| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2023/0340/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/367 |
| Огноо | 2023-10-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.А |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/367
2023 10 20 2023/ШЦТ/367
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Г.А,
хохирогч П.Э, М.М,
шүүгдэгч П.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч П.Э-д холбогдох эрүүгийн 2325000000350 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, П.Э
Шүүгдэгч П.Э нь;
2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 05-14 тоотод хохирогч П.Э-т “...“Э” ТӨХК-д төмөр замчнаар ажилд оруулж өгнө, та хурдан мөнгө олоод өгчих, би цаашаа өөр хүнд мөнгийг дамжуулж өгөөд ажилд оруулах талаар чинь ярих гэж байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Т.Д-н эзэмшлийн Хаан банкны данснаас иргэн Ө.С эзэмшлийн Хаан банкны дансанд 3.000.000 төгрөг шилжүүлэн авч, залилсан,
мөн үргэлжилсэн үйлдлээр, “Э” ТӨХК-д ажилд оруулж өгнө” гэж хохирогч М.Мөнх-Эрдэнийг хуурч, 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банк дахь дансаар 3.500.000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Ө.С эзэмшлийн Хаан банк дахь дансаар 3.500.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сард 700.000 төгрөг нийт 7.700.000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан гэмт хэргүүдэд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч П.Э“...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогч нараас мөнгө авсан нь үнэн, цалингийн зээл авч хохирлуудыг төлнө.” гэв.
хохирогч П.Э “...2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д ажилд орохоор Т.Дуламын эзэмшлийн Хаан банкны данснаас П.Э эхнэр Ө.С Хаан банкны дансанд 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Анх мөнгө өгөхдөө Эрдэнэбатад “кредит картнаас мөнгө авлаа шүү” гэдгээ хэлж байсан, өнөөдрийг хүртэл энэ мөнгөө төлж чадахгүйгээс болоод эмчилгээнд явж чадахгүй болж, мөн Монгол банкны чанаргүй зээлдэгч болсон, надад 1.125.000 төгрөг өгсөн боловч хүү, алдангидаа тооцогдсон. Иймд анх өгсөн 3.000.000 төгрөгөө гаргуулж авмаар байна.” гэв.
хохирогч М.М“...анх “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д ажилд оруулж өгнө.” гэхээр нь 7.700.000 төгрөг өгсөн, мөнгөгүй болчихоод 200.000 төгрөг нэг удаа авч байсан, одоо үлдсэн 7.500.000 төгрөгөө гаргуулж авмаар байна.” гэв.
Хохирогч М.М-г залилсан хэргийн тухайд;
мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч М.М “...2021 оны 5 дугаар сард Булган аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд хамт сурч байсан Түвшинтөгс гэх найзтайгаа утсаар яриад “ажилд ормоор байна, ажилд оруулах хүн байна уу” гэж асуухад Түвшинтөгс “манай нэг танил дүү байгаа, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д ажилладаг” гээд утасны дугаарыг нь өгсөн. ...2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр над руу залгаад “тал мөнгөө шилжүүлчих” гээд дансаа өгсөн, би дансны дугаарыг ээж Түвшинжаргал руу явуулаад ээжээс 3.500.000 төгрөг зээлж Эрдэнэбат руу явуулсан, дараа нь 2022 оны 6 дугаар сарын 22-ны үеэр залгаад “үлдэгдэл мөнгөө явуулчих, ажилд орох гээд байна” гэхээр нь ээж рүү яриад 3.500.000 төгрөг авч явуулсан. Би тухайн үед Баянхонгор аймагт ажиллаж байсан ба намайг дуудуулсан, ажлаасаа гараад очих үед ажилд оруулаагүй, “удахгүй оруулна” гэсэн. 2022 оны 9 дүгээр сард над руу залгаад “мэргэжлийн үнэмлэхийн мөнгөө явуулчих” гээд 700.000 төгрөг авсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 19 дэх тал/,
