүйлд заасан хортой бодисын ангилалд арьс үрэвсүүлэгч гэжээ.
5.Гуравдагч этгээд нь “Б *****” УТҮГ /хуучнаар/-ын байранд 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ариутгалын ажлыг хийж гүйцэтгэхдээ /Superkill, likon нэршилтэй/ химийн бодист хордож 2019 оны 09 дүгээр сарын 24-27-ны өдрийг хүртэл Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болох 2020 оны 04 дүгээр сарын 08-ны 325 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Ш.Э********гийн өвчний түүх, мөн эмнэлгийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 225 тоот албан бичиг зэргээр тус тус нотлогдож байна.
6.Мөн тухайн өдөр гуравдагч этгээдтэй хамт ариутгал хийсэн нэр бүхий иргэдийг “Б *****” УТҮГ-ын дэргэдэх үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комиссын 2020 оны 02 дугаар сарын 06, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрүүдийн актаар тус тус хурц хордлогод тооцсон атлаа, гуравдагч этгээдийг хурц хордлогын байдал тогтоогдоогүй гэжээ.
7.Дээрхээс дүгнэвэл гуравдагч этгээдийг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажлын байрандаа ариутгалын ажлыг хийж гүйцэтгэх явцдаа /Superkill, likon нэршилтэй/ химийн бодист хордсон, Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1.1 дэх заалтыг үндэслэн комиссын шийдвэр гаргах үндэслэлтэй гэж дүгнэсэн хариуцагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Учир нь тухайн /Superkill, likon нэршилтэй/ химийн бодисууд нь ямар орц, найрлагатай, мөн бодисууд нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн А/356/396 дугаар хамтарсан тушаалаар баталсан Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамаарах эсэхээс үл хамаарч химийн бодис гэдэг нь тодорхой бөгөөд уг бодисын үйлчлэлийн улмаас гуравдагч этгээд нь ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа хордсон болох Цэргийн төв эмнэлгийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны 325 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Ш.Э********гийн өвчний түүх, мөн эмнэлгийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 225 тоот албан бичгээр ирүүлсэн өвчтөний оношны талаар лавлагаа зэргээр тус тус нотлогдож байх тул дээрх үндэслэлээр дүгнэлт бичсэн хариуцагчийн дүгнэлт хуульд нийцжээ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон
1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10, 29 дүгээр зүйлийн 29.4.2, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т тус тус заасныг баримтлан “Биокомбинат” Улсын төсөвт үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч З.Мөнхтуулд холбогдох Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч З.Мөнхтуулын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01-06-079/126 дугаар хурц хордлогын дүгнэлтийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