Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2026/0012

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        “Э” ХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 120/ШШ2025/0019 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

 

Шүүх бүрэлдэхүүн:

 

Шүүх хуралдааны даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

 

Нэхэмжлэгч: “Э” ХК

Хариуцагч: Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Б

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г

Шүүх хуралдааны оролцогчид:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц

Хариуцагч Н.Б

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д

 

Хэргийн индекс: 120/2025/0015/З

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 120/ШШ2025/0019 дүгээр шийдвэрээр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4,  33 дугаар зүйлийн 33.2.5 дахь хэсэгт заасныг баримтлан “Э” ХК-ийн “Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 07/27-02/129/03 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

2.1. ... Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д “хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол” гэж тодорхойлсон.

2.2. Мөн Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно” гээд, 2.1.4-д “ажилтан ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа ажлын байрандаа амрах, багаж хэрэгсэл эмхэлж цэгцлэх, хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед амь насаа алдсан бол тус тус үйлдвэрлэлийн осол” гэж үзэхээр тус тус заасан.

2.3. Түүнчлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна” гэж заасан.

2.3.1. Дээрх хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэж, Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын улсын ахлах байцаагчийн актын хэвээр үлдээж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

2.3.2. Учир нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд “үйлдвэрлэлийн осол” гэж ямар зохицуулалтыг ойлгох талаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй тухай хуульд тодорхой хуульчилж өгсөн байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 9 дэх хэсэгт “... ажлын байрандаа амарч байх үед биеийн байдал муудаж, улмаар нас барсан ... нэхэмжлэгч үйлдвэрлэлийн ослыг үйлдвэрлэлийн хүчин зүйлс байхаар тайлбарлаад, бусад хими, физик, биологи, нийгэм, сэтгэл зүйн талын хүчин зүйлс өвчлөлд нөлөөлсөн байж болзошгүй болохыг судлаагүй ...” гэх тайлбар үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй байна.

2.4.1. Учир нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3-т “"хөдөлмөрийн эрүүл ахуй" гэж хөдөлмөрлөх явцад хими, физик, биологийн хүчин зүйлээс шалтгаалан хүний бие махбодь, мэдрэл сэтгэхүйд өөрчлөлт орж өвчлөх, хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг” гэж тодорхой тусгасан байхад уг хуулийн 3.1.20-д заасан үндэслэлд хамааруулан тайлбарласан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

2.4.2. Тодруулбал хуульд заасан хоёр өөр төрлийн зүйлийг нэг ойлголт мэтээр тайлбарласан гэж үзэж байна.

.5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 10 дахь хэсэгт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан ажил олгогчийн урьдач нөхцөлүүдийг тусгасан, ажлын байранд тавигдах шаардлагыг тодорхойлсон, ажил олгогчийн хуулиар хүлээсэн үүргийг тодорхойлсон заалтыг үндэслэн ажил олгогчийг үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комисс ажиллуулаагүй мэтээр дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй байна. Ажил олгогчийн комиссын зүгээс үйлдвэрлэлийн осол мөн үзээгүй талаарх баримтуудыг хавтаст хэрэгт авагдсан байдаг.

2.6. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс холбогдох хууль, дүрэмд заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэж буй шиг Хөдөлмөрийн улсын ахлах байцаагчийн хуулиар олгосон чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд маргаан бүхий акт гараагүй гэсэн үндэслэлээр маргаагүй байхад анхан шатны шүүхээс дүгнэлт хийсэн нь өрөөсгөл ойлголт гэж үзэж байна.

2.7. Иймд Өмнөговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 120/ШШ2025/0019 дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

          ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байх боловч тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон техникийн алдаа гаргасан байх тул зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхилоо.

2. Нэхэмжлэгч “Э” ХК-аас “Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 07/27-02/129/02 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Уг дүгнэлтээр “... Өмнөговь аймаг дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Эмгэг судлалын шинжилгээний №ХШБОЭТ-14. 2024 он протоколоор “Үхлийн шалтгаан: Зүрхний цочмог дутагдал” гэх шалтгаанаар Ч.Гт нь “Э” ХК-ийн амрах байранд биеийн байдал муудан, улмаар нас барсан нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.4 дэх заалт (ажилтан ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа ажлын байрандаа амрах, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх, хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед)-д тохиолдолд хамаарч байх тул хянан баталгаажуулах дүгнэлт үйлдэв ...” гэжээ.