гэрч П.Т “...2021 оны 6 дугаар сард хүү Мөнх-Эрдэнэ “нэг хүн намайг “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д ажилд оруулж өгье гэж байна, мөнгө хэрэгтэй байна 7.000.000 төгрөг өгчих тэгвэл ажилд оруулаад өгье гэж байна.” гэж хэлэхээр нь хүү Мөнх-Эрдэнийг ажилд оруулж өгнө гэсэн хүний утас руу ярьсан чинь өөрийгөө “Эрдэнэбат гэдэг, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д ажилладаг, асуудалгүй “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д ажилд оруулж өгнө” гэж хэлсэн. Тухайн үед би “эхлээд тал мөнгийг нь, үлдэгдлийг нь ажилд оруулж өгсний дараа өгье” гэж хэлсэн. Ингээд би Эрдэнэбат гэх залуугийн данс руу нөхөр Мөнхсайханы данснаас хоёр удаагийн гүйлгээгээр 3.500.000 төгрөг шилжүүлсэн. ...Нэг өдөр Эрдэнэбат нь хүү Мөнх-Эрдэнээс “бичиг баримтыг чинь цэгцлэх гэж байна, 700.000 төгрөг хэрэгтэй байна.” гэхээр нь Мөнх-Эрдэнэ өөрийнхөө данснаас 700.000 төгрөг шилжүүлсэн байсан. Энэ хугацаанд Эрдэнэбат “ажилд оруулж өгнө, хөөцөлдөж байна, удахгүй бүтнэ” гэж явсаар байгаад нилээдгүй хугацаа өнгөрсөн. ...2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Эрдэнэбат хүү Мөнх-Эрдэнэ рүү яриад “ажилд орохоор боллоо, үлдэгдэл мөнгөө шилжүүлчих тэгээд наашаа хүрээд ир” гэж хэлсэн, энэ үед би түүнд итгэж 3.500.000 төгрөгийг Сайхан сумын Хаан банкинд очиж Эрдэнэбатын эхнэрийн Сондор гэх данс руу шилжүүлсэн. Хүү Мөнх-Эрдэнэ ажлаасаа гараад Орхон аймагт очсон боловч ажилд оруулаагүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 21 дэх тал/,
П.Э яллагдагчаар өгсөн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөнх-Эрдэнийг “ажилд оруулж өгнө” гэж мөнгө аваагүй, мөнгө зээлж авсан. Мөнгө авсны дараа 2022 оны 11 дүгээр сард Мөнх-Эрдэнэ намайг дуудаж Хүрэнбулаг баг “Оргил” гэх бичиг хэргийн дэлгүүрээс зээлийн гэрээний бэлдэц авч, хуучин мобиком байрладаг байсан байрны В1 давхарт байрлах “Бокс” караоке дотор зээлийн гэрээ байгуулж, бичгийн цаасан дээр би Мөнх-Эрдэнээс мөнгө зээлж авсан нь үнэн гэж бичиж өгч байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 8 дахь тал/,
Т.Т “...миний хүү М.Мөнх-Эрдэнийг “...“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д ажилд оруулж өгнө” гэж хэлээд 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн хооронд нийт 7.700.000 төгрөгийг Эрдэнэбат гэх залуу авч залилсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 12 дахь тал/,
түүний өргөдөл /1 дэх хавтаст хэргийн 13 дахь тал/,
өргөдөлд хавсаргасан Хаан банкны баримтууд /1 дэх хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
Ө.Сондор эзэмшигчтэй Хаан банкны данс руу 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 3.500.000 төгрөгийг “М.Мажил” гэх утгаар шилжүүлсэн дансны хуулга /1 дэх хавтаст хэргийн 82 дахь тал/ зэрэг,
Хохирогч П.Э-ыг залилсан хэргийн тухайд;
мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч П.Э-ын “...би 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Рашаант баг 05-14 тоот гэртээ байж байтал манай хөрш айлын П.Эгэх залуу ирээд “таныг ажилд оруулаад өгье, 3.000.000 сая төгрөг өгчих” гэж хэлсэн, ...намайг “... “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д төмөр замчнаар ажилд оруулж өгнө, та хурдан мөнгө олоод өгчих, би цаашаа өөр хүнд мөнгийг чинь дамжуулж өгөөд ажилд оруулах талаар чинь ярих гэж байна” гэж хэлсэн, тэр оройдоо 18 цаг 30 минутад Хүрэнбулаг баг Хаан банкны салбарын урд Эрдэнэбатын дансанд 3.000.000 төгрөг шилжүүлж өгсөн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 144-145 дахь тал/,
