Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2026/0032

 

                                                                                                   

 

 

 

 

 

 

                                            

                                                Д.Хын нэхэмжлэлтэй

                                                    захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 159/ШШ2025/0080 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.Х

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Засаг дарга

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Х

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н

Хэргийн индекс: 159/2025/0072/З

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 159/ШШ2025/0080 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дэх хэсгийн 4.2.1., 4.2.5., дахь заалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3. дахь хэсгийн 65.3.1., 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Хын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Мандал сумын Засаг дарга Д.Хт сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгон” шийдвэрлэжээ.

2. Хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нар дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. “... Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт аймгийн Засаг дарга Мандал сумын Засаг даргатай 2025 онд байгуулсан хамтран ажиллах гэрээний 01 дүгээр улирлын тайланг ирүүлээгүй гэх үндэслэл нотлогдсонгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь аймгийн Засаг дарга нь 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Мандал сумын Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 3.1.8 дахь хэсэгт .энэхүү гэрээнд заасан тогтоосон хугацаанд тайланг ирүүлж, үнэлж, дүгнүүлнэ 4.1-т ...Сумын Засаг дарга гэрээний биелэлтийг улирал бүрийн дараа сарын 05-ны дотор хавсралтад заагдсан ажил, арга хэмжээ бүрээр тайлан гаргаж, тайлагнаж, үнэлж дүгнүүлнэ...” гэх бөгөөд Мандал сумын Засаг дарга хамтран ажиллах гэрээний биелэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор ирүүлээгүй бөгөөд 1 дүгээр улирлын тайланг 2025 оны 05 дугаар сарын 19- ний өдрийн 01/577 тоот албан бичгээр ирүүлсэн нь сумын Засаг даргын Тамгын газрын явуулсан бичгийн бүртгэлийн дэвтрийн 577 дугаарт бүртгэгдсэн бөгөөд тус баримт нь хавтаст хэргийн материалын 156-158 дугаар талд нотлох баримтаар хавсаргасан бөгөөд хамтран ажиллах гэрээний 6.3-т “сумын Засаг дарга нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эсхүл хангалтгүй биелүүлсэн, хугацаатай, хариутай бичиг. тайлан, мэдээ, судалгааг ирүүлээгүй, удаа дараа хоцроосон тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулна...” гэж заасан нь хамтран ажиллах гэрээний 01 дүгээр улирлын тайланг ирүүлээгүй гэх үндэслэл нотлогдсонгүй гэж дүгнэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай зүйлийн 121.2-т зааснаар хуулийг буруу хэрэглэсэн гэж үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар "... зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх ...” гэх захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг баримтлаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журамд нийцээгүй, “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангахгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т "... Хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хуулийг буруу хэрэглэсэн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх энэ хуулийн 121.1.1, 121.1.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана ...” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хангасан Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 159/ШШ2025/0080 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу хүчингүй болгох үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгч Д.Хаас “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”  шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Маргаан бүхий Б/12 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.17, 60.1.21, 65 дугаар зүйлийн 65.1.3, 65.3.1, 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 37.1.18, 48 дугаар зүйлийн 48.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн,

“аймгийн Засаг даргаас Мандал сумын Засаг даргатай 2025 онд байгуулсан хамтран ажиллах гэрээний 01 дүгээр улирлын тайланг ирүүлээгүй, тус гэрээний 04 дүгээр хавсралтад хүлээсэн үүргийг хангалтгүй хэрэгжүүлсэн, аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэл, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/128 дугаар захирамжийг хангалтгүй хэрэгжүүлж хогийн цэгээс гал алдаж айлын эд хөрөнгөд хохирол учруулсан, ой хээрийн түймрийн үед аймгийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, Онцгой байдлын газрын даргаас өгсөн үүрэг чиглэлийг хангалтгүй хэрэгжүүлсэн” гэж үзэж, Мандал сумын Засаг дарга Д.Хт сануулах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэжээ.

