Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2022/0306

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, шүүгч Н.Дамдинсүрэн, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З***-****** ХХК

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т************, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А********** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч З***-****** ХХК нь “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/** дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, тус яамны сайдад газар ашиглах эрхийг сэргээх тухай захиргааны акт гаргахыг даалгуулах”-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Манай компани нь Богдхан уулын дархан цаазтай газар нутагт хуулийн дагуу эзэмшиж ашиглахаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд хандсан ба тус яамны сайдын 2016 оны А/155 дугаар тушаалын дагуу тусгай хамгаалалттай газар нутаг Нүхтийн аманд 0,25 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар 2016/172 тоот гэрчилгээг гаргуулан авсан болно.

Улмаар Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах 2016/120 тоот гэрээг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга нартай хамтран байгуулсан гурвалсан гэрээний дагуу газрынхаа төлбөрийг тухай бүр төлж үүргээ биелүүлж ирсэн.

Тус яамнаас 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09/8235 дугаартай сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хүрээнд нийт газар ашиглагч байгууллага, аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд манай компанийг газрын төлбөрөө төлөөгүй байна, төлөөгүй бол газар ашиглах эрхийг цуцлах, хариу тайлбараа 12 дугаар сарын 01-ний дотор ирүүлэх тухай уг албан бичигт дурдсан ба манай компанид 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Монгол шуудан компаниар дамжигдан ирсэн болно.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 178, 181, 194 дүгээр тогтоолуудаар кoвид-19 цар тахалтай холбоотойгоор нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоож хөл хорио явагдаж манай компанийн үйл ажиллагаа 2020 оны 11 дүгээр сарын 12-ноос 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэл бүтэн тэг зогсолт хийсэн. Ийнхүү хөл хориотой холбогдуулан компанийн ажилчдаас тодруулга авах боломжгүй байсаар газрын төлбөрийн талаар мэдээлэл авч 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан газрын төлбөрийг бүрэн төлсөн.

Мөн сонсох ажиллагааны талаарх мэдээллийн хүрээнд энэ тухай тайлбар танилцуулгаа цар тахлын үед Засгийн газрын тогтоосон дүрэм журмын хүрээнд хариу тайлбарыг [email protected] цахим шуудан руу илгээсэн болно. Тус тайлбарт газрын төлбөр төлсөн баримт, зориулалтын дагуу ашиглахаар бэлтгэл ажил хийж буй ажлын фото зураг зэргийг хавсаргасан.

Манай компани нь 2016 онд тус газрын ашиглах эрхийг авч БНСУ-аас санхүүжилт авах хэлэлцээр хийж гэрээний шатанд явж байсан боловч дэлхий дахинд коронавирус цар тахал гарч хөрөнгө оруулагч тал энэхүү нөхцөл байдлын улмаас хөрөнгө оруулалтыг түр хойшлуулсан ба одоогоор цар тахлын нөхцөл байдал намжсан тул хөрөнгө оруулалтын гэрээ эрчимтэй явагдаж байна, мөн тус газарт **,***,***  төгрөгөөр Газрын тухай хуулинд заасны дагуу эзэмшил газраа хашиж хамгаалан хашаа байгууламж барьсан.

Хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу манай компани нь эрчим хүчний эх үүсвэрийг хангах, газраа зүй зохистой ашиглахаар өндөр хүчдэлийн зураг төсөл боловсруулж, мэргэжлийн байгууллагаар **,***,*** төгрөгөөр эрчим хүчний шугамыг нүүлгэн шилжүүлж дууссан бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн хэлтэст мэдээллийн санд оруулах хүсэлтийг өгсөн байгаа болно.

Мөн манай компани нь газрын төлбөрийн талаар Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албатай 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хийсэн тооцоогоор ямар нэг төлбөрийн үлдэгдэлгүй гэсэн тооцоо гарсан болно.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/** дугаар тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг цуцалсан байх бөгөөд энэ тухай Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 262 тоот албан бичгээр мэдээлэл хүргүүлж, манай компани нь 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр шуудангаар хүлээн авсан.

