Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2020/00706

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Х

Хариуцагч: О.Н

1,468,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүжидмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Х би О.Нт 2019.09.25-нд 1,000,000 төгрөгийн ******* буюу бэрийн дансанд 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Цаад хугацаа 3 хоног буюу 2019.09.28-нд  өгье гэж авсан. Мөн 2019.08.15-нд адидас брендийн куртик 300,000 төгрөгөөр, юникло цамц 40,000 төгрөг, эм юникло өмд  55,000 төгрөг, юникло оффис цагаан цамц 45,000 төгрөг, юникло фудволк 28,000 төгрөгөөр авсан. Нийт 468,000 төгрөгийн эд зүйлс, дансаар 1,000,000 төгрөг авсан одоог хүртэл өгөхгүй алга болсон. Ингээд нийт 1,468,000 төгрөгийг О.Нээс гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Х, хариуцагч О.Нт холбогдуулан 1,468,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байна.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч, хариуцагчаас 1,000,000 төгрөг болон хариуцагчид худалдсан гэх эд зүйлийн үнэ 468,000 төгрөг, нийт 1,468,000 төгрөгийг нэхэмжилжээ. Нэхэмжлэгч Капитрон банкин дахь ******* дипозит дансны хуулгыг баримтаар гаргаж 2019.09.19-ны өдрийн 1,000,000 төгрөгийн гүйлгээг хариуцагчийн бэр гэх Тумаагийн дансанд шилжүүлсэн, 468,000 төгрөгийн хувцас авсан боловч баримт үйлдээгүй гэж шүүх хуралдаанд тайлбарласан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг бодит байдалд нийцсэн, үнэн зөв тайлбар гаргасан гэж үзлээ.

Хариуцагч мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлаа үндэслэл бүхий байдлаар, баримтаар нотлоогүй, энэ талаархи тайлбар, хүсэлт, нотлох баримтыг шүүхэд гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхтэй оролцож татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй болон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг эсэргүүцээгүй, нэхэмжлэлийн үндэслэлтэй маргаагүй гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн дээр дурдсан тайлбар, баримтаас үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар 1,000,000 төгрөгт холбогдох харилцаанд зээлийн гэрээний харилцаа, хариуцагчид худалдсан гэх эд зүйлийн үнэ 468,000 төгрөг нэхэмжилсэн харилцаанд мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Иймд хариуцагч зээлийн болон худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй, татгалзлаа шүүхэд нотлоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч О.Нээс 1,468,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Хд олгож шийдвэрлэв.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг түүний ******* дугаарт 2020.02.14-ны өдөр мэдэгдсэн, түүний шүүхэд мэдүүлсэн хаягаар товыг хүргүүлсэн боловч тус хаягт хариуцагч оршин суудаггүй тухай шуудангийн лавлагааг шүүхэд ирүүлжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.8-д зааснаар хариуцагч оршин суугаа хаягаа шүүхэд үнэн зөв мэдүүлээгүй, ******* дугаараар дамжуулан товыг хүлээн авсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзнэ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч О.Нээс 1,468,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Хд олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,630 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч О.Нээс 38,630 төгрөг нөхөн гаргуулан нэхэмжлэгч Б.Хд олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Э.ЭНЭБИШ