4. Анхан шатны шүүх “... маргаан бүхий захирамжид “нэгдүгээр улирлын тайлан ирүүлээгүй” гэх боловч 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгээр хүргүүлсэн[1] нь тогтоогдсон, Хамтран ажиллах гэрээний 4.9, 4.10 дахь заалтыг биелүүлээгүй гэх боловч Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хохирол барагдуулах нэхэмжлэл гаргах зэрэг ажлыг гүйцэтгэсэн талаар тайлангаа[2] гаргаж хүргүүлсэн байхад алийг хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн нь тодорхойгүй, аймгийн Засаг даргын 2025 оны А/128 дугаар захирамжийн дагуу “Бүх нийтийн хог цэвэрлэгээг зохион байгуулж, сар бүр тогтмол хог цэвэрлэж ажиллахыг холбогдох байгууллагад үүрэг болгох[3] зэргээр уг захирамжийг бүрэн биелүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, хогийн цэгээс гал алдсан гэх боловч Онцгой байдлын газрын албан бичгүүдээр хохирол учраагүй нь тогтоогдсон, ой хээрийн түймрийн үед авах арга хэмжээний талаар албан бичгээр өгсөн үүрэг биелүүлээгүй гэх боловч тухайн албан бичгүүд нь маргаан бүхий актаас хойш гарсан, мөн нэхэмжлэгч нь ой хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө, хуваарь гаргах, зардлын хэмжээ тооцож, батлах зэргээр арга хэмжээ авсан нь тогтоогдсон, хариуцагч нь нэхэмжлэгчийг эдгээр албан үүргийг биелүүлээгүй гэж яагаад үзсэн, алийг хангалтгүй гэж үзсэн талаар Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24, 25, 27 дугаар зүйлд тус тус заасны дагуу бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргээ биелүүлээгүй, шүүхэд энэ талаар тайлбар баримт гаргаагүй ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

5. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагч нар нь аль аль нь улс төрийн албан тушаалтан тул хариуцагч нь Төрийн албаны хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1-д зааснаар “өөрт нь сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус болсон талаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж, маргаан бүхий Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан, харин улс төрийн албан тушаалтан болох Засаг даргад сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотой харилцааг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3-д “Ерөнхий сайд, дээд шатны Засаг дарга доод шатны Засаг даргад энэ хуулийн 65.1-д заасныг үндэслэн тухайн шатны Хурлын санал, эсхүл өөрийн санаачилгаар дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна: 65.3.1.сануулах” гэж нарийвчлан зохицуулсан тул энэ хуулийг дангаар нь баримтлахаар байна.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гомдолдоо “маргаан бүхий захирамжийн 4 үндэслэлийн нэг болох “... хамтран ажиллах гэрээний 3.1.8-д гэрээнд заасан хугацаанд тайлан ирүүлнэ” гэж зааснаар 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор ирүүлээгүй байхад шүүх 01 дүгээр улирлын тайланг хугацаанд нь ирүүлээгүй гэх үндэслэл нотлогдсонгүй ...  гэж шийдвэрлэсэн нь ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журамд нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй ...” гэжээ.

Хариуцагч Засаг дарга нь Маргаан бүхий захирамжид “1 дүгээр улирлын тайлан ирүүлээгүй” гэж нэхэмжлэгчийг буруутгасан зөрчлөө тодорхой зааж буруутгасан бөгөөд анхан шатны шүүх энэ талаар “тайланг 05 дугаар сарын 19-ний өдөр хүргүүлсэн нь албан бичгээр тогтоогдож байна” гэж дүгнэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд уг гэрээг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулснаас үзвэл нэг сарын дараа 1 дүгээр улирлын тайлан хүргүүлээгүйг “сануулах” арга хэмжээ авахуйц сахилгын зөрчил гэж үзэхээргүй байна.

7. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 159/ШШ2025/0080 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                         ШҮҮГЧ                                             Ц.САЙХАНТУЯА

 

                         ШҮҮГЧ                                             Э.ЛХАГВАСҮРЭН

 

                         ШҮҮГЧ                                             С.МӨНХЖАРГАЛ

 

 

 

[1] 1-р хавтас, 156-158 дугаар хуудас

[2] 1-р хавтас, 183-185 дугаар хуудас

[3] 2-р хавтас,  99-114 дүгээр хуудас