Учир нь Монгол шуудан компаниар дээрх албан бичгийг явуулсан боловч үл ойлгогдох нөхцөл байдлын улмаас буцаагдаж дахин компани руу ирсэн зэрэг шалтгаанаас болж манай компани нь 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсан ба энэ тухай тус шуудан компанийн тэмдэглэлээр батлагддаг ба газрын төлбөрийг төлөөгүй гэсэн үндэслэлээр манай компанийн газар ашиглах эрхийг цуцалсан шийдвэрийг мэдсэн болно.

Монгол Улсад коронавирус /ковид-19/-тай холбоотой хөл хориог Монгол Улсын Засгийн газраас тогтоож аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шат дараатайгаар удаа дараа зогсоосон зэргээс тус яамтай харилцах болон хамтран ажиллаж хариу тайлбар гаргах ажиллагаа хоцорсон нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, мөн сайдын шийдвэр гарахаас 1 сарын өмнө манай компани нь ямар төлбөр тооцоогүй байсан зэргийг сайтар нягтлаагүй зэргийг тус яамны холбогдох албан тушаалтнууд үл ойшоож газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, компанийн үйл ажиллагаанд хүндрэл чирэгдэл учруулж асуудлыг шийдвэрлэх хамтын ойлголцол зэргийг үгүйсгэж байгаад гомдолтой байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:, 4.2.1 хуульд үндэслэх; 4.2.2 шуурхай, тасралтгүй байх; 4.2.4 үр нөлөөтэй байх; 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; 4.2.6 бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангана гэж тус тус заасан байхад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох хэлтэс, нэгж, албан тушаалтнууд үйл ажиллагаандаа болон сайдын тушаал захиргааны акт гаргахдаа энэхүү хуулийн зүйл заалтыг үл баримталсан эс үйлдэхүй гаргасан болно.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар газрын ашиглах эрхийг цуцлах сайдын тушаалыг гаргахдаа манай компанийн нөхцөл байдлыг сайтар тогтоох ёстой байсан. Тус зүйлийн 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.3-т Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ, 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж тус тус заасан байхад манай компанийн газрын төлбөр төлсөн эсэхийг нягтлалгүй хуулийн үндэслэлгүй зорилгодоо үл нийцсэн сайдын тушаалыг гаргуулсан болно.

Яамны ажил хариуцсан албан тушаалтан дээрх хуулийн зүйл, заалтыг үйл ажиллагаандаа баримтлан ажилласан бол, манай компанийн талаар тохиолдол бүрийг судалсан бол, газрын төлбөр төлсөн мэдээллийг шалгасан бол, сонсох ажиллагаа зохион байгуулсан албан тушаалтнууд мөн сонсох ажиллагааны талаарх хуулийн зүйл заалтыг мөрдөж ажилласан бол хуульд үл нийцэх сайдын тушаал гарахгүй байсан.