“...Би 3.000.000 төгрөгийг анх бол “мөнгө зээлэх боломжтой байна уу, мөнгөний яаралтай хэрэглээ гарсан” гэхэд нь аав, ээжийг нь таньдаг болохоор зээлүүлсэн, ... яг мөнгө өгөх үедээ Эрдэнэбат гэх залуугаас “ах нь эхнэрийгээ ажилд оруулчихмаар байна, чи өөрийнхөө ажилладаг газрын хүмүүсээс асуугаад болохоор бол ах нь энэ өгч байгаа мөнгөө буцааж авахгүй.” гэж санал тавьсан, ...“би таньд асууж өгье” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 147 дахь тал/,
гэрч Т.Д-н “...нөхөр Э хөрш айлын...Эрдэнэбат гэх залуутай уулзаж ярьж байхдаа “гэрээсээ хол ажиллах хэцүү байна, Орхон аймагтаа ажилд ормоор байна.” гэж ярьж байсан гэсэн, гэтэл тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа Эрдэнэбат гэх залуутай таараад дахиж “...“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д юм уу, “Э”-т ажилд орох хүсэлтэй байгаа” талаараа ярихад Эрдэнэбат “би таныг “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д ажилд оруулаад өгч болно шүү дээ” гэж хэлсэн талаар манай нөхөр надад хэлж байсан. Эрдэнэбат гэх залуу намайг “...“Э” ТӨХК-д ажилд оруулаад өгье, та надад 6.000.000 төгрөг өгчих, одоо тал 3.000.000 төгрөгийг нь өгчих, үлдсэн 3.000.000 төгрөгийг ажилд орсны дараа өгчих” гэж хэлсэн байсан. ...нөхөр бид хоёр ярилцаад Хаан банкны кредит картаас 3.000.000 төгрөг зээлээр авсан, тэгээд Эрдэнэбаттай ярихад бид хоёрыг Уурхайчин багийн 22 дугаар байрны гадна байхад хүрээд ирсэн. ...өөрийнхөө данс руу 3.000.000 төгрөг шилжүүлүүлсэн, ингэхдээ “гүйлгээний утгыг нь Эрдэнэбатад зээлэв гэж хийгээрэй” гэж захиж, хэлж байгаад хийлгэсэн. Тэгээд тэр цагаас хойш ажилд оруулж өгөөгүй, авсан мөнгөө буцааж өгөхгүй байгаа.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 153-154 дэх тал/,
П.Э-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...тэр үед Хаан банкны интернет банк болон виза картгүй байсан учраас эхнэрийн данс руу мөнгө хийлгэсэн, ... Энхбаяр ахаас авсан 3.000.000 төгрөгийг би өөрөө захиран зарцуулсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 171-172 дахь тал/,
“...би П.Э-аас 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 3.000.000 төгрөгийг зээлж авсан, тухайн үед би гар утсаа барьцаалан зээлдүүлэх газарт тавьчихсан, мөнгөний хэрэгтэй байсан болохоор зээлж авсан. ...Би тухайн үед П.Э-тай уулзаад мөнгөний боломжтой эсэхийг нь асуухад “кредит картаас мөнгө авч өгье болно, тодорхой хэмжээний хүүтэй өгнө шүү” гэж хэлсэн, би “за, тэгье” гэж хэлээд П.Э болон түүний эхнэр Д нарын хамт 4-14 дүгээр байрны Хаан банкны экспресс банк ороод Дулам эгч бэлэн мөнгөний машинаас миний эхнэр Сондорын данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 216-217 дахь тал/,
гэрч Ш.З-н “...“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК нь хүнийг шинээр ажилд авахдаа станцын захирлын тушаалаар батлагдсан А/131 дугаартай журмыг баримталж, гүйцэтгэх захирал Бат-Эрдэнийн тушаалаар ажилтныг шалгаруулж авдаг. ...ер нь бол энгийн ажилтан хүнийг ажилд оруулах ямар ч боломж байхгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 156 дахь тал/,