4. Анхан шатны шүүх “ ... хариуцагчийн ажлын байрандаа амарч байх үед биеийн байдал муудаж, улмаар нас барсан ... нэхэмжлэгч нь үйлдвэрлэлийн ослыг зөвхөн үйлдвэрлэлийн хүчин зүйлс байхаар тайлбарлаад, бусад хими, физик, биологи, нийгэм, сэтгэл зүйн талын хүчин зүйлс өвчлөлд нөлөөлсөн байж болзошгүй болохыг судлаагүй гэх тайлбар үндэслэлтэй, нэхэмжлэгч “Э” ХК-ийн тайлбарлаж байгаачлан заавал ажлын байран дээрээ амь насаа алдсан тохиолдолд үйлдвэрлэлийн осолд тооцох ёстой гэж үзэх үндэслэлгүй, харин ... тухайн тохиолдолд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комисс ажиллуулан, ослын шалтгаан нөхцөлийг судлан бүртгэх үүрэгтэй байсан ... “ гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

4.1. Учир нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй...” гэж заасныг хэрэгжүүлээгүй байна.

4.2. Нэхэмжлэгч “Э” ХК-ийн компанийн ажилтан Ч.Гт нь Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Г суманд очиж уртын ээлжид ажиллаж байхдаа нэхэмжлэгч компанийн хяналтад байдаг ажилтнуудын амрах байранд 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажил гүйцэтгэж ирсний дараа бие нь өвдөж, эмнэлгийн тусламж авсан боловч нас барсан явдал тохиолдсон байна.

4.3. Тухайн өдөр нэхэмжлэгч “Э” ХК-ийн байгуулсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх байнгын комисс нь Улаанбаатар хотод хуралдаж, “... Ч.Гт нь ажлын байранд биш, амрах байранд байхдаа өвдсөн, эмнэлэгт хагалгаанд орж байхдаа нас барсан” гэх үндэслэлээр “үйлдвэрлэлийн осол” биш гэж шууд үзэж, улмаар судлан бүртгэх ажиллагаа явуулаагүй, мэргэжлийн хяналтын байгууллагад хянуулаагүй нь дээрх хуулийн заалтыг зөрчжээ.

4.4. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “"ажлын байр" гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байр”-ыг ойлгохоор заасан.

4.5. Ажилтан Ч.Гт нь ажил үүрэгтэйгээ холбоотойгоор өөрийн оршин суух газраас өөр, ажил олгогчийн шууд хяналтад байдаг Өмнөговь аймгийн Г суманд ажлаа гүйцэтгэхээр хүрэлцэн очиж байрлаж байсан, ажил олгогчийн хяналтад байдаг амрах байранд энэхүү явдал тохиолдсон байх тул дээрх хуулийн заалтын дагуу “ажлын байр”-нд болсон “үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тохиолдол” гэж үзэж ажил олгогч нь мөн хуулийн 29.2-т заасныг хэрэгжүүлэн, Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн /цаашид Дүрэм гэх/ -ийн дагуу Комисс судлан бүртгэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй байна. 

4.6. Гэтэл нэхэмжлэгчийн байгуулсан Комисс нь Дүрмийн 4.1, 4.2-т заасан “нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, судалж бүртгэх үйл ажиллагааг эхлүүлэх, гэрч, бусад этгээдээс тайлбар мэдээлэл авах, баримттай танилцах...” зэрэг эрх, үүргийнхээ дагуу тухайн газар дээр нь очиж тухайн өдөр ажилтны биеийн байдал яагаад муудсан, өмнө эмнэлэгт үзүүлж, эм авч уугаад ажлаа гүйцэтгэсэн гэх ажилтны ар гэрийн гомдолд дурдсан нөхцөл байдлыг шалгасны үндсэн дээр “үйлдвэрлэлийн осол” биш болохыг тогтоогоогүй байна.

4.7. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон давж заалдах гомдолд хариуцагчийг буруутгаж буй “хуулийн 3.1.20-д заасны дагуу “үйлдвэрлэлийн хүчин зүйлс нөлөөлсөн эсэх эсхүл бусад хими, физик, биологи, нийгэм, сэтгэл зүйн талын хүчин зүйлс нөлөөлсөн эсэхийг тогтоогоогүй ...” гэснийг эхлээд ажил олгогчийн байгуулсан Комисс өөрөө тогтоох үүрэгтэй байна.