Манай компанийн газар ашиглах эрхийг цуцалснаар гадаадын хөрөнгө оруулагч талтай байгуулсан гэрээ цуцлагдах, газраа зориулалтын дагуу ашиглахаар төлөвлөж зураг төсөл боловсруулсан хашаа байгууламж барьсан зэргээс ажиллагаанд зарцуулагдсан 40 гаран сая төгрөг салхинд хийсэх, огт ашиггүй хөрөнгө оруулалт болж хувирах нөхцөл байдал үүсч, манай компанийн газраа зүй зохистой ашиглах болон санхүүгийн мөн хамтын ажиллагааны эрх ашиг хөндөгдөж байх ба хуульд үл нийцсэн, хуулийн үндэслэлгүй, зорилгодоо үл нийцсэн газрын ашиглах эрх цуцалсан сайдын тушаал шийдвэрийг хүчин болгосноор манай компанийн дээрх эрх ашиг сонирхол сэргээгдэх болно.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/** дугаар тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг хуулийн үндэслэлгүй цуцалсан шийдвэрийг хүчингүй болгож газар ашиглах эрхийг сэргээсэн шийдвэр гаргаж өгөхийг даалгаж өгнө үү”  гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2020 оны 11 дүгээр сарын 24-ний явуулсан сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай гэсэн албан бичигт дурдахдаа 2020 оны 12 дугаар сарын 1-ний 14:00 цагийн дотор холбогдох мэдээллээ ирүүлнэ үү гэсэн байдаг. Тухайн мэдээллийг явуулах боломжгүй байсан тухайгаа анхан шатны шүүхэд хүргүүлснийг шүүх дүгнээгүй тухай ярих нь зүйтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл бүх нийтийн бэлэн байдал зарлаад тэг зогсолт хийсэн буюу Засгийн газрын тогтоолын хавсралтад дурдсан үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагад Байгаль орчин аялал жуулчлалын яам багтаагүй байсан. Уг шаардсан баримт мэдээллийг хүргүүлэх гэсэн боловч тэг зогсолт хийсэн байсан учраас [email protected] гэсэн хаягаар заасан хугацаанд холбогдох баримт бичгийг илгээсэн. Гэтэл уг баримт материалыг Байгаль орчин аялал жуулчлалын яам үндэслэж үзэлгүй шийдвэр гаргасан. Үүнийг мөн өмнөх анхан шатны шүүх тухайлан дүгнээгүй.

 Мөн Захиргааны Ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “... Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ...” гэж заасныг Байгаль орчны яам биелүүлээгүй гэж Давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Мөн тухайн мэдэгдэлд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-т заасныг дурдсан байдаг боловч А/** дугаар тушаал гаргахдаа хавсаргаж байгаа дотоод ажиллагааны мэдээлэл дээр зөвхөн 40.1.6 буюу “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй...” гэх заасныг үндэслэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл мэдэгдэл дээр гаргасан үндэслэлээр ажиллагаа явуулж сонсох ажиллагаа хийх ёстой байтал үүнийг дотооддоо зөрчсөн байгаа нь харагдаж байна. Түүнчлэн 40.1.6-т заасан ажиллагааг мэдэгдэхийн тулд 12 дугаар сарын 2-ны өдөр хүргүүлсэн албан бичигтээ З***-****** ХХК нь нэгдүгээрт өмгөөлөх эрхээр хангаж өгнө үү хоёрдугаарт газар ашиглахтай болон өөр бусад ажиллагаатай холбоотой баримт бичгийг нотлох баримтаар өгөх хүсэлтэй байгааг дурдсан боловч уг ажиллааг хийх боломжоор хангаагүй. Мөн өмнөх анхан шатны шүүх газрыг зориулалтын дагуу ашигласан эсэхийг дүгнэхдээ 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөн тухайн газар дээр үзлэг хийсэн байдаг ба огт ашиглаагүй газар уу, ашиглах гээд бэлтгэл ажлаа хангаж байгаа газар уу гэдгийг үзлэг хийж шалгаад тухайн газарт хашаа хатгасан болон 4 ширхэг цахилгаан эрчим хүчний шонг зөөсөн байна гэх дүгнэлтийг гаргасан байхад өмнөх анхан шатны шүүх анхаарч үзээгүй нь буруу гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т ... шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасны дагуу хамгаалалтын зурвасаас өндөр хүчдэлийн шонг гаргахын тулд тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулсан ажиллагаа хийсэн. Иймээс Газрын тухай хуульд заасан газрын ашигтай байдлыг ашиглахаар хийж байгаа үйлдэл нь тухайн газрыг ашиглаж байгаа гэж үзэж үндэслэлтэй юм. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасан газраа зориулалтын дагуу дараалан 2 жил газар ашиглаагүй гэж үндэслэлийн тухайд 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр тушаал гарсан боловч 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулагдсан, 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр газар дээр байрласан шонг зөөх хүсэлтээ өгч, 2019 онд шугам зөөгдсөн, 2020 онд Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэж, 2021 онд эскиз зургаа хийлгэсэн.

Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасныг тайлбарлахдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчнээс үүдэн газар эзэмшигч буюу ашиглаж байгаа этгээдээс хамаарах шалтгаан байхгүй гэдгийг ойлгоно гэсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. ” гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч З***-****** ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/155 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн Нүхтийн аманд байршилтай 0.25 га талбайг аялал жуулчлалын зорилгоор ашиглах зөвшөөрөл олгож, 2016/172 дугаар Газар ашиглах эрхийн гэрчилгээг олгосон байдаг.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/** дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Санал хүргүүлэх тухай 2731 тоот албан бичгийг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.

Түүнчлэн Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2016/120 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 5-д газрыг гэрээний нөхцөлийн дагуу ашиглаагүй зориулалтыг өөрчилсөн, газрын хэмжээг хэтрүүлсэн, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6 дахь хэсэгт заасан нөхцөл бий болсон, Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалт зөрчигдсөн тохиолдолд гэрээг хүчингүй болгож, газар ашиглах зөвшөөрлийг хүчингүй болгох хүсэлтийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх" гэж заасан бөгөөд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хяналт шалгалтаа хийж дээрх саналыг ирүүлсэн.

Нэхэмжлэгч нь газар ашиглах гэрчилгээг авснаас хойш гэрээ болон хуульд заасан зориулалтын дагуу 5 жилийн хугацаанд газраа огт ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй..." бол газар ашиглах эрхийг хүчингүй болгоно гэж заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хүчингүй болгосон болно.

Дээрх тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд зааснаар 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мэдэгдэх, сонсох ажиллагааг хийсэн болно.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/** дугаар тушаал нь зорилгодоо нийцсэн, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуулийг үндэслэж гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хэлье. Энэхүү хэрэг маргаан өмнө нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн. Уг маргаан бүхий захиргааны актад дурдсан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасан үндэслэлтэй холбоотой нөхцөл байдлыг ярих нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн компани 2016 онд газар ашиглах эрх авсан.

 Газар ашиглах эрх авахдаа Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.6-т заасны дагуу гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэх хугацааг 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гуравласан гэрээ байгуулагдсанаас хойш тоолох бөгөөд 2 жил цаашлаад 3,4 жилийн хугацаанд газраа ашиглаагүйг ойлгох ёстой.

Гэтэл давж заалдах шатны шүүх дүгнэхдээ хэд хэдэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож няцаадаг. Үүнд анх эрх олгосон тушаал байхгүй байгаа нь зориулалтыг таамаглаж мэдэх боломжгүй байна гэж үзэж дүгнэсэн байдаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан тухайн компанийн газар ашиглах гэрчилгээ болон гуравласан гэрээгээр аялал жуулчлалын зориулалтаар болоод цаашдаа аялал жуулчлалын зориулалтын ямар үйл ажиллагаа хийхийг тодорхой заагаад өгчихсөн байхад давж заалдах шатны шүүх үндэслээгүй.

Хоёрдугаарт Цагдаагийн ерөнхий газар болон Богдын захиргааны албан бичигт З***-****** ХХК-ийн нэр байхгүй гэх тухай нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол бичихдээ дурддаг бөгөөд давж заалдах шатны шүүх хавтаст хэргийн бүрэн гүйцэт судлаагүй. Хавтаст хэрэгт байгаа Цагдаагийн ерөнхий газар болон Богдын захиргааны саналыг хариуцагчийн зүгээс нотлох баримтын шаардлага хангуулж хүргүүлсэн ба үүний хавсралтад байгаа аж ахуйн нэгжүүдийн 443 дугаарт З***-****** ХХК байдаг.

Мөн Богдын хамгаалалтын захиргааны албан бичгийн хавсралтын 50 дугаарт тухайн компани байгаа юм. Түүнчлэн З***-****** ХХК нь БНСУ-аас хөрөнгө оруулалт татсан баримт гаргаж өгөх, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох Газрын тухай хуулийн 40.1.6 заасан зориулалтын дагуу  ашигласан гэх нотлох баримтыг өөрсдөө гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл үүнийг анхан шатны шүүх хэрэгжүүлэх ёстой байсан гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн.

