Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2020/00542

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш.Э

Хариуцагч: Б.Э

Зээлийн гэрээний үүрэгт 23,870,640 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа, хариуцагч Б.Э, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Пүжидмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: Ш.Э миний бие 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ******* Э 137,000 юанийн зээл авах тухай хүсэлт гаргасны дагуу хүү алдангигүй, барьцаагүй, 1 сарын хугацаатай зээлдүүлэхээр аман гэрээ байгуулан 137.000 юань буюу 48,870,640 төгрөгийг "*******" ББСБайгуулагаар дамжуулан юанийн шилжүүлгээр Б.Эын 62284 8008 68566 61177 тоот дансанд шилжүүлж зээлдүүлсэн.

Гэтэл Б.Э нь 137,000 юань хүлээн авснаас хойш 1 сарын дараа буцааж надад төлөөгүй бөгөөд удаа дараа нэхэж шаардсаны эцэст 2018 оны 4 сард 10,000,000 төгрөг. 9 сард 15,000,000 төгрөгт тооцон ******* улсын дугаартай Приус-30 маркийн автомашиныг хүлээлгэн өгсөн бөгөөд үлдэгдэл 23,870,640 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Миний бие Б.Эаас үлдэгдэл 23,870,640 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна.

Мөн 137,000 БНХАУ-ын юанийг 2017.03.26-ны өдрийн Монгол банкны хаалтын ханшаар 1 юанийн төгрөгтэй харьцах ханш буюу 356.72 төгрөгөөр үржүүлж 48,870,640 төгрөг хэмээн тооцоолсон болно. Иймд Б.Эаас 23,870,640 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй.

Би 2017 оны 03 дугаар сард *******-ийн эзэн)-т 137,000 юанийг зээлдэх тухай хүсэлт гаргаж улмаар харилцан тохиролцсоны үндсэн дээр 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлд дурдсан буюу түүний харьяаллын ББСБ-аар дамжуулан өөрийн дансанд шилжүүлэн авсан. Гэтэл нэхэмжлэлд Ш.Этэй хэлцэл хийсэн мэтээр дурдсан байгаа нь үндэслэлгүй юм. ******* бид хоёр 2017 оны 03 дугаар сард харилцан тохиролцохдоо 137,000 юанийг 1 жилийн хугацаанд багтаан хэсэгчлэн төлж барагдуулахаар аман гэрээ байгуулсан нь үнэн болно. Гэтэл нэхэмжлэлд “1 сарын хугацаатай” гэж дурдсан байгаа нь үндэслэлгүй юм.

Би Р.Базартай 2017 оны 06 сард түүний харьяаллын “*******” ХХК-д төлбөртэйгөөр ажиллах (аливаа татвар, хураамжгүй) тухай амаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Тус хэлцэлд би дээрх компанийн зарим нэгэн ажил үүргийг 90 хоногийн хугацаатай гүйцэтгэх бөгөөд хэлцлийн нийт үнийн дүн нь үүргийн гүйцэтгэл, ажлын бүтээмжийг харгалзалгүйгээр тооцогдох буюу энэхүү хөлсийг өмнө зээлсэн мөнгөн хөрөнгөнөөс суутгах талаар аман гэрээ байгуулсан юм. Энэхүү хэлцлийг байгуулснаар өмнөх гэрээний нөхцөлд өөрчлөлт орж шинээр гэрээ байгуулагдсан атал нэхэмжлэлд огт дурдаагүй байгаа нь үндэслэлгүй болно.

2017 оны 07 дугаар сард Р.Базар бид хоёр дахин аман гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу миний 90 хоногийн ажлын хөлснөөс урьдчилгаа болгон 3,000,000 төгрөгийг бэлнээр надад өгсөн. Мөн 2017 оны 03 дугаар сард зээлсэн 137,000 юань буюу 48,870,640 төгрөгөөс би 25,0000 төгрөгийг 2018 онд багтаан бэлнээр, хэсэгчлэн төлөх ба үлдэгдлийг миний 90 хоногийн ажлын хөлсөнд тооцон барагдуулахаар харилцан тохиролцсон юм. Иймд нэхэмжлэлд дурдсан “23.870.640 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна” гэсэн нь үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн үнийн дүн болох 23.870.640 төгрөгийг өгөхөөс бүхэлд нь татгалзаж байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Э, хариуцагч Б.Эт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,870,640 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй гэх тайлбарыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч, ******* ББСБ ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 87 тоот тодорхойлолтод дурдсаныг үндэслэл болгон хариуцагчид 137,000 юань буюу 48,870,640 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зээлдүүлж, зээлээс 25,000,000 төгрөгийг буцаан авч 23,870,640 төгрөгийг шаарджээ.

Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг харьцуулан үнэлээд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ хангалттай нотлоогүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан ******* ББСБ ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 87 тоот тодорхойлолт нь нэхэмжлэгч 137,000 юанийг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хариуцагчид шилжүүлж гүйлгээ хийснийг нотолсон баримт байх ба харин уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч, хариуцагчид шилжүүлснээр зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэнийг нотлохгүй байна.

Зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа хэрхэн үүссэн, хүсэл зоригийн илэрхийлэл байсан эсэх шалтгаанаа нэхэмжлэгч шүүхэд бодитой тайлбарлаагүйн зэрэгцээ ******* ББСБ ХХК-иар дамжуулан хариуцагчид мөнгө шилжүүлсэн баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжтой ч гаргаж өгөөгүй нь нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг тодорхой бус гэж үзэхэд хүргэж байна.

 Шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн ******* “Ш.Эгээс сонсоод Б.Эын Ш.Эд мөнгө өгөх ёстой зээлийн мөнгийг авч өгсөн, Ш.Э, Б.Эт мөнгө зээлдүүлсэн, дамжуулсан эсэхийг мэдэхгүй” гэж мэдүүлснээс үзэхэд нэхэмжлэгч, хариуцагчид 137,000 юань буюу 48,870,640 төгрөг зээлдүүлснийг шууд нотлоогүй, нэхэмжлэгчээс сонссон мэдээлэлд үндэслэн “зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн” болохыг гэрчилжээ. Иймд гэрч *******гийн мэдүүлгийг зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэнийг шууд нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн шүүхийн журмаар ******* гэрчээр асуусан ба нэхэмжлэгч 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр М.Адъяахүүд итгэмжлэл олгож, тэрээр нэхэмжлэлийг гаргажээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8.1-д заасныг зөрчин ******* гэрчээр асуусан нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар *******ийн мэдүүлэг гэрчийн мэдүүлгээр үнэлэгдэхгүй тул шүүхийн шийдвэр үндэслэл болохгүй.

Нэхэмжлэлээ нотолсон баримтыг бүрдүүлэх, нотлох үүргийн хуваарилалт зээлийн гэрээний үүргийн хувьд нэхэмжлэгчид эхэлж ногдох ба хариуцагчид холбогдуулан 23,870,640 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу үндэслэл бүхий байдлаар, хангалттай нотлоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б.Эаас 23,870,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,203 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Э.ЭНЭБИШ