П.Э-ын “...2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр зүс таних П.Эгэх залуу “ажилд оруулж өгнө” гэж 3.000.000 төгрөг залилсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 139 дэх тал/,
түүний өргөдөл /1 дэх хавтаст хэргийн 140 дэх тал/,
Т.Д-н эзэмшлийн Хаан банкны дансны хуулгад үзлэг хийсэн “...2021.03.06 ...5094756562...3.000.000...төгрөг гэсэн” тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 123 дахь тал/,
“...2021 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 18 цаг 23 минутад Хаан банкны 5094756562 дугаартай харилцах дансанд “Эрдэнэбатад зээлэв” гэсэн утга бүхий 3.000.000 төгрөгийн зарлага гарсныг нотлох Т.Д-н Хаан банкны дансны хуулга /1 дэх хавтаст хэргийн 124 дэх тал/,
Ө.Сондорын эзэмшлийн Хаан банкны дансанд 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 18 цаг 23 минутад “Эрдэнэбатад зээлэв” гэсэн утгаар 3.000.000 төгрөг орлогоор орсон тухай дансны хуулга /1 дэх хавтаст хэргийн 129 дэх тал/
Ө.Сондорын эзэмшлийн Хаан банкны данснаас 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 275.000 төгрөг, 1 дүгээр сарын 28-ны өдөр 300.000 төгрөг, 5 дугаар сарын 20-ны өдөр 250.000 төгрөг, 7 дугаар сарын 06-ны өдөр 300.000 төгрөгийг хохирогч П.Эын Хаан банкны 5690007853 дугаарын дансанд шилжүүлсэн тухай дансны хуулга /1 дэх хавтаст хэргийн 197-200 дахь тал/,
шүүгдэгч П.Э;
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 77 дахь/,
иргэний үнэмлэхний лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 37 дахь тал/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 42-55 дахь тал/,
Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Н.Амаржаргалын “...торгох ял шийтгүүлсэн П.Э нь манай байгууллагын хяналт, бүртгэлд авагдаагүй, шүүхээс хүлээн аваагүй болохыг мэдэгдье.” гэсэн 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 04/1180 дугаартай, мөн оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 04/1303 дугаартай албан бичгүүд /1 дэх хавтаст хэргийн 57 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 8 дахь тал/ зэрэг болно.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,
гэрч, хохирогч нараас, мөн П.Э-с сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч П.Э-г гэм буруутайд тооцох;
шүүгдэгч П.Э нь хохирогч Д.Э хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний эхнэр Т.Д эзэмшлийн Хаан банкны данснаас өөрийн эхнэр Ө.Сондорын эзэмшлийн Хаан банкны дансанд 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
шүүх хуралдааны үед өгсөн шүүгдэгч П.Э “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, ...хохирогч нараас мөнгө авсан нь үнэн, цалингийн зээл авч хохирлуудыг төлнө.” гэх,
хохирогч П.Э “...“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д ажилд орохоор Т.Д эзэмшлийн Хаан банкны данснаас П.Э эхнэр Ө.С Хаан банкны дансанд 3.000.000 төгрөг шилжүүлсэн.” гэх,
мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч П.Э-ын “...3.000.000 төгрөгийг анх бол “мөнгө зээлэх боломжтой байна уу, мөнгөний яаралтай хэрэглээ гарсан” гэхэд нь аав, ээжийг нь таньдаг болохоор зээлүүлсэн, “ах нь эхнэрийгээ ажилд оруулчихмаар байна, чи өөрийнхөө ажилладаг газрын хүмүүсээс асуугаад болохоор бол ах нь энэ өгч байгаа мөнгөө буцааж авахгүй.” гэж санал тавьсан, ...“би таньд асууж өгье” гэж хэлсэн.” гэх,
гэрч Т.Д “...Эрдэнэбат “би таныг “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д ажилд оруулаад өгч болно шүү дээ” гэж хэлсэн талаар манай нөхөр надад хэлж байсан. Эрдэнэбат гэх залуу намайг “...“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д ажилд оруулаад өгье, та надад 6.000.000 төгрөг өгчих, одоо тал 3.000.000 төгрөгийг нь өгчих, үлдсэн 3.000.000 төгрөгийг ажилд орсны дараа өгчих” гэж хэлсэн байсан.” гэх,
П.Э сэжигтнээр өгсөн “...Энхбаяр ахаас авсан 3.000.000 төгрөгийг би өөрөө захиран зарцуулсан.” гэх,
гэрч Ш.З “...“Э” ТӨХК нь хүнийг шинээр ажилд авахдаа станцын захирлын тушаалаар батлагдсан А/131 дугаартай журмыг баримталж, гүйцэтгэх захирал Бат-Эрдэнийн тушаалаар ажилтныг шалгаруулж авдаг.” гэх мэдүүлгүүдээр,
П.Э-ын “...2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр зүс таних П.Э гэх залуу “ажилд оруулж өгнө” гэж 3.000.000 төгрөг залилсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл, Т.Д-н эзэмшлийн Хаан банкны дансны хуулгад үзлэг хийсэн “...2021.03.06...5094756562... 3.000.000 төгрөг гэсэн.” тэмдэглэл, Т.Д, Ө.С нарын Хаан банкны дансны хуулгууд зэрэг,
үргэлжилсэн үйлдлээр, хохирогч М.М хуурч 7.700.000 төгрөгийг шилжүүлэн шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
шүүх хуралдааны үед өгсөн шүүгдэгч П.Э “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, ...хохирогч нараас мөнгө авсан нь үнэн, цалингийн зээл авч хохирлуудыг төлнө.” гэх,
хохирогч М.М“...анх “Э” ТӨХК-д ажилд оруулж өгнө.” гэхээр нь 7.700.000 төгрөг өгсөн.” гэх,
мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч М.М “...2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр над руу залгаад “тал мөнгөө шилжүүлчих” гээд дансаа өгсөн, би дансны дугаарыг ээж Түвшинжаргал руу явуулаад ээжээс 3.500.000 төгрөг зээлж Эрдэнэбат руу явуулсан, дараа нь 2022 оны 6 дугаар сарын 22-ны үеэр залгаад “үлдэгдэл мөнгөө явуулчих, ажилд орох гээд байна” гэхээр нь ээж рүү яриад 3.500.000 төгрөг авч явуулсан.” гэх,
гэрч П.Т “...Эрдэнэбат гэх залуугийн данс руу нөхөр Мөнхсайханы данснаас хоёр удаагийн гүйлгээгээр 3.500.000 төгрөг шилжүүлсэн. ... Нэг өдөр Эрдэнэбат нь хүү Мөнх-Эрдэнээс “бичиг баримтыг чинь цэгцлэх гэж байна, 700.000 төгрөг хэрэгтэй байна.” гэхээр нь Мөнх-Эрдэнэ өөрийнхөө данснаас 700.000 төгрөг шилжүүлсэн байсан.” гэх,
П.Э яллагдагчаар өгсөн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөнх-Эрдэнийг “ажилд оруулж өгнө” гэж мөнгө аваагүй, мөнгө зээлж авсан.” гэх мэдүүлгүүд,
Т.Т “...миний хүү М.М “...“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д ажилд оруулж өгнө” гэж хэлээд 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн хооронд нийт 7.700.000 төгрөгийг Эрдэнэбат гэх залуу авч залилсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл, өргөдөлд хавсаргасан Хаан банкны баримтууд зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүх хуралдааны үед шүүгдэгч П.Энь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч П.Э үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Залилах гэмт хэргийн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр өөрийн болгохдоо эд хөрөнгийг нь буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр хохирогчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар хангагдах бөгөөд шүүгдэгч П.Эрдэнэбатын үргэлжилсэн үйлдлээр, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилсан үйлдлүүдэд нь Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзнэ.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,
шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаарх шүүгдэгч, хохирогч нарын болон гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд бусад нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд түүний гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүх шүүгдэгч П.Э дээрх үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдад зориуд хор уршиг учруулсан нь залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэл болох тул шүүгдэгчийг “үргэлжилсэн үйлдлээр, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч П.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч П.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх хуралдааны үед улсын яллагч “...шүүгдэгч П.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах.” гэсэн,
шүүгдэгч П.Э“хохирлыг бүрэн барагдуулах тул 1-3 насны хүүхдүүдтэй байдлыг харгалзан хөнгөн ял өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгч П.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн,
гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч П.Э нь урьд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 3.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байгаа боловч энэ хэрэг оролцогчдын гомдлоор Улсын дээд шүүхэд хянагдаж байгаа, хэрэг тус шүүхэд ирээгүй тул шүүх шүүгдэгчид оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэх эсэхийг шийдвэрлэх боломжгүй байна.
Шүүгдэгч П.Э-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Шүүгдэгч П.Э-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Эт 3.000.000 төгрөг, хохирогч М.Мөнх-Эрдэнэд 7.700.000 төгрөгийн хохирол учирсан болох тус тус тогтоогдсон бөгөөд шүүх хавтаст хэргийн 197, 198, 199, 200 дахь талуудад авагдсан банкны баримтуудад дүгнэлт хийж, өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн төлсөн гэх 275.000+300.000+250.000+300.000 төгрөг нийт 1.125.000 төгрөгийг 3.000.000 төгрөгөөс хасаж, 1.825.000 төгрөгийг хохирогч П.Эт,
харин хохирогч М.М шүүх хуралдааны үед өгсөн “...мөнгөгүй болчихоод 200.000 төгрөг нэг удаа авч байсан, одоо үлдсэн 7.500.000 төгрөгөө гаргуулж авмаар байна.” гэсэн мэдүүлгийг үндэслэн 7.500.000 төгрөгийг хохирогч М.Мөнх-Эрдэнэд тус тус олгохоор шийдвэрлэхэд,
шүүгдэгч нь хохирол, төлбөрийг төлөх хүсэлт гаргасан тул шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг ажлын 5 өдрийн хугацаагаар буюу 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10.00 цаг хүртэл хугацагаараар завсарлуулсан хугацаанд шүүгдэгч П.Э хохирогч П.Э-т 1.880.000 төгрөг, хохирогч М.М 3.120.000 төгрөг тус тус төлж барагдуулсан байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч П.Э-с нийт 4.380.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Мөнх-Эрдэнэд олгохоор шийдвэрлэх үндэслэлтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч П.Эт төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж, шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч П.Э Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч П.Э-г шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч П.Э шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч П.Э-с нийт 4.380.000 төгрөг гаргуулж хохирогч М.Мөнх-Эрдэнэд олгосугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч П.Э-т төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