Хариуцагч талын зүгээс хяналтын журмаар гомдол гаргаагүй ч гэсэн өнөөдөр хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдэж байгаа учраас давж заалдах шатны шүүхийн магадлал ийм байдлаар үндэслэлгүй байна гэдгийг тайлбарлаж байгаа юм. Тухайн компанийн зүгээс гуравласан гэрээ байгуулагдсанаас буюу 2016 оноос хойш газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд цахилгаан эрчим хүчний шон зөөсөн асуудал нь газраа зориулалтын дагуу ашигласан гэх үндэслэл болохгүй. Учир нь Газрын тухай хуулийн 40.1.6-т заасныг Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны тайлбарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглах болон 2 жилийн хугацааг яаж тооцох талаар тодорхой тайлбарласан байдаг. Газраа зориулалтын дагуу ашиглахын тулд цахилгаан эрчим хүчний шон зөөх, хашаа хатгах асуудал нь зайлшгүй хийх ёстой ажил учраас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасны дагуу зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй. 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гуравласан гэрээ байгуулагдсанаас хойш 2016-2020 оны хугацаанд газраа зориулалтын дагуу ашигласныг нотлох баримт байхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

 

Нэхэмжлэгч З***-****** ХХК нь “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/** дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, тус яамны сайдад газар ашиглах эрхийг сэргээх тухай захиргааны акт гаргахыг даалгуулах”-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А/155 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 7 дахь заалтаар З***-****** ХХК-д Богд хан уулын дархан цаазат газрын Нүхтийн аманд байрлах 0,25 газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нэхэмжлэгч З***-****** ХХК-д  2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2016/172 дугаартай газар ашиглах гэрчилгээ олгож, 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2016/120 тоот гурван талт гэрээ байгуулагдсан байна.

Газрын төлбөрийн тооцоо нийлсэн №820200378 тоот актаас[1] үзэхэд нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар газрын төлбөрийн үлдэгдэлгүй  болох нь тогтоогдож байна.

Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/** дугаар тушаалын хавсралтын 45-д зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг зөвхөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” гэж заасан байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай”  №09/8235 тоот албан бичигт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг зөрчсөн талаар заасан байна.

Мөн Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны №2731 тоот саналын хавсралтын 50-д  З***-****** ХХК бичигдсэн байх ба Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлах санал хүргүүлж байгаа байдлаар уг хавсралтад бичигдсэн байна.

Мөн хариуцагчийн шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбарт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан талаар дурдсан байна.

Гэвч Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/** дугаар тушаалын хавсралтын 45-д зааснаас үзэхэд З***-****** ХХК-ийн газар ашиглах эрхийг зөвхөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон байх тул тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт маргаан бүхий захиргааны актын үндэслэлд хамаарахгүй буюу энэ маргаанд хамааралгүй байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Учир нь З***-****** ХХК-д  “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2086/2017 дугаар техникийн нөхцөл олгосон байх ба уг техникийн нөхцөлийн 4.1-4.6-д  шинээр баригдах барилгын талбайд орсон цахилгаан дамжуулах агаарын шугамыг трасс өөрчлөн зөөх талаар тусгасан байна.

Мөн маргаан бүхий газар байрлах агаарын шугамыг зөөх өргөдөл, хүсэлтийг[2] нэхэмжлэгч 2017 оны 08 дугаар сард гаргаж байсан болох нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас техникийн нөхцөлд хавсарган ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь 2018 оны 6 дугаар сард цахилгаан дамжуулах агаарын шугамыг зөөх ажлын зургийг хийлгэсэн болох нь “Э****** ****” ХХК-ийн 10кВ-ын агаарын шугам зөөх Ажлын зургаар тогтоогдож байна.

Шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн газрын үзлэгээр газраа хашаалсан, өндөр хүчдэлийн 4 ширхэг шонг урагш зөөсөн үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “... Хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу манай компани нь эрчим хүчний эх үүсвэрийг хангах, газраа зүй зохистой ашиглахаар өндөр хүчдэлийн зураг төсөл боловсруулж, мэргэжлийн байгууллагаар **,***,*** төгрөгөөр эрчим хүчний шугамыг нүүлгэн шилжүүлж дууссан бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн хэлтэст мэдээллийн санд оруулах хүсэлтийг өгсөн байгаа болно...” гэж тайлбарлаж байна.

