| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2023/0361/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/375 |
| Огноо | 2023-10-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/375
2023 10 25 2023/ШЦТ/375
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Т.Д,
шүүгдэгч Г.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Г.Б-д холбогдох эрүүгийн 2325000000456 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Г.Б
Шүүгдэгч Г.Бнь;
2023 оны 9 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг эмчилгээний төвийн хажууд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр У.Б-г “...гар утсаа авсангүй, намайг шоронд хоригдоно гэхээр баярлаад байна уу” гэх зүйлээр маргаан үүсгэж, улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг; Гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Г.Б дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,
иргэн У.Б-н “...2023 оны 9 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын үед Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт манай нөхөр Г.Б намайг зодсон.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,
түүний өргөдөл /хавтаст хэргийн 8 дахь тал/,
аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 9-11 дэх тал/,
хохирогч У.Б-н “...гар утсаа ажлын газрын эгчийн машинд цэнэглээд үлдээчихсэн байсан, тэгсэн нөхөр над руу зөндөө залгасан байсан. ...Бид хоёр хадам аав, ээж хоёрынд хонох гээд явж байх замд миний толгой руу гараараа нэг удаа цохиж, хэсэг байж байснаа алгадаад, дараа нь зүүн гарын тохойгоороо миний уруул руу тохойлдож үүдэн шүдний нэг шүдийг унагаасан. Хоёр шүд хөдөлчихсөн унах гээд байна, ...намайг хардаад зодсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
“...машиндаа суугаад явж байх хугацаанд муудалцаж маргалдаад, нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж авсан, ...Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах БОЭТ-ийн ойролцоо толгой руу нэг удаа цохиж авсан, зүүн гар талд нь зэрэгцээд зогсож байхад гараа сунгаж байгаад ам руу цохисноос болж үүдэн шүдний зүүн талаасаа хоёр дахь шүд тэр дороо унасан, нөгөө гурван шүд хөдөлчихсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,
“...Миний сэтгэцэд ямар нэгэн хор уршиг илрээгүй тул надад нэхэмжлэх хохирол байхгүй, миний ажил, төрөл хэвийн үргэлжилж байгаа, ажил төрлийн бүтээмж буураагүй, ажил дээрээ бусадтай хэвийн харьцаатай. Нойр хоолонд ямар нэгэн асуудал гараагүй, уур бухимдал стресс алга.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,
гэрч Б.Э-н “...Батчимэг, Батцоож хоёр маргалдчихсан орж ирсэн, найз Батцоож архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, “би эхнэртэйгээ маргалдаад алгадчихлаа” гэж байсан, миний хажууд маргалдаж зодолдсон зүйл огт болоогүй. Би найздаа “яагаад чи эхнэртээ гар хүрсэн юм” гэж загнасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,
гэрч О.Л-н “...У.Батчимэг 2023 оны 9 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө нөхөртөө зодуулсан талаар маргааш нь мэдсэн, У.Батчимэг “нөхөртөө зодуулаад шүд уначихсан” гэж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,
яллагдагч Г.Б-н “...Орой 21 цагийн үед “Тамирын гурван чулуу” байрны арын зогсоол дээр байж байхад эхнэр залгаад “хаана байна” гэж асуусан, би байгаа газраа хэлээд манай эхнэр найз хүүхэнтэйгээ ирээд уулзчихаад “одоо хүүхдүүдээ аваад харилаа” гээд явсан. ...харих гээд эхнэр У.Батчимэг рүү зөндөө залгасан боловч гар утсаа аваагүй, эхнэрийг хайж хотын төвөөр явсан, шөнийн 02 цаг өнгөрч байхад эхнэр утсаа авсан. ...бид хоёр машиндаа суугаад Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багт байрлах байрны гадаа тавьсан эхнэрийн машин дээр очоод буцаж явахдаа хоорондоо маргалдаж, би эхнэртээ “чи намайг шоронд хоригдоно гэхээр баярлаад, баяраа тэмдэглээд утсаа авахгүй байсан юм уу” гэж уурласан, машин дотор би эхнэртээ уурлаад нэг удаа алгадаж, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хажуу талд байхдаа гараа сунгаж байгаад нэг удаа ам руу нь цохиод авсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч, эмчийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 769 дугаартай; “...У.Б-н биед доод уруулд цус хуралт, шарх, нэг шүдний булгарал, гурван шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Г.Б өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хавтаст хэргийн 83 дугаар талд авагдсан хохирогч У.Батчимэгийн “...надад ямар нэгэн санал, хүсэлт гомдол байхгүй.” гэсэн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж,
торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