4.8. Харин комисс нэгэнт тогтоогоогүй байхад хариуцагч улсын байцаагч нь ажилтны ар гэрээс гарсан гомдлын дагуу мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:  ... 33.2.5.үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдалд хяналт тавих, энэ хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар дүгнэлт гаргах” гэж заасны дагуу “үйлдвэрлэлийн осол” мөн эсэхийг шалган тогтоох үүрэггүй” гэх шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг зөв гэж үзэхээргүй байна

4.9. Учир нь Хуулийн зорилго болон 3 дугаар зүйлийн 3.1.1."хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй" гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засаг, зохион байгуулалт, техник, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн арга хэмжээ авах, эмчлэх, сувилах, нөхөн сэргээх, эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг;

3.1.3."хөдөлмөрийн эрүүл ахуй" гэж хөдөлмөрлөх явцад хими, физик, биологийн хүчин зүйлээс шалтгаалан хүний бие махбодь, мэдрэл сэтгэхүйд өөрчлөлт орж өвчлөх, хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг;

3.1.20."үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг; ойлгохоор тус тус зааснаас үзвэл “ажлын байр”-нд болсон тохиолдол гэх ойлголт нь дангаараа “үйлдвэрлэлийн осол” мөн болохыг тодорхойлохгүй, харин ажлын байранд хамаарах газарт болсон ажилтны өвчилсөн, нас барсан шалтгаанд ямар хүчин зүйл нөлөөлснийг шалгаж тогтоосны үндсэн дээр үйлдвэрлэлийн осол мөн эсэхэд дүгнэлт гаргахаар байна.

5. Гэвч хариуцагч нь хэдийгээр ийм тайлбар өгсөн ч эмнэлгийн баримтууд холбогдох баримт бичгийг шалгасан байх ба нэхэмжлэгч нь өөрөө нотлох баримт цуглуулж, ажилтны амрах байрандаа өвдөж, эмнэлэгт нас барсан явдалд ямар нэгэн үйлдвэрлэлийн хүчин зүйл нөлөөлөөгүй талаар тогтоогоогүй, гуравдагч этгээдийн гомдолд дурдсан “... 3 хоногийн өмнөөс зүрхээр өвдөөд эмнэлэгт үзүүлж эм авч уугаад ажилдаа гарсан гэж гэр рүүгээ утсаар ярих үедээ хэлж байсан ...” гэх тайлбар, хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Г сумын эрүүл мэндийн төвийн Яаралтай тусламжийн хуудас, эмнэлгийн картад тэмдэглэгдсэн Эмчийн үзлэгийн хэсэгт  “2025.11.04-ний өдрийн 11:50 цагт ... Асуумжаас: 2 хоногийн өмнөөс зовуурь эхэлсэн панангин, кардиомагнил хэрэглэсэн. Өнөөдөр өглөө зовуурь ихэсэж кемпийн эмч нарт хэлж эмчилгээ хийлгэн ... эмнэлэгт үзүүлж байгаа гэнэ” гэж тэмдэглэсэн /хэргийн 188 дугаар талд/, нэхэмжлэгч талаас энэ талаар няцаасан баримт буюу ажилтан 2 өдрийн өмнөөс өвдсөн атлаа эм уугаад ажлаа гүйцэтгэсээр байсныг үгүйсгэх баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байна.

6. Үүнээс үзвэл хариуцагч улсын байцаагчийн дүгнэлтийг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй, анхан шатны шүүхийг хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний болон маргаан бүхий актын дугаарыг алдаатай бичсэн зэргийг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 120/ШШ2025/0019 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “тухай тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4, 33 дугаар зүйлийн 33.2.5 дахь хэсэгт заасныг баримтлан ... 07/27-02/129/03 ...”  гэснийг “тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.9, .3.1.20, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.4, 33 дугаар зүйлийн 33.2.5-д заасныг баримтлан ... 07/27-02/129/02 ...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Э” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

   ШҮҮГЧ                                                            Э.ЛХАГВАСҮРЭН

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БААТАРХҮҮ

 

   ШҮҮГЧ                                                            С.МӨНХЖАРГАЛ