Дээрх үйл баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч нь газраа зориулалтын дагуу ашиглахын тулд эрх бүхий байгууллагаас техникийн нөхцөл авч, цахилгаан дамжуулах агаарын шугамыг трасс өөрчлөн зөөсөн нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийг 2017, 2018 онуудад газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэхээргүй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөний хязгаарлах тухай” 39 дүгээр тогтоолоор Монгол Улс Бүгд найрамдах Хятад Ард Улсын хилийн агаарын зам, төмөр зам, авто замын бүх боомтоор Бүгд найрамдах Хятад Ард Улсын иргэд болон тус улсаас ирж байгаа гуравдагч орны иргэн, харьяалалгүй хүнийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улс руу нэвтрүүлэх хөдөлгөөний зогсоосон байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай 62 дугаар тогтоолоор Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн байна.

Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай 64 дүгээр тогтоолоор БНХАУ-д гарсан шинэ коронавирусний халдварын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн  байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 178 дугаар тогтоолоор улсын хэмжээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цагаас 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байна.

Харин Засгийн газрын 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор бүх нийтийн бэлэн зэрэгт шилжүүлсэн хугацааг  12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгаж шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай” 194 дүгээр тогтоолоор Нийслэл, Архангай, Сэлэнгэ аймгийн хэмжээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн байна.

Мөн Засгийн газрын  2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 209 дүгээр тогтоолоор гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл сунгаж шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 226 дугаар тогтоолоор Нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор  бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл сунгаж шийдвэрлэсэн байна.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...БНСУ-аас санхүүжилт авах хэлэлцээр хийж гэрээний шатанд явж байсан боловч дэлхий дахинд коронавируст цар тахал гарч хөрөнгө оруулагч тал энэхүү нөхцөл байдлын улмаас хөрөнгө оруулалтыг түр хойшлуулсан ба одоогоор цар тахлын нөхцөл байдал намжсан тул хөрөнгө оруулалтын гэрээ эрчимтэй явагдаж байна, мөн тус газарт 10,000,000 (арван сая) төгрөгөөр Газрын тухай хуулинд заасны дагуу эзэмшил газраа хашиж хамгаалан хашаа байгууламж барьсан...” гэж тайлбарлаж байна.

Дээрх үйл баримтуудаас үзэхэд Коронавируст халдварын цар тахлыг зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх ба Коронавируст халдварын цар тахлаас шалтгаалан дэлхий нийтээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас доголдсон байх тул энэ талаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгчийг 2020 онд “газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй.” гэж үзэхээргүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.5-д “... бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24 дүгээр зүйлийн 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас, мөн дээр тайлбарласан үйл баримтуудаас үзэхэд хариуцагч нь бодит нөхцөл байдлыг тогтоох, шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлаж, шалгасны үндсэн дээр үндэслэл бүхий шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй байна гэж үзэхээр байх ба маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь дээрх хуулийн зохицуулалтуудад нийцэхгүй байна.

Иймд дээр тайлбарласан үндэслэл, үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч компанийн хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын маргаан бүхий 2021 оны А/** дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэдийн төлөөлөгчийн тухайд:

Иргэдийн төлөөлөгч С.Б******-т шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдсэн боловч иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хэргийн оролцогчид нь иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй гэж тайлбарласан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д “Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. ...” гэж заасны дагуу тус хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З***-****** ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/** дугаар тушаалын хавсралтын З***-****** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, З***-****** ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээсэн захиргааны акт гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч З***-****** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.БАТЗОРИГ

                                  ШҮҮГЧ                             Н.ДАМДИНСҮРЭН

                                  ШҮҮГЧ                             Г.МӨНХТУЛГА

 

 

 

 

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 82 дугаар хуудас

[2] 2 дугаар хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас